Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 316

 

М.Д д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар эсэргүүцлээр яллагдагч М.Д д холбогдох 1709 0219 80002 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн М.Д, 1985 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 21 дүгээр гудамжны 30Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

М.Д  нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Багшийн дээд”-ийн урд талын автобусны буудал орчим Б.Б гийн халааснаас гар утсыг нууцаар хулгайлан авч 336.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Д д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

М.Д д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

М.Д оос мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь М.Д ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон яллах дүгнэлтэд бүрэн дунд, бүрэн бус дунд, бага боловсролтой гэж зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн ба яллагдагчийн хувийн байдлыг зөв тогтоогоогүй байна.

Түүнчлэн М.Д ын шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээс харахад түүнийг монгол хэл, бичиг мэддэг эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байна. Хэрэв мэддэггүй болох нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан эрх, үүрэг нь зөрчигдөх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хангаагүй гэж үзнэ. Иймд хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч М.Д  нь “... Би монгол хэл бичиг мэднэ. Монгол хэлээр уншиж, бичиж чадна. Би одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй ...” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний хувийн байдлыг тогтоох зорилгоор гэрчүүдээс мэдүүлэг авсан болно.

Шүүх М.Д ыг монгол хэл, бичиг мэддэг эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байна гэж зөвхөн таамаглалд үндэслэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

М.Д д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд яллагдагч М.Д  нь “... би монгол, хэл бичиг мэднэ, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг, дармал үсгээр гарын үсэг зурсан нөхцөл байдлаас түүнийг монгол хэл, бичиг мэддэг гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Д ыг ямар боловсролтой болох талаарх нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, монгол хэл, бичиг мэддэг эсэхийг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд түүний хувийн байдлыг тогтоох зорилгоор Б.Алтанзул, Ө.Батхуяг нараас гэрчийн мэдүүлэг авсан байх боловч М.Д ыг монгол хэл, бичиг мэдэх эсэх талаар мэдүүлээгүй байна. Хэрэв яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хуулийн заалтыг биелүүлж, яллагдагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллах үүрэгтэй.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 226 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ