Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00259

 

 

 

 

 

 

       2017 оны 03 сарын 16 өдөр

     Дугаар 151/ШШ2017/00259

                                      Зуунмод             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар баг, Өгөөмөр багт оршин суух, 53 настай, эмэгтэй, Хачид овогт Цэдэнбалжирын Норжмоо /НО64010366/-гийн,

 

Ажилласан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Норжмоо, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Норжмоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1964 онд Төв аймгийн Лүн суманд төрж бага сургууль төгсөөд 1984 оноос Лүн сумын Энхтуул нэгдэлд малчнаар, 1992 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Мөн боловсон хүчин тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ Ц.Норжмаа гэж буруу бичсэн тул эдгээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр Ц.Норжмоо намайг мөн болохыг тогтоож, Энхтуул нэгдэл болон, Хангай компанид ажилласан 9 жилийн хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Норжмоо нь ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн хувьд: Хэрэгт авагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 102/004146 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд …... гэсэн /хх-н ..../, Ц.Норжмоогийн №0000594506 №001 дугаартай төрсний гэрчилгээнд .... гэсэн /хх-н .../ зэргийг үндэслэн 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн дугааргүй, нэхэмжлэгч Ц.Норжмоогийн цээж зураг бүхий хөдөлмөрийн дэвтэр /хх-н 9/, мөн .................. тушаалуудын /хх-н ......./ жинхэнэ эзэмшигч нь Цэдэнбалжирын Норжмоог мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Ажилласан жилийн тухайд: Ц.Норжмоо нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын “Хангай” компанид саальчнаар тус тус ажилласан гэх бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ.

 

Үүнд: Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр “цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал,  Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр “цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар “ажилд томилж, ээлжийн амралт олгох тухай” тушаал,  Төв аймгийн Лүн сумын Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит “Энхтуул” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ц.Норжмаагийн 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 869 дүгээр Ц.Норжмаагийн цалингийн түүвэр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 102/004146 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Норжмоогийн №0000594506 №001 дугаартай төрсний гэрчилгээ, гэрч Г.Сэргэлэн, С.Баярцэцэг нарын “....Ц.Норжмоо нь 1984 оноос эхлэн 1992 оныг дуустал Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэл “Хангай” компанид саальчнаар тус тус ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад бичигдсэн байдлыг үндэслэж нэхэмжлэгч Ц.Норжмоог Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын “Хангай” компанид саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зааснаар Хачид овогт Цэдэнбалжирын Норжмоо /НО64010366/-г Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Лүн сумын “Хангай” компанид саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Цэдэнбалжирын Норжмоо мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Норжмоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.МӨНХЦЭЦЭГ