Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 08

 

2017 оны 5 сарын 03 өдөр     Дугаар 226/МА2017/00008                                                          Хэрлэн сум

Т.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, П.Сувдаад холбогдох
иргэний хэргийн талаар

226/2017/00007/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга Н.Энхзул,
Өмгөөлөгч Д.Оюунцэцэг, Э.Түвшинбаяр нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндуламын даргалсан шүүх хуралдааны 2017 оны 3  дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор Т.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй П.Сувдаад холбогдох “4000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Ган-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Сувдаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байдаг “Монгол зоог” нэртэй цайны газрыг, эзэмшил газрын хамт 2015 онд 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож цайны газраа нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Тухайн үедээ Сувдаа болон түүний охин Одончимэг нар нь цайны газрын төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр болсон. Зээлийн урьдчилгаанд банкинд мөнгө байршуулах хэрэгтэй болоод байна. Урьдчилгааны 4 000 000 төгрөгийг зээлчих, дараа нь зээл бүтэхээр үндсэн төлбөр 35 000 000 дээр нэмээд зээлсэн 4 000 000 төгрөгийг буцааж өгье гэсэн.  Тэгээд би 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сувдаатай зээлийн гэрээ байгуулан түүний хүргэн Жуковын Ууганбаярын 5749607643 дугаарын дансанд дүү Г.Болормаагийн 5421051803 данснаас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрөөсөө 1 500 000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрөөсөө мөн 2 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Иймд П.Сувдаагаас 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ган-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сувдаа 4 000 000 төгрөгийн урьдчилгаа бидэнд шаардлагатай болоод байна.  Мөнгө зээлүүлээч гэсэн. Тэгээд эхний удаа 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нотариат дээр хийгээд, нотариатаас гарсныхаа дараа нэмж 2 000 000 төгрөг зээлье гээд нийт 4 000 000 төгрөгийг зээлэхээр болсон. Бид Ган-Эрдэнэ гэдэг хүнээс мөнгө авч болохгүй, цувуулж өөр, өөр хүний дансаар өгөхгүй бол болохгүй гээд намайг өөр, өөр дансанд цувуулж хийж өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн дүү Болормаагийн данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Болормаа тэр өдрөө хариуцагч Сувдаагийн нөхөр Гантөмөрийн дансанд энэ мөнгийг хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн данснаас Сувдаагийн хүргэн Ууганбаярын данс руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөн өөрийн данснаас Ууганбаярын данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Сувдаагийн охин Одончимэг надтай утсаар ярихдаа “дансанд мөнгө орчихсон, баярлалаа” гэж надад хэлж байсан. Сувдаа, Гантөмөр нар нь уг мөнгийг ирэх оны 6 сард өгнө гэж  авсан юм.
Гэтэл одоо үгүйсгээд байгааг ойлгохгүй байна. Иймд Сувдаагаас 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одончимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага гараад Ган-Эрдэнээс манай ээж Сувдаа мөнгө зээлээч гэж гуйсан юм. Тэгээд Чингис хотод 2015 оны 11 сарын 19-ний өдөр манай ээж, аав уулзаад 2016 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай, 2 сая төгрөг зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ хийсэн. Энэхүү зээлийн гэрээний 3.2-д:.. зээлийг бэлнээр хүлээн авсан үеэс эхлэн хугацаа тоологдоно гэж заасан. Мөн гэрээний 2.2-т:.. 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уг зээлсэн мөнгийг бэлнээр олгоно гэж заасан байдаг. Гэтэл Ган-Эрдэнэ нь зээлсэн мөнгөө манай ээж Сувдаагийн данс руу шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2015 оны 11 сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан атлаа одоо яагаад 4 000 000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:.. зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Жуковын Ууганбаяр гэдэг хүний данс руу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн гэж дурдсан байна. Эндээс харахад Ган-Эрдэнэ нь манай ээж Сувдаад нэг ч төгрөг өгөөгүй нь харагдаж байна. Анх 2013 оны 8 сард Ган-Эрдэнэ манай аав, ээж хоёрыг Цэнхэрмандал суманд аваачсан. Тэгээд анх 30 сая төгрөгөөр зарна гэж ярьсан цайны газраа 35 000 000 төгрөг болгож бидэнд зарсан юм. Ган-Эрдэнэ нь зээлийн гэрээгээр тохиролцсон 2 000 000 төгрөгийг манай ээж Сувдаад өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3  дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Т.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, П.Сувдаад холбогдох зээл буюу 4 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг нь давж заалдах гомдолдоо: Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр 2 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн оролцсон бөгөөд хэргийн материалтай танилцахдаа /хуудас дугаарлаагүй байх үед/ хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэлийг үзэхэд Цэнхэрмандал сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлж баталгаажуулсан итгэмжлэлд П.Сувдаа нь өөрийн төрсөн охин Г.Одончимэгт 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр итгэмжлэл /тодорхой үйлдэл хийх/ олгосон байх бөгөөд “Миний бие сонсгол муутай тул шүүх хуралд тайлбарыг өөрийн охиноор хэлүүлэх хүсэлтэй” гэсэн нь зөвхөн шүүх хуралдаанд өөрийн охиноор тайлбар хэлүүлэх эрх болгосон, хариуцагчийн эдлэх бусад эрхийг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар заасан. Дараа нь 3 дугаар сарын 14-ний өдөр  хэргийн материалтай танилцахад уг итгэмжлэл 15 дугаар  хуудсанд балан харандаагаар дугаарлагдсан байсан. 3 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд шүүгч 15 дугаар хуудаснаас хариуцагчийн төлөөлөгчийн итгэмжлэлтэй танилцахдаа төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын овог нэр, хаяг, итгэмжлэл олгох болсон шалтгаан, хугацаа, гарын үсэг зэргийг дурдаж оролцогч нарт танилцуулсан. Харин ямар бүрэн эрх олгосныг нь хэлэлгүй алгассан. Өмнө нь 2 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд би итгэмжлэлээр хариуцагчийн төлөөлөгчид бүрэн эрх олгогдоогүй, зөвхөн шүүх хуралдаанд тайлбар гаргах эрх олгосон байна гэхэд шүүгч “та нар тэрийгээ анхаараарай” гэж хэлсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй орхигдуулсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан “төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэсэн журмыг зөрчиж итгэмжлэлийг шалгалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дараа 3  дугаар сарын 28-ны өдөр итгэмжлэлийг дахин үзэхэд хэргийн 15 дугаар хуудсанд байсан итгэмжлэлийг нэхэмжлэгч талд мэдэгдэлгүй сольж, 1 дүгээр сарын 2-ны өдөр үйлдсэн гэх өөр итгэмжлэл 17 дахь хуудсанд хавсаргасан байсан бөгөөд уг итгэмжлэлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцоно” гэж итгэмжлэл олгох болсон шалтгаанаа “ярих болон сонсох хөгжлийн бэрхшээлтэй” гэж тус тус өөрчилж бичсэн байна. Мөн хуудас 14 хүртэл дугаартай, түүнээс хойших нөлөөллийн мэдүүлгүүд болон шинэ итгэмжлэлийг хавсаргаж дугаарлаагүй байсан нь сольсон гэдэг нь тодорхой/, 15 дугаар хуудсанд байсан итгэмжлэлийн оронд нөлөөллийн мэдүүлгийг хавсаргасан. Одончимэг нь хариуцагчийн өмнөөс  2 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд тайлбар гаргах, нотлох баримт гаргах, мөн шүүгчийг татгалзан гаргах зэрэг эдлэх ёсгүй эрх эдэлж оролцсон, хэргийн оролцогч буюу зохигчийн бусад эдлэх эрхийг П.Сувдаа нь эдлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой байсан атал оролцуулаагүй нь хуулиар олгогдсон хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн ийнхүү сүүлд сольж хавсаргасан итгэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-нд олгосон мэтээр нөхөж үйлдсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан “олгосон он, сар, өдрийг заах” шаардлагад нийцэхгүй байна. Иймд шүүхэд төлөөлөгч нь анхнаасаа бүрэн эрх олгогдсон итгэмжлэлтэй оролцоогүй, шүүх хуралдааны дараа нөхөж итгэмжлэл гаргуулж авсныг хуулийн дагуу гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ган-эрдэнэ 4000000 төгрөгийг П.Сувдаад зээлдүүлэхдээ хүргэнийхээ дансыг өгөхөөр нь 1500000, 2000000 төгрөгийг 2 удаа Ууганбаярын данс руу шилжүүлсэн. Охин Одончимэг нь мөнгө хүлээн авлаа гээд утсаар ярьдаг байсан гэж тайлбарласан тул энэ хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэж Жуковын Ууганбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтийг 2 дугаар сарын 9-нд гаргахдаа Цэнхэрмандал сумын 4 дүгээр багт оршин суудаг,  “Цэнхэрийн гуанз” буюу “Монгол зоог” гэх зоогийн газарт ажилладаг талаар  дурдаж, оршин суугаа газрын хаягийг зааж бичсэн байхад /мөн хариуцагч П.Сувдаагийн охин Г.Одончимэгийн нөхөр тул нэг хаягт байдаг гэдэг нь тодорхой/ ажлын хаяг, гудамж, хаалганы дугаар, утас тодорхойгүй гэж 2 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар хүсэлт хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ захирамжийг миний бие 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Үүнээс өмнө 2 сарын 14-ний өдөр дахин хүсэлт гаргасан атал шүүх хариу өгөөгүй.  Ууганбаяр хэдийгээр хариуцагч Сувдаагийн хүргэн буюу Г.Одончимэгийн нөхөр боловч түүнийг ИХШХШТХуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу зөвшөөрвөл гэрчээр мэдүүлэг авч болох учраас энэ хүсэлтийг гаргасан. Иймд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “...гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлнэ” гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн.  Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар  Ж.Ууганбаярыг хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргах эрхтэй байжээ, ...татаагүй байна” гэж дүгнэсэн нь гэрчээр оролцуулах хүсэлтийг “хаяг тодорхойгүй” гэж хангахаас татгалзсан атлаа хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргавал хүсэлт хангах байсан мэт.  Мөн нэхэмжлэгч талыг буруутгасан утга агуулгатай дүгнэсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг нь хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр шүүх хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болох тухай заалт юм. Нэхэмжлэгч Т.Ган- Эрдэнэ нь “Монгол зоог” цайны газраа П.Сувдаад худалдаж зохигчид эвлэрсэн талаар шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Уг цайны газрын үнийг төлөх гэж банкнаас мөнгө зээлдэж авахдаа урьдчилгаа мөнгө байршуулах хэрэгтэй гэж Сувдаа Ган-Эрдэнээс 4000000 төгрөг зээлдсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан, П.Сувдаагийн ХААН банкинд эзэмшдэг тоот дансанд 2015 оны 12 сарын 08-ны өдөр 24800000 төгрөгийн “зээл олгов” гэсэн орлого орсон, “цайны газрын үнэ Сувдаагаас” гээд мөн өдөр 28500000 төгрөгийг нэхэмжлэгч Ган-эрдэнийн 5420035825 тоот данс руу шилжүүлсэн талаарх Сувдаагийн дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан байгаа зэргээс үзэхэд хариуцагчийг солих үндэслэл нэхэмжлэгчид байхгүй. Солих үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэр гаргахаас өмнө өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу Ууганбаярыг хамтран хариуцагчаар татах эсэх асуудлыг нэхэмжлэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр шүүх гүйцэтгэж болох байсан. Иймд дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 “Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.1д “зохигчийн тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан атал хариуцагчийн төлөөлөгч өөрийн нөхөр Ж.Ууганбаярыг мөнгө аваад яасныг мэдэхгүй, Сувдаа аваагүй гэж бодит үнэнд нийцэхгүй тайлбар шүүх хуралдаанд гаргасныг шүүх үнэн зөв тайлбар гэж үнэлж, мөн бичгээр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Ган-Эрдэнийн эзэмшдэг 5420035825 тоот данснаас 500000 төгрөг Г.Болормаагийн данс руу шилжүүлсэн, Болормаа нь энэ мөнгийг тэр өдөртөө П.Сувдаагийн нөхөр Гантөмөрийн эзэмшдэг 5042102633 тоот дансанд шилжүүлсэн талаарх Г.Болормаа, нэхэмжлэгч Ган эрдэнэ нарын эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар байсаар байхад үнэлж үзэлгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт “...500000 төгрөгийг Ж.Ууганбаярын 5749607643 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т  байдаг.  Харин өмгөөлөгчийн тайлбарыг тодорхойлох хэсэгт бичнэ гэж заагаагүй байхад нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгч нарын тайлбарыг тусгасан нь дээрх заалтыг зөрчсөн шүүхийн алдаа гэж үзэж байна. Өмгөөлөгч миний хэлсэн тайлбарыг бичихдээ 2015 оны 12 дугаар арын 19-ний өдөр  зээлийн гэрээ байгуулсан гэж ташаа бичсэн, зарим хэлсэн үгийг гээгдүүлж бичсэнээс болж утга найруулгын алдаатай зүйл тайлбарласан мэт харагдаж байна.  
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу 2 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад шүүгч Л.Цэрэндулам нь мөн 2 дугаар сарын 17-ны өдөр өөрөө татгалзан гарах талаар хүсэлтээ гаргасан. Гэтэл Ерөнхий шүүгч 3 дугаар  сарын 3-ны өдөр  хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Иймд  уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.
Хариуцагч П.Сувдаагийн шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр охин Г.Одончимэгт олгосон итгэмжлэл нь шүүхэд хэзээ ирсэн нь тодорхойгүй, ирсэн бичгийн огноо, дардас байхгүй,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одончимэгийн шүүхэд төлөөлөх эрх, үүргийг шалгасан эсэх нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй, хэргийн материалын хуудасны дугаар давхардсан /тухайлбал 12 дугаар хуудас хоёр, 14 дүгээр хуудас гурав/ байгаа зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 99 дүгээр зүйлийн 99.2 зэрэг заалтууд зөрчигдсөн, мөн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр  Ж.Ууганбаярыг  гэрчээр асуулгахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг анхан шатны   шүүх оршин суугаа хаяг тодорхойгүй гэж татгалзсан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хэргийн  болон шүүх хуралдаанд оролцогчдын хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт өмгөөлөгч нарын тайлбарыг бичих шаардлагагүйг анхаарах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17- ны өдрийн 179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Ган-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                     Я.АЛТАННАВЧ