Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 113

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад аав, ээжийнээ хамт бог мал маллаж байсан юм. Мал маллаж байсан талаараа архиваас лавлагаа авахад аав *******ийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд гарч ирсэн.

Би тухайн үед аавтайгаа хамт мал малладаг байсан. Ээж маань жаахан бие муутай хүн байсан болохоор аавдаа их тусалдаг байсан. Иймд намайг 1983 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Д.******* нь 1983 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад мал маллаж байсан гэх боловч энэ талаарх баримт, бичиг байхгүй байна.

Гэвч түүнийг тухайн үед ажиллаж байсан талаар нь мэдүүлсэн гэрч Л.*******гийн ... *******ийн аавыг ******* гэдэг юм. Би *******ыг удирдлагын шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын нутгаас авчруулж, Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад хоньчноор авч ажиллуулж байсан. Тэгэхэд *******ын охин ******* нь жаахан хүүхэд аавдаа их тусалдаг малчин хүүхэд байсан. Харин *******ийн хувьд бол яг ажилд авсан талаарх буюу чөлөөлсөн талаарх тушаал гаргаж байгаагүй. Харин аавдаа сайн туслаж туслах малчин хийж байсныг нь үнэлээд манай станцаас хүүхдийн баяр, эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан *******ийг шагнаж урамшуулдаг байсан. Нэг ёсондоо тэр хүүхдийн хөдөлмөрийг үнэлж баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байсан. Би энэ үйлдвэрлэл туршлагын станцад сартуул үүлдрийн хонийг гаргаж ирэхийн тулд 40-н жилийн судалгаа шаардлагатай учраас судалгааны обект болгож *******, ******* сумдын малд судалгааг хийгдэхээр болсон учир хувьчлал явагдсан ч гэсэн эргэж энэ хүмүүсийнхээ малыг эргэж тойрч явдаг байсан. Нэг ёсондоо мал нь судалгааны мал учраас хувьчилсан ч гэсэн тэр мал нь малчин айл дээрээ хувьчлагдаад үлдэж байсан учраас судалгаагаа хийхийн тулд бид байнга малчин айлаа эргэж тойрч байсан учраас хувьчлагдтал бол ******* малаа маллаж байсан. Энэ хүүхдийн ээж нь бие муутай хүн байсан учраас ******* аавдаа их тусалж ажилладаг байсан. Зун нь бол сүү саалийн нормтой байсан. Тэр сүү саалийн нормыг хэн гүйцэтгэдэг байсан бэ гэвэл ******* л хийдэг байсан. Тийм учраас бид хүүхдийн баяр эсвэл эмэгтэйчүүдийн баяраар тэр хүүхдийг байнгын урамшуулж ажиллаж байсан. Нэг ёсондоо туслах малчин гэж явдаг байсан. Хөдөлмөр хөлс нь бол суурийн ахлагч гэдэг утгаар аавынх нь нэр дээр гарч тооцогддог юм. Тэр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дотор хэдэн хүн багтаж байна. Тэр болгонд л хөдөлмөр хөлс тооцогддог байсан. Хүний шилжилт хөдөлгөөн байнга хянадаг. Өрхийн ахлагчийн шийдвэрээр бүх юмаа шийддэг ийм үе байсан. Бага хувьчлал 1990 онд, их хувьчлал 1993 онд дуусаад малаа хувьчилж авсан. Тэрний дараа ч гэсэн судалгааг цааш үргэлжүүлэхийн тулд суурь судалгаа хийсэн айлуудаараа ороод явахаар 2000 он хүртэл явсан. Манай станцын мал улсын мал учраас энэ хүмүүс хувьчлал явагдсан ч малаа маллаж байсан. Хувьдаа авсан ч гэсэн малаа маллаж л байсан. *******ийн аав ******* гуай их сайн малчин хүн байсан. Хүүхдүүдээ сайн сургаж, ажиллуулдаг. Өөрөө хөдөлмөрийн хувиар их сайтай хүн байсан... гэсэн,

гэрч Д.*******ийн ...Манай аавынх 1978 онд Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад малчнаар ирсэн. Тэгээд энд манайх албан ёсны малчин айл болсон доо. Тэгэхэд манай дүү ******* 1983 онд насанд хүрсэн болохоор тэрнээс хойш аав, ээжийн хамт мал малласан. Манай дүү айлын хамгийн бага учраас ах, эгч нар нь бүгд айлын болоод гараад явчихаар дүү маань аав, ээжид тус болж тэнд жинхэнэ мал малласан хүн дээ. Манай ээж бие муутай эмнэлгийн хяналтанд аймаг дээр байсан. Тэгээд дүү маань аавд туслаж туслах малчнаар ажилласан даа. 1987 он хүртэл буюу айлын хүн болоод явах хүртлээ дүү маань мал малласан. Тэрнээс хойш нөхрийн хамт Завхан аймгийн ******* сумын Саруул зам нэгдэлд мал малласан. Дүү маань хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан талаар сайн мэдэхгүй байна. Нээлгээгүй ч байж мэднэ. Аав, ээжтэй хамт байсан мал маллаад явсан болохоор хөдөлмөрийн дэвтэр нээлгээгүй байх гэж бодогдож байна. Хөдөлмөр хөлс нь бол аавын нэр дээр л бичигдсэн байх. Одоо хүртэл мал маллаж байгаа. Дүү маань аав, ээжтэйгээ байхдаа ч, гэр бүл болсон ч тасралтгүй мал дээр байгаа хүн. Уул нь сайн малчин болж байсан. Хэдэн онд болсныг ах нь сайн мэдэхгүй байна. Шагнууллаа халуун сав өглөө гэж байсан. Тэр үед чинь том шагнал нь халуун сав байсан байх шүү. Тэгээд дүү маань ёстой том шагналаар шагнууллаа гэдэг байсан. Дүү маань байнга л хөдөө байж мал малласан хүн. Сургуульд нэг их суугаагүй. 6-р анги төгсөөд гарсан. Тэгээд тэрнээс хойш малчин гэсэн илгээлт авсан даа гэсэн,

гэрч Ч.*******ын ... ******* 1983 оноос Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад 1994, 1995 он хүртэл туслах малчин хийж байсан. ******* гэж аав нь манай станцын малчин байсан юм. Би тэр үед станцынхаа тэжээлийн мэргэжилтэн буюу бичиг хэргийг нь давхар хариуцдаг байсан. Тийм учраас сайн мэднэ. Ээж нь жаахан бие муутай хүн байсан учраас эмнэлэг рүү явчихдаг. Тэгээд ******* аавдаа тусалж манай станцад туслах малчнаар л ажиллаж байсан. Тэгэхэд бол жаахан хүүхэд байсан. Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцын даргаар нь ******* гээд манай нөхөр ажиллаж байсан. Манай хүн 1981 он хүртэл ажиллаад ******* сумын нэгдлийн даргаар явж байсан. Ажлаа ******* гэдэг хүнд өгөөд явж байсан. Би энэ хүмүүсийг хаана юу хийж байгааг сайн мэдэж байна. Яагаад гэхээр тухайн үед би ийш тийш нь томилох, ажилд явуулах гээд байнгын ажил төрлийн холбоотой байсан. Хөнгөн шингэн хүүхэд байсан. Аавдаа маш сайн тусалдаг хүүхэд байсан. Манай хөгшин энэ станцаасаа явсан ч гэсэн энэ станцаасаа нүд салгадаггүй хүн байсан. Учир нь сартуул үүлдрийн хонийг гаргаж ирэх гэж эрдэм шинжилгээний ажил их хийсэн хүн. Манай хүний ажилд туслаж *******ийн аав ******* нь мөн ч их ажилсаг сайн малчин хүн байсан. Тиймдээ ч манай хүн ******* гэдэг хүнийг малаас ер салгадаггүй байсан. Ийм хүний хажууд өссөн хүүхэд яаж муу байхав дээ. ******* сайн малчин хүүхэд байсан. Аав нь шагналыг их авсан хүн. Тиймээс ******* бас шагнуулж байсан байх... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Харин Д.*******ийг эцэг овогтой *******, эх овогтой нарын хамт мал маллаж байсан гэж үзэж Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцын даргын 1978 оны 10-р сарын 29-ний өдрийн 20 дугаартай малчнаар томилох тухай тушаал болон 1991 оны 03-р сарын 18-ны өдрийн 15 дугаартай малчнаас чөлөөлөх тухай тушаалыг үндэслэн, мөн Д.*******ийн насны байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх боломжтй гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.*******ийг 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл-туршлагын станцад мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-д зааснаар тус шүүхийн 2017 оны 03-р сарын 16-ны өдрийн 438 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ