Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга Ж.Чимэдцэрэн

Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.М холбогдох  эрүүгийн 2014003250454 дугаартай хэргийг 2021 оны  1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  овогт ын *******, Регистрийн дугаар:

                                                            Үйлдсэн хэргийн талаар

        Шүүгдэгч Р.М нь “Таван богд” нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэснийг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй” гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэснийг, түүнчлэн Хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-т заасан “Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө” гэснийг,  мөн 4.9-т заасан “ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд чулуу” гэх газар тус нөхөрлөлд ажиллаж байсан ******* нь 50 метр нүх рүү унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:                        

Шүүгдэгч Р.М ын мөрдөн байцаалтад өгсөн 

....2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед босоод ер нь амралтын байдалтай байсан. Талийгаач тухайн газар 2015 оноос хойш ажиллаж байгаа болохоор бусдыгаа бодвол илүү туршлагатай ажлынхаа хүмүүст хийх зүйлийнхээ жаахан зааварчилж явдаг. Тухайн өдөр талийгаач ажиллахгүй гэж байгаад өдөр нь ажиллахаар болоод доор жоохон шороо унасан байгаа тэрийгээ наашлуулъя гэж бөөндөө яриад ажилдаа гарахаар болсон. Тэгээд би талийгаачид *******, ******* хоёрыг оруулаад араас нь чи ор гэж хэлсэн. Би амралтын өрөөнд үлдсэн удаагүй 4,5 минутын дараа манайхан орилолдоод байсан тайл буюу нүхний аман дээр нэг асуудал боллоо гээд гүйгээд очтол *******, ******* хоёр талийгаачийг доошоо уначихлаа гэж хэлсэн. *******ыг доошоо шууд оруулсан. Миний араас талийгаачийн ах дүү нар нь ирсэн. Ах дүү нар нь тэр газар бас нэг нүх хариуцаад ажиллуулдаг байсан юм.  ******* талийгаачийг тэврээд дээшээ гарч ирэхэд  амьсгаатай байх шиг харагдсан. Тэгээд түргэн дуудахаар би гэр лүүгээ ороод эхнэр лүүгээ залгаад түргэн дуудаарай гэж хэлээд намайг буцаад очиход талийгаачийг нас барчихсан байсан. Би унахад нь хажууд нь байгаагүй болохоор аюулгүй байдлаа хангасан үгүйг сайн мэдэхгүй байна. Харин каскаа зүүгээгүй байсан. Ер нь өөрөө каскаа зүүдэггүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны зааварчилгааг өдөр бүр өгдөг, ажилчидтай гэрээ байгуулдаг. Харин тухайн өдөр талийгаач зааварчилгаа дээрээ гарын үсгээ зураагүй байсан. Өөрийн хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зааварчилгаа өгч гаргаагүй. Аюулгүй байдлыг нь хангаж ажиллаагүй гэдэгтээ гэмшиж байна.... гэх мэдүүлэг/ хх-ийн 184-185/

Хохирогч Х.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... “Манай талийгаач ******* тухайн хэрэг болсон газар бараг 10 гаран жил ажиллаж байгаа. Удаан ажилласан учраас хүмүүстээ зааварчилга өгөөд явдаг байсан. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед хоолондоо орж байхдаа *******ын хариуцдаг нүх рүү орж юм хийнэ гээд ярьж байсан. Хоол ундаа идчихээд ажилдаа гарлаа гээд гараад явцгаасан. 14 цагийн үед намайг гэрт байхад арын нүхэнд хүн уначихлаа гэхээр нь гүйгээд очиход *******, ******* талийгаачийг доошоо уначихлаа гэхээр нь би урагшаа гүйгээд ахыгаа дуудсан. Тэгээд ах бид хоёрыг ирэхэд ******* доошоо орсон удаагүй Б6Алтаншагай талийгаачийг нүхнээс авч гарч ирж байсан. Талийгаач *******г нас барчихлаа гэж хэлсэн. Манай дүү талийгаач *******г муудсан байсан ремэн зүүгээд доошоо буусан. Тэр нь тасарсан байх гэж манай гэрийнхэн ярьж байгаа. Манай талийгаачийг өнгөрөхөд  Р.М нь ажил явдал дээр нь ирээд дуустал нь хамт байсан. Мөн талийгаачийн оршуулгын болон бусад зардлын мөнгийг Р.М өгсөн. Яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг бол сайн мэдэхгүй байна. Манай гэрийнхэнд бол бэлэн мөнгө өгөөгүй. Одоо надад болон манай ах дүү нарт ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр амралтын байдалтай байсан. Тэгээд бөөндөө яриад 5 хоногийн хугацаа үлдсэн сонгууль гээд ажиллахгүй юм чинь үлдсэн жаахан ажлаа гялс хийе гээд хэдүүлээ ороод доор байгаа чулуунуудаа наашлуулъя гээд 14 цагийн үед бид нар ажилдаа гарахаар болсон. Өнөөдөр бол манай бригад дээр нийт 7 хүн ажилласан дөнгөж ажилдаа гарах гээд нэг нэгээрээ ухсан цооног руу орж байсан юм. Эхлээд ******* дараа нь ******* орсон. Бид дөрвийн араас ******* хувцсаа өмсөөд орж ирсэн. Тэр хоёрын араас талийгаач орох гээд хувцсаа өмссөн. Нүхний аман дээр тээгээд хэвтсэн. Тэгээд талийгаач тамхи татаад нүх рүүгээ орчихоод аймаг явж усанд ороод үсээ засуулна гээд бид 2 ярьсан ******* сандал дээр сууж байсан. Тэгээд би гаднаас санкад ус нэмэх гээд гарсан. Яг гараад усан дээрээ очиход пар пир гээд чимээ гарахаар нь асуухад талийгаачийг доошоо уначихлаа гэж хэлсэн. Х.******* түрүүлж ирээд *******ыг доош оруулсан удаагүй ******* талийгаачийг тэвэрсэн гарч ирж харагдсан. Тэр үед талийгаач амьсгаатай байсан ямар нэг зүйл хэлээгүй нүхний аман дээр гарч ирээд нас барсан.  Харин хоёр хөлөндөө углаад доошоо буудаг олс байдаг юм тэр олсыг зүүгээгүй ремэн угалж байсан. Ремэн нь тасарсан гэж бодсон. Ямар ч байсан ******* доошоо унахаар нь тороосыг нь бариад авахад тороос нь хоосон байсан гэсэн. Бүгд гэрээ байгуулдаг. Р.М нь өөрөө аюулгүй ажиллагааг хариуцдаггүй ******* гээд манай аюулгүй ажиллагааг хариуцдаг хүн байдаг юм. ******* өчигдөр Баянхонгор аймаг руу хадам ээжийн бие муудсан гээд явсан. Тэгээд өнөөдөр гэнэт ажиллахаар болоод бид нар ажилдаа гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээрээ гарын үсгээ зураад гарсан. Харин талийгаач ******* гарын үсгээ зураагүй байсан. Өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/

        Гэрч *******н мөрдөн байцаалтад өгсөн

... бид нар ажилдаа гарахаар болсон. Тэгээд нэг нэгээрээ ухсан цооног руугаа орсон,  Эхлээд ******* дараа нь би орсон. Намайг ороод нэг их удаагүй байхад ******* орилоод *******г уначихлаа дээшээ гараад ирээч гэсэн. ******* дээрээс бууж ирээд би талийгаачийг тэврээд дээшээ гарсан. Талийгаач намайг дээшээ аваад гарч байхад амьсгалж байсан нүхний аман дээр гарч ирээд амьсгал хураасан. Яг унасан газар нь 50 метрийн гүн нүх байсан. Талийгаас каскаа зүүгээгүй байсан харин ремэн хоёр хөлөндөө зүүж буух гэж байсан юм шиг байна лээ. Талийгаачийн алцаанд нь тасарсан ремэн байсан. Би энэ  ажилд ороод гэрээ байгуулаагүй ороод удаагүй байсан. Х.******* нь өөрөө аюулгүй ажиллагааг хариуцдаггүй, ******* гээд манай аюулгүй ажиллагааг хариуцдаг хүн байдаг. Бид нар ажилдаа гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээрээ гарын үсгээ зураад гарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 138-139/

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

... талийгаач ******* нүх рүү унасан би шууд босоод тороосноос нь барих гэхэд тороос нь хоосон байсан. Тэгээд тэнд ажилладаг хүмүүс рүү орилоод дуудсан. Тэгээд  ахлах Р.М ирээд доошоо хурдан ор гээд би араас нь орсон. Намайг ороход доор байсан ******* талийгаач *******г тэврээд сууж байсан. Намайг буухад талийгаач газар унасан толгойноос нь цус гарсан амьсгаатайгаа байсан. Тэгээд ******* талийгаачийг тэврээд дээш нь гаргасан. Намайг дээшээ гараад ирэхэд талийгаачийг нас барчихлаа гэж хэлсэн... Бид нар ажилдаа гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсгээ зураад гарсан. Харин талийгаач ******* гарын үсгээ зураагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 /

Гэрч М.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Би тухайн осол болох өдөр байгаагүй мэдэхгүй. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ахлах Р.М аас хадам ээжийн бие тааруу байна гэж хэлж албан ёсны чөлөө авч Баянхонгор аймагт ирсэн. Ахлагч Х.******* миний ажлыг хүлээж авч намайг явуулсан ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 146 дугаар тал/

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-06-017/01 дугаартай

1.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилбар тус бүр дээр хийж боловсруулсан байна. Ажилчдад өдөр тутмын зааварчилга өгч байсан баримт /нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийн эх хувь/ хэрэгт авагдсан боловч уг зааварчилгаад тухайн хийгдэх ажлын онцлог, ажил гүйцэтгэх явцад гарч болзошгүй эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны арга барилын талаар тодорхой тусгаагүй, осолдогч ******* болон *******, ******* нарын 3 ажилтан нь ... нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр”-ийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуудсанд гарын үсэг зураагүй байгаа нь тухайн өдөр өгөгдсөн зааварчилгааг авсан эсэх нь тодорхойгүй. Мөн ажилласан эсэх нь тодорхойгүй байна. Гэвч тухайн өдөр 7 хүн ажилласан. Осолдогч Х. Эрдэнэзаяа нь ажилласан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон байна. Зааварчилга өгсөн ажилтан нь ажилчдадаа зааварчилга өгснөө баталгаажуулж гарын үсгээ зураагүй нь тухайн өдөр ажилчдад зааварчилга өгөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Дээрх зөрчлүүд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохин байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-т...Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө..., гэж, 4.11-т ...Давтан зааварчилгааг ажилтан өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг агуулга нь тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж хэрэгсэл ашиглах болон ажлын явцад гарч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийн ашиглах заавар, аюулгүй ажиллагааны арга барил... зэрэг болно... гэж,  4.17-т ...урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан болон өдөр тутмын зааварчилгаа бүртгэлийн журналд (хавсралт 1,2,3-р хүснэгт) ....гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохин байгуулалт. Үндсэн дүрэм” MNS496:2000” стандартын 4.9-д ...ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө... гэж заасан байна. Тус нөхөрлөлийн ажилчдад тухайн өдөр ямар албан тушаалтай, хэн гэдэг ажилтан аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгснийг тодруулах боломжгүй. ...нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийн 2020 оны 06 сарын 13-ны өдрийн хуудсанд зааварчилга өгсөн ажилтан нь ажилчдадаа зааварчилга өгснөө баталгаажуулж гарын үсгээ зураагүй байна.

3. Ажилчдад аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, арга барилд сургаагүй гэж үзэх үндэслэлтэй. (ажилчдад аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулсан. Шалгалт авсан материал хэргийн материалд байхгүй байна,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т ...Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна...,  Ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, тогтоомж стандартын хэрэгжилтэд дотоод хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т...Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй...заалтуудыг зөрчсөн байна.

4. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай... мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ....Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна... гэж заасны дагуу нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүн болно.

5. Гэрчийн “... осолдогч нь осол болох үед толгой хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, олс ашиглаагүй ирмээн ашиглаж доош буусан...” гэх мэдүүлгээс осолдогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т....Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна... гэж, мөн хуулийн 18.2.1-т ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх ... гэж, мөн хуулийн  18.2.5-т ...ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ заалтуудыг зөрчсөн байж болзошгүй.

6. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ....Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна... гэж заасны дагуу нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д ...Гэм буруутай нь хулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасны дагуу хэн буруутай болохыг шүүх, хуулийн байгууллага тогтоох нь зүйтэй гэж үзэж байна...гэх дүгнэлт  / хх-ийн 154-156/

 Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн

1. Талийгаач *******гийн цогцост гавлын дух, зулай, зүүн чамархай ясны олон том сэлтэрхий бүхий цөмөрсөн хугарал, уг хугарлаас суурь ясны урд хонхор, турк эмээлийн голоор гарч баруун дунд хонхрын чулуулаг яс, арагшаа дагз, суурь ясны баруун ар хонхор, турк эмээлийн хэсгээс суурь ясны зүүн ар хонхор хүрсэн шугаман хугарал, их, бага тархины орой болон суурь хэсгийн тархмал аалзан хальсны доорх цус харвалт, их тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн болон бага тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, баруун 9-р хавирганы шууд хугарал, уруул, зулай, чамархай, чих, дагзанд шарх, дух, хацар, чих, эрүү, хамар, уруул, зовхи, шуу, тохой, сарвуу, нуруу, гуя, шилбэнд зулгаралт, уруул, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр бүгд нэг дор буюу тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Талийгаач нь гавал, тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

3. Талийгаач *******гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болно.

5. Талийгаачийн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт / хх-ийн 160-163/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 22 /, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол /хх-ийн 1-4/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-122/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 166-177/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 188-187/, депозит дансны хуулга /хх-ийн 190-192/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 187-188/ шүүгдэгч Р.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 193-194/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Р.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Р.М нь “Таван богд” нөхөрлөл ахлагчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т ...Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.... гэснийг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т ....Ажил олгогч дотоодын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй... гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна... гэснийг, Түүнчлэн Хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-т “Аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө...гэснийг,  мөн 4.9-т ...ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.... гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дунд чулуу” гэх газар тус нөхөрлөлд ажиллаж байсан ******* нь 50 метр нүх рүү унаж нас барсан нь  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Р.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Р.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т …Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2-т ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-128-129/, шүүгдэгч Р.М ын  хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн  2.5 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Р.М нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хавтаст хэрэгт хохирлын талаар баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Р.М нь  талийгаачийн оршуулгын болон бусад гарсан зардлыг өөрөө бүрэн хариуцаж  гаргасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч Х.Э ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ХАМОДХ ТББ нөхөрлөлийн өдөр тутмын зааварчилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн 52 хуудастай дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгох

  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  овогт Р.М ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.М т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэг Р.М т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ХАМОДХ ТББ нөхөрлөлийн өдөр тутмын зааварчилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн 52 хуудастай дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгаласугай.

6. Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй, түүнийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Р.М т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.БАЙГАЛМАА