Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар 

 

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч О.С

Насанд хүрээгүй хохирогч Д.Батбаяр түүний хууль ёсны төлөөлөгч М.Лхагвасүрэн, нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аймагхар овогт Оюунгэрэлийн С холбогдох эрүүгийн 2003000000379 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 43-717 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аймагхар овогт Оюунгэрэлийн С /РД: УЦ01241455/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Ст нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны 23 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 1 дүгээр буудлын замд “Toyota Prius” маркийн 04-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 1.3 (үргэлжилсэн хос шугам) - “дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа мопедод зам тавьж өгөлгүй, хориглосон газарт буцаж эргэх үйлдлийг хийсний улмаас мопедын жолооч Д.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2003000000379 тоот эрүүгийн хэргээс:

    Шүүгдэгч О.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

          Насанд хүрээгүй хохирогч Д.Батбаярын “... би гараад мопедоо унаад ардаа найз Гантулгыг сундлаад Салхитын 1 дүгээр буудлын орчим би замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээ рүү шилжтэл автобусны буудал дээр зогсож байсан Приус маркийн автомашин шууд буцаж эргэх үйлдэл хийгээд миний урдуур хөндлөн ороод ирэхээр нь би тоормосоо гишгээд чигээрээ очоод тухайн Приусын зүүн хойд хаалга хэсэг рүү мопедныхоо урд хэсгээр мөргөчихсөн юм. Тэгээд би тухайн Приусыг даваад цаад талд нь газар унаад, нэг сэртэл эмнэлгийн машинд сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

         Гэрч О.Гантулгын “...Салхитын 1 дүгээр автобусны буудал дээр зогсож байсан Приус-20 маркийн автомашин шууд зүүн гар тийшээгээ буцаж эргээд миний сууж явсан мопедны урдуур ороод Батбаяр бид 2 чигээрээ очиж мопедны урд хэсгээр Приус 20-ийн зүүн ард хаалга хэсэг рүү нь мөргөөд Батбаяр бид 2 үсрээд цаана нь унасан. Тухайн үед бид 2 зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Тухайн Приус 20 автобусны буудлаас буцаж эргэх үйлдэл хийх үед мөргөлдсөн.... Осол болох үед Батбаяр бид 2 30-40 км/цагийн хурдтай явж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

        Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10813 дугаартай “1.Д.Батбаярын биед зүүн тойг ясны сэлтэрсэн хугарал, хамрын нуруу, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, баруун ташаа, баруун тохой, зүүн шагайн үений цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

        “Мастер үнэлгээ” ХХК 26695 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангийн хавсралт “... Эзэмшигчийн нэр:     Д.Батбаяр ...Honda CN250 ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 600.000 төгрөг...” гэсэн автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 68-73 дугаар хуудас/,

 Мөрдөгчийн магадлагаа “1.Тоёота Приус 20 маркийн 04-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Оюунгэрэл овогтой Саранцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", мөн дүрмийн 1.3 (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана; мөн дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 44-46 дугаар хуудас/

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-16 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Сь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны 23 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын 1 дүгээр буудлын замд “Toyota Prius” маркийн 04-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 1.3 (үргэлжилсэн хос шугам) - “дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;” мөн дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж өөдөөс чигээрээ яваа мопедод зам тавьж өгөлгүй, хориглосон газарт буцаж эргэх үйлдлийг хийсний улмаас мопедын жолооч Д.Батбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд  гэм буруугаа  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Д.Батбаярын мэдүүлэг, гэрч О.Гантулгын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10813 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Снь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган насанд хүрээгүй хохирогч Д.Батбаярын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч О.С нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч О.С ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн О.Саранцогтын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэв.

Шүүгдэгч О.Снийт 1118000+600000=1.718.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Д.Батбаярт олгуулахаар шийдвэрлэв.

Дээрх гаргуулахаар шийдвэрлэсэн хохиролын 1.118.000 төгрөг нь насанд хүрээгүй хохирогчийн хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардал, 600,000 төгрөг нь хохирогчийн унаж явсан мопетны үнэлгээр тогтоосон /хх-ийн 68/ хохирол болно.

Шүүгдэгч О.С  “В” ангиллын  1329840 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Насанд хүрээгүй хохирогч Д.Батбаяр нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Аймагхар овогт О С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг)  1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарсугай.

         6. Шүүгдэгч О.С “В” ангиллын  1329840 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар О.С  1.718.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Д.Батбаярт олгосугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Д.Батбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРМАА