Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Э.Э,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ын Дт холбогдох эрүүгийн 2138000000039 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Э.Эыг зодож, эрүүл мэндэд нь нулимсны суваг тасарсан, зулай зүүн дээд доод зовхи нулимсны сувагт шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацар, хоолой баруун зүүн сарвуунд зулгаралт, хоолойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Э.Эыг зодож, эрүүл мэндэд нь нулимсны суваг тасарсан, зулай зүүн дээд доод зовхи нулимсны сувагт шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацар, хоолой баруун зүүн сарвуунд зулгаралт, хоолойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000039 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны оройн 17 цагийн үед Д хөргөгчөөсөө 2 литр 500 граммтай нийслэл нэртэй пиво гаргаж ирээд хийж өгсөн. Тэгээд бид 2 нөгөө пиво ууж дуусаж байсан чинь гаднаас манай найз Б- орж ирээд бид 3 нийлээд хөзөр тоглож байгаад би гадагшаа явж дэлгүүр орж 1 том 2 литртэй пиво уусан...Тэгээд Д бид 2 гарч дэлгүүр ороод 3 ширхэг 2 литр 500 граммтай пиво аваад ирсэн. Д бид 2 нөгөө авсан пиво уугаад нэлээн согтсон байсан. Авсан юмаа ууж дуусгаад юм ярьж суусан байх сайн санахгүй согтсон байсан нэг мэдсэн манай найз Д миний толгойн дээр суугаад дээрээс намайг цохиод байсан. Би Дыг болиоч одоо болно гэж зөндөө удаан хэлэхэд болихгүй цохиод байсан. Тэгэхээр би түлхээд боссон чинь миний толгой, нүднээс зөндөө цус гарсан байсан..." гэх мэдүүлэг,/хх-ийн 7-9-р хуудас/

              Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 03 цагийн үед гэрээсээ гараад Дынд ирсэн чинь Э үүдний өрөөнд сандал дээр суусан толгойноос нь цус гарсан байдалтай Д том өрөөндөө байсан хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь Дыг яагаад хоорондоо зодолдоод хүний тархи толгой хагалчихсан юм гэхэд дуугарахгүй байсан. Дыг би орон дээр унтуулах гээд түлхээд унагаасан. Бэр М-ийг би Эыг авч яваад эмнэлэгт очиж толгойг нь үзүүл гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/

              Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би гэрт байж байсан Д залгаад манайд хүрээд ирээч гэж хэлсэн...Тэгээд би Дын гэрт 17 цагийн үед очиход Д, Э хоёр пиво ууж дуусаад Э бид хоёр дэлгүүр явж пиво авч ирээд гурвуулаа хоёр пиво уугаад байж байсан чинь гэрээс манай эгч дуудаад хүүхдээ ав гээд би Дын гэрээс 20 цагийн үед явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

              Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...Э гэрт шалан дээр цэр, шүлсээ хаяад бөөлжөөд байсан. Тэгсэн Д Эаа чи угаалтуур луу очиж бөөлж энэ шалан дээр манай охин тоглодог гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад нэг нэгийгээ үгээр доромжлоод байсан. Тэгж байснаа гэнэт хоорондоо барилцаад авсан тэгээд би дундуур нь орж салгаад Дыг унт гээд орон дээр гаргасан. Тэгсэн Э Д-ыг үгээр доромжлоод байсан тэгсэн манай охин сэрээд уйлаад байхаар нь охиноо авах гээд очиход Д, Э хоёр барилцаж аваад Д Эын толгойд нь аягаар цохисон чинь Эын толгойноос зөндөө цус гараад байхаар нь би айгаад хадам ээж О-ийг утсаар хүрээд ирээч гэж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,

              Гэрч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д.Дыг бага зэрэг л танина. Багийн даргын хувьд гэрээр нь очиж байсан. Аж амьдралтай нь танилцаж байсан...Д.Д нь дуу цөөтэй, даруухан хүүхэд байсан. Ямар нэгэн асуудалд орж байгаагүй...Олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхи сайтай сайн залуу юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

              Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э бид хоёр нилээн согтсон байсан Э манай гэрийн шалан дээр бөөлжөөд, нус, цэрээ хаяад байхаар би наад шалан дээр чинь манай хүүхэд тоглодог газар муухай нус, цэрээ хаялаа гэж хэлсэн. Э чи тийм том болсон юм уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцсан. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж авсан, би Эыг юугаар цохисон талаараа сайн санахгүй байгаа нэлээн хоорондоо муудалцаж байсан. Би өөрөө уурлахаараа зүрх муутай цочмог ууртай байгаа юм. Нэг мэдсэн манай ээж О- манайд ирсэн намайг орон дээр хэвтүүлсэн байсан. Би нэг харсан Эын толгойноос цус гарсан байсан. Тэгээд манай эхнэр М-э Эыг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

              Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай: “...Э.Эын биед нулимсны суваг тасарсан, зулай зүүн дээд доод зовхи нулимсны сувагт шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацар, хоолой баруун зүүн сарвуунд зулгаралт, хоолойнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Э.Эын биед үүссэн нулимсны суваг тасарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шарх бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч Э.Эыг зодож, эрүүл мэндэд нь нулимсны суваг тасарсан, зулай зүүн дээд доод зовхи нулимсны сувагт шарх, баруун чамархайн хуйх, зүүн хацар, хоолой баруун зүүн сарвуунд зулгаралт, хоолойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/, гэрч Г.М-ийн мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн  шүүгдэгч Д.Дын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгч, хохирогч  нарын согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хувийн таарамжгүй харилцаа, нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан зарим хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Д нь хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ хэрэгт авагдснаас шүүгдэгч нь 2.210.000 төгрөгийн хохирлыг төлсөн ба үлдэх 290.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Э.Эад олгох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 53-р тал/

Мөн хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Даас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2138000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.800 төгрөгийг шүүгдэгч Д.Даас гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Д-ын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Д-ын Дыг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Даас 290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эад олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даас 1.800 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2138000000039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Даас нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд

шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР