Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 1038

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 24 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01038

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 хороо, 13 хороолол, 13 байр 5 тоотод оршин суух, Ганбатын Мөнгөнтогоогийн /ХЖ83040169/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 хороо, 13 хороолол, 13 байр 5 тоотод оршин суух, Гал-Эрдэнийн Эрхбаярт /ЧР83081532/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо, өмгөөлөгч Н.Саранчимэг, хариуцагч Г.Эрхбаяр, өмгөөлөгч А.Даваабилэг, гуравдагч этгээд ХААН банк ХХК-ийн төлөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Эрхбаяртай 2007 онд гэрлэлтээ батлуулан хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд бидний дундаас 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Эрдэнэбат, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Э.Ичинхорлоо нар нь төрсөн.

Г.Эрхбаяр нь бидэнд анхаарал хайр халамж муу тавьдаг, том хүүгээ зодож, сэтгэл санааны хүнд байдалд оруулж байсан бөгөөд 2012 оноос хойш энэ байдал даамжирч надад байнга шахам гар хүрч зоддог ба гэр бүлээс гадуур харилцаатай болсон.

Миний бие тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалын албанд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хандан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдийнхээ асрамж болон тэтгэлгийг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргахад Г.Эрхбаяр нь хэдийгээр гэрлэлтээ цуцлуулахгүй гэж байсан боловч бид өнөөдөр ч маргаантай тусдаа амьдарч байгаа.

Мөн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба би өөрийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06406 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Миний хүү Э.Эрдэнэбат нь эрүүл мэндийн хувьд үеийнхнээсээ хоцрогдолтой, хэл ярианы хөгжил сул, байнга асаргаа шаардлагатай зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан түүнийг маш тайван орчинд өсгөн хүмүүжүүлэх, хэл ярианы хөгжлийг сайжруулж, өөрийгөө илэрхийлэх, бусадтай харьцах зэрэгт тулгамдаад байгаа хоцрогдлыг арилгах шаардлагатай байгаа болно.

Иймд Г.Эрхбаяртай цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжинд өсгөн хүмүүжүүлж, Г.Эрхбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна.

Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Эрхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнтогоо нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасан байна. Бид нар анх хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаад, эхнэр 2016 оны 07 дугаар сарын 26-нд Эвлэрүүлэн зуучлагчид хандаад, эвлэрэх боломж байгаа эсэхийг судлуулсан. Тухайн үед миний бие эхнэрээ гуйгаад, хамтын амьдралаа үргэлжлүүлэхийг хүсч байсан боловч өнөөдрийг хүртэл эвлэрэхгүй, цаашид хамтран амьдрах хүсэлгүй байгааг ойлгосон.

Бидний амьдрал яаж ч хичээгээд эхнэр минь эвлэрэх сонирхолгүй байгаа учраас түүний гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө. Харин нэг зүйлийг тодруулахад эхнэр минь шүүхэд нэхэмжлэл гаргах болгондоо намайг янз бүрээр хүчирхийлэгч, хүүгээ зодож занчдаг гэж удаа дараа гүтгэж байна. Эхнэр, нөхрийн гэрлэлт эхнэрийн хүслээр цуцлагдсан ч миний эцэг байх эрх, үүрэг цаашид хэвээр үргэлжлэх болно. Миний бие хүүхдүүдээ асарч хүмүүжүүлж, эцэг байх үүргээ байнгын биелүүлж байгаа, түүн шигээ эрхээ эдлэх ёстой. Гэтэл эхнэр худал үнэн, намайг чадах гэж бичээд байгаа зүйл шүүхийн шийдвэрт тусгагдвал ирээдүйд үр хүүхэд минь өсч том болоод уншиж, намайг юу гэж бодох болж байна.

Тиймээс шүүхээс хүсэхэд эхнэрийн энэ худлаа гүтгэх асуудлаа зогсоож, үр хүүхэдтэй минь намайг чөлөөтэй уулзуулж, утсаар яриулах боломж нөхцлийг хангаж өгөхийг хүсч байна. Миний зүгээс түүний яриад байгаа гэрлэлт цуцлуулах шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, хуульд заасан тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно.

Миний хүү төрөхдөө төрөлхийн тархины усжилттай, тархины даралттай, толгой нь хэвийн хэмжээнээс том төрсөн. Бид хүүхдээ эрүүл болгох гэж 2 нас хүртэл Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, 2-6 нас хүртэл энэ тэнд сайн гэсэн эмнэлэг, эмч болгонд үзүүлж сайн гэсэн бүхэнд хандаж байсан. Мөн 2-6 нас хүртэл 55 дугаар тусгай сургуулийн Чулуунхүү багшийн хэл яриа засах сургалтанд явуулдаг, Анагаах ухааны их сургуулийн багш Мөнхтуяагаас дүгнэлт гаргуулж, гажиг засуулах сэргээн засах ажиллагаа хийж байсан. Хүүхдийн онош тодруулахаар Солонгос улс руу хандах гээд бид хүүхдийнхээ энэ байдал маш их эмзэглэж тасралтгүй явж байсан. Гэтэл өнөөдөр би хүүгээ зодоод ийм болгосон гээд сууж байгаад үнэхээр их гомдож, бас ингэж ор үндэслэлгүй гүтгэж байгааг гайхаж байна. Хүүгээ бусдаас хоцроочихгүй, дутаачихгүй байлгах юмсан гэсэндээ гэрийн багш авч хичээллүүлэх, сургалтын төвд байнгын хичээллүүлэх зэргээр хүүгийнхээ өвчний эсрэг тэмцсээр байгаа.

Цаашид ч гэсэн үр хүүхдүүдэд минь миний эсрэг худал үнэн зүйл ярьж, эцгийнх эсрэг битгий хүмүүжүүлээсэй гэж хүсэх байна. Хүүхдүүдийг минь эцэгтэй байх эрхийг битгий хягаарлаасай гэж хүсэх байна. Миний хүсэх зүйл хүүхдүүдэд минь битгий худал зүйл хэлж, миний эсрэг хүмүүжүүлээч ээ гэж хүсмээр байна. Тусдаа амьдарснаас хойш маш цөөхөн удаа хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа.

Гэрлэлтээ цуцлуулаад, гэр бүлээ ингээд дуусгаж байж, дээр нь өөрөө эхнэр хүүхдээ зоддог хүн болж хувирах гэж. Үнэн гэдэг нэг л байх ёстой. Нэг хүний юу ч гээд хэлсэн бүхэн нь үнэн болчихно гэж бодохгүй байна. Гэхдээ энэ мэтээр яригдсаар үр хүүхэд минь тийм сэтгэхүйтэй, намайг үзэн ядсан хүмүүс болчихвий гэхээс үнэндээ эмээж байна. Эхнэр бид хоёр хүүгээ эрүүл болгох гээд хүүхдийнхээ төлөө цаг наргүй эмчилгээ, эмнэлэгт хандаад гүйж явсан цаг саяхан, гэтэл би үрээ зодож тийм болгосон хүн болоод сууж байдаг. Хүнийг бусдыг тэгж зодож, гэмтээдэг юм бол би ингээд сууж байх уу, хариуцлага хүлээх ёстой биз дээ. Салж л байвал боллоо гэсэн шиг ингэж ор үндэсгүй хүнийг гүтгэж болох уу, би салахгүй гээд байсан болохоор ийм ноцтой шалтгаан олж бичдэг бололтой. Эхнэр цаашид энэ мэтчилэн намайг элдэв янзаар хэлэх, худал гүтгэх тохиолдолд нэр төрд халдсан үндэслэлээр нэхэмжлэл гаргах болно гэдгийг хариуцдагатайгаар хэлье.

Бидний хамтын амьдралын хугацаанд би өөрөө хөдөлмөрлөж, бүх зүйлийг өөрийн гараар босгосон. Гэхдээ үүнийгээ үүрэг гэж боддог, хэзээ ч ялархаж байгаагүй. Би өөрөө хүүхэд байхдаа эцэг, эх минь салаад хагас өнчин байх ямар байдаг, хүүхэд эцэг эхээ санах ямар хэцүү байдгийг хангалттай биеэрээ мэдэрсэн хүн. Надад ингэж үр хүүхдээ амьдын хагацал үзүүлээд явах хүсэлт үнэндээ алга. Энэ талаараа эхнэртэйгээ ярилцах гэж оролдсон, хангалттай ярилцсан боловч заавал салж холдож дуусгаж байж санаа амарна гэж байгаа бол хүсэлтээр болгоё гэв.

 

Гуравдагч этгээд ХААН банк ХХК-ийн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээндээ банкны зээлийг энэ тэргүүнд төлж барагдуулна гэсэн байгаа тул маргах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо, хариуцагч Г.Эрхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо, хариуцагч Г.Эрхбаяр нар 2007 онд танилцаж гэр бүл болсныг 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 214 тоот бүртгэлд бүртгүүлжээ. Тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Эрдэнэбат, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Э.Ичинхорлоо нар төрснийг төрсний бүртгэлийн 759, 1110002446 тоот бүртгэл хийгдсэн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2016 оны 07 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар шүүхэд болон шүүх хуралдааны явцад тайлбар гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Г.Мөнгөнтогоо, Э.Эрхбаяр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо нар эхийн асрамжид өсч байгаа тухай тайлбарыг гаргасан, хариуцагч хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо  нарын асрамжийг эх Г.Мөнгөнтогоод хариуцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрсөн тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эрх ашгийн үүднээс эцэг Г.Эрхбаяраас тэтгэлэг гаргуулж хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Зохигч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаанаа 2017 оны 01 дүгээр 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр харилцан тохиролцож шүүхэд ирүүлжээ. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан гэрээний тохиролцоог шүүх хуралдааны явцад дэмжсэн бөгөөд хариуцагчийн зүгээс эвлэрлийн гэрээнд тусгагдаагүй “орон сууцыг худалдан борлуулснаас үлдэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөр зүйлд зарцуулахгүй, зөвхөн хоёр өрөө орон сууц худалдан авахад зориулахыг нэхэмжлэгчид даалгах” гэж нэмж оруулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн болно.

Тус гэрээгээр гэрлэгчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар байрны 5 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204000097 дугаартай, 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг хариуцагч Г.Эрхбаяр нь нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо, хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо нарын өмчлөлд үлдээж, тус орон сууц нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ201542273442 тоот ХААН банк ХХК-тай 15 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний зээлийн барьцаанд байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо тус зээлийн үүргийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн дангаар төлж байхаар тохиролцсон байна.

Мөн талууд тус орон сууцыг худалдан борлуулсан нөхцөлд тэргүүн ээлжинд банкны зээлийг төлж барагдуулах, үлдэх мөнгөөр нэхэмжлэгч хоёр өрөө орон сууц худалдан /орон сууцыг худалдан борлуулж зээл төлсний дараах байдлаар үлдэх мөнгө нь хоёр өрөө орон сууц худалдан авахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгч зээл авахад энэ тохиролцоо саад болохгүй/ авч хүү, охин хоёрыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх, орон сууцыг худалдан борлуулсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөр зүйлд зарцуулахгүй, зөвхөн орон сууц худалдан авахад зориулна гэж харилцан тохиролцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХААН банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагч Г.Эрхбаярыг хасах, зээлийн гэрээний гэрээний үүргийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо хариуцан төлөх талуудын тохиролцоог гуравдагч этгээдийн зүгээс талууд эвлэрлийн гэрээндээ банкны зээлийг энэ тэргүүнд төлж барагдуулна гэсэн үндэслэлээр эсэргүүцээгүй, гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргаж оролцсон болно.

Зохигч 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ201542273442 тоот Барьцааны гэрээгээр дурдсан орон сууцыг 84,000,000 төгрөгөөр үнэлснийг маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 338,500 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар нэхэмжлэлийн үнэд буюу орон сууцны үнийн дүнгийн хэмжээгээр тооцож нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоогоос улсын тэмдэгтийн хураамжид 239,450 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чингүнжав овгийн Гал-Эрдэнийн Эрхбаяр, Хэргүд овгийн Ганбатын Мөнгөнтогоо нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбат, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Ичинхорлоо нарыг эх Г.Мөнгөнтогоогийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Э.Эрдэнэбат, 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Ичинхорлоо нарт 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож хариуцагч Г.Эрхбаяраас сар бр хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоод олгож тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны 5 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204000097 дугаартай, 40 м.кв талбай бүхий бүрэн тавилгатай, гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагч Г.Эрхбаярыг хасч, нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоо, хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо нарын өмчлөлд үлдээсүгэй.

5. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ201542273442 тоот /ХААН банк ХХК-ийн/ орон сууцны зээлийн гэрээний үүргийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн дангаар хариуцан төлөхийг нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоод даалгасугай.

6. Орон сууцыг худалдан борлуулсан нөхцөлд тэргүүн ээлжинд банкны зээлийг төлж барагдуулахыг, орон сууцыг худалдан борлуулснаас үлдэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч өөр зүйлд зарцуулахгүй, зөвхөн хоёр өрөө орон сууц худалдан авахад зориулахыг, худалдан авсан орон сууцны хамтран өмчлөгчөөр хүү Э.Эрдэнэбат, охин Э.Ичинхорлоо нарыг бүртгүүлэхийг тус тус нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоод даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоогоос 239,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Г.Эрхбаяраас 359,175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнгөнтогоод олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ