Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2017/00228

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 9 өдөр

Дугаар 151/ШШ2017/00228

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод, 7 гудамж, 2 тоотод оршин суух Б.Баярмагнайд холбогдох, цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасны төлбөр 617.863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 19 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Иргэн Б.Баярмагнай нь Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу Цэргийн жинхэнэ албыг биеэр хаагаагүйн төлөө цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах болсон тул 2015 оны Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолын дагуу Б.Баярмагнай мөнгөн төлбөр болох 617.863 төгрөгийг төлүүлэхээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Б.Баярмагнайгаас дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Баярмагнай нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-Миний бие 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах гэрээг Төв аймгийн Цэргийн штабтай хийсэн. Төлөх ёстой мөнгө нь 617.863 төгрөг, үүнээс 100.000 төгрөгийг төлсөн, одоо 517.863 төгрөг үлдсэн. Миний бие сургуулийн насны 2 хүүхэд, ой хүрээгүй нялх хүүхэдтэй, ам бүл 5-лаа амьдардаг.Би өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг учир байнгын тогтмол орлогогүй юм. Иймээс би өөрийн боломжоороо сар бүр 80.000 төгрөгөөр цувуулан төлж дуусгана. Иймээс 2017 оны 8 дугаар сар хүртэл сунгаж өгнө үү” гэжээ.

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь,  хариуцагч Б.Баярмагнайгаас цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасны төлбөр 617.863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Баярмагнай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжилж буй цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасны төлбөр 617.863 төгрөгийг 2017 оны 8 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Баярмагнайгаас цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасны төлбөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9593 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлийн шаардлага цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаасны төлбөр 617.863 төгрөгийг хариуцагч Б.Баярмагнай нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баярмагнай нь 9593 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                              Л.МӨНХЦЭЦЭГ