Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01541

 

ЦЕГ-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00628 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1347 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч ЦЕГ-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч ШШГЕГ-т холбогдох,

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Даваадалай, төлбөр төлөгч ЦЕГ т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Дашдаваагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын  даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг олгохыг ЦЕГ т даалгаж шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийн дагуу ЦЕГ-ын  даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Даваадалайг Улаанбаатар хотын цагдаагийн газрын хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилсон. Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/266 дугаар, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар тушаалаар тус тус баталсан Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцээр Б.Даваадалайн урьд ажиллаж байсан Мөрдөн байцаах газар ЦЕГ-ын бүтцээс хасагдсан бөгөөд ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын зарим бүтэц, орон тоог нэгтгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулсан. Энэ бүтцээр Б.Даваадалайн урьд эрхэлж байсан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс бүтцээс хасагдаж, тус хэлтэс мөрдөхөөр харьяалал тогтоосон хэргүүдийг нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст шалгагдах болсон бөгөөд цагдаагийн байгууллагын хэмжээнд чиглэлийн ахлах гэх ажлын байр, албан тушаал нь хасагдсан. 

ЦЕГ-ын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар Б.Даваадалайн цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээн олгосон. Мөн шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны олговор болох 5 871 500 төгрөгөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 117 430 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 540 407 төгрөг, нийт 657 837 төгрөгийг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэст тус тус шилжүүлж, 5 213 663 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны 103300016002 тоот дансанд шилжүүлсэн. ЦЕГ-ын аас шүүхийн шийдвэрт заасны дагуу Б.Даваадалайг өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг бүрэн олгосон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелэгдэж, дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваадалайд олгохыг ЦЕГ т даалган шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Даваадалайг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээн олгосныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ЦЕГ т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

Иргэн Б.Даваадалайгийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус албанд хандаж гаргасан гомдлоор бүртгэлийн 15300136 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хянахад төлбөр авагч Б.Даваадалайг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохдоо ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.6 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Улсын ерөнхий гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр Улсын байцаагчийн актаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Даваадалай шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.Даваадалай нь Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 333 дугаартай шийдвэрийн дагуу ажил албан тушаалдаа томилогдож чадаагүй байгаа. ЦЕГ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагааг дуусгавар болгосонд тооцуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг, улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 07-ны актыг хүчингүй болгосонтой холбогдуулан гомдол гаргасан байна гэж ойлгож байгаа. Гэтэл шүүх дээр хэлэлцэгдэж байгаа нотлох баримтууд нь 2013, 2014, 2015 онуудад ЦЕГ-аас гаргасан акт дээр үндэслэн нэхэмжлэл гаргаж энэ цаг хугацааны асуудал яригдаж байгаа юм. Эдгээр нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа баримтуудыг шүүх аль хэдийнээ дүгнэчихсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07809 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, ЦЕГ-ын  2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 490 дугаартай заалтыг хүчингүй болгож, Улаанбаатар хотын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагчаар томилсон. ШШГТХуулийн 16.1.2, 67.3-д заасан заалтыг төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлсөн, дүйцэх хэмжээний албан тушаалд томилсон эсэх ШГА-аа дуусгавар болсон нь үндэслэлгүй байна гэж дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт ШШГТХуулийн 34.1-д заасны дагуу нэхэмжлэгч Даваадалай нь НШГАлбанд 2017 оны 09 дүгээр сарын 15-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар тухай хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж захиргааны хэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын цагдаагийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагчийн ажилд томилсугай гэсэн тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад үүнд гомдол гаргасан байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэл гаргаж байхад эрх нээлттэй байна гэж харах боломжтой байсан гэтэл одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа бодит үйлдэл гэж харж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00628 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т заасныг баримтлан ШШГЕГ т холбогдох Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай шийдвэр, 70 дугаартай бүртгэлийн 15300136 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Б.Даваадалай, төлбөр төлөгч ЦЕГ т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулахыг хүссэн  ЦЕГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1347 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “133 дугаар зүйлийн 133.1” гэснийг “103 дугаар зүйлийн 103.5” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Даваадалайг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-д заасны дагуу түүнтэй тохиролцсоны үндсэн дээр томилоогүй гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйл нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулсан байх бөгөөд Б.Даваадалайн тухайд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр түүнийг өмнө эрхэлж байсан ажилтай дүйцэх албан тушаалд томилохыг даалгасан шүүхийн шийдвэр юм. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар цагдаагийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагч бөгөөд түүний эрх зүйн байдал, баталгаа нь мөн хуулиар зохицуулагддаг. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасны дагуу түүний өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэг шилжсэн Улаанбаатар хотын цагдаагийн газарт ахлах мөрдөн байцаагчаар томилсон шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг томилох ёстой гэж үзвэл дээр дурдсанаар Б.Даваадалайн урд ажиллаж байсан Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс татан буугдсан тул мөн хуулийн 103.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Хууль зүйн сайдын 2013 оны оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/266, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/12, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/167 дугаар тушаалаар тус тус батласан “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ээр Б.Даваадалайн урд ажиллаж байсан Мөрдөн байцаах газар бүтцээс хасагдаж, ЦЕГ-ын даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газрын зарим бүтэц, орон тоог нэгтгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг шинээр байгуулжээ. Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Б.Даваадалайн урьд ажиллаж байсан Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс татан буугдаж, тус хэлтсийн мөрдөж байсан харьяаллын эрүүгийн хэргүүдийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст шалгах болсон бөгөөд цагдаагийн байгууллагын хэмжээнд түүний өмнө эрхэлж байсан “чиглэлийн ахлах мөрдөн байцаагч” гэх ажлын байр хасагдсан байна. Энэ талаар холбогдох нотлох баримт, материал хавтаст хэрэгт авагдсан болно. Үүнээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дүгээр шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулснаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоол дахин гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж дүгнэх нь зүйн хэрэг юм. Гэтэл дээрх шүүхийн шийдвэрээс хойш Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 850 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Үүнээс үзэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7809 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байна гэж үзэх боломжгүй юм. Мөн магадлалд дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4034 дугаартай шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах тухай шийдвэр бөгөөд уг шийдвэрээр шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг хянан шийдвэрлээгүй болно.

Иймд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.                                                                                                     

                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар шийдвэрээр ЦЕГ-ын даргын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 591 дүгээр тушаалын Б.Даваадалайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Даваадалайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 9 сар 7 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 5 871 500 төгрөгийг нэхэмжлэгч Б.Даваадалайд олгохыг ЦЕГ т даалган шийдвэрлэжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, ЦЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаар тушаалаар Б.Даваадалайг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг төлбөр авагчид олгож, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээснийг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ЦЕГ т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Иргэн Б.Даваадалай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж гомдол гаргасан ба ЦЕГ Б.Даваадалайг ажилд томилохдоо ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэхүйц өөр ажил, албан тушаалд ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 67 дугаар зүйлийн 67.6 дахь заалтыг зөрчсөн гэж Улсын ерөнхий гүйцэтгэгч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр Улсын байцаагчийн актаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 850 дугаар тогтоолыг хүчингүйд тооцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчийн хоорондох маргааны талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн агуулгыг хоёр шатны шүүх зөв тайлбарлаж, шийдвэр, магадлалдаа тодорхой тусгасан байна.

Давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1347 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН