| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0845/э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: М.Энхбаатар
Нарийн бичгийн дарга:Б.Зэнээмэдрээ,
Шүүгдэгч: Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овогт Дамбын Долгорсүрэнд холбогдох эрүүгийн 2011012120978 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биен тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 31-423 тоотод оршин суудаг, өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Д, /РД:ХЖ73051500/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч Д.Д нь мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 31-4236 тоотод байрлах өөрийн эзэмшлийн 384 мкв газрыг 600 мкв болгон томруулж хашаа татан, тухайн хашааг өөрийн өмчлөлийн газар гэж иргэн Т.Даваацогтыг хуурч түүнтэй “газрыг үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэх утгатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэгчийг 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан атлаа 8.000.000 төгрөгөөр газраа зарж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011012120978 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Д “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Т.Даваацогтын... Би 2019 оны 07 дугаар сард фэйсбүүк дээр хашаа байшин авах гээд зар хайгаад явж байтал Дамба овогтой Долгорсүрэн гэх хүн “боломжийн үнэтэй газар зарна” гэсэн байсан. Үүний дагуу утсаар холбогдож газар дээр нь очиж үзсэн. Тэгээд 12,000,000 төгрөгөөр зарна гэж байгаад би буулгаад 8,000,000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд эгч нь “бичиг баримтыг нь хөөцөлдөөд өгье, газар эзэмших гэрээн дээр үнэ төлбөргүй гэсэн гарын үсэг зураарай” гэсэн. Үүний дагуу би гарын үсэг зурж эхлээд 4 сая төгрөг бэлнээр Тэнгис кино театрын урд талд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өгсөн, дараа нь 4 сая төгрөгийг Баянгол дүүрэгт байрлах 3 дугаар хороололд явж байхдаа Хаан банкны мобайл банкаар шилжүүлсэн юм тэгээд би газар дээрээ 2020 оны 4 сард очсон чинь хажуу айл “хашаагаа цааш нь татаачээ, энэ чинь манай газар дээр барьчихсан байна ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би Долгорсүрэн рүү яриад “та надад худлаа хэлээд газар зарсан байна” гэсэн чинь “юу яриад байгаа юм, би чамд зүгээр газар зарсан наадахыг чинь цагдаа шүүхээр яваад шийдье” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад тухайн газрыг зарахдаа кадастрийн зургийг нь үзүүлж байсан. Тухайн үед би “энэ чинь арай жижиг юм биш үү” гэж хэлсэн чинь “энэ хашаа бол мөн, бичиг баримт нь бол найдвартай” гэж хэлсэн болохоор нь би итгээд авсан юм. Тухайн газрыг анх худалдаж авч байхад хажуу талын айл нь байхгүй байсан, дээр нь тухайн хашаанд бас манай байшин байгаа юм гэж хэлж байсан. Долгорсүрэн анх зарахдаа эгч нь бичиг хөөцөлдөөд өгнө чи зүгээр гарын үсгээ зурчих гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг. /хх- ийн 18-19-р хуудас/,
Гэрч Н.Отгонбаярын... Би 2015 онд С.Энхтуяа гэх хүнээс 30,000,000 төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын орчим 1700 метр квадрат хэмжээтэй дээрээ 2 байшинтай, нэг машины граштай, нэг амбаартай газар худалдаж авсан. Тухайн үед С.Энхтуяа гэх хүн надад “энэ Д.Д гэх хүнийг түр хугацаагаар байлгаад өгөөч ээ, ядарсан хүн байгаа юм” гээд гуйгаад байхаар нь байлгасан юм. Намайг анх энэ хашааг худалдаж авахад Д.Долгорсүрэн энэ хашаанд байдаг байсан. Тэгээд 2017 онд С.Энхтуяа надад хэлээд газрын албаны хүн гуйгаад байна “чиний бичиг баримтыг гаргаж өгөхийн тулд энэ жижиг газрыг үнэ ханш гэлгүй өгчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй “би энэ газрыг чинь 30 сая төгрөгөөр авчихаад байхад чинь давхар юун хүнд өгөх гээд байгаа юм бэ” гэж хэлээд хэрүүл болоод хэсэг хугацаанд С.Энхтуяа надад зарсан газраас 384 метрквадрат газрыг Д.Долгосүрэн гэх хүнд зарчихсан байсан. Тэгээд би хэл ам хийгээгүй нэгэнт зарсан газар гээд хаячихсан юм. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн худалдаж авсан газар дээр очсон чинь 384 метр квадрат газраа Д.Долгорсүрэн 600 метр квадрат болгоод хашаа татчихсан байхаар нь “би энэ одоо юу болоод байгаа юм бэ, та нар энэ хашаагаа нураа, хэмжээгээрээ энэ хашаагаа татвал тат үгүй бол би газрын албанд болон цагдаа шүүхийн байгууллагад хандана шүү” гэж хэлсэн чинь Энхтуяа, Д.Д хандаж “би та нарт хашаагаа зарахдаа ингэж зааж өгөөгүй, та хэд тэр гэрлийн шонгоор тат” гэж хэлэхээр нь би кадастрын зурагаар худалдаж авсан газартаа хашаа барина гэж хэлээд Д.Д барьсан байсан хашааг нураалгасан юм. Тэгээд би Долгорсүрэнд хандаж “та байртай болтлоо манай энэ үүдний байшинд байвал бай үгүй бол 4 сарын 15-нд ирнэ тэрнээс өмнө энэ хашааг суллаж өгөөрэй” гэж хэлсэн. Намайг 2018 онд очиход тийм хашаа бариагүй байсан. 2020 оны 03 дугаар сарын дундуур очиход Долгорсүрэн нь миний худалдаж авсан хашаан дундуур өөрийнхөө хашааг том болгоод барьчихсан байсан. Би тухайн үед дээр хэлсэнчлэн хурдан энэ хашаагаа татвал тат үгүй бол би газрын албанд болон цагдаа шүүхээр явна шүү гэж хэлж байгаад өөрөө кадастрын алба дуудаад хэмжилт хийлгээд шууд буулгачихсан юм...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/
Гэрч С.Энхтуяагийн... Би Д танихгүй манай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Дээд салхитын 31-423 тоотын өөдөөс харсан хашааны Долгорын эгч гэдгийг нь мэднэ, тэрнээс өөрөер сайн танихгүй. Тэгээд 2015 билүү 2016 оны нэгэнд надаас газар авч байсан. Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 31-423 тоот хашаанаас салгаж тодорхой хэмжээний газрыг он сарыг нь сайн санахгүй байна. 2015, 2016 оны нэгэнд нь байх Д.Долгорсүрэнд зарж байсан юм. Надад тухайн үедээ бэлэн 6 сая орчим төгрөг гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад авчирж өгөөд худалдаж авч байсан юм. 2020 оны 03 дугаар сард намайг Отгонбаяр дуудсан юм. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны муудалцсан байдалтай байж байсан. Тэгээд би Долгорсүрэн нар газрын талаар муудалцсан байдалтай байж байсан. Тэгээд би Долгорсүрэнд “чиний барьсан хашаа чинь буруу байна, наад хашаагаа буулгаад кадастрын зургаараа хашаагаа тат” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ ойлголцоод би хотруу Д буцаж байхад Долгорсүрэнгээс би “чи яагаад надаас авсан хашаагаа том болгосон юм бэ” гэсэн чинь “би охиноо гадаад руу явуулах гээд нэг залууд 8,000,000 төгрөгөөр хашаагаа зарчихсан юм, тэгэхдээ тэр залууд зарахын тулд томруулчихсан юм" гэж хэлж байсан. Би Долгорсүрэнг хэзээ хашааг сунгасан хугацааг нь мэдэхгүй байна. Надаас авсан хашааг энэ оны 3 сард Отгонбаяр намайг дуудаж уулзах үед би мэдсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 28-29-р хуудас/
Дамно хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан “үл хөдлөх хөрөнгө болох 384 м2 газар нь 6,308,871 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх үнэлгээний тайлан. /хх-ийн 31- 41-р хуудас/
Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ./хх-ийн 48-р хуудас/
Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын кадастрын зураг. /хх-ийн 72-85-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 31-4236 тоотод байрлах өөрийн эзэмшлийн 384 мкв газрыг 600 мкв болгон томруулж хашаа татан, тухайн хашааг өөрийн өмчлөлийн газар гэж иргэн Т.Даваацогтыг хуурч түүнтэй “газрыг үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэх утгатай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэгчийг 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан атлаа 8.000.000 төгрөгөөр газраа зарж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Даваацогтын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, газар эзэмгүүлэх эрх шилжүүлэх гэрээ./хх-ийн 48-р хуудас/, газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын кадастрын зураг. /хх-ийн 72-85-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Д нь мөнгөний хэрэгцээ гарсан гэх шалтгаанаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Цэрэн овогт Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 500 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.