Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************д холбогдох эрүүгийн 2038006050044 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бонго загварын 44-93 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу 4.4 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бонго загварын 44-93 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу 4.4 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038006050044 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мод бэлтгэх эрхийн бичиг олдохгүй болохоор нь тэр шөнөдөө аймгийн төв рүү ганцаараа гарсан. Аймгийн төвийн Хилэнтийн гүүрэн дээр цагдаад шалгагдаад гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гээд модтой машиныг журмын хашаанд цагдаа журамласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

      Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Улаанбаатар хотод Удирдлагын академид сурч байхад ****************** гуай утсаар залгаад ярихдаа Гарал үүслийн бичиг авах гэсэн юм. Олгогдож байгаа юу гэж асуухаар нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Мөрөн сум руу тээвэрлэх модны хэмжээг тогтоож өгдөг. Тэр хэмжээ дууссан тул гадагш тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг зогссон байгаа, та мэргэжлийн байгууллагаас түлээ худалдаж авах юм бол гарал үүслийн гэрчилгээ бичигдэж болно гэдгийг зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд хэсгийн төлөөлөгч, дэслэгч Батпүрэвийн хамтаар Хилэнтийн гүүрний постод үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад 44-93 ХӨА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл Цагаан-Уул сумаас мод ачиж Мөрөн сум руу орж ирэхээр нь гарал үүслийн гэрчилгээг шалгахад машин эвдрээд гоожингийн хугацаа хэтэрсэн байхаар нь журмын хашаанд хийсэн. Тухайн үед жолооч нь ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хашаанд байсан 3 жил гаран болсон Портер хүрэхгүй модыг ******************д өгсөн. Мод өгсөн хөлсөнд мөнгө төгрөг би аваагүй ****************** өөрөө Мөрөн сум руу тээвэрлэх гарал үүслийн бичгээ олж авна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...****************** 2020 оны 10 дугаар сарын 25 юм уу 26-ны үед Цагаан-Уул сумын төвөөс миний 3 жилийн өмнө бэлдсэн модыг Мөрөн сум руу ачсан юм аа. Манай тэнд өвөлжөөн дээр мод үлдээхээр алга болоод байдаг болохоор нь сумын төвд айлын хашаанд буулгасан байсан. Би 3 жилийн өмнө тэр модыг бэлдэхдээ эрхийн бичиг авсан байсан. ****************** харин гарал үүслийн бичиг олдохгүй байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтэд:

1. Иргэн ******************ын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4.4 метр куб түлээний хуурай шинэс мод байв.

2. ******************ын тээвэрлэж явсан модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 353.372 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

     Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36-р хуудас/,

     Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 53-р хуудас/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 58-59, 63-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038006050044 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бонго загварын 44-93 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Мөрөн сум руу 4.4 м.куб хэмжээтэй түлээний хуурай модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************/хх-ийн 16-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 18-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 23-р хуудас/, гэрч ******************/хх-ийн 25-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-9-р хуудас/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-р хуудас/,

      Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

     Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36-р хуудас/,

     Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 53-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ****************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************** нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 77-р хуудас/-аар 1300 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул  шүүгдэгч ******************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч ****************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ****************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038006050044 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах “Хүдрэнт Шүтээн” ХХК-ний хашаа/ 4.4 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038006050044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038006050044 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.4 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

       6. Эрүүгийн 2038006050044 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР