Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г т холбогдох эрүүгийн 2014004820018 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар;*******-тай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Шанд 407 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу эхнэр Ө.Ц гийн толгой руу бүдүүн суран бүсээр ороолгож, гараараа багалзуурдаж хоолойг шахаж, гараараа зүүн талын нүд рүү нь цохиж зодож, эрүүл мэндэд нь зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зовхи, хацар, доод эрүү, хүзүү, бугалга, тохой, шуу, гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрап бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр эхнэрийн ажиллуулдаг цайны газар луу крантных нь усыг сольж дундлахаар явж байхдаа бид хоёр маргалдаад,.. би эхнэртээ цайны газар ажиллуулахаа боль хүүхдийн хичээл сурлага орхигдоод байна гэж хэлсэн. Бид хоёр цайны газрын ус солиод буцаж гэртээ ирээд хэрэлдэж байгаад суран бүсээр эхнэрийнхээ баруун талын зовхи хэсэгт нэг удаа ороолгосон, зүүн талын мөр орчим нь цохьсон, хоолойг нь шахаад хоёр гурван удаа нуруу хэсэг рүү нь өшиглөсөн өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг  / хх-ийн 56-58/

 Хохирогч Ө.Ц гийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ...2020 оны 11 сарын 01-ний өглөө гуанзны паарнаас ус гоожоод байдаг болохоор очиж суллачихаад буцаж явж байтал манай нөхөр энэ нэг юмыг чинь ажиллуулаад байж болох юмуу ар гэрийн ажил орхигдоод хүүхдүүд хэцүү байна гэж хэлсэн. Би хоёр найзтайгаа ажиллуулна гэж авчихаад тэр үед нь хэлэхгүй яасан юм гэж хэлтэл том аралтай ширэн бүсээр толгой хэсэг рүү ороолгоод багалзуурдаж хоолой шахсан, тэгээд гараа атгаж байгаад зүүн талын нүд рүү 2 удаа цохиж нүд хөхрүүлсэн. Урьд нь манай нөхөр надад гар хүрч зодож байсан гэхдээ гэмтэл учруулж байгаагүй..., мөн 2016 онд зодож байсан цагдаад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 46-47/,

 Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

 ...дуудлага ирээд Баян-Өндөр сумын 3 дугаар баг Шандын 407 тоотод очиход Б.Г эхнэртэйгээ маргалдаж байсан,  согтуу байсан тул Цагдаагийн хэсэг дээр авчирсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн

...олон нийтийн цагдаа залгаад Цагдаагийн хэсэг дээр хүрээд ир гэхээр нь очиход маргааш өглөө 10 цагт бэлэн байлгаарай гээд Б.Г ахыг надад өгч явуулсан,... би гэртээ аваачиж амраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 631 дугаар шинжээчийн

1. *******гийн биед зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зовхи, хацар, доод эрүү, хүзүү, бугалга, тохой, шуу, гуя өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17-18/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 51-53/, гэрч, хохирогч түүний хамаарал бүхий этгээдийн аюулын эрсдлийн түвшинг үнэлэх маягт / хх-ийн 8-12/ , иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 41/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 45/, / эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, депозит дансны хуулгууд /хх-ийн 71, 74-77/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 94/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Шанд 407 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ө.Ц гийн зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Г ын...би суран бүсээр эхнэрийнхээ баруун талын зовхи хэсэгт нэг удаа ороолгосон, зүүн талын мөр орчим нь цохьсон, хоолойг нь шахаад хоёр гурван удаа нуруу хэсэг рүү нь өшиглөсөн өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг  / хх-ийн 56-58/      

Хохирогч Ө.Ц гийн ...нөхөр том аралтай ширэн бүсээр толгой хэсэг рүү ороолгоод багалзуурдаж хоолой шахсан,  гараа атгаж байгаад зүүн талын нүд рүү 2 удаа цохиж нүд хөхрүүлсэн,... өмнө зодож байсан цагдаад хандаж байгаагүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 46-47/

Гэрч *******ын ...дуудлага ирээд Баян-Өндөр сумын 3 дугаар баг Шандын 407 тоотод очиход Б.Г эхнэртэйгээ маргалдаж байсан,  согтуу байсан тул Цагдаагийн хэсэг дээр авчирсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн № 631 дугаар шинжээчийн... *******гийн биед зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зовхи, хацар, доод эрүү, хүзүү, бугалга, тохой, шуу, гуя өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон шөнө хохирогч Ө.Ц  , шүүгдэгч Б.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн толгой руу бүдүүн суран бүсээр ороолгож, гараараа багалзуурдаж хоолойг шахаж, гараараа зүүн талын нүд рүү нь цохиж зодсон нь   үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ө.Ц гийн толгой руу бүдүүн суран бүсээр ороолгож, гараараа багалзуурдаж хоолойг шахаж, гараараа зүүн талын нүд рүү нь цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн биед нь ... зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, зовхи, хацар, доод эрүү, хүзүү, бугалга, тохой, шуу, гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 17-18/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч Б.Г , хохирогч Ө.Ц  нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч ******* нь Б.Г ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт... өөрийн ХААН банкны Баянхонгор аймаг дахь салбарт ******* дугаарын данс эзэмшдэг ба 879523 төгрөгийг орлоготой... талаар гаргаж өгсөн баримт, хувьд ногдох хөрөнгөтэй, малчин, тодорхой орлоготой, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Г ын эзэмшлийн “...Самсунг эс 6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Г буцаан олгож, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Б.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Г ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Г ын эзэмшлийн “... Самсунг эс 6 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Г буцаан олгосугай,

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА