Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

 

 

 

      

 

 

                                 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч ******************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2038005800031 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 1 дүгээр багийн уулзварын авто зам дээр 30-40 ХӨА улсын дугаартай саарал өнгийн Тоёота ист загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ****************** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 1 дүгээр багийн уулзварын авто зам дээр 30-40 ХӨА улсын дугаартай саарал өнгийн Тоёота ист загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ****************** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038005800031 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хэрэг болох үед би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан юм. Нэг хүн хажуугаас ороод ирэхээр нь би тооромзоо гишгэтэл мөргүүлчихсэн. Тэгээд машинаасаа буугаад эмнэлэг, цагдаа дуудсан...Би ******************эд 950.000 төгрөг өгсөн…Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16,18-р хуудас/,

Хохирогч ******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр найз Рагчаасүрэнтэй уулзаад гэр лүүгээ явж байхад Мөрөн сумын 1-2 дугаар хорооны авто замын уулзвар дээр явган хүний гарцаар гарч явахад нэг машин хурдтай ирээд тоормослоод намайг мөргөсөн. Тухайн үед би газарт унаад ухаан алдчихсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрээд толгой маш их өвдөж байсан. Ингээд Улаанбаатар хот руу яаралтай явж тархиндаа хагалгаа хийлгэсэн. Нийт 5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Миний баруун талын чих сонсголгүй болсон. Мөн миний гар хөл бадайраад хол газарт явж чадахгүй болсон. Миний эмчилгээнд зориулж ******************950.000 төгрөг өгсөн. Би цаашид эмчилгээ хийлгэмээр байна, 5 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим хадам ээжийнд хадам ах ******************охинтойгоо ирээд бага хүүгээ аваад гэр лүгээ харих гэж яваад зам тээврийн осол гаргасан байсан. ******************ах жаахан согтуу байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай:

1. ******************цусанд 2.75 %-ийн промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.75%-ийн промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 547 дугаартай:

      1. ******************ийн биед тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдэд няцралт, баруун гайморын дотор болон өмнөд хананд хугарал, ууцанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

       З. ******************ийн биед учирсан гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

      Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 40-41-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 44-45-р хуудас/,

      2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн жолоочийн согтуулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56, 63-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038005800031 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 1 дүгээр багийн уулзварын авто зам дээр 30-40 ХӨА улсын дугаартай саарал өнгийн Тоёота ист загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ****************** мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16,18-р хуудас/,

Гэрч ******************/хх-ийн 30-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 547 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

       Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 40-41-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 44-45-р хуудас/,

      2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн жолоочийн согтуулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 55-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал нийт 5.000.000 төгрөгийн хохирол  нэхэмжилж байна.

Эмчилгээний зардал: Марал Од ХХК-ний эмийн үнэ 16.000, 21.600, 10.000, 1.750, 5.500, 16.000, 23.600, 20.500, 35.800, 29.500, 12.500 төгрөгийн Е баримт, Ган эмийн сангийн 5.000 төгрөгийн Е баримт, Монос эмийн сангийн 89.542, 29.500, 75.242 төгрөгийн Е баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 55.000, 100.000 төгрөгийн баримт, Тунамал эмийн сангийн 7.550, 20.100 төгрөгийн Е баримт, Батшүүдэргэнэ эмийн сангийн 39.600, 24.000 төгрөгийн Е баримт, Шүүдэргэнэ эмийн сангийн 36.000 төгрөгийн зарлагын баримт, Марал эмийн сангийн 44.300 төгрөгийн зарлагын баримт, Монос эмийн сангийн 68.592 төгрөгийн Е баримт нийт 787.176 төгрөгийн баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч нь 950.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч ****************** нь цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ******************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 73-р хуудас/-аар 3000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч ******************эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч ******************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, 78 настай эх Б.Дашдавааг асран халамжилдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005800031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******************№267754 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005800031 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 30-40 ХӨА улсын дугаартай Тоёото ист маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч ******************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ******************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2038005800031 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч ******************№267754 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 2038005800031 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 30-40 ХӨА улсын дугаартай Тоёото ист маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ****************** нь цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ******************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР