Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0162/З |
Дугаар | 221/МА2022/0576 |
Огноо | 2022-08-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2022/0576
2022 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2022/0576
| Улаанбаатар хот
|
“С н ц с” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С н ц с” ХХК
Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо
Нэхэмжлэлийн шаардлага:
-Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,
-Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах,
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн С н ц с ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.Э, Х.н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2022/0162/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С н ц с” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн С н ц с ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр:
“...Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.6, 25.1.8, 25.1.11, 25.1.12-д заасныг тус тус баримтлан “С н ц с” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хоронд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлаар дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, үнэ тарифыг хянаж батлахаас гадна эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 50 МВт-н цэнэг хураагуурт нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага”-ыг тусгай зөвшөөрөлд тусгаж өгөхийг хуульчилсан. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэсэн заалтаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавих эрхийг Эрчим хүчний зохицуулах хороонд хуулиар олгосон.
3.2.Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:
3.2.1.Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үнэлж, дүгнэсэн.
3.2.2.Тусгай зөвшөөрөл олгосноос хойш буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд “дунд” үнэлгээтэйгээр дүгнэгдсэн.
3.2.3. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэхэд “хангалтгүй” үнэлгээтэй дүгнэгдэж Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 322 дугаар тогтоол гарсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 322 дугаар тогтоолын үндэслэлд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны сорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараах байдлаар дүгнэнэ” гэж заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дээрх маргаан бүхий 322 дугаар тогтоолыг гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн үзэж байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэх боломжгүй юм.
3.3.Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 8-ны 12-08 дугаар албан бичгээр сунгуулах болон дахин үнэлүүлэх хүсэлтийг холбогдох материалын хамт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтийг судлан үзэхэд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын үнэлгээнд өөрчлөлт оруулах материал ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийг сунгах нөхцөл байдал бүрдээгүй байсан тул тус албан бичгийн хариуг Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хуулийн хүрээнд хүсэлтийн хариуг 30 хоногт багтаан хүргүүлсэн албан бичиг тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
3.4. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн. Ирүүлсэн хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан талаарх хариуг буцаан мэдэгдсэн. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгсөн. Нэхэмжлэгчийн эрх, ашгийг хангах үүднээс хороо нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасныг судалсан.
Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авснаас хойш дуусах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх шаардлагатай байсан тул 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 5/107 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тайланг шаардаж авсан. Үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн биелүүлсэн бэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байсан тул нэхэмжлэгчийн тайланг дүгнэсэн. Тус дүгнэлтээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалттай биелүүлээгүй буюу 43 хувийн “Хангалтгүй” үнэлгээ авсан учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болсон. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэр гарсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 498 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гарсан, иймд үүнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй.
3.5.Шүүгч шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
Үндэслэх нь хэсгийн 4-т “Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “...С н ц сыг 110/3510 кВ-ын Налайх дэд станцын 110 кВ талаас холбох нөөц боломжийн хувьд хүндрэлтэй талаар мэдэгдсэн, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг цогц байдлаар шийдэхээр хөрөнгө оруулагчидтай олон удаагийн уулзалт, гэрээ хэлцэл байгуулсан, банкны баталгаа гаргуулахаар зохих банкуудтай тохиролцсон, станц ашиглалтад оруулсны дараа эрчим хүч авах хувь хүн, байгууллагуудтай тохиролцсон, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, барилга угсралтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт товлох зэрэг ажлууд төлөвлөгөөт хугацаанд хийгдэж байсан” гэх үндэслэлээр маргасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага цаашид нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой эсэхийг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох, тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг сунгахад шаардлагатай баримтуудыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчээс бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой, түүнчлэн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн хийгээгүй байгаа ажлыг дахин дүгнэж үзэхийг шаардсан, нэгэнт хийгдээгүй ажлыг дахин үнэлж дүгнэх нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн тухайд хөрөнгө оруулалтын асуудал нь 2019 онд бүрэн шийдэгдсэн гэрээ, хэлцэл нь байдаг. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2019 онд хийлгэсэн. Барилга угсралтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт товлохын тулд барилгын батлагдсан зураг, төсөл, техникийн нөхцөл байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаандаа ажлын даалгавар аваагүй, дахин сунгуулах хүсэлтээ өгөөгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй, мөн техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаандаа үүрэг даалгавраа биелүүлээгүй талаарх хэргийн материалын 110 дугаар талд авагдсан нотлох баримтаас болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичгээс харагдана.
Эрчим хүчний яамны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн в/1164 дүгээр албан бичигт “...“С н ц с” ХХК нь ...эрчим хүчний нэгдсэн системд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг www.new.tog.mn цахим системээр 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гаргасан бөгөөд “Д ү т” ТӨХК-ийн 2018 оны горим ажиллагааны дүгнэлтийг ирүүлээгүй, мөн Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөл, зургийн даалгаврын дагуу хийж батлагдсан ажлын зураг ирүүлээгүй тул бичиг баримтын бүрдэл дутуу шалтгаанаар тус компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Ажлын зургийн даалгавар авах тухай албан бичгийг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ирүүлж байсан боловч техникийн нөхцөлийн хугацаа дууссан тул зургийн даалгаврыг олгоогүй байна. “С н ц с” ХХК нь техникийн нөхцөл сунгуулах хүсэлтийг www.new.tog.mn цахим системээр 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргаснаас хойш дахин хүсэлт гаргаагүй болно” гэсэн байна.
Нэхэмжлэгч “С н ц с” ХХК нь Эрчим хүчний яамнаас 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 80/2017/22-НӨ дугаар бүхий техникийн нөхцөл авсан. Тус техникийн нөхцөлийн 10 дугаар зүйлийн (дор дурдсан техникийн даалгавар, хууль дүрмийг мөрдөх) 10.1-д “Дэд станц, цахилгаан дамжуулах шугамын байршлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэж, мэдээллийн санд оруулсан байх”, 10.8-д “Зургийн даалгаврыг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газраас авах” гэж нэхэмжлэгч компанид техникийн нөхцөл авснаар ямар ажил хийх тухай үүрэг даалгаврыг тодорхой зааж өгсөөр байхад нэхэмжлэгч компани нь техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаандаа үүрэг даалгавраа биелүүлээгүй.
Мөн Эрчим хүчний яаманд техникийн нөхцөлөө сунгуулах хүсэлт гаргахад тухайн материалын бүрдэл дутуу байна гэсэн байхад материалаа бүрдүүлээд дахин хандаагүй зэрэг өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаа биелүүлээгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дахин хурал хий, дахин дүгнэж үз хэмээн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд нийцэхгүй буюу хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд үл нийцнэ.
Хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан байхад ямар захиргааны байгууллага ямар баримтыг нэхэмжлэгчээс аваагүй, судлаагүй гэж үзэж дахин хурал хийхийг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Нэгэнт хийгдээгүй ажлыг дахин дүгнэж хурал хийнэ гэдэг нь хийгдээгүй ажлыг хийсэн болгож дүгнэх, эсхүл нэг гаргасан тогтоолоо дахин гаргах гэсэн агуулгатай байгаа нь боломжгүй, хууль зөрчсөн үйлдэл болохоор байна.
Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компаниас:
-2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 3-9 дугаар албан бичгээр тайлан ирүүлсэн,
-2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн албан бичиг,
-2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12-27 дугаар албан бичгээр тайлан ирүүлсэн,
-2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1-30 дугаар албан бичиг,
-2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 1-4 дүгээр албан бичиг зэрэг тайлан, албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс ирүүлсэн бөгөөд тухай бүр нь хариу хүргүүлсэн албан бичгүүд мөн хэргийн материалд өгсөн. Хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байсан.
Гэтэл эдгээр нотлох баримтуудыг шүүх дүгнэж үзэлгүй “хариуцагч захиргааны байгууллага цаашид нэхэмжлэгчийн эрх, ашиг сэргэх боломжтой эсэхийг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох, тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг сунгахад шаардлагатай баримтуудыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчээс бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох нь ач холбогдолтой” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, шаардлагатай нотлох баримтууд цугларсан байхад дахин баримт шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гадна өөр баримт байхгүй. Дахин нотлох баримт хэрэгтэй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр заасан тул хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй байна.
3.6.Шийдвэрийн 5-д “...Захиргааны ерөнхий хуулийн 4, 25 дугаар зүйлийг баримтлах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хэргийн материалыг бүрэн судалж дүгнээгүйг харуулж байна. Учир нь Эрчим хүчний зохицуулах хороо нь Захиргааны ерөнхий хуулийг баримтлан ажилладаг, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Захиргааны акт гаргах бүрт нэхэмжлэгч компанийн төлөөлөгч хуралд оролцсон тухай хурлын тэмдэглэлүүд хэргийн материалд авагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хийсэн, бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд олон удаа уулзалт хийж, зөвлөгөө өгч ажилласан.
Түүнчлэн “дээрх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг дүгнэх улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шүүхээс засах боломжгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу маргааны талаарх нотлох баримтуудыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ” гэж байгаа нь агуулгын хувьд ойлгомжгүй байна.
Захиргааны байгууллага нотлох баримтуудыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан байхад шийдвэр нь үндэслэл бүхий эсэх, бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхэд дүгнэлт гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийгээгүй байж дахин шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь Эрчим хүчний зохицуулах хороо маргаан бүхий тогтоолыг гаргах эрхгүй, мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад “О” үнэлгээ авсан техникийн нөхцөл сунгагдаагүй, улсын экспертизээр баталгаажуулаагүй гэдэг дээр маргасан.
Нэхэмжлэгч өөрийн буруугаас тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй байгаа нь хэргийн материал дахь нотлох баримтуудаас харагдаж байхад, түүнчлэн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд газар дээр барилгын ажил эхлүүлээгүй байх төдийгүй хашаа ч бариагүй байхад дахин дүгнэсэн хэмээн шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 322 дугаар тогтоолоор “С н ц с” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор олгосон 50 МВт-ын Цэнэг хураагуурт нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 3 жилийн хугацаанд уг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тус хорооноос хянан үзэж хангалтгүй гэж дүгнэсэн нь илт хууль бус захиргааны актад хамаарах эсэхэд, түүнчлэн хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаар албан бичгийн хариуг захиргааны акт мөн эсэхэд тус тус дүгнэлт өгөлгүйгээр чухам ямар үндэслэлээр дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байдлаар “…шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн…” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.
1.Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж байгааг анх зөвшөөрөл олгосон 2017 оны 5 дугаар сарын 23-наас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, 2020 оны 356 дугаар тогтоолоор “Дунд”, 2017 оны 5 дугаар сарын 23-наас 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дүгнэж, 2021 оны 322 дугаар тогтоолоор “Хангалтгүй” гэж тус тус үнэлсэн байх бөгөөд үүнээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий захиргааны акт болох 2021 оны 322 дугаар тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” Зохицуулах хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд гарчээ.
Мөн Зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.7-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны сорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараах байдлаар дүгнэнэ” гэж журамласан байх тул дээрх хууль болон энэхүү журмын хүрээнд гарсан тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.
Түүнчлэн анх нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 159 дүгээр тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-оос гадна 9.1.3 буюу дээрх заалтыг үндэслэж гарсан, мөн олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хавсралтаар баталсан байна.
Харин 2021 оны 322 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн үндэслэлээ хариуцагчаас “…барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил дуусаж, улсын комиссын акт баталгаажаагүй байсан, Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд зураг, төсөл боловсруулж батлуулаагүй, зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийлгээгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх тухай Эрчим хүчний яамнаас зөвшөөрөл аваагүй, хорооны 2020 оны 356 дугаар тогтоолоор хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч тайлан ирүүлээгүй…” гэх зэргээр тайлбарлах бөгөөд эдгээр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, 6 үзүүлэлт бүрт өгсөн үнэлгээ бодитой эсэх нь “илт хууль бус болохыг тогтоолгох” бус харин “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх учиртай.
2.Зохицуулах хорооноос хангалтгүй үнэлгээ авсантай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1/657 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй болсон талаар, мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг дахин мэдэгдсэний аль аль нь захиргааны актын шинжийг агуулахгүй, өөрөөр хэлбэл эдгээр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрт хамаарахгүй.
Учир нь Хорооны 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 498 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байхад энэхүү тогтоолтой бус харин захиргааны актад хамаарахгүй дээрх мэдэгдлүүдийн сүүлийнх буюу 2021 оны 11/1178 дугаар албан бичгийн хариуг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах байтал дахин шинээр акт гаргатал түдгэлзүүлсэн нь буруу.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 498 дугаар тогтоолоор “…“Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 2020 оны 356, 2021 оны 322 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “С н ц с” ХХК-ийг 07/2017 барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, энэ талаар мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1065 дугаар албан бичгээр мэдэгдсэн, 498 дугаар тогтоолыг ч хавсралтаар нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 12-08 дугаар албан бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, дахин дүгнэлт хийлгэх нэмэлт материалыг Эрчим хүчний зохицуулах хороо судлан үзээд “…тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын үнэлгээнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал байхгүй талаарх дэлгэрэнгүй хариу тайлбар өгсөн;
-мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12-27 дугаар албан бичгээр ирүүлсэн хийсэн ажлын тайлан болон ажлын төлөвлөгөөг, 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1-4 дүгээр албан бичгээр ирүүлсэн тусгай зөвшөөрөл цуцлах асуудлыг дахин хэлэлцүүлэх тухай хүсэлтийг, мөн оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1-30 дугаар албан бичгээр ирүүлсэн хөрөнгө оруулагчийн талаарх мэдээллийг тус тус хариуцагчаас судлан үзээд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1/157 дугаар албан бичгээр “…тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл бүхий нотлох баримт мэдээлэл байхгүй байна…” гэснээс гадна уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай асуудлыг 2022 оны 2 дугаар сарын хурлаар хэлэлцэхээр товлосон талаар, уг хуралд цахимаар оролцохыг тус тус мэдэгдсэн байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрлийг сунгах эсэх талаар хурал хийгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах, цаашлаад өмнөх буюу “Дунд” үнэлгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
4.Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цахимаар ирүүлсэн болохыг хариуцагч тайлбар болон давж заалдах гомдолдоо дурдсан, түүнчлэн сунгах эсэх асуудлыг ирүүлсэн баримтын хүрээнд тухай бүр судалж шийдвэрлэж байсан болох нь дээрх байдлаар;
-Эрчим хүчний яамны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн в/1164 дүгээр албан бичигт нэхэмжлэгчийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөл авах /өмнө нь 2017.08.04-ний өдөр нэг жилийн хугацаатай авсан/ хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох, мөн ажлын зургийн даалгаврыг яагаад олгоогүй талаар тодорхой тайлбарласнаас гадна энэ талаар дахин хүсэлт гаргаагүй болох нь тус тус тогтоогддог.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл хугацааг сунгах”-аар заасан байхад, тэр тусмаа тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэж шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байхад дээрх байдлаар дунд, хангалтгүй үнэлгээ авсаны “дунд” үнэлгээг нь үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 504 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан “С н ц с” ХХК-ийн гаргасан “Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө “С н ц с” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж оноо олгосон үнэлгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, Эрчим хүчний зохицуулах хорооны “Хангалтгүй” гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтыг хасч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН