Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2017/00047/И |
Дугаар | 103 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 103
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ц.Буухаарын нэхэмжлэлтэй Г.Алтанцэцэгт холбогдох 394000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт оршин суух Цээцээгийн Буухаар нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Буухаар миний бие 2011 оноос өнөөг хүртэл хувийн бизнес эрхлэж төрөл бүрийн бэлэн хувцас зарж амьдрал ахуйгаа залгуулан 3 хүүхдээ сургууль соёлд суралцуулж байна. Гэтэл Алдархаан сумын хүн эмнэлэгийн үйлчлэгч Г.Алтанцэцэг нь 2014 оноос өдий хүртэл надаас 394.000 төгрөгний бэлэн хувцас зээлдэн авсан боловч өдийг хүртэл ганц ч төгрөг өгөхгүй удаа дараа худлаа хэлж хохироож байгаа тул арга баран энэ өргөдлийг бичиж байна. Гэр оронд нь хэд хэдэн удаа машин хөлслөж очсон боловч мөнгө байдаггүй хүний юм авцан юм чинь өгөлгүй яахав гэдэг. Тэгээд ерөөсөө өгөхгүй байсаар байгаад өдий хүрлээ. Ингээд намайг элэг бариад өгий гэсэн сэтгэл байхгүй байна. Манайд надаас өөр орлого олдог хүн байхгүй. Би гэр орон үр хүүхдээ тэжээх үүрэгтэй. Би банкнаас зээл аваад бараанд явдаг. Сар болгон эргэн төлөлт хүү хийдэг. Ингээд би одоо энэ хүнээс болоод бараандаа явж чадахаа байлаа. 2016 оны 12 дугаар сарын 01-нд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан. Тэгээд Алтанцэцэгийг олон удаа дуудлаа. Тэгээд ирэхгүй юм. Урдаас хангинаж загнаад байх юм гэсэн тайлбар өгсөн гэжээ.
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух Гэмбэлийн Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Алтанцэцэг нь Ц.Буухаарын нэхэмжилсэн 394000 төгрөгний тал болох 200000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-наас 2017 оны 06 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Буухаар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Алтанцэцэгийн 200000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-наас 2017 оны 06 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Буухаар нь Г.Алтанцэцэгээс 394000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Г.Алтанцэцэг нь 200000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-наас 2017 оны 06 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг хүссэж тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч Ц.Буухаар үүнийг хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийн гаргасан тайлбаруудыг үндэслэн зохигчдыг эвлэрсэн гэж үзэх үндэстэй
Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 12470 төгрөгний тал хувь 6235 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ц.Буухаарын нэхэмжлэлтэй Г.Алтанцэцэгт холбогдох 394000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 200000 төгрөг өгч авалцахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12470 төгрөгийн 6235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас 6235 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 6235 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ