Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-д холбогдох эрүүгийн 2138000000004 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны үед хохирогч Б.Ү-ын 2 үхэр, С.М-ын 1 үхэр, Г.А-ийн 1 үхэр, нийт 4 үхэр буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манайх 2019 оны намар 09 сард Жаргалант сумаас Бүрэнтогтох сумын нутаг Цагаан бургасны даваа гэх газарт отроор нүүж ирээд 2020 оны 05 сарын 20 -иор малаа туугаад гэрээ нүүлгээд Жаргалант сумын нутаг Хөнжлийн аманд байдаг Баянзүрх гэдэг газарт байдаг өвөлжөөн дээрээ очиж буусан. Тэгээд манай 2 тооны хүрэн, шарга зүсмийн гүү адуунаасаа алга болоод би түүнийгээ тэр хавьд хайсан боловч олдоогүй. Тэр үеэр манай байсан газарт 4 тооны үхэр ирсэн байсан. Манай нутгийн хүмүүс ч анзаарсан байх. Уг 4 үхэр нь Улаан зүсмийн монгол үнээ, хар зүсмийн монгол үнээ, улаан бяруу, улаан алаг бяруу зэрэг 4 тооны үхэр манай үхрийг бараадаад явдаг болсон байсан. Тэгээд зун болж улаан, хар зүсмийн 2 үнээ нь тулгалсан юм. Тулгалсных нь дараа манайх тугалыг нь барьж дэлэн нь хагарчих гээд байхаар нь сааж байсан юм. Манай зэлэн дээр 20-иод хоног саагдсан, Тэгтэл нэг өдөр би сумын төв орчхоод гэр лүгээ явж байтал нэг мотоциклтой 2 залуу урдаас ирээд миний нэрийг асуусан. Би нэрээ хэлтэл Танай гадаа миний хавар алдсан үхээрүүд тулгалсан байж байна, та тууж ирсэн байна гээд намайг хулгай хийж авч ирсэн байна гэж гүтгэсэн. Би Үнэн учрыг нь хэлэхэд ойлгохгүй байсан. Би тэр залуутай хэсэг маргалдсан. Тэгээд удахгүй ирж үхрээ өөрөө авна гэж хэлээд явсан. Тэгээд байж байтал 3 хоногийн дараа малын эзэн гэх залуу өөр нэг хүнтэй манайд ирээд үхрээ аван, машин олж өг гэхээр нь би манай дээд талд байсан Алтангэрэл гэдэг хүнийг гуйж 2 тугалтай үнээ, 1 бярууг нь асуулсан. Хавар 1 улаан бяруу нь үхчихсэн юм. Тэгээд ахтайгаа хэрэлдэж маргаад яах вэ гээд би 1 шил архи гаргаж задалсан. Тэгээд намайг бяруу төлж өг гээд байхаар нь би нутгийн хүмүүсээс муу нэр хоч аваад яах вэ, ах нь төлөөд өгье гэж хэлээд 800.000 /найман зуун мянган төгрөг бэлнээр тоолж өгсөн. Тэгээд явахад нь араас нь сумын төв орж нэг шил архи аваад Гүүрнээс цааш гаргаж өгөөд буцаж гэртээ ирсэн. Малын эзэн Ү  гэдэг хүн хамт нэг залуутай ирсэн.Тэр хүн байсан. Манай эхнэр Баярмаа, манай төрсөн ах Дамбаа гэж дууддаг Мөнхбаяр ах байсан. Өөр хүн байгаагүй. Надаас 800000 төгрөг өг гэж хэлэхээр нь би хэлсэн мөнгийг нь өгсөн. Би хүү Пүрэвжав, Түмэн-Өлзий нартай үхэр адуугаа тууж Жаргалант сумын нутаг Хөнжил гэх газарт очсон. Цагаан бургасны даваагаар ороод зүүн хоолойгоор туугаад Шинэ-Идэр сумын Босгын даваагаар даваад Шинэ-Идэр сумын арын хөндийгөөр хөндлөн гараад Зураа гэх газраар өгссөн. ...” гэх мэдүүлэг /хх- 57-59х/,

Хохирогч Б.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 5 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн нутаг Нүхтийн голын Дуутын ам орчмоос бэлчээрээс 4 тооны үхэр алдсан юм. Эдгээр 4 тооны үхэр нь хамт байсан ба манай 1 үнээ, 1 бяруу, А гэдэг айлын 1 үнээ, Ё.М ын 1 шүдлэн үхэр байсан юм. Манай үнээ тугаллах дөхсөн байсан. Мөн А гуайн үнээ тугаллах дөхсөн байсан. Би Тухайн үед ирж хайсан боловч олоогүй. Би 2020 оны 08 р сард шиг санагдаж байна эхнэр хүүхдүүдтэйгээ Архангай аймгийн Тариат сумын нутаг “Хөнжлийн эх” гэх газарт хадам ээжийнд очиж 4-5 хонох хугацаандаа алдсан үхрээ хайхаар баз хүргэн болох Баагийтай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт Тариат сумын залгаа болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Хөнжлийн ам гэх газар явж байтал манай алдсан улаан зүсмийн монголын үнээ явж байх шиг байхаар зогсоод лавлаж хартал манай улаан үнээ зүсээрээ мөн байсан. Тэгээд хажуудах үхрийг нь ажиглаж хартал А гуайн Хар зүсмийн монголын үнээ бас байж байсан. Хажууд санай бөөр алаг улаан бяруу байсан. М ын шүдлэн үхэр харагдахгүй байсан. Тэгээд Баагий бид 2 ойролцоо нь сууж өнжөөд орой ямар айлын гадаа очихыг нь хүлээсэн. Тэгээд орой болох үед нэг айлын зэл рүү очсон. 2 үнээ нь тулгалсан бололтой байсан. Ойр хавьд нь өөр үхэр мал байгаагүй: Тэгээд манай үхэр алдсан үхэр очсон газрын айлд ортол нэг эмэгтэй байсан. Бид 2 мэнд мэдэлцээд хэнийх гэдэг айл вэ гэж асуутал Ч  гэдэг айл гэж хэлсэн. Ч  гэдэг хүн хаана байгаа юм бэ гэж асуутал Жаргалант сумын төв рүү явсан гэж хэлсэн. Баагий бид 2 Ч  гэдэг хүнтэй уулзах гэсэн юм, араас нь очиж уулзвал ямар дээл хувцастай яваа юм бэ гэж асуутал бор дээлтэй явж байгаа гэж хэлэхээр нь сумын төв рүү орохоор ярьж байтал замд бор дээлтэй, жижиг улаан “Даюун” маркийн мотоциклтой хүн явж байхаар нь гар өргөж зогсоогоод мэнд мэдээд Ч  гэдэг хүн мөн үү гэж асуутал мөн байна гэсэн. Тэгээд би миний алдсан үхэр танай зэлэн дээр яахаараа байж байдаг билээ гэж асуутал хавраас хойш энд байгаа юм. Эзэнгүй гарахгүй болохоор нь манайх маллаж сааж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь за би тэнэг хүн биш шүү, байран суурин нутгийн мал яахаараа хаа байсан танай энд хөлөөрөө ирнэ гэж байхгүй шүү, би шалгуулдаг газраар явж шалгуулна гэж хэлээд мотоциклоо асаагаад Жаргалант сумын төв рүү чиглээд явж байтал Ч  гэдэг хүн ард суулгаж явсан эмэгтэй хүнээ буулгаж орхиод араас гүйцээд ирсэн. Тэгэхээр нь би зогстол дүү 2-уулаа зохицъё гээд мотоциклоосоо буугаад замын хажууд сууцгаасан. Тэгтэл Ч  гэдэг хүн надад хандаж үнэнийг хэлэхэд ах нь танай хэдэн үхрийг аваад ирсэн юм. Нүхтийн голоос нэг дүүгээс хямдхан авсан юм, хулгайных гэдгийг нь ч ах нь мэдсэн л дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн гэдэг хүнээс авсан юм бэ, танд хэн гаргаж өгсөн юм бэ гэж асуутал ах нь дараа хэлье гээд хүний нэр хэлээгүй. Тэгээд би миний үхээрүүдийг даруй ачиж аваачиж өгөөрэй, би ирж хайсан бинзийн мөнгөө гаргуулна шүү гэж хэлтэл тэгнэ тэгнэ, ах нь бүх хохирлыг төлнө, ахыгаа цагдаа шүүхэд битгий мэдэгдээрэй гэж гуйгаад байсан. Тэгээд Баагий бид 2 буцаад Хөнжлийн гол өгсөөд хадам ээжийнд ирсэн. Маргааш нь би хадам ээжийнхээс эхнэр хүүхдүүдийнхээ хамт Шинэ-Идэрт гэртээ ирсэн. Тэр өдөртөө Ч  гэдэг айлд очиж малаа авахгүй бол алга болгож магадгүй гэж бодоод манай малыг маллаж байсан Б.Болдбаатартай хамт мотоциклоор Жаргалант сумын Хөнжлийн аманд байсан Ч  гэдэг айлд очиж үхрээ авахаар ирлээ, өнөөдрийн дотор ачиж аваачиж өг гэсэн шаардлага тавьсан. Ч  гэдэг хүн тэгэлгүй яах вэ гээд төрсөн ах Дамбаа гэдэг ахынхаа хүүхдийг дуудаж 2 үнээ, 2 тугал, 1 бяруу ачуулсан. Шүдлэн үхэх нь хаана байна,  миний үхэр биш өөр хүний үхэр байсан юм гэж хэлтэл шүдлэн үхэр нь үхчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би ногоо идээд онд орсон мал яахаараа үхдэг билээ, үхсэн бол сэгийг нь харъя гэж хэлтэл юм дуугарахгүй байсан. Тэгтэл хажууд нь байсан Дамбаа гэдэг ах нь төлж өг, өг тодорхой ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би алга болсон улаан бор шүдлэн үхэр нь миний ч үхэр биш М  гэдэг манай тэнд байдаг залуугийн үхэр байсан юм. Би очоод хэлье, та өөртэй нь ярьж байгаад хохирлыг нь төлж өгнө биз гэж хэлтэл тэгье гэж тохирсон. Тэгээд ахынх нь хүүхдээр үхрээ ачуулчхаад явах гэтэл Болдбаатар бид 2-ыг байж байгаач, үхрийг чинь манай дүү гэрийн чинь гадаа хүргээд өгчихнө та 2 хэсэг байж бай яръя, хөөрье, сайхан ах дүү болъё гээд авдраасаа 1 шил архи гаргаж ирж задлаад бид 2-д нэлээн шахаж өгсөн. Тэгээд архи нь дуустал дахиад нэг шил архи задалсан. Энэ 2 шил архийг Ч , түүний ах Дамбаа, Болдбаатар бид 4 хувааж уусан. Архи ууж байх зуур эхнэр нь авдраа онгойлгож нөхөр Ч  даа мөнгө гаргаж өгсөн. Бензиний мөнгө гэж надад 800000 төгрөг бэлнээр өгөхөөр нь би түүнийг нь авсан. Тэгээд надаас ахыгаа цагдаад битгий хэлээрэй, сайхан ах дүү болцгооё, ах нь бас хурдан адуутай ах нь хурдан удмын даага бэлгэлье гэж хэлж байсан. Үүнийг нь Дамбаа ах нь сонссон. Бас надтай хамт явсан Б.Болдбаатар ч сонссон. Надад 800.000 төгрөг өгч байхыг нь энэ хүмүүс ч харсан. Тэгээд бид 2 явъя гээд Жаргалант сум руу явж байтал араас Ч , ах Дамбаагийнхаа хамт ирээд 2 дүүг гаргаж өгнө гээд сумын төвд орж дэлгүүрээс 2 шил архи авч гарч ирсэн. Тэгээд Шинэ-Идэр явах замд Идэрийн голын гүүр гараад наашаа нэлээн явж байгаад бууж хэсэг сууж архиа хувааж ууцгаасан. Тэнд сууж байхдаа би Ч ад хандаж та алга болгосон шүдлэн үхрээ эзэнд нь төлж өгөөрэй гэж хэлтэл ах нь 1 сая төгрөгөөр төлж өгнө гэж байсан. Тэнд архи уух зуур ахыгаа одоо шүүх цагдаад өгөхгүй биз дээ, тохирлоо шүү гэх мэтээр их болгоомжилсон байдалтай надаас дахин дахин асууж байсан. Тэгээд би их нэлээн согтоод явъя гээд Болдбаатараар мотоциклоо бариулаад би араар нь суугаад Шинэ-Идэр сумын төвд ирж хоноод маргааш нь хөдөө гэр лүгээ харьтал 2 тугалтай үнээ, 1 бяруу ачиж ирээд явсан байсан. Манай улаан монголын үнээ өвс идэхгүй болчихсон байсан. Би Ч  уу утсаар ярьж миний үнээг машинаас унагаачихсан юм шиг байна, өвс идэхгүй зогсоод байна гэж хэлтэл дүүгээсээ асуухад унагаагаагүй гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгээд би өвчин намдаах тариа хийлгээд нэмэр болоогүй 5-6 хоногийн хаана гэрийн ойролцоо үхчихсэн. Би Ч  гэдэг хүн рүү утсаар ярьж нөгөө үнээ маань үхчихлээ, та төлж өгөөрэй, ачиж ирэхдээ унагааж бэртээсэн юм шиг байна гэж хэлээд өвчиж задалж үзэхэд нэг талынх нь олон хавирга хугарсан байсан. Би үүнийг нь Ч  гэдэг хүнд хэлсэн. Тэгээд үнээгээ төлүүлж авахаар болж удалгүй надад эм тарианы мөнгө болон үнээний мөнгө болох 1 сая төгрөг Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Би М  болон аавд нь манайхны алдсан үхрүүдийг Жаргалант сумын иргэн Ч  гэдэг хүн авсан байна, танай бор шүдлэнг алга хийсэн байна, Ч  гэдэг хүн 1 сая төгрөгөөр төлж өгөхөөр болсон шүү гээд утасны дугаар нь өгч хоорондоо холбогдоорой гэж хэлсэн. Дараа нь М  Ч  гэдэг хүнтэй холбогдож хохирлоо төлүүлж авсан гэж дуулдсан. Харин А гуай манайхаас хар монголын үнээгээ тугалтай нь аваад явсан. А гуайн 1 үнээ нь очиход тугалласан байсан. Үнээгээ зүсээр нь манайхаас авсан. Саяхан над руу Ч  гэдэг хүн утсаар яриад Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгч намайг сураглаад байна гэнэ, дүү тохирсон хэвээрээ юм байгаа биз дээ, ах нь эзэнгүй үхэр байсан гэдгээрээ л явна шүү, чамаас мэдүүлэг авсан уу, мэдүүлэг авбал намайг эзэнгүй үхэр байсныг нь маллаж байсан гэж хэлээрэй гэж хэлж байсан. Дахиж холбогдоогүй. Би Миний улаан үнээ нь сүүтэй, залуу үнээ байсан. Үхчихээр нь эм тарианыхаа үнийг оруулаад 1 сая төгрөгөөр төлүүлж авсан. Үүнийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би үхрээ алдчихаад эрэл сураг тавих гэхээр мал маллах хүнгүй байсан болохоор малчин хөлсөлж авах болж малаа алдаад олох хүртэл 2 сарын хугацаанд Б.Болдбаатар гэдэг хүнийг хөлсөлж хонио хариулсан. Энэ хөлсийг нэхэмжилж байна. Үхрээ алдаагүй бол би малчин хөлслөх шаардлагагүй байсан учраас энэ хөлсийг гаргуулж авахаар нэхэмжилж байна. Ч  гэдэг хүнтэй хохирлын хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Хоньчинд 2 сарын хөлс болох 80.0000 / найман зуун мянган төгрөгийн хөлс өгсөн. ... Би алдсан дөрвөн үхрээ авахаар очиход нэг шүдлэн үхэр нь үхсэн гэж байсан. Хоёр үнээ нь тулгалсан байсан. Мөн тэр хоёр үхэртэй хамт очсон байсан нэг бяруу нь байсан. Би хоёр тугалтай үнээ нэг бяруугаа буцааж авсан. Буцааж авсан үхрийн маань нэг нь ирээд удалгүй үхчихсэн. Замдаа бэртсэн юм шиг байсан. Тэгээд хэлсэн чинь тэрийг маань төлж өгсөн. Тэр үхсэн гэх нэг шүдлэн үхрийг М  гэдэг хүнд төлж өгсөн байсан. Нэг тугалтай үнээ нь манай хамаатны ах Г.А гэдэг хүний үхэр байсан. А ах тэр үхрээ тугалтай нь авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-10-14, 15х/,

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын дундуур /өдрийг санахгүй байна/ Шинэ- Идэр сумын 4-р багийн нутаг Нүхтийн голын Дуутын ам орчмоос манай нутгийн айл болох Б.Ү , А нарын 3 үхэртэй хамт бэлчээрт явсан 1 тооны бор зүсмийн монголын шүдлэн үхэр алдсан юм. Ү , А нарын үхэртэй нийт 4 тооны үхэр хамт явж байгаад 4-үүлээ гэнэт алга болсон юм. Ингээд тэр хавираа болон өөр газраар хайгаад олоогүй байж байтал 2020 оны 7 сарын сүүл, 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, Ү  ах Жаргалант сумын нутгаар хайж явж байгаад өөрийнхөө алдсан бяруутай үнээг айлын гаднаас олж авсан байсан Мөн А ахын үнээ хамт байсан гэсэн. Тэгээд үхрүүдээ авахаар очиж нааш нь ачуулж ирсэн байсан. Ч  гэдэг хүн нь манай алдсан шүдлэн үхрийг 1 сая төгрөгөөр төлж өгнө гэж хэлүүлсэн байсан. Ү  ах буцаж ирээд надад Ч  гэдэг хүний утасны дугаарыг өгч би Ч  гэдэг хүний утас руу нь ярихад ах нь үхрийг нь төлж өгнө, одоохондоо мөнгө төгрөггүй байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа дахиж залгаад асуутал ах нь үдээс хойш мөнгийг нь хийчихье, дансаа явуулаарай өгчих гэж хэлсэн. Би дансаа хэлсэн. Тэгээд тэр өдөр нь мөнгөө шилжүүлсэн байсан. Би Үхэр малаа олдсоныг мэдээгүй байж байтал Ү  ах хайж явж байгаад олсон байсан Миний үхрийг алга хийсэн байсан байсан. Би Ч  гэдэг хүнтэй нүүр тулж уулзаагүй. Тэр хүн өөрөө миний шүдлэн үхрийг 1 сая төгрөгөөр төлж өгнө гэж Ү  ахад хэлсэн байсан. Тэгээд утсаар 2 удаа яриад миний үхрийн мөнгийг явуулсан. ... Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх Ү ынхтай айл саахалт хаваржиж байсан юм. ... 2020 оны 5 дугаар сарын 25-ны үед манай хар зүсмийн гунжин үнээ Ү ын улаан үнээ мөн хоёр үхрийн хамт алга болсон. Тэгээд Үнэнбат эрэл сурал болж яваад тэр үхрүүдээ Жаргалант сумын Хөнжил гэх газраас олж ирсэн байсан. Би хар гунжаа тугалтай нь буцааж авсан. Надад бол тэр үхрийг хулгайлсан малтай туугаад явсан энэ тэр гэх тодорхой мэдэх зүйл алга. Гэхдээ тэр 60, 7 г км газар өөрсдөө гүйц очоогүй л болов уу гэж бодож байна. Миний тухайн үхэр малаа бүтэн олж авсан гомдолгүй. гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ү ыг 4 тооны үхэр алдсан талаар 2020 оны 6 сард Зүүн хоолой гэх газарт хамт буугаад мэдсэн. Ү  ярихдаа Нүхтийн голоос хавар 5-р сард 4 тооны үхэр алдсан гэж ярьж байсан. Тэгээд Ү  эхнэр хүүхдүүдтэйгээ хадмындаа очно гээд явсан би яг сар өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Хадмындаа очоод 2-3 хоноод буцаж ирэхдээ манай алдсан үхэр Жаргалант сумын Хөнжил гэх газар айлд байна, 2-уулаа хамт яваад очиж үхрээ авъя гээд бид 2 мотоциклоор явж Жаргалант сумын нутаг Хөнжлийн ам гэх газарт байх Ч  гэдэг айлд очсон. Тэднийд очиход Ч  гэдэг хүн гэртээ байсан. Мөн эхнэр нь хүүхэд нь байсан. Ү  урьд өмнө очиж үхрээ таниад уулзсан юм билээ. Тэгээд Ү  алдсан үхрээ зүсээр нь одоо ачиж аваачиж өгнө гэж хэлэхэд тэгье гээд Ч  гэдэг хүн төрсөн ахынхаа хүүхдээр ачуулъя гээд дүүгээ дуудаад 2 үнээ, 2 тугалтай, 1 шүдлэн үхэр ачуулаад явуулсан. Уг үхээрүүдийн зүс нь шүдлэн үхэр нь бөөр алаг улаан үхэр байсан. 1 үнээ нь улаан монголын үнээ, улаан тугалтай, нөгөө үнээ нь хар зүсмийн монголын үнээ байсан, тугал нь хар байсан шиг санагдаж байна. Тэгээд Ү  Ч  гэдэг хүнд хандаж би 4 үхэр алдсан одоо 1 нь дутуу байна гэж хэлтэл энд ирээд үхсэн юм. Ах нь төлж өгнө гээд байсан. Тэгээд бид 2 үхэр ачсан машиных нь араас явах гэтэл Ч  гуай ахын 2 дүү байж бай гээд авдраа онгойлгоод 2 шил архи гаргаж ирээд эхлээд 1-ыг нь задалсан. Бид 2-ыг архиар шахаад байсан. Тэгээд шүүх цагдаад битгий хэлээрэй, ах нь дүүтэйгээ тохиролцъё, нэг үхрийг нь мөнгөөр төлж өгнө, бензин шатахууны мөнгийг нь хангалттай төлж өгнө гэж ярьж байсан. Тэгээд тэднийд 2 шил архи хувааж ууцгаагаад явах гэтэл байж бай гээд явуулахгүй байсан. Тэгээд эхнэр нь авдраасаа мөнгө гаргаж ирээд Ч даа өгөөд бензин тосны мөнгө гээд 800000 /найман зуун мянган төгрөг/ Ү т тоолж өгч байсан. Тэгээд нэг үхрийг нь ах нь төлж өгнө гээд байсан. Мөн архи ууж сууж байхдаа ахыгаа цагдаа шүүхэд битгий өгөөрэй, ах нь хурдан удмын даага бэлгэлье гэж хэлж байсан. Тэгээд бид 2 одоо явъя гээд Жаргалант сумын төв рүү орох гэж явтал Ч  гэдэг хүн ах Дамбаа гэдэг хүнтэй хамт араас гүйцэж ирээд Ү  Ч  2 зайдуухан усдаа уулзаад хэсэг зогсож байгаад Ч  нь Ү ыг араараа суулгаад сум оръё гэж хэлээд хөдөлсөн. Миний араа Дамбаа гэдэг хүн суугаад би араас нь хөдөлсөн. Тэгээд дагаж явсаар сум ороод нэг дэлгүүр дээр очиж Ч  нь бууж архи авч гарч ирсэн. Тэгээд та 2-ыг гаргаж өгнө гээд Жаргалант сумаас гараад гүүр гараад Шинэ-Идэр сум руу явдаг замд байдаг Гэлэнхүүгийн суваргатай дөрөлж дээр ирээд нэг шил архиа задалж хувааж уугаад Ү  бид 2 Шинэ-Идэр сум руу хөдөлсөн. Ч , Дамбаа 2 цаашаа буцсан. Тэгээд бид 2 Зүүн эх гэдэг газарт өгсөж явтал үхэр ачуулсан машин нь үхрийг чинь гэрийн чинь гадаа буулгаад орхисон гээд буцаж явсан. Тэгээд бид 2 Шинэ-Идэр суманд нэлээн орой орж ирсэн. Маргааш нь бид 2 хөдөө гэр лүгээ харьсан. Ачиж ирсэн улаан үнээ нь замдаа бэртсэн юм уу өвс идэхгүй явж чадахгүй болчихсон байсан. Хэд хоног хэвтэж байгаа үхсэн байсан.  гэх мэдүүлэг /хх-28-30х/,

 Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны зун цөөхөн хэдэн монголын үнээ, бяруу манай голоор яваад байдаг болсон байсан. Би хэзээ нь хэн хаанаас авч ирснийг нь мэхгүй. Би намар талдаа жоохон архи уучихсан явж байгаад төрсөн дүү Ч ынд очтол танихгүй 2 залуу Ч ынд ирсэн байсан. Тэр 2 залуу Ч ынд саагдаж байсан үнээ, бярууг авахаар ирсэн гэж байсан. Тэгээд Манай хүүг хэн нь гуйсан юм сайн мэдэхгүй, Уг үхрүүдийг ачаад Шинэ-Идэр оруулж өг гэсэн байсан. Манай хүү Алтангэрэл өөрийнхөө машинаар 2 үнээ, 2 тугал, 1 бярууг нь ачаад Шинэ-Идэр сум руу явсан. Тэгээд Ч  авдраасаа 1 шил архи гаргаж ирээд задалсан. Тэр 2 залуу бас хувааж уусан. Тэгээд манай хонь сумын төвийн ар луу бэлчсэн байхаар нь Ч ын мотоциклийн араар сундалдаад явсан. Би дэлгүүрээс 1 шил архи аваад гүүр гарч явсан. Нэг шил архиа нөгөө 2 залуутай ууж байснаа санаж  байгаа юм тэгээд ухаангүй согтсон байсан. Өөр зүйл санахгүй байна. Ч  нэг залууд нь мөнгө тоолж өгч харагдсан. Би архи уусан байсан болохоор ямар учиртай, хэдэн төгрөг өгснийг нь анзаараагүй. Ямар ч байсан Мөнгө өгөөд тоолоорой гээд тоолуулж харагдсан. Хар монголын үнээ, Улаан монголын үнээ, бөөр алаг улаан бяруу, байсан. 2 тугалынх нь зүсийг ажиглаагүй. Нийт 5 тооны үхэр манай хүүгийн машинд ачуулж байсан. ... Бид нар архи хувааж ууж байхад Ч , үхрийн эзэн залуу 2 хоорондоо нэг үхэр дутсан талаар ярилцаж байсан. Би нарийн сайн сонсоогүй. Би нарийн учрыг нь сайн мэдээгүй. Шинэ-Идэр сумаас ирсэн 2 залуу ирээд үхрээ авч байхад нь хулгайны үхэр байсан юм байлгүй гэж дотроо бодож байсан. Манайх Ч ынхтай ойролцоо мөртөө дундаа хамартай, ил харагддаггүй болохоор би тэдний үхрийг хараад байдаггүй болохоор сааж маллаж байсныг нь мэдээгүй. Тэр өдөр архи ууж явж байгаад тэднийд очиж таарсан. Ийм асуудал болсон байсан. Өөр зүйл мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-3х/,

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны хавар 05 сарын 20-ны үед гэхдээ яг хэдний өдөр байсныг тодорхой санахгүй байна, 20-оос хойш ч байж магадгүй, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн нутаг, Баянзүрхийн булангийн доод талд хоёр монгол үнээ хоёр бяруутайгаа байж харагдсан. Тэгэхэд би нөхөр Ч ын хамт явж байсан бөгөөд манай нөхөр Ч  тухайн монгол үхрүүдийн талаар “энэ монгол үхэр хоёр гурав хонож байна, хүн аваагүй байна” гэж ярьж байсан. Би бол тэдгээр үхрийг тэгэхэд анх харсан. Тэр үхрүүдийг зүслэх юм бол 1 улаан 1 хар зүсмийн хоёр монгол үнээ, 1 алаг бяруу, 1 улаан бяруу зэрэг байсан. Тэгээд тэдгээр дөрвөн үхрийн хоёр нь монгол үнээ нь 2020 оны 07 сард тулгалчихсан тэр хавиар яваад байгаа сурагтай байсан. Би бол 2020 оны 06 сарын 25-ны үед Мөрөн суманд ирээд хагалгаанд ороод байж байгаад 2020.07.10-ны үед сумын Наадмын өмнөх өдөр очсон. Намайг очиход тэр хоёр тугалтай үнээ болон хоёр бяруу нь манай хотонд үхэр бараадаад байж байсан. Би тэр үхрийн дэлэнг хаяа нэг дундлаад, тугал нь бараг алданги оног эхтэйгээ явж байсан. Тэгж байтал 2020 оны 07 сарын 20-ны багцаанд 2 танихгүй залуу ирээд тэдгээр үхрийг манай үхэр байна гэхээр нь манай нөхөр Ч  эзэнд нь өгөхөөр болсон. Тэр эзэн нь гэх залуу дараа нь манайд нэг залуутай ирж үхрээ авсан. Тийм л асуудал болсон. Тэр үхрийн талаар ирсэн хоёр залуутай манай нөхөр л ярьсан, би тэр ярианд нь нэг их оролцоогүй болохоор юу гэж ярьсныг нь мэдэхгүй юм. Манай нөхөр Г.Ч нь Бүрэн дунд боловсролтой, надтай гэрлээд 28 жил болж байгаа, хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн байгаа юм. Элдэв буруу хорт зуршилгүй, гэрээс нэг их гардаггүй, төлөв даруу хүн байгаа юм. ... Манайх гэр бүлээрээ буюу нөхөр бид хоёр 2019 оны 11 сарын дундуур Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн нутаг Баян-Эрхт гэдэг газар руу отор нүүдэлд яваад Жаргалант суманд 2020 оны 05 дугаар сард буцаж малаа тууж очсон. ... Отрын малыг манай нөхөр Ч  ганцаараа тууж явсан. Би бие жаахан муу болохоор замын унаагаар явж сумандаа очсон. гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч И.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-ын  Ч  гэдэг хүн бол миний нөхөр Пүрэвжавын аав бөгөөд хадам аав маань байгаа юм. Би хадам аавтай нэг их харьцаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй. Манай хадам аав ер нь дуугай байрын хүн, надтай лав нэг их юм ярьдаггүй юм. Мөрөөрөө л энгийн амьдралтай малчин хүн гэж боддог. Би хадам аавын талаар муулаад байх ч зүйлгүй, сайлаад байхаар ч зүйлгүй. Мэднэ. Би 2020 оны 05 дугаар сарын эхээр 03-ны өдөр байхаа бараг тэгж санагдаж байна, өөрийн ээж Оюунбилэгийнд очиж байж байгаад 06 дугаар сарын эхээр Жаргалант сумын 1-р багийн нутаг Хашгайн мухар гэдэг газарт байх гэртээ ирэхэд манай үхрүүдтэй хамт айлын 3 тооны үхэр явж байсан. Тэдгээр үхрийн талаар асуухад эзэнгүй үхэр энэ хавиар яваад байгаа гэсэн утгатай зүйлийг манай нөхөр, хадам ээж, аав гурав ярьж байсан. Би тэдгээр үхрийг хэн хэзээ хаанаас авч ирснийг мэдэхгүй юм. Манай тэр хавийн айлууд ихэнх нь 2019 оны намар оторт яваад 2020 оны хавар буцаж ирцгээсэн. Тэдгээр үхрүүд айлын ямар ч байсан манай тэнд байсан, тэр хавийн айлуудын үхэр биш гэж байсан. Тэр үхрүүдийг дараа нь 2020 оны 07 дугаар сард 2 залуу ирээд авч явсан. Тэр хоёр залуу хадам аав Ч тай л ярилцаж байгаад авч явсан. Хадам аав өгөөд л явуулсан байсан. Ямар хүмүүст өгч явуулсныг мэдэхгүй юм. Тэдгээр үхрүүдийг зүслэх юм бол 1 улаан үнээ, 1 хар үнээ, 1 алаг бяруу байсан. Тэр гурван үхэртэй хамт бас 1 бяруу явж байгаад үхсэн гэж хадмууд ярьж байсан. Тэр хоёр үнээний улаан үнээ нь 2020 оны 06 дугаар сарын 10-аар тулгалсан, хар үнээ нь тэрнээс хойш удалгүй тулгалсан. Тэр хоёр үнээний тугалыг хааяа барьж саадаг байсан, хөхүүлээд байхаар тугал нь жаахан чацга алдах маягтай байсан. Би тэр үхсэн гэх бярууг нь үзээгүй, сэг сэмийг нь ч хараагүй. Би угаасаа мал хунарт нэг их явдаггүй, гэрээрээ хүүхдээ хараад л байж байдаг. Манай нөхөр л малдаа явдаг юм. гэх мэдүүлэг /хх-39-40х/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сарыг сайн санахгүй байна 2020 оны 08 сард Ч  ирж наймаа хийсэн байсан буцчихлаа Шинэ-Идэр сум руу 3-н үхэр ачаад яваад өгөөч гэхээр нь Жаргалант сумын 1-р багийн Ташхаан хонхор гэх газраас монголын улаан.хар 2 зүсмийн тугалтай үнээ, 1 улаан бяруу байсан санаж байна 2 нялх тугалтайгаа 3 том үхэр ачиж Шинэ-Идэр сумын Бумбат гэдэг газар хүргэж өгсөн.Үхэрийн эзэн нь хамт яваагүй суманд үлдсэн. ... Тэрийг нь мэдэхгүй ээ би ч асуугаагүй наймаа хийсэн гээд Шинэ-Идэр сумын 2 хүн залуу ирсэн байсан.Намхан дуу сахалтай бор, намхан шар царайтай 2 лаа 30 гаран насны байрын залуус байсан. гэх мэдүүлэг /хх-41-42х/,

Гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цагаан бургасны даваа гэдэг газраас мал туулцаад өгөөч гэхээр Ч ын хамт отрын мал болох адуу үхэр зэрэг малыг тууж Шинэ-Идэр сумын нутгаар дайрч Жаргалант сумын Хөнжлийн ам гэдэг газарт очсон. Тухайн малыг Ч  бид хоёр л тууж явсан, Ч ын хүү Пүрэвжав Шинэ-Идэр Жаргалант сум хоёрын зааг дээр цаанаас угтаж авсан. Пүрэвжавыг ирэхээр нь би зөрөөд цааш замын унаанд сууж Жаргалант сум орсон. Яг намайг тууж явахад бол замаас үхэр мал нийлсэн асуудал болоогүй. Угаасаа хараад зүсийг нь мэдэхээр 30 гаран сарлаг хайнагийн үхэр тууж явсан юм. Би очиход хүүгийнх нь байсан. Хүү Пүрэвжавынд нь Ч ын эхнэр Баярмаа л байсан. Пүрэвжавын эхнэр хүүхэд байхгүй байсан. Араас Ч  малаа тууж ирээд ямар нэгэн үхэр мал нийлсэн талаар яриагүй. Би араас тууж ирсэн үхэр малыг нь харалгүй яах вэ тэр айлд байж л байгаа юм чинь гарч орохдоо үхэр малыг нь харсан. Өөр үхэр мал нийлж ирсэн юм лав л харагдаагүй дээ. гэх мэдүүлэг /хх-43х/,

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-820/19 дугаартай үнэлгээчин М.Дагважаргалын хөрөнгийн үнэлгээний тайланд:...“Тугалтай үхэр 1 ширхэг 1.000.000 төгрөгөөр тогтов гэх дүгнэлт /хх-47-50х/,

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-820/17 дугаартай үнэлгээчин М.Дагважаргалын хөрөнгийн үнэлгээний тайланд: ...“Шүдлэн үхэр 1 ширхэг 750.000 төгрөгөөр тогтов. гэх дүгнэлт /хх-55-58х/,

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-820/16 дугаартай үнэлгээчин М.Дагважаргалын хөрөнгийн үнэлгээний тайланд:...“Тугалтай үхэр 1 ширхэг 1.000.000 төгрөг, Монгол бяруу 1 ширхэг 500.000 төгрөгөөр тогтов гэх дүгнэлт /хх-63-66х/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 213800000004 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Г.Ч нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-82-83/ тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Г.Ч-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон өмгөөлөгч нарын саналд дүгнэлт хийн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Г.Ч нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Б.Ү-ын 1.500.000 төгрөг, С.М-ын 750.000 төгрөг, Г.Амарсанаад 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 2138000000004 дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Ч-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1400 төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газрын дансанд тушаах болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын тамгын баталсан, шүүхэд гаргаж өгсөн үнэлгээгээр тооцож гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын  Ч-ыг алдуул малыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Г.Ч-ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1.400 /нэг мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН