Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 114

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд эвлэлийн илгээлтээр гарч 1977 оны 07-р сарын 01-нд туслах бригадад галчаар ажилд орж ажилласан. Тэгээд зунд нь слесарь гагнуурчин хийдэг байсан. 1980 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галч, гагнуурчин, туслах ажилтнаар ажиллаж байсан болно. ******* нэгдлийн контор шатаж байсан учраас дээрх хугацаанд ажиллаж байсан баримтууд архиваас олдохгүй байна.

Иймд намайг 1977 оны 07-р сарын 01-нээс 1980 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галч, тулах гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь 1977 оны 07-р сарын 01-нээс 1980 оны 08-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галч, туслах гагнуурчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

С.******* нь 1977 оны 07-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галчаар орж 1980 оны 08-р сарын 30-н хүртэл галч, туслах гагнуурчнаар ажиллаж байсан гэх боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна.

Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******ийн ... Энэ хүнийг 1977 оноос 1981 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд гагнуурчин, уурын зууханд галч хийж байсныг сайн мэднэ. Ээж нь *******ыг нэгдэлд ажиллахаас өмнө нас барж байсан юм. Тэгээд ээжийгээ нас барахаар сургуулиас гарч нэгдэл рүү орж галч хийж байсан. Яг тэр сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Энэ хүнийг яагаад сайн мэдэж байна вэ гэхээр би ******* сумын хүн. *******ын ах гэдэг хүнтэй найз байсан. ******* ******* сумын сургуульд сууж байгаад ээж нь бие гээд тэгээд энэ хүүхдийг сургуулиас гаргаж байсан учраас сайн мэднэ. Тухайн үед нэгдлийн дарга *******, боловсон хүчин нь ******* гэдэг хүн байсан. ******* нэгдэлд галч хийдэг байсан. Хажуугаар нь амьдрахын эрхэнд ******* гэдэг хүний гагнуурын ажилд туслаж гагнуурчин хийдэг байсан. Галчийн ажил улирлын чанартай ажил байсан. Тэгээд зунд нь нэгдлийн гагнуурчин хийж ******* гэдэг хүнд туслаж цалин хөлс авдаг байсан. Бид чинь нэгдэлд янз бүрийн ажил л хийдэг шүү дээ. Малчин гэсэн нэртэй мөртлөө л хашаа хороогоо янзлах, түлээ түлшинд явах гээд хийхгүй ажил гэж үгүй байлаа шүү дээ. Тэр үед цалин 30, 40 төгрөг л авдаг байсан байх. ******* тасралтгүй ажилласан гэсэн,

гэрч Ж. ... *******ын аав******* гэдэг хүн байсан. Манай ******* сумын эмнэлэгт тахлын эмч, сувилагч хийж байсан хүн. Энэ хүний хүүхэд ******* нь ******* сумын ******* нэгдэлд 1977 онд 7-р анги төгсөөд илгээлтээр гарч захиргаанд уурын зууханд галчаар ажиллаж байсан хүн дээ. 1981 он хүртэл хийсэн санагдаж байна. Тэгээд гэнэт Улаанбаатар хот яваад алга болсон юм. Гэтэл өнөөдөр тэтгэвэрээ тогтоолгох болоод гарч ирлээ. Уулзалдаагүй удсан болохоор их сонин хүн харагдаж байна. 1964 онд Цагаанхайрхан сумын модны үйлдвэр татан буугдаж, ******* сумын модны үйлдвэртэй нэгдсэн юм. Тэгээд би ******* суманд ирж энд байж байгаад *******ийн хүн болсон. Тиймээс сайн мэднэ. Яг 1977 оны намар нь уурын зуух бий болж тэгээд тэнд ажилтнаар орж байсан. *******ын энэ ажил улирлын чанартай ажил байсан юм. ******* гэдэг хүний дагалдан гагнуурчин байсан. Тэгээд зун, хавар, намарт нь туслах гагнуурчин хийсэн хүн. Нэгдлийн гишүүн гээд ямар ч ажилд томилогдож болно шүү дээ. *******ыг галчаар ажилд авсан байх. Гэхдээ бусад улиралд нь энэ хүнийг зүгээр суулгахгүй янз бүрийн ажил хийлгэдэг байсан юм. Би гэхэд л мод ч бэлтгэдэг, мужаан ч хийдэг л гэх жишээний байсан юм. ******* Улаанбаатар хот явтлаа тасралтгүй ажилласан. Сүүлдээ Орос улс руу сургалтанд явсан юм гэнээ гэж дуулддаг л байсан. Тэрнээс хойш үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураггүй болсон байсан. Тэгсэн сая гараад ирлээ. Тухайн үеийн нэгдлийн дарга, боловсон хүчин нь Ванчинсүрэн, ******* зэрэг хүмүүс байсан. Хөдөлмөрийн дэвтэр нээлгэж байсан талаар мэдэхгүй. Нээлгэж байсан байлгүй. Би энэ айлтай нэг хашаа байсан болохоор *******ыг галч хийж байсныг сайн мэдээд байгаа юм гэсэн,

гэрч Х.ын ...  1977 онд илгээлтээр малчнаар гарч Завхан аймгийн ******* сумын -Цэцэрлэгт галч, гагнуурчин зэрэг ажлуудыг хийж байсан. Аав нь сумын эмч хүн байдаг байсан. ******* 1981 он хүртэл ажиллаад нэгдлийн шийдвэрээр гагнуурын чиглэлээр курст явуулж байсан юм шиг байна лээ. 7-р анги төгсөөд нэгдэлд чинь малчнаар гэж илгээлтээр гаргадаг байлаа шүү дээ. Тэгээд төв суурин газар байгаа хүүхдүүдэд төвд нь ажил олж өгдөг байсан. Нэгдлийн дарга *******, боловсон хүчин гэдэг хүн байсан. Манай нэгдэл 1970-н хэдэн онд шатаж, дахиад 1980-н хэдэн онд шатсан юм. Тэгээд манай сумын баримт бичиг байхгүй байгаа юм. ******* тасралтгүй ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн захиргаанд галчаар ажилд орж байсан. Нэг л тушаалаар ажиллана шүү дээ. Гагнуурчин бол туслах ажил учраас нэгдэл хүмүүсээ ажлаар ер тасалдаггүй л байсан. Энэ хүн ганцаараа л насыг барж байгаа хүн. Эцэг нь саяхан өөд болсон гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч С.*******ыг 1977 оны 07-р сарын 01-нээс 1980 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галч, туслах гагнуурчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хотгор*******ын *******ыг 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд галч, туслах гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ