Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1221

 

Х.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00906 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн хариуцагч Д.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч: Х.Алтанцэцэг

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалын тайлбарт: Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Мөнхцэцэгийнд амьдарч байхдаа гэр бүлийн маргааны улмаас болж хөөгдсөн, нэхэмжлэгч болон хариуцагч нар эх нэгтэй хүүхдүүд бөгөөд Д.Мөнхцэцэг хамт амьдарч буй байрны засварт Х.Алтанцэцэгээс 2 000 000 төгрөг авсан боловч байрандаа амьдруулахгүй хөөсөн тул уг мөнгийг гаргуулна. Үүнтэй холбоотой тодорхой нотлох баримт байхгүй боловч нэхэмжлэгч нь хүн учраас хэнд ийнхүү мөнгө зээлдүүлсэн гэдгээ сайтар санаж байгаа юм. Хэрэгт авагдсан “Голомт банк” ХХК дахь хадгаламжийн дэвтрээс харвал 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын гүйлгээгээр хийгдсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхцэцэгт зээлсэн гэж үзэх үндэслэлтэй. Х.Алтанцэцэг одоогоор түрээсийн байранд амьдарч, сард 80 000 орчим төгрөг төлдөг, хариуцагч нэхэмжлэгч Х.Алтанцэцэгээс мөнгө зээлсэн эсэхээс үл хамаарч эгчдээ тусалж, амьдрал ахуйг нь дэмжих хэрэгтэй байгааг ойлгоосой. Иймд хариуцагч Д.Мөнхцэцэгээс 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Алтанцэцэг нь миний том эгч бөгөөд надтай хамт амьдарч байгаад дараа нь ахтай хамт амьдарна гээд гэрээсээ явсан. Би түүнийг гэрээсээ хөөгөөгүй, зан ааш таардаггүй, нэхэмжлэгч их уурлаж, бухимддаг хүн учраас надтай болон манай нөхөртэй таардаггүй байсан. Миний бие Х.Алтанцэцэгээс мөнгө зээлээгүй, харин манай ах түүнээс 2 000 000 төгрөг зээлж, одоо буцаан төлөхдөө cap бүр 80 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нь төлж байна. Нэхэмжлэгч надад 2 000 000 төгрөг зээлсэн гэж андуураад байх шиг байна, тэрээр заримдаа аавдаа мөнгө зээлсэн, өгсөн гэж ярьдаг. Энэхүү хадгаламжийн дэвтрийг би анх нээж өгсөн ба Х.Алтанцэцэг дэвтрийг эх хувиар нь хадгалж, захиран зарцуулдаг. Би дүүгийнх нь хувьд эгчдээ аль болох тусалж, дэмжиж амьдардаг, саяхан эмнэлэгт хэвтээд гарахад нь тусалсан. Манай ээж Х.Алтанцэцэгийн албан ёсны асран хамгаалагч мөн боловч тэрээр ээжтэй бас таарч, нийцдэггүй. Нэгэнт би мөнгө зээлээгүй учраас 2 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн гаргасан хариуцагч Д.Мөнхцэцэгт холбогдох 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх заалтын дагуу нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолд: Х.Алтанцэцэг миний бие иргэний эрх зүйн чадамжтай, өөрийн үйлдлийн учир холбогдлыг зөв ойлгодог, Нарантуул захад худалдаа наймаа эрхэлдэг, би өөрийн дүү Д.Мөнхцэцэгт 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банкны хадгаламжийн дэвтрээс 3 000 000 төгрөг авч өгснийг хариуцагч Д.Мөнхцэцэг захиран зарцуулсан. Миний бие Д.Мөнхцэцэгээс мөнгөө авах гэхэд гэрээсээ хөөж явуулсан, анхан шатны шүүхийн Д.Мөнхцэцэгийг мөнгө зээлээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь хариуцагч Д.Мөнхцэцэгт холбогдуулан орон сууцны засварт өгсөн 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг тодорхой дурдах журамтай бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах боломжтой боловч түүний агуулга, үндэслэлийг өөрчлөн дүгнэх нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд харшилна.

Нэхэмжлэгч Х.Алтанцэцэг нь хариуцагч буюу өөрийн дүү Д.Мөнхцэцэгтэй орон сууцанд цаашид хамт амьдрана гэж итгэж хариуцагч Д.Мөнхцэцэгийн байрных нь засварт зориулан 2 000 000 төгрөг өгснөө буцаан гаргуулна гэж шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байхад шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтыг баримталж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 118 дугаар зүйлийн 118.2, 118.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодруулах, шүүхийн шийдвэрт нэхэмжлэл, түүний үндэслэлийг заах, ...талаар дүгнэх зэрэгт нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр дүгнэлт хийсэн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн талууд мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид өмгөөлөгч томилуулахаар Монголын Хуульчдын холбоонд албан бичиг явуулсан байх /хх.56/ бөгөөд А.Буянжаргал нь энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх боломжтой.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар, эсхүл 34.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг төлөөлөн оролцох, өмгөөлөгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, үүрэг ялгаатай бөгөөд А.Буянжаргал нь нэхэмжлэгчийг иргэний хувиар төлөөлөн оролцож, түүний гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаанд өөрчилсөн эсэх нь тодорхой бус байна.

Мөн хэрэгт А.Буянжаргалд нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэл, /хх.58/ уг итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг танилцуулсан талаарх баримт авагдсан /хх.10/ байх боловч уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн эрх зүйн чадамжтай эсэх асуудлаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч /хх.61-62/ 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгчийн захирамж гарчээ. Үүнээс өөр ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргалд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцуулж, тухайн өдөр шүүх хуралдааныг явуулжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлийн дагуу оролцохдоо зөвхөн нэхэмжлэгчийг маргааны үйл баримтын талаар бүрэн ойлгох боломжтой эсэх асуудлаар шинжээч томилуулсан болохоос маргааны зүйл, түүний үндэслэлийг нотлоход ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэхтэй холбоогүй байна.

Энэ тохиолдолд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон А.Буянжаргал шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулснаар хуралдааныг явуулснаас үзэхэд тэрээр өмнө нь нэхэмжлэгчийн өөрөө гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлтэй танилцаж, хариу тайлбар хийх боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй болжээ. Иймд нэхэмжлэгч Х.Алтанцэцэгийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхээ эдэлж, 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хэргийн үйл баримт, хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/00906 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ