Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************эд холбогдох эрүүгийн 2138000000032 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************** нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Нарин гуя гэх газарт иргэн ******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************** нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Нарин гуя гэх газарт иргэн ******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000032 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******************надад юу гэж хэлснийг нь санахгүй намайг үгээр идээд байхаар нь цээж рүү гарын алгаараа нэг удаа цохисон юм. Тэгэхэд ******************хойшоо суугаад босоод машины урдуур тойроод яваад өгсөн юм. Би машины дугуйг дорцовоор боолтуудыг тайлж өгөөд Лхагвасүрэнг согтуу хүн осгож магадгүй гэж бодоод араас яваад хөцөөний гадна талд гараад харахад эрэг дээр ******************нь зогсож байсан. Би Лхагвасүрэнгийн ардаас нь очоод аваад ирэх гэтэл миний урдаас янз бүрийн юм хэлээд байхаар нь тэнд зодчихсон байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дамдинсүрэнгийнх рүү явж байх замд машины дугуй хагарч жолооч дугуйгаа нөхөхөөр буусан. Тэр үед бид хоёр мөн сонгуулийн тухай ярьж маргалдсан. Тэр үед намайг ****************** нэг удаа алгадсан юм. Би тухайн үед ****************** намайг зодох юм байна гэж бодоод Дамдинсүрэнгийнх ойролцоогоор 200-300 метр байгаа байх гэж бодоод зугтаахад 150 орчим метр гүйж байхад ****************** араас гүйцэж ирээд чи хэнээс зугтаж байгаа юм гээд шууд л гэдэс рүү өшиглөж унагаагаад хэвтэж байхад нүүр хэвлий тус газарт тасралтгүй өшиглөсөн. Би тухайн үед миний буруу гэж уучлалт гуйсан боловч Шивлэг баг руу дахиж сонгуульт ажлаар ирэх юм бол чамайг шууд ална гээд зодож л байсан. Мөн таарсан газар Мөн тухайн үед хэвлий рүү өшиглөсөөр л байсан. Би тухайн үед хагас ухаан алдалтын байдалд орж босож чадахгүй байхад босоод ир битгий маяглаад бай гээд өшиглөөд байсан. Би үр хүүхэдтэй хүн гэж ч гуйж үзсэн. Тэр үед намайг зодохоо болихоор нь би босоод дахиад цаашаа зугтаасан боловч дахиж гүйцэж ирээд унагаагаад мөн хэвлий рүү өшиглөж эхэлсэн. Тэгээд намайг босож чадахгүй байхад хоёр чихнээс татаж босгоод бие даахгүй унахад дахин хэвлий рүү өшиглөөд байсан. ****************** миний хэвлий рүү ойролцоогоор 20-30 удаа өшиглөсөн. Мөн тэр үед миний чигчий хурууг хуг өшиглөсөн юм. Тухайн үед намайг зодож байхдаа би хэн байна гэж асуухад та ****************** ах байна гэж хэлсэн. Битгий солиороод бай чи хүн таньдаггүй юм уу гэж нуруу, ууцан тус газар руу 5-6 удаа өшиглөсөн. Мөн дахиад би хэн байна гэж асуухаар нь дахиад ****************** гэж хэлхээсээ айгаад танихгүй байна гэж хэлсэн. Чи худлаа ярьж байна гээд 5-6 удаа өшиглөсөн. Чи намайг танихгүй шүү гээд дахиад хэвлий рүү 4-5 удаа өшиглөсөн...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал 3.400.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 19-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************** гэдэг хүнийг зам заагаад өгөөч гээд хар чулуут гэдэг газар руу яваад Батхишиг гэдэг айлд очиж малыг нь тоолоод тэр айл архи гаргаж өгөхөөр нь би жолоо барьж явсан тул уугаагүй ****************** ******************хоёр архи хувааж ууж сууж байснаа хоорондоо маргаад байсан. ******************гэдэг хүн ****************** гэдэг хүн рүү барилдвал би давна гүйвэл би түрүүлнэ гэх зэргээр үгээр идэж маргалдаж байсан. Удалгүй ууж байсан архи нь дуусаад бид буцаад Дамдинсүрэн гэдэг айлд хонохоор явж байтал Дамдинсүрэн гэдэг айлаас 50 метр зайд машины дугуй хагараад би дугуйгаа солих гээд буусан. Тэгээд дугуйгаа солиод би Дамдинсүрэн гэдэг айлд ортол ************************************ хоёр орж ирээгүй байсан. Тэгээд 10 минутын дараа орж ирсэн. Хоорондоо зодолдсон байдалтай байсан. Тэгээд тэр айлд бид нар амарсан. Өглөө нь босоход хавирга хөндүүр байна гэж надад хэлсэн. Лхагвасүрэнгийн мөн хоёр чихнээс нь зулгааж татсан бололтой хоёулаа хөхөрч хавдсан байсан. Надад өглөө би асга руу унаагүй ****************** намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай:

  1. ******************биед баруун талын 9-р хавирга болон баруун талын 5-р хурууны 3-р шивнүүр ясанд хугарал, баруун хөмсөг, хацар, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ.
  3. ******************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн  31-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000032 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************** нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Нарин гуя гэх газарт иргэн ******************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************/хх-ийн 14-16, 19-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 26-28-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************** нь хохирогч ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ******************нь эмчилгээний зардал 3.400.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн байна.

Жолооч Ц.Болд, Л.Ихбаяр нарын тодорхойлолт /хх-ийн 59-60-р хуудас/, Е баримтууд /хх-ийн 74-75-р хуудас/ нь хуулбар хувь байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Нягт оношийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 20.000 төгрөгийн  Е баримт, 2.400 төгрөгийн Е баримт, Энэрэх Энэрэл ХХК-ний 138.650 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 63-р хуудас/ нийт 161.050 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч ****************** нь 850.000 төгрөгийн хохирлыг хохирогчид нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 48-р хуудас/-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч ******************нь үлдэгдэл 2.550.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Эрүүгийн 2138000000032 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******************нь эмчилгээний зардал 2.550.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ******************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР