Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0408/З |
Дугаар | 221/МА2022/0631 |
Огноо | 2022-09-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2022/0631
Ч.Нгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн Шүүх бүрэлдэхүүн: Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл Илтгэсэн шүүгч Д.Баатархүү Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ч.Н Нэхэмжлэгч: Ч.Н Хариуцагч: ХХҮГ-ын дарга Нэхэмжлэлийн шаардлага: “ЗА-ын ХХҮГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Ч.Б нар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул Хэргийн индекс: 118/2022/0021/З ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Ч.Н нь ЗА-ын ХХҮГ даргад холбогдуулан “ЗА-ын ХХҮГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Нгийн ЗА-ын ХХҮГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. 3.1. “Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныхаа журмыг зөрчсөн, шаардлагтай нолох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буру үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэлэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан зэргээс шалтгаалан шударга бус шийдвэр гаргасан учир 118/2022/0019 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 3.2. Шүүх миний нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан атлаа хариуцагчийн төлөөлөгч Б.Рид 06 дугаар сарын 17-ны өдөр гардуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш миний нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан эсэх, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэхийг шүүхээс удаа дараа асууж байсан боловч хариуцагч шүүхэд ирээгүй гэсэн хариу авч байсан. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр надад урьдчилсан хэлэлцүүлэг зарласныг мэдэгдсэн. 08 дугаар сарын 02ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ринчиндорж ирээгүй, би урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо шүүхээс хариуцагчийн хариу ирсэн үү, ирсэн бол би танилцъя гэж шаардаж байж 08 дугаар сарын 02-ны өдөр танилцаад 08 дугаар сарын 03-ны өдөр тайлбарынх нь үндэслэлийг няцаах нотлох баримт цуглуулах хүсэлт гаргахад шүүгч үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Шүүх ийнхүү миний хариуцагчийн тайлбартай танилцаж тайлбарын үндэслэлийг няцаах нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүйгээр шүүх хуралдаан товлохоор урьдчилан хэлэлцүүлэг зарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасныг ноцтой зөрчсөн. 3.3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөд зогсохгүй Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбар хэрэглэж мөн хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж миний нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 3.4 Би ЗА-ын ХХҮГ дэд даргын албан тушаалд цар тахлын үе буюу 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр томилогдон ажиллахдаа Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-ийн “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу томилогдсон. Би энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасан зохицуулалтаар томилогдсон батйал шүүх Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1.1-ийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж намайг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан бусад баталгаагаар хангагдахгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-ны заалтыг зөрчиж “ээлжийн амралттай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт” хамаарахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүгээр ч барахгүй энэ дүгнэлтийг хийхдээ хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, хэсэг хэрэглэснийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна. 3.5 Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46 дугаар зүйл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэсэн хөнгөлөлттэй нөхцөлийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж миний 2022 оны төсөвт тэтгэмжээ суулгуулахыг хүссэн хүсэлтийг илт мушгин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс үйлчилж аймгийн ХХҮГ дэд даргатай байх боломжгүй болсон ч миний албан тушаалд томилогдсон Ч.Б өнөөдрийг хүртэл дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй, ажилласаар л байгаа учир би шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.10-д “маргаан бүхий Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3.6 Шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ дээр бичсэнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримт буюу миний тэтгэмж суулгуулах тухай хүсэлтийг буруу үнэлсэн, хэт нэр талыг барьсан зэргээс шалтгаалан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 он 08 дугаар сарын 09-ний өдрийн 11//2020/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 4. Хариуцагч, гуравдагч этгээд талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. ХЯНАВАЛ: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 2. ЗА-ын ХХҮГ даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3.6, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус үндэслэн тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 2.1. Нэхэмжлэгч Ч.Н “ЗА-ын ХХҮГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2,374,140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 3. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: 3.1. ХариуцагчЗА-ын ХХҮГ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус үндэслэн тус газрын дэд даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч буюу төрийн жинхэнэ албан хаагч бус Ч.Нг ажлаас чөлөөлсөн нь буруу боловч Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, 3.2. Ч.Нгийн “... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2022 оны төсөвт төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг суулгаж өгөхийг хүсье” гэх хүсэлтийн дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан 2022 оны төсвийн хуваарийн 3 дугаар сард 28,165,000 төгрөг төсөвлөгдсөн тул түүнийг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосныг буруутгах боломжгүй, 3.3 Нэхэмжлэгч Ч.Н нь төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байхдаа ЗА-ын ХХҮГ дэд даргын албан тушаалд томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан нэмэгдэл болон бусад баталгааг эдлэхгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасан зохицуулалт түүнд хамаарахгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэж байна. 4. Нэхэмжлэгч Ч.Н нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан гэж дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасныг үндэслэл тус бүрээр нь үзвэл: 4.1. “... Шүүх миний нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан атлаа хариуцагчийн төлөөлөгч Б.Рид 06 дугаар сарын 17-ны өдөр гардуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ч.Нгийн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан нь мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан 14 хоногийн хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, маргаан бүхий захиргааны актыг, цаашлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 4.2. “... Хариуцагчийн хариу тайлбарын үндэслэлийг няцаах нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасан боловч энэ эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдаан товлохоор урьдчилан хэлэлцүүлэг зарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-д заасныг ноцтой зөрчсөн” гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, ... баримтыг шаардан гаргуулж болохгүй”, 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах” нь хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа байна гэж тус тус заажээ. Иймд хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт бүрдүүлсэн шүүхийн ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 4.3. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэсэн хөнгөлөлттэй нөхцөлийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж, миний 2022 оны төсөвт тэтгэмжээ суулгуулахыг хүссэн хүсэлтийг илт мушгин тэтгэвэр тогтоолгох насан хүрсэн тул ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх гомдол гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан байх ба 1967 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Ч.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу маргаан бүхий акт гарах өдрийн байдлаар 55 настай байсан. Түүнчлэн Ч.Н 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөрЗА-ын ХХҮГт гаргасан хүсэлтдээ “Тус газрын дэд даргын албан тушаалтай Ч.Н миний бие 1967 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 54 настай, улсад /төрийн албанд/ нийтдээ 28 жил, 3 сар ажилласан ... Иймд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2022 оны төсөвт төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг суулгаж өгөхийг хүсэж хүсэлт гаргав” гэсэн нь тэрээр 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарч, нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 4.4. “... Миний бие Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д заасан үндэслэлээр ажилд томилогдсон байхад анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, намайг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан нэмэгдэл болон бусад баталгаагаар хангагдахгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч Ч.Н нь ЗА-ын ХХҮГ даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлага буюу төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас тогтоогдож байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс Ч.Нд хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/902 дугаар албан бичигт “... Таныг тус газрын дэд даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3, 14, 15 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, Зөвлөлийн 2019 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн тусгай шаардлагыг хангахгүй байхад сонгон шалгаруулалтгүйгээр томилжээ. Иймд таныг зөрчигдсөн эрхээ хамгаалуулах төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй тул ... таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл Ч.Н нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-д зааснаар тус газрын дэд даргын албан тушаалд тусгай шалгалт өгч төрийн жинхэнэ албан хаагч болоогүй тул мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан нэмэгдэл баталгаа, 61 дүгээр зүйлийн 61.1.10-д заасан бусад баталгаагаар хангагдах боломжгүй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна. 4.5. “... Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг зөрчиж “ээлжийн амралттай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт” хамаарахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй ба ийм дүгнэлт хийхдээ хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэснийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байна” гэх үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасныг тайлбарлахдаа 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг дурдсан нь буруу боловч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасантай ижил зохицуулалт юм. Хэдий 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт эдлэх байсан боловч Ч.Нгийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийн дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 5. Нөгөөтэйгүүр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/1522 дугаар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/732 дугаар албан бичгүүдээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлагаас бусад этгээд дэд дарга, орлогчтой байхыг хориглож, албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах чиглэлийг өгснөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал байхгүй болсон, уг албан тушаалд ажиллаж байсан Ч.Б чөлөөлөгдсөн байх тул Ч.Нгийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаснаар түүний эрх сэргэж, хамгаалагдах боломжгүй болсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ |