Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 07

 

2017 оны 5 сарын 03 өдөр     Дугаар 226/МА2017/00007                                                            Хэрлэн сум

Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Наранчимэг,
Д.Өлзийбат нарт   холбогдох иргэний хэргийн талаар

226/2017/00008/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,
Хариуцагч Б.Наранчимэг нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Наранчимэгийн давж заалдах гомдлоор Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Наранчимэг,  Д.Өлзийбат нарт   холбогдох “худалдсан махны үнэ 904900 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Өлзийбат, Б.Наранчимэг нар нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 187.2 кг 842400 төгрөгний үнэ бүхий үхрийн цул мах, 32500 төгрөгний адуу, үхрийн хавирга, мөн бэлнээр 30000 төгрөг, нийт 904900 төгрөгний мах аман гэрээгээр авсан болно. Тохирсон ёсоор 7 хоногийн дараа буюу 2016 оны 11 сарын 30-нд мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл  махны үнийг өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд Д.Өлзийбат, Б.Наранчимэг  нараас  махны үнэ  904900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Би 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Наранчимэгт 187.2 кг үхрийн шулсан ясгүй махыг зээлээр өгсөн. Тухайн үед нэг кг махыг 4500 төгрөгөөр тооцож өгсөн. 187.2 кг үхрийн махны үнэ 842400 төгрөг болсон. Б.Наранчимэг нь охиноороо дамжуулж 30000 төгрөг надаас зээлсэн. Хариуцагч Д.Өлзийбатаас 904900 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Д.Өлзийбатыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй. Иймд Б.Наранчимэгээс шулсан үхрийн махны үнэ 842400 төгрөг, зээлсэн 30000 төгрөг, үхэр, адуу, ямааны махны 32500 төгрөг нийт 904900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Наранчимэг нь шүүхэд  гаргасан тайлбартаа: Эрдэнэчимэгийн худалдсан мах 187.2 кг биш 183 кг байсан болно. Би уг махыг Сайншандад хүнд хүргэж өгөөд цаашаа Эрээн явсан юм. Гэтэл нөгөө  хүн маань мах чинь маш их цус хурсан байна. Цусыг нь голд нь хийгээд хөлдөөсөн байна гэж ярьсан. Эрдэнэчимэгт махыг буцаах тухай хэлэхэд мөнгөө авна гэсэн. Мөн адуу, үхрийн хавирганы мөнгө гээд байгаа 32500 төгрөгийг дүү Баасанхүүд нь ногоо авсан мөнгөө өгөхөөр ярихад махны мөнгөө яах тухай асуухад нь мобайл банкаар шилжүүлсэн болно. Мөн бэлэн авсан 30000 төгрөг гээд байгаа мөнгийг өгсөн гэж ойлгож байгаа юм. Учир нь Эрээнд байхад 5 ш хаалганы цоож захиад хүн хүргэж өгөхөөр мөнгийг нь өгөөрэй гээд 125 юань  өгсөн. 125x368=46000 төгрөг. Иймд түүний нэхэмжилсэн мөнгөнөөс 264400 төгрөг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Б.Наранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 11 сарын 23-ны өдөр  Эрдэнэчимэгтэй утсаар яриад үхрийн шулсан мах авсан нь үнэн. Уг үхрийн махыг Эрдэнэчимэгийн дүү Баасанхүү хиллэж өгөхөд  183 кг болсон. Тухайн үед нэг кг үхрийн махыг 3500 төгрөгөөр тооцож өгсөн. Би Эрдэнэчимэгээс бэлнээр зээлсэн 30000 төгрөгийг, махны 32500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин шулсан үхрийн махыг 183 кг байсан бөгөөд 1 кг махыг 3500 төгрөгөөр тооцож төлөх хүсэлтэй байна. Анх мах өгөхдөө 4500 төгрөгөөр өгнө гэж тохиролцоогүй гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Наранчимэгээс 904900 /есэн зуун дөрвөн мянга есэн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 26268 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Наранчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 26268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 842 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгт олгохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Наранчимэг нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдсэн.  2016 оны 11 сарын 23-ны өдөр Эрдэнэчимэгтэй аман гэрээ хийж 183 кг үхрийн шулсан туранхай махыг 1кг нь 3500 төгрөгөөр тооцож бүгд 640500 төгрөг болсон юм. ... Гэтэл Эрдэнчимэг нь худалдаж авсан махнаасаа 1кг тутмаас 200-500 төгрөгний ашиг хардаг гэж ярьж байгаа худлаа юм. Эрдэнэчимэг нь үндэслэлгүйгээр 1кг махыг 4500 төгрөгөөр тооцож махны нийт жинг 187,2 кг болгон нэмж шүүхэд мэдүүлдэг.  Энэ талаарх нотлох баримтыг эх хувиар нь шинжлэн судлах санал шүүх хуралдааны явцад тавихад байхгүй дэвтрийн хуудсан дээр бичсэнээр шүүхэд өгсөн байгаа юм. Миний бие нь шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байна уу гэхэд нь би үнийн дүн зөрүүтэй байгаа учир тухайн үеийн орон нутгийн ханшаар үхрийн шулсан туранхай мах ямар үнэтэй байсан талаар шинжээч томилох тухай хүсэлт гаргасан боловч шүүгч уг саналыг хүлээж аваагүй юм. Миний бие нь үндэслэлгүйгээр 264400 төгрөгийг төлөх ёсгүй юм. Яагаад гэвэл бидний маргаж байгаа махны үнэ болох 640500 төгрөг нь үндэслэлтэй бөгөөд шүүх Эрдэнчимэгийн гаргаж өгсөн нотлох баримт болох дэвтрийн хуудас,  уг хэрэгт гэрчээр Эрдэнэчимэгийн нөхөр болох Батболд , мөн төрсөн дүү Баасанхүү нарын мэдүүлэгт хөтлөгдөн үндэслэлгүйгээр 264400 төгрөгийг  нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хавирга худалдаж авсан мөнгө 32500 төгрөгөөс 16000 төгрөгийг дүү Баасанхүүгийн данс руу мобайл банкаар шилжүүлсэн нь хавтас хэрэгт байгаа. 30000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн боловч Эрдэнэчимэг надад 5 ширхэг  цоож захихад монгол мөнгөөр нийт үнэ 46000 төгрөг болсон. Ийм учраас 264400 төгрөгийг  төлөх үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар  тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэг нь  хариуцагч Б.Наранчимэгт 187,2 килограмм үхрийн махыг  нэг килограммыг нь 4500 төгрөгөөр өгсөн, хариуцагч Б.Наранчимэг нь 183 килограмм үхрийн махыг нэг килограммыг нь 3500 төгрөгөөр  авсан гэж зээлээр худалдан авсан махны нийт жин, нэг бүрийн үнэ дээр маргаан үүссэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Эрдэнэчимэгийн  хариуцагч Б.Наранчимэгт “187,2 килограмм үхрийн махыг 4500 төгрөгөөр өгсөн” гэх дэвтрийн тэмдэглэл,  хариуцагч Б.Наранчимэгийн  “Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мөрдөгдөх малын жишиг үнэлгээ”   зэрэг  бичгийн нотлох баримтуудын эх хувийг анхан шатны шүүх шаардан авах эрхтэй атлаа хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж  үзсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчсөн байна.
Шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн гэрч Г.Батболд, В. Баасанхүү нарын мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2 т заасантай нийцээгүй байх тул  хариуцагч Б.Наранчимэгийн анхан шатны шүүх “хэт нэг талыг баримталсан” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
    1.Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Наранчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.


               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                     Я.АЛТАННАВЧ