Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

   Нарийн бичгийн дарга С.Уянга,  

   Улсын яллагч Ч.Батзориг,

   Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 2138000000033 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар баг өөрийн гэрийн гадна 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар дух хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.Б  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар баг өөрийн гэрийн гадна 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар дух хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000033 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бат-эрдэнэ гээд манай найз манайд 16-ны өдөр Бат-Эрдэнэ гээд манай найз манайд 16 цагийн үед ирээд бид хоёр нэг том пиво хувааж уугаад сууж байхад манай дүү Б  ирээд өчигдөр ажлаа өгсөн гэж ярьж байсан тэгээд бид гурав хэсэг хамт сууж ууж байгаад Б  эхнэр хүүхдэдээ аваад бүгдээрээ хэсэг сууж би нэг дуу гаргасан тэр дуугаа дуулж үзүүлж талцаж хөзөр тоглож сууя гээд гараад явсан хэсэг хугацааны дараа Б  эхнэр хүүхдээ дагуулж манайд ирсэн ажил тарсны дараа Бат-Эрдэнийн эхнэр болох Хишигжаргалыг авч ирсэн тэгээд бид хэд манайд пиво ууж сууцгааж хөзөр тоглосон 23 цагийн үед манай хамаатны дүү Э  манайд халамцуу орж ирсэн тэгээд бид хэдтэй мэнд мэдчихээд бид нартай хамт сууж лаазтай пиво ууж суусан тэгсэн Э  нь баярхах маягтай үг яриа хэрэглэж согтуурхаж эхэлсэн би тухайн Э д хандаж ахын дүү одоо согтсон байна харьж амар гэсэн чинь Э  намайг та онцолж хөөлөө энэ хүмүүсээ адилхан хөөгөөч гэж над руу асаж эхэлсэн энэ хүмүүс бол гэр бүлээрээ яваа хүмүүс чамайг бодвол эрүүл байгаа хүмүүс гэж хэлсэн тэгсэн Э  хоёулаа гарч уулзъя гээд бид хоёр гарахаар хоёр давхрын шат руу бууж явтал миний цамцны захаас барьж авч боогоод намайг чирээд шат руу уруудсан тэр үед би боолтод орж ухаан алдсан тэгээд сэргэх үед миний хажууд эхнэр Э  бэр Лхагвадулам нар байсан тэгсэн тэр хоёр Э ийг Б  салгаж аваад гарлаа гэсэн гэрийн гадаа тэр хоёр маргалдаж байгаа чимээ гараад пид пад гэх чимээ гараад байхаар нь би гарах гэсэн боловч эхнэр гарч яах гээд байгаа юм гэр лүгээ ор гэхэд нь би хэсэг тайвширч сууж байхад гадаа тэр хоёр зодолдоод байх шиг чимээ гараад байхаар нь гэрээсээ гарсан чинь Б, Э  хоёр барилцаад авалцсан байдалтай хэрэлдээд зогсож байсан би тэр хоёрыг салгах гэж очоод бид гурав газарт унах үед би Э ийн дээрээс дарж унахдаа толгой хэсэгт нь толгойгоороо мөргөж унасан тэгээд Б ыг салгаж аваад бид хоёр гэртээ орсон. Э  тэгээд явсан байх хэсэг хугацааны дараа Э  ээжийгээ дагуулсан манай гадаа ирсэн гэхээр нь Б  урдаас нь гарахад малгайгаа мартсан байна гээд малгайгаа олж аваад явсан гэсэн. Би тухайн үед Э д согтсон байна ахын дүү одоо харьж амар гэж хэлснээс болж над руу агсаж эхэлсэн. Би дарж унахдаа толгой хэсэгт мөргөж унасан өөрөөр зодож цохисон зүйл бол байхгүй. Нэлээн согтуу байсан. Миний хоолойг боосон маргааш нь улайж, түвх Миний хувьд бол тийм зүйл бол байхгүй Б.Э ийн хувьд юу гэж бодож явдлыг би мэдэхгүй байна. Би тэрийг яасныг нь мэдэхгүй байна барилцаад л авцан байсан. өвчтэй болж, чанга дугарч чадахгүй болсон байсан. гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны орой хөдөө гэрээсээ сумын төвд орж ирээд хүнээс юм авчхаад мотоцикл дээрээ ачаагаа баглаж янзалчхаад Б  ахынд очиж өмнө машин зарсан зөрүү мөнгө авах байсан тэр мөнгөнийхөө тухай хэлэх санаатай самраас ирсэн гэхээр нь тэднийхээр ороход тэднийд хүмүүс архи пиво уусан сууцгааж байсан Б  ахтай мэнд мэдэхэд ахын дүү наашаа суу гээд надад хоёр ширхэг жижиг савтай пиво өгөхөөр нь тэр хэдтэй ойр зуурын юм ярьж сууж нөгөө хоёр пивыг ууж дуусаад би явах гээд гэрээс нь гарахаар босоход Б  ах босож ирээд чи одоо манайхаас яв гэхээр нь би танаар хэлүүлж хөөгдөлгүй гарч явах гэж байна гэж хэлэхэд чам шиг юм юу яриад байна гээд намайг барьж аваад нүүр лүү цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй юм тэгээд бид хоёр заамдалцаж барилцаад байж байтал тэнд байсан хүмүүс бид хоёрыг зодолдохоо болцгоо гэж салгах гэтэл Б ын төрсөн дүү Б  сууж байснаа босож ирээд та хоёр эр хүмүүс юм бол гэрээс гараад учраа олцгоо гэсэн тэгээд бид барилцаж авсан байдалтайгаараа гэрээс нь гарсан гараад гэрийнхээ үүдэнд намайг нэг удаа цохисон тэгэхээр нь би хавсарч унагаагаад дээр нь гарч суугаад байж байтал дүү Б  нь гэрээс гарч ирээд намайг араас дээлийн захнаас барьж аваад хойш нь татаж унагаад миний дээр гарч суусан тэгээд намайг Б  нь цохих гэхээр нь би цамцны захнаас нь татаад газарт хэвтүүлсэн байдалтай газарт байцгааж байхад Б  нь цохих гэж ирээд миний дух хэсэгт толгойгоороо мөргөсөн тэгэхээр би та хоёр хоёулаа нийлж битгий хүн зодоод бай гэсэн чинь Б  нь чам шиг юмыг зодоход яадаг юм гээд шанаа хэсэгт цохисон тэгээд хоёулаа нийлээд миний тархи толгой нуруу бөөр лүү өшиглөж зодож байгаад гэр лүүгээ орцгоосон. Би тэднийхээс аавындаа очиж болсон явдлын талаар хэлчхээд хөдөө гарах гэсэн чинь малгай байхгүй болохоор нь буцаж Б-ынд очиход Б  гарч ирээд явах гэж байсан тэгснээ намайг хараад чи чаддаг юм бол хэлдэг газар нь хэлээрэй явдаг газраар нь яваарай гэж хэлж байсан би малгайгаа олж аваад явсан. Намайг зүгээр гэрээс нь гарах гэж байтал гэрээсээ хөөсөн зүйлээс болж анх маргалдсан. Анх гэрт хэрэлдэж маргалдахад тэр хоёрын эхнэр болох Лхагвадулам, Туяа тэгээд төрийн банканд ажилдаг Хишгээ эгч нөхөртэйгөө энэ хэд байсан. Тэгээд гараад зодолдох үед бол бид гурав л байсан биднийг хэн ч салгаагүй. Би хоёр жижиг пиво л уусан байсан согтоогүй байсан. Харин тэр хоёр нэлээн архи уусан бололтой байсан яг хэр согтолттой байсныг нь мэдэхгүй. Би Б од 2017 онд машин худалдаж зарсан юм машины үлдэгдэл мөнгө болох 3 сая төгрөг авах ёстой юм тэр мөнгөө одоог хүртэл өгөөгүй байгаа уул нь бид нар төрөл садан хүмүүс гээд би мөнгөө нэхдэггүй юм боломж бололцон дээрээсээ өгнө биз гэж бодоод явдаг юм. Намайг дээлийн захаар боосон мөн нэг удаа нүүр шанаа хэсэгт цохисон тэгээд намайг унасан байхад нуруу бөөр лүү өшиглөсөн. Б  нь миний нүүр хэсэг болох дух хөмсөгний орчим мөргөсөн мөн нэг удаа гараараа цохисон. Надад Б.Б  миний хохирол болох 360.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. ” гэх мэдүүлэг /хх-7-10, 11-12х/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12  дугаар сарын 16-ны өдрийн орой 17 цагийн үед эхнэр Лхагвадуламын хамт төрсөн ах болох Б  ахын гэрт очоод миний зохиосон дууны талаар ярилцангаа дуулж, шүлэг уншиж гэр бүлээрээ хэсэг пиво ууж сууцгаасан юм тэгээд орой нь Б  ахынд байж байхад гаднаас манай хамаатны Э  гэдэг залуу орж ирсэн тэгээд бид нартай хамт юм ярьцгааж сууцгаасан тэгсэн Э  жоохон баярхах өдөөн хатгах маягтай юм ярьж эхэлсэн бид нар гэр бүлээрээ сууж байхад гаднаас орж ирсэн хүн халуун дулаан уур амьсгал эвдээд байхаар нь Б  ах чи согтсон байна чи дараа нь хүрээд ир бид нар гэр бүлээрээ сууцгааж байна гэсэн чинь Э  та намайг хөөдөг хүн биш би хөөлгөдөг хүн чинь биш гэж хэлснээс болж Б  ах Э  нар маргалдаж хэрэлдээд хоёр давхрын шатаар барьцалдаад бууцгаасан тэгээд хэсэг хугацааны дараа юу болов гэж бодоод гарч ирэхэд Э  нь манай ах Б ыг боогоод газарт унагаацан дээрээс нь дарцан байж байхаар нь би Э ийг араас нь татаж босгосон чинь надтай заамдалцаад авахаар нь бид хоёр харилцан боолцсон тэгсэн миний амьсгаа давхцаад эвгүй болоод ирэхээр нь би Э ийг нэг удаа нүүр хэсэг духанд нь гараараа цохисон тэгээд бид ноцолдоод дээр доороо орж байхад ах сэргэж гарч ирээд бид хоёрыг салгаад ах бид хоёр гэртээ орсон. Б  ах Э д чи согтуу байна эрүүлдээ хүрээд ир одоо яв гэсэн зүйлээс болж хөөлөө барилаа гэсэн зүйлээс болж тэр хоёр маргалдсан. Э  бид хоёр бид хоёрын хувьд маргалдсан зүйл бол байхгүй. Тэр хоёр намайг байхгүй үед яасныг мэдэхгүй намайг гарч ирснээс хойш бол манай ах Э ийг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нар архи бол огт уугаагүй пиво бол уусан хүний хоёр ширхгийг л уусан байх. Б.Э  бол гаднаас орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Бид нарын хувьд бол согтоогүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Б-ынд гэр бүлийн хүний хамт 15 цагийн үед очиж цай ууж хоол унд идсэн. Тэгээд тухайн айл ганц хоёр шил архи задалж бид нар хамт ууцгаасан юм тэгээд орой 22 цагийн үед байх гаднаас Э  орж ирээд бид нар хамт архи пиво хувааж ууцгаасан тэгж байгаад эхнэр бид хоёр гараад явсан намайг байх хугацаанд хэрүүл маргаан зодооны асуудал болоогүй намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Би нүдээр харахад согтуу харагдаж байсан хэр согтолттой байсныг мэдэхгүй ямар ч байсан архи уусан харагдаж байсан. Би гайгүй согтоогүй болсон үйл явдлыг санах хэмжээнд байсан. Бид нар хоёр шил мөн хоёр том пиво хувааж ууцгаасан байсан. ... Б түүний эхнэр Э, Б эхнэртэйгээ би эхнэртэйгээ бид хэд л байсан. Сүүлд Э  орж ирсэн. гэх мэдүүлэг /хх-21-22/,

Гэрч Н.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  Б  Э  нар нь хэрэлдэж маргалдаж зодолдсон уу? Хариулт: Бид нарыг Б  ахынд байж байхад Э  гаднаас орж ирээд хэсэг сууж бид нартай хамт пиво ууж сууж байгаад том том дугараад баярхах маягтай зүйл яриад эхэлсэн тэгсэн Б  ах Э д хандаж чи согтуурхаад байна ярих юм байвал эрүүлдээ ирж уулз одоо энэ хүмүүс ч явах гэж байна гэж хэлсэн тэгсэн Э  уурлаад намайг ганцааранг нь хөөлөө гээд дайраад байсан тэгээд Б  ах би чамайг гаргаад өгье гээд Э  тэр хоёр маргалдах маягтай гараад явцгаасан хэсэг хугацааны дараа Б  гараад би араас нь дагаад гарсан чинь Б  ахыг таампарт нь боогоод унагаацан дээр нь сууж байсан тэгээд Б  ахаас салгаж авсан чинь манай нөхөр Б тай Э  нь мөн боолцоод барилцаж аваад гэрээс гараад явцгаасан хэсэг байж байгаад Б  орж ирэхдээ цамц нь уригдсан байдалтай орж ирсэн. ... би зодолдож байхыг нь бол хараагүй. гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай:

  1. Б.Э-ийн биед духны зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ.
  3. Б.Э-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-28х/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42х/, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн Засаг даргын тодорхойлолт /хх-43х/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44х/, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-45-46х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Эрүүгийн 2138000000033 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Б.Б  нь  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар баг өөрийн гэрийн гадна 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар дух хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, 

   Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-9-10, 13х/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-19-20х/, гэрч П.Б-ын мэдүүлэг /хх-21-22х/, гэрч Н.Л-ын мэдүүлэг /хх-23-24х/, гэрч М.Э гийн /25-26х/,

  Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, эвлэрлийн гэрээ /хх-28х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч Б.Б  нь хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-45-46х/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б  нь прокурорын 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Б.Б-оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.000 төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгох нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын даргын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б-ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 2.000 /хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Б-оос гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН