Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

                        

 

 

 

 

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н-гийн Эөд холбогдох эрүүгийн 2138000000048 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Э  нь  2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Дийг  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Н.Э  нь  2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Дийг  зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 213800000048 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.   

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ж.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Р намайг архинд яв гээд би үгүй гэж хэлснээс болж маргалдаж эхэлсэн... Р, Э, Зинамидэр гурав миний биеийн нуруу, толгой, нүүр хэсэгт гар хөлөөрөө олуулаа байсан болохоор ээлжлээд цохисон. Харанхуйд унахаар л тал талаас цохиод байсан тэгээд би босоод зугтаасан.. өвчнийхөө улмаас толгой өвдөөд дээрээс нь хамартаа чихээстэй хэцүү байсан болохоор төвлөрч чадахгүй хүмүүсийн нэрийг холиод мэдүүлэг өгсөн байна. Э хамарт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

              Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ажлаа тарахад Д хамт манай найзууд дээр очъё гэхээр нь би цуг Дийн найз Эийн найзынд очсон чинь тэд нар архи ууж байсан тэгээд бид нар хамт ууж байгаад Д, Э найзын хамт гадаа гараад хоорондоо зодолдсон юм шиг байна лээ. Орж ирэхгүй байхаар нь урдаас нь би гарсан урдаас зодсон байдалтай байж байсан. Цус гарсан байсан. Тэгээд би  шууд Дийг аваад явсан...Намайг гадаа гарах үед Д цустайгаа холилдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

              Гэрч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д та хоёр юу юм пизда гээд томроод байхаар нь бид хоёр явлаа. Харин чи яагаад томроод байгаа юм бэ гэж хэлсэн чинь шууд ирээд намайг цохиж унагаасан. Тэгээд намайг дарж унагаагаад босоод байж байх үед Э салгаад Э тэр хоёр хоорондоо ноцолдоод хоёр тийш болоод салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/

              Хохирогч Ж.Д, гэрч Н.Этэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан: “...Н.Эийн “...Дийн ярьсан бүгд худлаа байна. Дийг өшиглөж унагаасан зүйл ерөөсөө болоогүй. Худлаа ярьж байна. Р ах, Д бид гурав архи авах гэж гараад Д машин дуудахаар нь Р ах Дийг машин дуудлаа, явъя гэсэн чинь Д “та нар ямар сонин юм бэ” гээд агсраад Р ахыг мөргөөд цохиж унагаасан. Тэгээд би Р ахын дээр Д гарсан байхаар нь би салгах гээд Дийг татаад газар унагаагаад хаясан. Тэгсэн босож ирээд над руу дайраад цохиж авахаар нь би алгадаад унагаагаад биеийн цээж хэсэг рүү би цохиод тэгээд бид гурав салцгаасан... Гэрээс Р, Д бид гурав гарсан. З, А, Б гурав гэрт үлдсэн. Толгой нүүр, нуруу руу нь өшиглөж, цохисон асуудал болоогүй...”, Ж.Дийн “...Энэ хүний ярьж байгаа зүйл бүгд худлаа. Би Рийг цохиж мөргөөгүй, Мөөгийг ч цохиогүй. Бүгд худлаа байна... Би гайгүй байсан. Бид зургаа 0,75 литрийн 2 ширхэг Хараа нэртэй архи 2,5 литрийн пиво уусан...” тэмдэглэл /хх-ийн 34-36-р хуудас

              Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Д, Р, Б, З, А бид зургаа айлд пиво архи хувааж ууж байгаад дуусахаар нь Д, Р ах бид 3 архи авах гэж гараад явж байхдаа Д машин дуудаад байсан чинь Р ах хүн дуудчихлаа явъя гэж хэлсэн чинь Д агсраад Р ах тэр хоёр барьцалдаж аваад би салгасан чинь намайг цохихоор нь би зөрүүлээд цохиж унагаагаад дээр нь гараад суусан. Тэгээд босож ирээд салцгаагаад Д яваад өгсөн...Би Дийн цээж хэсэг рүү нэг удаа цохиод, Д миний нүүр рүү цохиход нь би гарыг нь хаах гээд гараа нүүрнийхээ урд халхлахдаа нүүр рүү нь цохичих шиг болсон. Тэгээд тухайн үед Д юм хэлээгүй болохоор гайгүй байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн хамар руу нь цохисон юм шиг байсан. Бид нар бүгд уусан байсан болохоор буруу ойлголцоод ийм зүйл боллоо. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/

              Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны                        1 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаартай: Ж.Дийн биед хамар ясанд хугарал зүүн гайморын хөндийн ар хананд хугарал, хамрын зүүн таславчид хугарал, самалдаг болон хамрын жимүүд. Баруун зүүн гайморын хөндийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Ж.Дийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-р тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 55, 59, 60, 61-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Н.Э  нь  2020 оны 12 дугаар сарын 21-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Дийг зодож эрүүл мэндэд нь хамар ясанд хугарал зүүн гайморын хөндийн ар хананд хугарал, хамрын зүүн таславчид хугарал, самалдаг болон хамрын жимүүд. Баруун зүүн гайморын хөндийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ж.Дийн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч Б.Рийн мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Ж.Дийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч Н.Эийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч Н.Эийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Н.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн -р тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Э нь хохирогч Ж.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Ж.Д, шүүгдэгч Н.Э нар ойлголцож эвлэрсэн гэх эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 68-р тал/

Шүүгдэгч Н.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.Эөд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

213800000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Хөвсгөл аймгийн прокурорын газарт төлөх 4,000 төгрөгийг шүүгдэгч Н.Эөөс гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Н-гийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Совогт Н-гийн Эийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эөөс 4.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 213800000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР