Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 115

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, *******ны Завхан салбарыннэхэмжлэлтэй Д.*******, П.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13,061,536.49 /арван гурван сая жаран нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ны Завхан салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.*******, П.******* нар нь манай банкнаас 2014 оны 04-р сарын 03-ны өдөр зээлийн ******* тоот гэрээгээр 28,000,000 төгрөгийн зээлийн холимог зориулалтаар 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2016 оны 02 сарын 04-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийг нь өөрчилж ******* тоот гэрээний өөрчлөлт хийсэн. Зээлийн барьцаанд ******* ЗАА улсын дугаартай ******* маркийн 2003 онд үйлдвэрлэсэн шар өнгөтэй, ******* арлын дугаартай ачааны автомашин, Завхан аймгийн ******* сумын багийн ногоон байранд байрлах тоот гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай орон сууцыг барьцаалуулсан. Д.******* нь Зээлийн гэрээний 3.2.1-д заасны дагуу зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, зээлдэгчтэй уулзан мэдэгдэх шаардах хуудсыг өгч байсан боловч санаатайгаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 129 хоног хэтэрсэн байна.

Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,061,536.49 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэхүү нэхэмжлэлийн хамт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.1-д заасны дагуу шүүхээс гарах шийдэврийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор зээлийн барьцаанд барьцаалсан ******* ЗАА улсын дугаартай ******* маркийн 2003 онд үйлдвэрлэсэн шар өнгөтэй, ******* арлын дугаартай ачааны автомашин, Завхан аймгийн ******* сумын багийн ногоон байранд байрлах тоот гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.*******, /хариуцагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******/ шүүхэд гаргасан тайлбартаа: ******* тоот зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 13,061,536.49 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг зээлээ 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгана гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

*******ны Завхан салбар нь Д.*******, П.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13,061,536.49 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч ...зээлийн үлдэгдэл 13,061,536.49 төгрөгийг 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгана... гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Ийнхүү хариуцагч Д.*******, П.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******ны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,061,536.49 /арван гурван сая жаран нэгэн мянга таван зуун гучин зургаан төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.*******, П.******* нар нь 2017 оны 10-р сарын 31-ний өдөр бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223,257.68 төгрөгнөөс 111,628.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 111,628.84 төгрөгийг, хариуцагч Д.*******, П.******* нараас 111,628.84 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ