| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0691/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/021 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.8.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Иргэдийн төлөөлөгч: Ж.Ганболд
Хохирогч: Г.А ,
Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц т холбогдох эрүүгийн 1914008310038 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт Б.Ц
Үйлдсэн хэргийн талаар
1.Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн Гандангийн хашааны үүднээс *******ийн эзэмшлийн мустанг-5 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан мөн Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг *******ын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учируулсан,
Мөн Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 354 тоотод байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 350 тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.А гийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц ын мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянхонгор сумын 3-11-13 тоотод байх гэрийн тооноор орж 2 ширхэг булган лоовууз малгай авч гэрийг нь бензин асгаж шатаасан... Маргааш нь зах орж 100000 төгрөгөөр зарсан.Мөн зах дээрээс хоёр талдаа морины дүрс бүхий сийлбэртэй цагаан хөөрөг нэг ширхгийг хулгайлсан... Баянхонгор сумын 3-11-354 тоотод байх гэрээс эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний бор өнгийн шуфь зэргийг хулгайлсан...2019 оны 11 дүгээр сарын 02-ны *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан нь үнэн...миний хувьд Г.А гийнхаас эд зүйл хулгайлаагүй, гэрийг нь шатаагаагүй ...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 81-84/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-348 /хуучнаар 3-11-13/ тоотод хашаанд байх гэртээ байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажил гараад гэрээ цоожилчихоод Улаанбаатар хот руу явж 7 хоноод 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед эхнэрийн хамт аймагт ирсэн. Тэгээд шөнөө хүүхдийндээ очиж хоноод өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны 08 цаг 40 минутын үед эхнэр бид хоёр Баянхонгор сумын 3-11-348 /хуучнаар 3-11-13/ тоотод хашаанд байх гэртээ очиж хашааныхаа хаалгыг онгойлгоод орсон чинь гэрийн тооно шатсан бололтой хар болчихсон байхаар нь шууд гэрийнхээ цоожийг онгойлоод орсон чинь авдарт байсан зүйлүүдийг гаргаад тараагаад хаячихсан, гэрийн доторх тавилга, эд хогшил нэлэн хүйдээ шатаж харлачихсан байсан,....манай гэрт байсан ундааны савыг үнэрлэж үзээд энэ дотор бензин байсан байна гэж хэлсэн. Манай гэрийн тоононы нэг рамыг аваад өрхөн дээр тавьчихсан, гэр дээр болон гэрийн зүүн талд арзгар ултай гутлын мөр гарсан байсан,... уг мөр нь манай баруун талын айлын хашаагаар даваад уг хашаагаар цааш явж хашааны банз нь унасан онгорхойгоор манайхаас баруун тийш 2 дахь хашаанд орсон байсан,...тухайн тоотод байсан Б.Ц гэх залууг сэжиглэж шалгуулсан. Улаан өнгийн торгон оройтой тойрсон хар өнгийн булган үстэй эрэгтэй, эмэгтэй хүний шинэ лоовуузан малгай, шар өнгийн суран 5 ширхэг мөнгөн тоногтой , эмэгтэй хүний бүс 1 ширхэг зэрэг зүйл алдагдсан байсан...Манай гэрээс эд зүйл хулгайлж, гэрийн дотор эд зүйлийг шатаасан Б.Ц гэх залуугийн эцэг эх нь хэрэг гарснаас 7-8 хоногийн дараа надтай уулзаад эхний ээлжид дан бүрээстэй гэрийн мод аваарай гэж 3.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Мөн алдагдсан тус бүр нь 200.000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг булган лоовуузан малгайгаа буцааж хүлээж авсан. Одоо 5.990.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа, үлдсэн хохирол болох 5.990.000 төгрөгөө нэхэмжилж яаралтай төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28, 2-р хх-ийн 34-35/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Манайх Баянхонгор сумын 3-11-354 тоот хашаанд байдаг. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өглөө би аргал оруулах гэж байгаад байшингийн цонхийг харсан чинь цонхны салхивч онгойсон байхаар нь гэр лүүгээ орж байшингийнхаа түлхүүрийг авч байшинд ороход байшинд байх мөлхөө тавилгын шүүгээнд байсан малгайтай бор өнгийн шүүп саравчтай бор өнгийн булган малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159/,
Хохирогч Г.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... Би 12 дугаар сарын 02-ны өдөр тэтгэвэр буух гэж байсан. Тэгээд 10 цагийн үед тэтгэврээ авах гээд явсан. Тэтгэвэр буугаагүй байхаар нь эргээд хүрээд ирсэн тэгээд орох гэтэл утаа гарч байсан. Мухарын өрөөний цонхон дээр ирэхэд порчигны цонхийг онгойлгоод хаячихсан бурхны авдраас эхлээд шатаж байсан. Сандраад гал команд дуудахад 20 гаран минутын дараа ирсэн. Тэгээд байшингийн дотор тал хар нүх шиг болж хувирсан. Би одоо өмсөж байгаа хувцастайгаа үлдсэн. Би хохирлоо барагдуулмаар байна. Манай өвгөн сэтгэцийн өвчтэй болсон. Хашаа шатчихлаа, байшин шатчихлаа гээд гүйж байгаад даралт харваад нас барсан. Би өөрөө айгаад шөнө унтаж чаддаггүй. Энэ хүүхдийг харахаар айгаад байна. Надад их хэцүү байна гэв.
Хохирогч Г.А гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 3 -11-350 /хуучнаар 3-11-12/ тоот хашаанд байх байшиндаа байж байгаад өдрийн 12 цагийн үед банкнаас тэтгэврээ авах гэж яваад үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа үүдний амбаарын хаалгыг онгойлсон чинь урдаас утаа гараад орж болохгүй байхаар нь буцаж гараад байшингаа тойроод баруун талынхаа мухрын өрөөний шалгасан чинь цонхны салхивч онгойсон түүгээр дотогшоо харсан том өрөөний бурхны авдар дөнгөж шатаж эхэлж байхаар нь би шууд аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгсөн онцгой байдлын алба хаагчид 20-30 минутын дараа ирж унтраасан. Онцгой байдлын алба хаагчдыг ирэхэд цонхоор гал дүрэлзэж байсан,...галыг унтраасны дараа эд зүйлээ бүртгэсэн чинь бурхны авдар дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аяга, авдарт байсан эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэрэг алга болсон байсан... Миний хувьд мөнгөн аяга, зэс аяга, мөнгөн тоногтой бүс зэрэг нь хэрэв шатсан бол хайлаад мөнгө нь үлдсэн байх ёстой ямар ч ул мөр байхгүй болохоор нь тухайн эд зүйлийг хулгайлж аваад, гал тавьчхаад гарсан юм байна гэж бодсон. ...манай цонхнууд бүгдээрээ хаалттай байсан чинь мухрын өрөөний цонх онгойчихсон байсан. Б.Ц нь тухайн үйл явдлаас 7-8 хоногийн өмнө манайд орж ирж цай уучхаад гарахдаа ширээн дээр байсан мөнгөн аягыг аваад явсан байсан,...би дараа нь Б.Ц т чи манайхаас авсан аягаа өгөхгүй бол би Цагдаагийн байгууллагад хэлнэ гэхэд тэрээр эгчээ би дахин хулгай хийхгүй, төлж өгье, танд нэг хонь өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгээд дараа нь дахин манайх руу орж ирээд авдарт байсан мөнгөн болон зэс аяга, мөнгөн бүсийг аваад гарахдаа гэрт гал тавьсан гэж бодож байна. Түүнээс өөр манайд гал тавих хүн байхгүй, манай цонх онгорхой, гал авдраас эхэлж гарч байсан,...Б.Ц нь бас манай хажуу талын айлаас эд зүйл хулгайлаад гэрт нь бас гал тавиад баригдсан гэсэн...Том бага 2 ширхэг цагаан зэс аяга байсан бөгөөд уг аяганууд анх шатаж эхэлж байсан авдарт мөнгөн аягануудтай хамт байсан, байшин шатах үед харин авдартаа байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан шатсаны дараа хайлсан мөнгө, зэс гэхээр зүйл байгаагүй, тухайн эд зүйлийг хулгайлаад авсныхаа дараа гал тавьсан гэж бодож байгаа...Б.Ц нь хэрэг учрал болохоос хэд хоногийн өмнө манайхаас дунд гарын мөнгөн аяга хулгай хийсэн...” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 28-35, 115-116/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн...
...би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11-12 цагийн үед Есөн-Эрдэнэ захын гадаа лангуун дээрээ сууж байтал миний хөөргийг авсан гээд сэжиглэж байсан Б.Ц гэх залуу ирээд надаас цгаан зэс аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс байна авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлсэн,... тэрээр явсан бөгөөд би тухайн үед аав *******д энэ залуугийн араас яваад хараадах гэхэд аав араас нь яваад буцаж ирээд, ******* гэх эртний эдлэл зардаг хүнд цагаан зэс аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүсний тоногууд өгч байна гэж хэлсэн. ******* нь мөн зах дээр гадаа лангуун дээр сууж эртний эдлэл зардаг хүн байгаа,... маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой би ажлаасаа буугаад зах дээр байдаг алт мөнгөний дарханыхаа газарт байж байтал Б.Ц нь нэг булган малгай, булган шүүп барьчихсан орж ирээд энэ хоёрыг зарах гэсэн юм чи авахгүй юм уу гэж хэлэхээр нь би авахгүй гэж хэлсэн, уг эд зүйлээ манай эхнэрийнх нийлүүлээд 100.000 зарна гэж байснаа гараад явсан. Би тухайн үед түүнийг булган малгай, булган шүүпээ барьчихсан байхад нь зургийг авсан, одоо надад байгаа. Хөөргөний алтан нуухыг хийлгүүлмээр байна, түүний хийлгүүлэхэд 200.000 төгрөг болдог ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-130/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой 15 цагийн үед байх Гандан орсон ороод барагцаагаар 10 орчим минут болсон байх гараад ирэхэд үүдэн дээр байсан мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10/
Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед Есөн-Эрдэнэ зах дотор байдаг алт мөнгөний дарханы газарт бөгжөө янзлуулаад зогсож байтал нэг танихгүй залуу гаднаас орж ирсэн өөр нэг залууд 2 ширхэг лоовууз булган малгай үзүүлээд нийлүүлээд зарна гэж хэлээд үзүүлсэн. Тэгтэл нөгөө залуу нь уг малгайг үзчихээд манай аавд арай таарахгүй, мөнгөгүйдээд байна гэж хэлсэн. Намайг харахад уг хоёр малгай нь шинэ малгай байхаар нь би 100.000 төгрөгөөр авсан. Тэр залуу тухайн үед надад нэрээ хэлээгүй, би ч гэсэн түүний нэрийг асуугаагүй, тэрээр манай эхнэрийн эгч малгай оёж зардаг мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа нэгийг нь 70.000 төгрөгт өгчихмөөр байна, гэхдээ хоёуланг нь авбал 100.000 өгчихнө гэж хэлсэн,...би түүнд итгээд малгайг авсан, надад танилцуулсан зураг нь надад малгай худалдсан хүний зураг мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манай өргөмөл хүү Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын эхээр Эрдэнэцогт сумын төвд Гандангийн хашааны үүднээс хүний мотоцикль хулгайлсан гэх хэрэгт холбогдоод аймгийн төвд байсан тэр үеэс хойш найз охин ы хамт Баянхонгор сумын 3-11-11 тоот хашаанд байх манай жижиг гэрт амьдарч байсан. тэр хоёр албан ёсоор гэр бүл болоогүй, Б.Ц нь 2019 оны 07 дугаар сарын сүүлээр байх нэг хөдөө гэртээ ирэхдээ цагаан өнгийн жижиг хөөрөг авчирсан байсан,манай хөдөө гэрт байсныг нь би аваад ирсэн, одоо надад байгаа. Тухайн хөөрөг нь өөрөөрөө чулуун толгойтой, 2 талдаа морины дүрс бүхий сийлбэртэй хөөрөг байсан... Б.Ц ын гэрээс нь эд зүйлийг нь аваад шатаасан гэх ******* гэх хүнд 3.000.000 төгрөгийн хохирлыг эхний элжинд өгсөн, мөн одоо хөөргийг нь өгөх болно...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-40/
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Б.Ц бид хоёр Баянхонгор сумын 3-11-11 тоот хашаанд байх гэрт хоносон. Тухайн шөнө 00 цаг өнгөрч байх үед Б.Ц бид хоёр унтах гэж байтал тэрээр миний гэдэс өвдөөд байна, би гарч бие засчихаад ирье гээд гараад бараг 30 гаран минут болсны дараа орж ирэхдээ миний гэдэс өвдөөд гүйлгээд гэж байсан. Тэгээд өглөө нь Б.Ц нь мотоцикль хулгайлсан хэргээр шалгагдаж байсан болохоор бүртгүүлнэ гээд явсан. Би түүнийг тийм зүйл хийснийг мэдээгүй... Тухайн өдрийн маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б.Ц нь мотоцикльд сэлбэг хэрэгсэл авчирч тавьж байсан. Тэгэхдээ хүнээс зээлсэн гэж надад хэлсэн. Уг мотоцикль нь Б.Ц ын аавынх нь мотоцикль гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/
Гэрч С.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... би 2019 оны 12 дугаар сарын эхээр Есөн-Эрдэнэ зах дээр өөрийнхөө зогсдог газар зогсож байтал 11-12 цагийн үед байх нэг залуу ирээд надад зэсэн аяга, цагаан зэс аяга гээд 2 аяга, мөн 4-5 ширхэг жижиг мөнгөн нимгэн бүсний тоногууд үзүүлээд зарах гэж байгаа гэж хэлсэн. Би үзээд аягыг чинь авахгүй,мөнгөн тоногуудыг нь жигнэж үзсэн чинь 1 лан ч хүрээгүй байхаар нь энэ тоногуудыг чинь 15.000-20.000 төгрөгөөр авъя гэхэд тэрээр 30.000 төгрөгөөр өгнө гэхээр нь би авахгүй гэж хэлсэн чинь яваад өгсөн. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй,...дунд гарын зэсэн аяга байсан, нөгөөх нь мөн дунд гарын цагаан зэсэн аяга байсан. Харин бүсний тоног нь 4-5 ширхэг эмэгтэй хүний бүснийх бололтой жижиг нимгэн мөнгөн товруунууд байсан бөгөөд ардаа зэсэн сэнжнүүдтэй байсан. Тэгээд би тухайн үед сэнжнүүдийг нь авах юм бол бүр хэмжээ нь багасчих юм байна гээд аваагүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37 /
Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
.... 2019 оны 12 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна 12 цагийн үед би Есөн-Эрдэнэ зах дээрх байх гадаа лангуун дээрээ хүү *******ын хамт зогсож байтал нэг залуу ирээд *******тай уулзаж байгаад явсан,...манай хүү ******* намайг дуудаад миний хөөрийг авсан гээд сэжиглэж байсан залуу надтай уулзаад цагаан зэс аяга, мөнгөн бүс авах уу гэхээр нь би авахгүй гэсэн чинь явчихлаа, та араас нь дагаадхаач гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн араас дагасан чинь нөгөө залуу эртний эдлэл зардаг С.******* гэх хүнтэй уулзаад цагаан зэс аяга, хэдэн ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүсний бололтой тоног гаргаж ирээд үзүүлж байсан.С.******* нь мөнгөн тоногуудыг нь жигнэж үзэж байхаар нь би түүний худалдаж авч байгаа юм байна гэж ойлгоод буцаж хүү дээрээ очоод болсон зүйлийн талаар хэлсэн,...тэр залуу миний хүүгийн хөөргийг хулгайлсан нь илэрч, хөөргөө буцааж хүлээж авсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.12.16-ны өдрийн 004 дугаартай шинжээчийн “...Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан 3,4,6,7 гэж дугаарласан мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ...Зураг 3,4 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байгаа бөгөөд нэг хүний гутлын мөрүүд мөн байна...Шинжилгээнд хүргүүлсэн улны мөр нь эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 49-53 /,
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019.12.17-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн
1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11- 348 / хуучнаар 3-11-13/ тоот хашаанд байх *******гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрийн доторх тавилга, эд хогшил шатсан гэх газарт буюу тус гэрт гарсан гал түймрийн шатлагийн явцыг судлахад гал нь гэрийн зүүн хойд / хүн унтдаг орны орчим/ хэсгээс үүсвэрлэн гарч улмаар тархан дэлгэрсэн байна. Гэрийн өрх бүтээлттэй байсан нь агаарын солилцоо бага явагдаж улмаар унтарсан байна. Тус гал түймэр нь хэргийн газрын үзлэгт тусгагдсан гэрийн бүрээсэн дээрх гутлын мөр, Соса кола нэртэй хайлсан ундааны савнаас бензин үнэртэж байсан зэрэг нь гадны нөлөөтэй галдан шатаасан байх магадлалтай байна.
2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч би хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцоход тус гэрийн шатсан гэх эд хогшлын ойролцоо өөрөө авалцан асах бодис материал илрээгүй болно. Иймд гал нь шатах бодисын өөрөө авалцан асалтаас гарсан байх боломжгүй.
3. 1 дэх асуултын хариултаар хариулсан болно.
4. Хэргийн газрын үзлэгт оролцоход тус гэрийн зуухны хажууд Соса кола нэртэй хайлсан ундааны савнаас бензин үнэртэж байсан мөн гэрийн тооноор хүн орсон байх шинж тэмдэг, гэрийн шатсан эд хогшлын ойр орчимд цахилгааны эх үүсвэр, өөрөө авалцан асах бодис материал илрээгүй нь бензин асгаж галдан шатаасан байх боломжтой...гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-57 /,
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 01 дүгээртэй шинжээчийн
1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-350 / хуучнаар 3-11-12/ тоот хашаанд байх Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн доторх тавилга, эд хогшил шатсан гэх газар буюу тус гэрт гарсан гал түймрийн шатлагийн явцыг судалж, дүгнэхэд гал нь Байшингийн / мөнгөн аяга байсан гэх/ баруун урд хэсгээс үүсвэрлэн гарч улмаар тархан дэлгэрсэн байна. Байшингийн эд зүйлсийн шатлагийн байдлыг судлахад мөнгөн аяга, зэс аяга, мөнгөн бүс байсан гэх авдар хамгийн их шаталтад авдрын суурь хүртэл бүрэн шатсан байна, бусад тавилга эд зүйлс бүрэн шаталтад өртөөгүй байгаа нь тус авдрын хэсгээс гал түймэр эхлэн гарсан байх магадлалтай байна.
2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад би хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцоход тус гэрийн шатсан гэх эд хогшлын ойролцоо өөрөө авалцан асах бодис материал илрээгүй болно. Иймд гал нь шатах бодисын өөрөө авалцан асалтаас гарсан байх боломжгүй.
3.1 дэх асуултын хариултаар хариулсан болно.
4. Цагдаагийн ахмад Д.Дамдиндоржтой хамтран хэргийн газарт хамтарсан үзлэг хийж мөнгөн аяга, зэс аяга, мөнгөн бүс байсан гэх авдрын шатсан байранд үзлэг хийхэд шатаж хайлсан эд зүйлс олдоогүй бөгөөд авдрны суурийг гадаа хашаанд гаргасан байсан тул хариулах боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 54-55/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 573 дугаар шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн “Хохирогч Г.А гийн эзэмшлийн байшинд нөхөн үзлэг хийхдээ ... шатаж байсан гэх авдрын нурам үнс нурамнаас авсан дээж гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай шатсан зүйлийн үлдэгдэлд шатах тослох материал илрээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Хохирогч Г.А гийн эзэмшлийн байшинд нөхөн үзлэг хийхдээ ... шатаж байсан гэх авдрын нурам үнс нурамнаас авсан дээж гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай шатсан зүйлийн үлдэгдэлд шатах тослох материал илрээгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн “Хохирогч Г.А гийн эзэмшлийн байшинд нөхөн үзлэг хийхдээ ... шатаж байсан гэх авдрын нурам үнс нурамнаас авсан дээж гэж хаягласан цагаан өнгийн гялгар ууттай шатсан зүйлийн үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав...гэх дүгнэлт /хх-ийн 61-62/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №644 дугаар шинжээчийн “...хохирогч *******гийн гэртээ алдагдсан эд зүйл болон шатсан эд зүйлийн үнэлгээ нь нийт 9 390 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 63-74 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн № 632 дугаар шинжээчийн “...хохирогч *******ын хулгайд алдсан хөөргөний зах зээлийн үнэ нь 3 500 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137-138 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №630 шинжээчийн “...хохирогч *******ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ нь 310 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 168-169/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019.11.04-ний өдрийн №561 дугаар шинжээчийн “...хохирогч *******ийн хулгайд алдсан мотоциклийн зах зээлийн үнэ нь 1 500 000 төгрөг болохыг тогтоосон ...”гэх дүгнэлт /1-р хх-ийн 212 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №670 шинжээчийн “...хохирогч Г.А д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зах зээлийн үнэ нь нийт 12 070 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-46 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 он 03 дугаар сарын 05-ны өдрийн №131 дугаар шинжээчийн “...хохирогч Г.А гийн гэрээс хулгайлсан 1 ширхэг мөнгөн аяганы зах зээлийн үнэ нь нийт 120 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 126-127/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 111-112, 147-148, 179-180,/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 10-14, 1-р хх-ийн 186-188 /, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 23-26/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-ийн 8-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 13-15, 120-122, /, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 142, 145, 149, 176-177, 181, 219, 245-246/, шүүгдэгч хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 221-222, 226/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 89, 92/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 225/, депозит дансны хуулга /1-р хх-ийн 229-233/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ 1-р хх-ийн 234/, хохирлын тооцоо / 1-р хх-ийн 236/ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 118-119/ зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан боловч шүүгдэгч Б.Ц ын үйлдэлд олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдал бий болгоогүй ба Б.Ц нь хохирогч нарыг гэрийг шатаах үед хүн байхгүй байсныг тэрээр мэдэж байсан нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна шүүгдэгч Б.Ц ын ....өөрийн хажуугийн айлын гэр эзэнгүй байхаар нь гэрийн тоонон дээр сууж байгаад гэрээс буухдаа бензин асгаж шатаасан, мөн байшингийн дээр нь сууж байгаад буухдаа дээврийн завсараар бензин асгаж байгаад шатаасан ... гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа ул мөрөө баллахын тулд хохирогчийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрыг галдан шатаасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн... шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Ц нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч амжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь тухайн этгээд тодорхой төрлийн гэмт хэргийг амьдралын санхүүгийн эх үүсвэр болгосон эсэхийг тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг орон байранд хүчээр нэвтэрч хулгайлан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байх асуудал гол шалгуур болдог.
Амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох “ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ц нь үйлдсэн гэмт хэргүүдийг судлан үзэхэд тухайн хулгайлан авсан эд зүйлээ маргааш нь хохирогчдоо буцааж өгдөг, мөн худалдан борлуулж согтууруулах ундааны зүйл, тамхи зэргийг худалдан авч өөрийн хэрэгцээгээ хангадаг зэргээс үзэхэд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй, хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд дээрх үйл баримт хангалттай үндэслэл болохгүй байна.
Харин шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн Гандангийн хашааны үүднээс *******ийн эзэмшлийн мустанг-5 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-48 тоотод байх *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг *******ын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-354 тоотод байх *******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3- 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.А гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-11-350 тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.А гийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Ц ын...Баянхонгор сумын 3-11-13 тоотод байх гэрийн тооноор орж 2 ширхэг булган лоовуузан малгай авч гэрийг нь бензин асгаж шатаасан... маргааш нь зах орж 100000 төгрөгөөр зарсан. Мөн зах дээрээс хоёр талдаа морины дүрс бүхий сийлбэртэй цагаан хөөрөг нэг ширхэгийг хулгайлсан... Баянхонгор сумын 3-11-354 тоотод байх гэрээс эмэгтэй хүний эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний бор өнгийн шүфь зэргийг хулгайлсан...*******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан... Г.А гийн эд зүйлийг хулгайлаагүй, гэрийг нь шатаагаагүй ...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 81-84/
Хохирогч *******гийн... эхнэр бид хоёр хашааныхаа хаалгыг онгойлоод орсон чинь гэрийн тооно шатсан бололтой хар болчихсон гэрийнхээ цоожийг онгойлоод орсон чинь авдарт байсан зүйлүүдийг гаргаад тараагаад хаячихсан, гэрийн доторх тавилга, эд хогшил нэлэн хүйдээ шатаж харлачихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28, 2-р хх-ийн 34-35/,
Хохирогч *******ын... би Есөн-Эрдэнэ захын гадаа лангуун дээрээ сууж байтал миний хөөргийг авсан гээд сэжиглэж байсан Б.Ц гэх залуу ирээд надаас цагаан зэс аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс байна авах уу гэхээр нь авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-130/
Хохирогч *******ын... өглөө би аргал оруулах гэж байгаад байшингийн цонхийг харсан чинь цонхны салхивч онгойсон байхаар нь гэр лүүгээ орж байшингийнхаа түлхүүрийг авч байшинд ороход байшинд байх мөлхөө тавилгын шүүгээнд байсан малгайтай бор өнгийн шүүп саравчтай бор өнгийн булган малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158/,
Хохирогч *******ийн... өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой 15 цагийн үед байх Гандан орсон ороод барагцаагаар 10 орчим минут болсон байх гараад ирэхэд үүдэн дээр байсан мотоцикль алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10/
Хохирогч Г.А гийн... 12 цагийн үед банкнаас тэтгэврээ авах гэж яваад үдээс хойш 15 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа үүдний амбаарын хаалгыг онгойлсон чинь урдаас утаа гараад орж болохгүй байхаар нь байшингаа тойроод баруун талынхаа мухрын өрөөний шалгасан чинь цонхны салхивч онгойсон түүгээр дотогшоо харсан том өрөөний бурхны авдар дөнгөж шатаж эхэлж байсан, Онцгой байдлын алба хаагчдыг ирэхэд цонхоор гал дүрэлзэж байсан, галыг унтраасны дараа эд зүйлээ бүртгэсэн чинь бурхны авдар дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аяга, авдарт байсан эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс зэрэг алга болсон байсан... хэд хоногийн өмнө манайхаас дунд гарын мөнгөн аяга хулгай хийсэн...” гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 28-35, 115-116/
Иргэний нэхэмжлэгч *******гийн... хоёр малгай нь шинэ малгай байхаар нь 100.000 төгрөгөөр авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32/
Гэрч *******гийн... Манай хөдөө гэрт байсныг нь би аваад ирсэн, одоо надад байгаа. Тухайн хөөрөг нь өөрөөрөө чулуун толгойтой, 2 талдаа морины дүрс бүхий сийлбэртэй хөөрөг байна лээ... Миний хувьд Б.Ц ын гэрээс нь эд зүйлийг нь аваад шатаасан гэх гэх хүнд 3.000.000 төгрөгийн хохирлыг эхний ээлжинд өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 38-40/
Гэрч ы...тухайн шөнө 00 цаг өнгөрч байх үед Б.Ц бид хоёр унтах гэж байтал тэрээр гэдэс өвдөөд байна, би гарч бие засчхаад ирье гээд гараад бараг 30 гаран минут болсны дараа орж ирсэн,...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/
Гэрч С.*******ийн ... Есөн-Эрдэнэ зах дээр өөрийнхөө зогсдог газар зогсож байтал 11-12 цагийн үед байх нэг залуу ирээд надад зэсэн аяга, цагаан зэс аяга гээд 2 аяга, мөн 4-5 ширхэг жижиг мөнгөн нимгэн бүсний тоногууд үзүүлээд зарах гэж байгаа гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37 /
Гэрч Б.*******гийн...Тэгээд би тэр залуугийн араас дагасан чинь эртний эдлэл зардаг ******* гэх хүнтэй уулзаад цагаан зэс аяга, хэдэн ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүсний бололтой тоног гаргаж ирээд үзүүлж байсан,...тэр залуу миний хүүгийн хөөргийг хулгайлсан нь илэрч, хөөргөө буцааж хүлээж авсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.12.16-ны өдрийн №004 шинжээчийн “...Хэргийн газраас илрүүлэн гэрэл зургаар бэхжүүлэн авсан 3,4,6,7 гэж дугаарласан мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ...Зураг 3,4 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байгаа бөгөөд нэг хүний гутлын мөрүүд мөн байна...Шинжилгээнд хүргүүлсэн улны мөр нь эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 49-53 /,
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №10 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 56-57 /,
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн № 01 дүгээртэй шинжээчийн дүгнэлт / 2-р хх-ийн 54-55/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 573 дугаар шинжээчийн дүгнэлт / хх-ийн 64-65/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №644 дугаар шинжээчийн “...хохирогч *******гийн гэртээ алдагдсан эд зүйл болон шатсан эд зүйлийн үнэлгээ нь нийт 9 390 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 63-74 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 632 дугаар шинжээчийн “...хохирогч *******ын хулгайд алдсан хөөргөний зах зээлийн үнэ нь 3 500 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137-138 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №630 шинжээчийн “...хохирогч *******ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ нь 310 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 168-169/
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019.11.04-ний өдрийн №561 дугаар шинжээчийн “...хохирогч *******ийн хулгайд алдсан мотоциклийн зах зээлийн үнэ нь 1 500 000 төгрөг болохыг тогтоосон ...”гэх дүгнэлт /1-р хх-ийн 212 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 670 шинжээчийн “...хохирогч Г.А д гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зах зээлийн үнэ нь нийт 12 070 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 45-46 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 он 03 дугаар сарын 05-ны өдрийн №131 дугаар шинжээчийн “...хохирогч Г.А гийн гэрээс хулгайлсан 1 ширхэг мөнгөн аяганы зах зээлийн үнэ нь нийт 120 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 126-127/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бусдад нийт 6790000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч Б.Ц ын нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шүүгдэгч т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц ыг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан, олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүх Б.Ц ын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулаагүй, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялаар шийтгэх нь үр нөлөөтэй буюу шүүгдэгч Б.Ц ын үйлдэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж, хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.
Харин уг гэмт хэргийн хохирогч *******, *******, *******, Г.А , нарын хулгайд алдсан болон эд хөрөнгийг устгаж гэмтээсэн эд зүйлсийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч нар, шүүгдэгч хэн аль нь маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүтгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр нийт 150000 төгрөг гаргуулж,хохирогч *******д 100000 төгрөг, хохирогч *******ад 50000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч *******ийн хулгайд алдагдсан мустанг-5 маркийн мотоцикль , хохирогч *******ын хулгайд алдагдсан зах дээрээс хоёр талдаа морины дүрс бүхий сийлбэртэй цагаан хөөрөг нэг ширхэгийг биет байдлаар буцааж өгсөн, мөн хохирогч *******ад 200000 төгрөг, хохирогч *******т 3400000 төгрөг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь *******, *******, ******* нарт төлөх төлбөргүй болно.
Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8090000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас байр түрээслэсэн төлбөр 2100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 12070000 төгрөг нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч аас нийт 20160000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 5990000 төгрөг, хохирогч Г.А д 12070000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч ******* нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 410 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны шатсан сав нэг ширхэг, хар өнгийн үдээстэй хос гутал нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч овогт Б.Ц ыг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ц т оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц ын цагдан хоригдсон нийт 410 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч Б.Ц аас нийт 150000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 100000 төгрөг, *******ад 50000 төгрөг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч Б.Ц аас нийт 20.160.000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч *******гийн нэхэмжилсэн 2100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******д 5990000 төгрөг, хохирогч Г.А д 12070000 төгрөг тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны шатсан сав нэг ширхэг, хар өнгийн үдээстэй хос гутал нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Хохирогч ******* нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч Б.Ц нь хохирогч *******, *******, ******* нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шүүгдэгч Б.Ц т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ
Ч.БАЙГАЛМАА