Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 106

 

 Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 6866613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогттой ******* нь ******* сумын ******* сангаас 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 7.0 сая төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 10-нд дууссан. Зээлдэгч Д.*******тай удаа дараа уулзах буюу албан мэдэгдэх хуудас өгч зээлээ төлөх шаардлага тавьсан боловч төлөөгүй өдий хүрсэн. Иймд ******* овогттой *******аас зээлийн хүүгийн үлдэгдэл 6560143 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хүүгийн үлдэгдэл 295209 төгрөг, бусад холбогдон гаргасан зардал 11216 төгрөг, нийт 6866613 төгрөгийг нэхэмжлэн гаргуулж манай сангийн ******* тоот дансанд байршуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн тэмдэгтийн хураамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжсэн тохиолдолд холбогдон гарах зардлыг хариуцагч этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумд оршин суух Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* нь 2013 онд ******* сангаас Мал эмнэлгийн лоборатори байгуулах зорилгоор төсөл хийж 7.0 сая төгрөгийн зээл авсан. Авсан мөнгө маань лобораторийн багаж төхөөрөмж худалдан авахад хүрэлцээгүй лоборатори ажиллуулах боломжгүй болсон. Ингээд зээл авсан мөнгөө төлж чадалгүй өдий хүрсэн. Энэ хавар төлөх боломж гарч байтал миний бие өвчний улмаас Улаанбаатар хот, Хятадын хөх хотод эмчилгээ оношлогоонд явж байгаад бүх малаа зарж зээл авч яваад ирсэн. Одоо дахиад явах шаардлагатай болоод байгаа миний хувийн гачигдал зовлонг харгалзан үзэж зээлийн мөнгийг 2017 оны 06 сард 3500000 төгрөг, 2017 оны 10 сард үлдсэн 3366613 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргаж миний амьдралд туслалцаа үзүүлнэ үү. Энэ хугацаанд мал эмнэлгийн ажлын санхүүжилтүүд орох учир тэр мөнгөөр ямар ч асуудал гаргалгүй төлөх болно. Зээл, зээлийн хугацаа хэтэрсэн алданги 6866613 төгрөгийг бүрэн төлнө. Бусад зардлын асуудлыг хариуцах чадвар надад алга. Өмнө нь 2016 онд хүү алданги 440000 төгрөг төлсөн гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь Д.*******т холбогдуулж 6866613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний зээлийн мөнгийг 2017 оны 06 сард 3500000 төгрөг, 2017 оны 10 сард үлдсэн 3366613 төгрөгийг нийт 6866613 төгрөгийг төлнө гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж 124816 төгрөгийн тал хувь 62408 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 6866613 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж 62408 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ