Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 464

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТК” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “ТК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ТК” ХХК-ийн NE-***455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, ТК ХХК нь Т аймгийн Б сумын Г нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.” гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сард өөрчлөлт орсон. Манай компани Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө буюу 2017 оны 10 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчин төгөлдөр байх үед өргөдлөө өгсөн. Мөн маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчин төгөлдөр байх үед гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж заасан байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас Т аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл явуулсан. Гэтэл Т аймгийн Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр санал гараад, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл Засаг даргын санал 4 хоног хоцорч ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Т аймгийн Засаг даргаас 30 хоногийн дотор хариу ирээгүй бол зөвшөөрсөн гэж үзээд, “ТК” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь тус хуулийн заалтыг зөрчиж, 30 хоногоос 4 хоног хоцорч ирсэн Т аймгийн Засаг даргын татгалзсан саналыг үндэслэн “ТК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус юм. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл хүчингүй болсон ч гэсэн “ТК” ХХК тус хуулийн заалтыг хүчин төгөлдөр байх үед өргөдөл гаргасан. Тийм учраас Ашигт малтмал,  газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 360 дугаар шийдвэрийн “ТК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ТК” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “ТК” ХХК нь Т аймгийн Б сумд орших газарт 1103 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг хянаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Т аймгийн Засаг даргаас санал авах мэдэгдэл хүргүүлсэн. Т аймгийн Засаг даргаас дэмжээгүй санал ирсэн тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “ТК” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “ТК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ТК” ХХК-ийн NE-***455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, ТК ХХК нь Т аймгийн Б сумын Г нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” гэж тодорхойлжээ.

            Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т аймгийн Б сумын нутаг дахь “Г” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, Кадастрын хэлтэс тус өргөдөлд 2015 оны 10 дугаар сарын 06-өдөр шүүлт хийж, санал авах мэдэгдлийг Т аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлж, Т аймгийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр NE-***455 тоот өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн тул “ТК” ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “Кадастрын хэлтсийн дарга нь Т аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасан 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлээгүй байхад тухайн саналыг зөвшөөрсөнд тооцох хуулийн заалтыг биелүүээгүй нь манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна” гэж, харин хариуцагч тал “NE-***455 тоот өргөдлийн талбайд тус аймгийн Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн санал ирснийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргаж байгаа болно. 

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараахь байдлаар дүгнэлээ.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 360 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр “ТК” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тус аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

            “ТК” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Т аймгийн Б сумын нутаг “Г” нэртэй 1103 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-***455 дугаарт бүртгүүлж, Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар хянагдаж, тухайн аймгийн Засаг даргын санал авах мэдэгдэл гаргахаар шийдвэрлэсэн үйл баримтад талууд маргаагүй болно. 

Т аймгийн Засаг даргын тамгын газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газарт “тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” ирүүлж, NE-***455 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн талбайд “дэмжихгүй” гэсэн санал ирүүлж, үндэслэлээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт гэжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “... татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг хэлэх бөгөөд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр зүйлийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө” гэж заасан байна. 

Гэхдээ нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд ирүүлсэн Т аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналын тухайд Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэс нь  дотоод зааварт заасан хууль зүйн үндэслэлгүй “дэмжихгүй” санал гэж үзээгүй бөгөөд энэ саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, мэдэгдлийг хүргүүлсэн. 

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч Т аймгийн Засаг даргын “дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар харьяалах захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч шүүхэд “Т аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал хуульд заасан 30 хоногийн дотор ирээгүй тул дэмжсэнд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой байсан” гэж  тайлбар гаргаж байгаа боловч гурван шатны шүүхээр Т аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн саналын хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг Ашигт малтмалын тухай хуулийн, 19 дүгээр зүйлийн 19.3-д “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орсон өөрчлөлтөөр тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, тус хуулийн 19 дүгээр зүйлийг буюу “өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа”-г бүхэлд нь хүчингүй болгосон байх тул  хариуцагчид  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрх зүйн боломж шүүхэд байхгүй байна. 

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгодог байсныг хүчингүй болгож, зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хэрхэн сэргэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцож, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэдгийг хариуцагч  хүлээн зөвшөөрч өргөдөл гаргасан талбайг хянаж үзээд улмаар тухайн аймгийн Засаг даргаас дэмжих эсэх талаарх саналыг авахаар хандсан гэвч Засаг дарга “дэмжихгүй” гэсэн санал ирүүлснээр түүнийг үндэслэн “ТК” ХХК-ийн өргөдөл гаргасан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос захиргааны байгууллага, албан тушаалтан татгалзсанаар тухайн эрх зүйн харилцаа дуусгавар болж байгаа тул нэхэмжлэгч “ТК” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна..

Харин тус өргөдлийн талбайнуудад сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч компанийн оролцох эрх нээлттэй болно.     

     

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан “ТК” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн “ТК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ТК” ХХК-ийн NE-***455 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, “ТК” ХХК нь Т аймгийн Б сумын  Г нэртэй газар 3260.38 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ