Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,   

Улсын яллагч: И.Ариунсанаа,

Шүүгдэгч: Г.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Хөвгүүд овгийн Ганбатын Ц, Боржигон овогт Батмөнхийн Б нар холбогдох эрүүгийн 2011004450839 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороо, 32-35 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Хөвгүүд овгийн Ганбатын Ц, /РД:ХА81030477/

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 01-82 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Батмөнхийн Б, /РД:УХ97081114/,

Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр

Шүүгдэгч Г.Цл нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн төрсөн ах Г.Ганбаяраар бичүүлсэн “Г.Дөлгөөнмөрөнгөөс Б.Бат-Эрдэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон” итгэмжлэлийн төсөл дээр Г.Дөлгөөнмөрөнгийн гарын үсгийг дуурайлган бичиж, Б.Бат-Эрдэнэд эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдэн нотариатаар батлуулан хуурамч болохыг мэдсээр байж ашигласан.

 

Шүүгдэгч Б.Б нь Г.Ц хуурамчаар үйлдсэн дээрх итгэмжлэл буюу хуурамч баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний едөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Дөлгөөнмөрөнгийн эзэмшдийн 91191929 дугаарыг П.Батболдод 50 000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 2011004450839 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт:Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

            Гэрч Г.Лхагвасүрэнгийн “...Манай охин Г.Дөлгөөнмөрөнгийн Скайтел компанийн 91192919 гэсэн дугаарыг Г.Батболд гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. Г.Дөлгөөнмөрөн нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Япон улс руу ажиллаж амьдрахаар явсан бөгөөд би энэ хугацаанаас хойш 91192919 дугаарын утасны хугацааг сунгуулаад явж байсан. Тэгтэл 91192919 дугаарын эзэмшигчийн нэрийг Батмөнхийн Бат-Эрдэнэ гэдэг хүн манай охины нэрийн өмнөөс нотариатын үйлчилгээ хийлгэж Г.Батболдын нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд би Скайтел ХХК дээр очиж уулзтал “...Нотариатын бичигтэй үйлчлүүлэгч ирсэн байна, манайхаас ямар нэгэн алдаатай шилжүүлэг хийгээгүй байна...” гэсэн хариу өгсөн. Ингээд би цагдаад хандаж байгаа юм. Би Дөлгөөнмөрөнгийн иргэний үнэмлэхийг ямар нэгэн хүнд дамжуулж өгөөгүй. Харин Дөлгөөнмөрөнгийн хугацаа дууссан иргэний үнэмлэхээр нотариатын үйлчилгээ авсан байсан. Уг хуучин үнэмлэх хаана байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

            Гэрч Н.Одонтуяагийн “...Манай их сургуулийн ангийн найз Батболдын найз Ганбаяр миний 91143336 дугаар утас руу 99100304 дугаарын утаснаас залгаад” ...Би Ганбаяр байна, Батболдын нэр дээр утасны дугаар шилжүүлж байгаа юм. Би дүүгээ явуулчихъя” гэсэн. Тэгээд Ганбаярын дүү гэх нэг залуу ирээд “...Энэ дугаарыг Батболдын нэр рүү шилжүүлж байгаа юм аа...” гэсэн. Тэр залуу итгэмжлэлийн эх хувийг бэлдчихсэн ирсэн. Ингээд би итгэмжлэлийг баталж өгөөд үйлчилгээний хураамж 5000 төгрөг тэр залуугаас авсан...Ганбаярын дүү гэх залуу Итгэмжлэлийн бланк 1 хуудас, Батмөнх овогтой Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Гансүх овогтой Дөлгөөнмөрөнгийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас зэргийг авчирч батлуулсан... Батболдын нэр дээр шилжүүлж байгаа гэсэн утгатай байсан болохоор би гэрчилсэн. Шилжүүлэх эд зүйл нь скайтелийн утасны дугаар байсан болохоор маргаан гарахгүй гэж бодсон. Би Г.Дөлгөөнмөрөнгийн иргэний үнэмлэхний олгосон болон хүчинтэй хугацааг хараагүй. Би Дөлгөөнмөрөнгийн гарын үсгийг зурсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Гарын үсгийг итгэмжлэл дээр зурчихсан байсан... ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 хуудас/,

            Гэрч Г.Батболдын “...Би Тэди төвийн үүдэн дээр Цогтоо гэх миний найзтай нэг залуу хамт явж байсан. Тэгээд тэр залуу надад скайтелийн дугаар зарна гэж санал болгосон. Ингээд би Цогтоотой хамт явж байсан залуугаас 50 000 төгрөгийг бэлнээр өгч худалдан авсан. Цогтоотой хамт явж байсан залуу “...Надад итгэмжлэл оргиналь хувиараа байгаа гол нь нотариатаар орохгүй бол болдоггүй юм байна лээ” гэж хэлтэл Цогтоо хажуу талаас “...Батболдоо чамд таньдаг нотариат байгаа биз дээ туслаад өгөөч” гэсэн. Ингээд би Одноогийн ажилдаг нотариат руу нөгөө хүүхдийг явуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

            Г.Цгэрчээр өгсөн “...Надтай хамт явж байсан Бат-Эрдэнэ уг дугаарын зарна гэж байсан. Тэгээд би Батболд руу залгаад Скайтелийн дугаар авах гэсэн чинь эзэн нь байхгүй байна, нотариатаар батлуулж болох уу?” гэж асуухад Батболд “ ...Эзэн нь байхгүй бол баталж болох юм уу, үгүй юм уу гэдгийг асуугаад, гуйгаад үзье..” гэсэн. Тэгээд нотариат дээр яваад оч гэж хэлсний дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн баруун хойно байдаг газар очсон. Бат-Эрдэнэ нотариатаар итгэмжлэл гэрчлүүлсэн. Итгэмжлэлийг би өөрийн ах Ганбаяраар бичүүлсэн. Дөлгөөнмөрөнгийн иргэний үнэмлэхний хуулбарыг цаасан дээр хэвлэсэн байдлаар Бат-Эрдэнэ авчирсан. Бат-Эрдэнэ 50,000 төгрөгөөр Батболдод худалдсан. Би Бат-Эрдэнээс уг дугаарын эзэн хаана байгаа юм бэ гэж асуухад Бат-Эрдэнэ эзэн нь хаана байгааг мэдэхгүй байсан... Би Ганбаяр ах руу Дөлгөөнмөрөн гэх хүний иргэний үнэмлэхний хуулбарын зургийг явуулаад Дөлгөөнмөрөнгөөс Бат-Эрдэнэд тухайн утасны дугаарыг шилжүүлэх итгэмжлэл бэлдээд өг гэсэн. Тэгээд Ганбаяр ахын бичиж явуулсан загвар дээр ямар нэг засвар хийхгүйгээр нотариатийн газар очиж батлуулахад Бат-Эрдэнэ бид хоёр Тэди төвийн хажуу талын Скайтелийн салбар дээр очоод дугаарыг Бат-Эрдэний нэр дээр шилжүүлсэн иргэний үнэмлэхний хуулбар дээр Дөлгөөнмөрөн гээд бичсэн байхаар нь дуурайлгаад зурчихсан....Эзэн нь байхгүй болохоор зурчихсан юм. ...Дугаар зарсан эмэгтэй хүн манай дүүргийнх гэсэн болохоор бичиг баримтыг хуурамчаар хийчихсэн юм.... Би Дөлгөөнмөрөнгийн иргэний үнэмлэхний зургийг ах руу явуулаад итгэмжлэлийн загвар дээр бөглөөд өг гэсэн. Тэгээд би ахаас фейсбүүк мессенжерээр аваад хүнсний 20 дугаар дэлгүүрийн хажуу талд байдаг бичиг хэргийн газар очоод хэвлүүлж аваад Дөлгөөнмөрөн гэдэг нэрийг бичиж байсан....Ганбаяр дугаар шилжүүлж байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Дөлгөөнмөрөн хажууд байгаа үгүй гэдгийг мэдээгүй...Өөрийн мессенжер чатыг үзэхэд Ганбаяр ахтай харилцсан чатаа устгасан байна...” гэсэн мэдүүлэг /хх-24-25, 28 хуудас/,

            Б.Б гэрчээр өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гар утас авахаар Тэди орчимд явж байтал нэг эгч 91192919 гэдэг дугаар зарна гэсэн. Ямар үнэтэй зарах гэж байгаа юм бэ гэхэд 20,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 15,000 төгрөгөөр зарчих гэсэн чинь тэр эгч зөвшөөрөөд би 15,000 төгрөг бэлнээр өгөөд сим карт, Дөлгөөнмөрөн гэдэг хүний иргэний үнэмлэхний хуулбарын хамт авсан. Би тэр эгчээс энэ ямар дугаар юм бэ гэхэд тэр эгч манай дүүгийн дугаар гэж хэлсэн. Тэр эгчээс салаад явж байгаад талийгаач ахын найз Цогтоо ахтай тааралдсан юм. Яриад зогсож байгаад дугаар авсан талаар хэлэхэд утасны дугаарыг сонсоод зарах юм уу гэхээр нь зарна гэхэд Цогтоо ах таньдаг нотариатын газар байгаа гээд урт цагааны ар талд байдаг Скайтел руу ороод дугаарыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан Тэр өдрөө Цогтоо ахтай хамт явж байгаад Цогтоо ахын найзад 50,000 төгрөгөөр зарсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

            Гэрч Г.Ганбаярын “...Би өөрөө хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг бөгөөд Цогтгэрэл нь над руу утасны дугаар шилжүүлэх гэсэн юм итгэмжлэлийн загвар байна уу гэхээр нь би өөрт байсан итгэмжлэлийн загварыг дүү Цогтгэрэл рүү мейл хаягаар явуулсан. Миний явуулсан загварыг Цогтгэрэл Бат-Эрдэнэ нар засч янзалсан байх ... юунд ашиглах гэж байгаа талаар хэлэхгүй утасны дугаар шилжүүлэх загвар байна уу гэхээр нь би өөрт байсан загварыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

             Бусад бичгийн баримтууд /хх-ийн 38-44, 56-61/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, өөрийн төрсөн ах Г.Ганбаяраар бичүүлсэн “Г.Дөлгөөнмөрөнгөөс Б.Бат-Эрдэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон” итгэмжпэлийн төсөл дээр Г.Дөлгөөнмөрөнгийн гарын үсгийг дуурайлган бичиж, Б.Бат-Эрдэнэд эрх олгосон баримт бичиг хуурамчаар үйлдэн нотариатаар батлуулан хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь Г.Цогтгэрэлийн хуурамчаар үйлдсэн дээрх итгэмжпэл буюу хуурамч баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Дөлгөөнмөрөнгийн эзэмшлийн 91191929 дугаарыг П.Батболдод 50,000 төгрөгөөр худалдсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ц, Б.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул шүүгдэгч Г.Ц, Б.Б нарыг хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.Ц, Б.Б нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Г.Ц, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд Г.Ц, Б.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар тус бүрийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй шүүгдэгч Г.Ц, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

1. Хөвгүүд овогт Ганбатын Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримт бичгийг хуурамчаар үйлдсэн , хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Боржигон овогт Батмөнхийн Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц, Б.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

 4. Шүүгдэгч Г.Ц, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГ