Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 577

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т,

Хариуцагч: Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “УИХ-ын Тамгын газрын  Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллагаас сонгон шалгаруулж Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамруулдаг. Уг сонгон шалгаруултад Монгол Улсын Их Хурлын харьяа байгууллага болон Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комиссоос хүмүүс оролцсон. Улмаар бүх шалгаруултад тэнцсэн. Засгийн газрын тэтгэлгийн шаардлагаар 2014 оноос эхэлж англи хэлний сургалтад хамрагдсан. Иймд 2015 оны 06 дугаар сард Австрали улс руу магистрийн зэрэг хамгаалахаар явсан. Австрали улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээ  байгуулж, төлбөрийг төлж байгаа учраас буцаж ирэхэд нь ажилд авна гэсэн гэрээ байдаг. Үүнээс гадна Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай гурвалсан гэрээ байгуулсан. Мөн манай байгууллага тусдаа гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийг гаргаж байгаа учраас төгсөж чадахгүй бол өөрөө бүх зардлуудаа бүгдийг нь хариуцах ёстой гэсэн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төгсөж ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт өөрийн биеэр очсон. Суралцаж  байх хугацаандаа буцаж орно гэсэн агуулгатай өргөдлийг явуулсан боловч хариу ирээгүй. Өргөдлийн хариугаа нэхээгүй, хуулийн хугацаанд буцаж орно гэж бодож байсан. Тухайн үед өргөдөл ирснийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар мэдэж байгаа, шийдэж өгнө гэсэн. Дахин өөрийн биеэр очиж уулзсан бөгөөд тодорхой хариу өгөөгүй. Иймээс Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт өргөдлийн дагуу ажилд авах нь зүйтэй гэсэн. Тэгээд шийдвэр гаргахгүй болохоор нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орсон. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар 2016 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Энэ нь албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзаж зарим ажил чиг үүргүүдийг нэгтгэн зохион байгуулж, зарим чиг үүргүүдийг бусад нэгжүүд рүү шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн Экспертийн албан нь өөрчлөгдөж Эрх зүйн шинжилгээний алба болон зохион байгуулагдсан. Үүнтэй холбогдуулж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэж Тамгын газар ажиллаж байсан ажилтнуудыг холбогдох албан тушаалд шилжүүлэх ажлуудыг хийсэн. Б.Т нь Монгол Улсын Их Хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар 2015 оны 06 дугаар сард 02-ны өдрийн 424 дүгээр захирамжаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу чөлөөлөгдсөн. Энэ заалтаар чөлөөлөгдсөн тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалт хуульд байхгүй. Харин энэ заалтаар чөлөөлөгдсөн бол Төрийн албан хаагчийн нөөцөд байсан гэсэн хуулийн заалттай. Б.Т ажилд орох хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтэд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т зааснаар үндэслэж чөлөөлөгдсөн байна. Энэ тохиолдолд нөөцөд байна. Тухайн үед орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангана гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Австралийн тэтгэлэгт төлбөрийн газар иргэн Б.Ттай гурвалсан гэрээг байгуулсан зүйл Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт байхгүй. Хавтаст хэрэгт хавсаргаснаар албан бус орчуулга хэрэгт байгаа гэрээний 4.6-д зааснаар “...ажлын байр хангах боломжийг эрэлхийлнэ” гэсэн байгаа. Ажлын байраар хангана гэсэн заалт байгаагүй. Б.Тг Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт төлбөрт хамруулъя гэж Монгол Улсын Их Хурлын Тамгын газар захиалга өгч энэ талаар тодорхойлсон хүсэлт байхгүй. Харин Б.Т өөрийн хүсэл сонирхлоороо тухайн сургуульд явна гэж хөөцөлдсөн. Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Б.Т нь явахаасаа өмнө жил 06 дугаар сар ажил хийгээгүй. Байнгын чөлөө зөвшөөрөл хүсэж байсны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 06 дугаар сарын цалингүй чөлөө болон  03 дугаар сарын цалинтай чөлөө хангалттай олгосон. Мөн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд нь анхаарч байсан ба орон сууцны дэмжлэг үзүүлсэн. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол үндэслэл гадаадад суралцагчтай байгуулах гэрээ болон Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын сургалтын журам нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 526 дугаар захирамжаар хүчингүй болсон. Уг журам гэрээ нь хуулиас давсан гэдгийг холбогдох аудитын байгууллагаас шийдвэр гарсан. Энэ журам дээр Төрийн албан хаагч мэргэжил эзэмшүүлэхэд нь байгууллагаас төлбөр төлдөг гэж өөр хуулиас давсан зохицуулалт байсан учраас тухайн гэрээ хүчингүй болсон. Ийм учраас Б.Тгийн албан тушаал хэвээрээ хадгалагдах эрх зүйн үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “...төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлснийх нь төлөө төрөөс цалин олгоно”гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална” гэсэн заалт нь сургалтаар чөлөөлөгдсөн хүний ажил албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалт байхгүй. Иймд Б.Тг ажилд  эргүүлэн томилох албан тушаалыг эргээд хэрэгжүүлээгүйн төлөө ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Б.Тг ажлаас халаагүй, сургалтаар явсан. Төрийн албаны тухай хуулийн 03 дугаар сараас дээш хугацаагаар суралцах тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлнө. Энэ нь нөөцөд бүртгэлтэй байдаг.

Манай байгууллага ажилтнаа дэмжиж Б.Тгийн суралцах хугацааных нь 2 жилийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Харин байгууллага Б.Тг бүх талаар дэмжиж тусалж байхад Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай шүүхийн журмаар явж байгаа нь хувь хүний ёс зүй асуудалтай холбоотой байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Б.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн экспертийн албанд хуучин нэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн шинжилгээний албанд референтээр эргүүлэн томилуулах. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжтой зөрчилдсөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Иймээс Б.Х*******гийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу “...эрхэлж байсан ажил албан тушаалыг эргүүлэн авах мөн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “...ажлаас үндэслэлгүй халсан, ажилтныг өөрөөр хэлбэл ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан Б.Т мөн үү гэдэг асуудлыг шинжлэн судалж нягтлахаар, ажлаас үндэслэлгүй халагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасны дагуу “...төрийн албанаас түр чөлөөлөх эрх зүйн хувьд түр чөлөөлөгдөж, мөн хуулийн 23.5-д зааснаар “...нөөцөд байгаа төрийн албан хаагч учраас нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага болох ажилдаа эргүүлэн орох тухай шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэж байна.

Ажилдаа эргүүлэн орох өргөдөл гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ажилд томилогдох хүртэл сар болгон 821,779 төгрөг тооцож, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажлаас халагдаагүй учраас 821,779 төгрөгийг нэхэмжлэх эрх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үүсэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Цалинтай холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарсан. 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргаснаас хойш хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, захиргааны шийдвэр гаргаагүй, эс үйлдэхүй буюу хууль бус үйлдэл болохыг тогтоох гэдэг нь логикгүй байна. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын Тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан байсан. Энэ хавтаст хэрэгт нотлох баримтаар Улсын Их Хурал Тамгын газраас гаргасан өргөдөл гомдлын бүртгэлээр тогтоогдсон. Гэхдээ 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд Улсын Их Хурал Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цгоос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 14/1760 тоотоор хариу өгсөн. Эрх зүйн шинжилгээний албаны Экспертийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангах. Судалж үзэхэд Улсын Их Хурал Тамгын газраас Эрх зүйн шинжилгээний алба нь гурван референттэй байх нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Б.Х*******, н.Э*******, М.Эё нар ажиллаж байгаа. Орон тоо байхгүй байгаа учраас орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангана гэж Ц.Ц дарга мэдэгдсэн. Үүнийг эс үйлдэхүй болон хууль бус болохыг тогтоолгох нь ойлгомжгүй байна.

Төрийн албаны зөвлөлөөс ажилд нь эргүүлэн авахыг үүрэг болгосныг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасан байгаа. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн н.Цогоо даргын өгсөн хариу гэрээнд заасны дагуу Б.Тг ажлын байраар хангана гэсэн агуулгатай албан бичгийг өгсөн. Төрийн албаны албан бичгийг  даалгах шүүхийн хууль бус эс үйлдэхүй байхгүй байгаа учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн алба ажлын байраар хангах, гэрээнд заасны дагуу боломжит ажлын байрыг эрэлхийлэх заалттай хариуцагчийн төлөөлөгч хэллээ. Ц.Ц дарга ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд ажилд авна гэсэн. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг зөрчиж байна. Орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангах учраас энэ хугацаанд шүүхээр яваад байх биш. Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт өөр сул орон тоо гарсан тохиолдолд ажилдаа орох байдлаар төрийн албан хаагчийн харилцааныхаа хувьд очиж уулзаж удирдлагуудтайгаа шийдэх бололцоотой асуудалд заавал шүүхэд логик муутай нэхэмжлэл гаргаад явж байгаа өөрт нь хортой үйлдэл бий болгож байна. Иймд Б.Тгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа “Ажилд орохоор  өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд  нэхэмжлэл  гаргах  хүртэлх үе буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй  байсан хугацааны үндсэн цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн  даатгалын  шимтгэлийг  нөхөн төлүүлэх” гэж тодорхойлж байгаад “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг  УИХ-ын Тамгын газарт даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас “Улсын Их хурлын Тамгын газрын 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 14/1765 тоот албан бичиг нь илт хууль бус захиргааны акт болсон эсэхийг тогтоолгох, хууль бус шийдвэр гаргасантай нь холбоотойгоор төрд учирсан хохиролыг Улсын Их хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цгоор төлүүлэх”-ийг хүссэн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан болно.  

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Нэхэмжлэгч Улсын Их хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүй, Экспертийн албаны референтээр /хуучнаар/ ажиллаж байгаад Австралын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад магистрийн цол хамгаалахаар явж, сургуулиа төгсөж ирээд урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа гэрээнд заасны дагуу ажиллах хүсэлтээ гаргасан боловч хариуцагч талаас уг албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангахаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны төв зөвлөлд хандсаны дараа шүүхэд хандсан” үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч тал “Миний бие гадаад улсад суралцагчидтай хийх гэрээний дагуу Австрали улсад суралцаж ирээд урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа буцаан томилогдох ёстой. Учир нь би ажил албан тушаалаасаа түр чөлөөлөгдсөн бөгөөд миний эрхэлж байсан албан тушаалыг хадгалах үүргийг хариуцагч тал хүлээнэ” гэж, хариуцагч тал “Б.Тг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 424 дүгээр захирамжаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны референтийн албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтын дагуу чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу нөөцөд байгаа төрийн албан хаагчид тооцогдож байгаа тул түүний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж маргаж байгаа болно. 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “УИХ-ын Тамгын газрын  Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч 2007 оноос эхлэн Улсын Их хурлын Тамгын газарт зохион байгуулагч, шинжээч, референтийн орон тоон дээр ажиллаж байгаад 2014 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан магистрантурт 2 жилийн хугацаагаар суралцах болсон тул Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Тг үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” 424 дүгээр захирамжаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны референтийн үүрэгт ажлаас тус өдрөөр тасалбар болгон түр чөлөөлжээ. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “гадаад улсад суралцагчидтай хийх гэрээ”-г УИХ-ын Тамгын газрыг төлөөлж Н.Ширэндэв, нөгөө талаас Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн референт Б.Т нар байгуулсан байна. Уг гэрээний 2-ын 2.1.2-т “Тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална” гэж заажээ.

Нэхэмжлэгчийг Австрали улсад суралцаж  байх хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дээрх гэрээний хугацаа дууссан тул 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт явуулж, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажил, албан тушаалдаа буцаж орох хүсэлтээ гаргасан бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “ хариу өгөх тухай” 14/1760 дугаартай албан бичгээр иргэн Б.Тд “Эрх зүйн шинжилгээний албаны референтийн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байраар хангахыг мэдэгдсэн” байна.

Нэхэмжлэгч Б.Т нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Тг үүрэгт ажлаас түр чөлөөлөх тухай” 424 дүгээр захирамжаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Экспертийн албаны референтийн  үүрэг ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон” гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр  мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно”, 17 дугаар зүйлийн 17.3-д “... энэ хуулийн 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ”, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх журмын 2-ын 4.2-д “Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.2, 23.4-т заасан үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөц” гэж зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгджээ.

Нөөцөд бүртгэгдсэн тохиолдолд Төрийн жинхэн албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 2.2.1-т “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” 4.2-д “Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэсэн заалтууд үйлчлэхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “би албан тушаалаас түр чөлөөлөгдсөн гэрээнд зааснаар  ажлын байрыг хадгалах үүргийн захиргааны байгууллага хүлээх ёстой” гэж тайлбарлаж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд  ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг нэг бүрчлэн  заасан байх бөгөөд гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон үед түр чөлөөлөх тохиолдлыг заагаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ажилдаа орох өргөдлийг өгснөөр цалин хөлс авах эрх зүйн боломжгүй юм. Хариуцагч болох захиргааны байгууллагын зүгээс  нэхэмжлэгчийг  ажлаас түр чөлөөлөхөөс өмнө албан тушаалын гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаар тушаалаар 2014 оны 03 дугаар 20-ны өдрөөс 3 сарын цалинтай чөлөө олгож, 6 сарын цалингүй чөлөө  2 удаа олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон олгож байжээ.

Мөн Б.Тгийн суралцаж байх хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос төлж байсан байна.

2. “УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж  заасан байх бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Хариу өгөх тухай” 14/1760 дугаар албан бичгээр  нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтэд “Таныг 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 424 дүгээр захирамжаар түр чөлөөлсөн бөгөөд Тамгын газрын төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байна. Эрх зүйн шинжилгээний албаны референтийн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд ажлыг байраар хангахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн утга бүхий хариу хүргүүлжээ. 

Мөн нэхэмжлэгч Ерөнхий нарийн бичгийн даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 479 дүгээр захирамжаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны референтээр томилогдсон Б.Х*******гын албан тушаалд томилогдох ёстой гэж маргаж байгаа юм.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэн батлах тухай” 650 дугаар захирамжаар экспертийн алба өөрчлөгдөн эрх зүйн шинжилгээний алба болсон. Эрх зүйн шинжилгээний албыг 11 орон тоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 651 дүгээр захирамжаар баталж, референтийн орон тоог 3 байхаар баталжээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажилдаа орохыг хүссэн өргөдөл гаргасан огноотой Эрх зүйн хэлтсийн  шинжилгээний албаны референтээр  Б.Х*******г томилсон өдрийн огноо давхцаж байгаа боловч УИХ-ын Тамгын газраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Авилагатай тэмцэх газарт “Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг  хянуулахаар хүргүүлж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус мэдүүлгийг хянаж хариу хүргүүлсэн 01/5474 дугаартай, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай” 891 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд  сул орон тоо байхад хууль бусаар Б.Х*******г томилсон байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь Б.Х*******г 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ажилд томилох тушаал гаргасан боловч хуульд заасан шаардлагыг хангуулахаар явуулсан ажиллагаа хийгдэж байсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг  хууль заасан хугацаанд шийдвэрлээгүй гэх буюу шийдвэрлэлгүй орхигдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

3. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлагын тухай: Нэхэмжлэгч төгсөж ирээд өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа орох хүсэлтийг гаргасан боловч захиргааны байгууллагаас “орон тоо байхгүй” гэсэн хариу ирүүлсэн учир Төрийн албаны  зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  1184 дугаартай албан бичгээр  Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд дэд гэрээний 8.2-ын 3-д “хөтөлбөрт хамрагдсан суралцаж төгссөн оюутнуудыг эргэн ирэхэд хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэгээ ашиглах боломжит ажлын байраар хангах гэж УИХ-ын Тамгын газраас Б.Ттай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай гэрээний 2-ын 2.1.2-т тамгын газрын захиалгаар суралцаж буй ажилтны ажлын байрыг хадгална гэж заасан тул Б.Тг ажлын байраар хангана уу” гэсэн утга бүхий албан бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цд хүргүүлжээ.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг байгууллага бөгөөд Б.Тгийн гомдолд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээс биш УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын дээд шатны албан тушаалтан гэж үзэх боломжгүй юм.

           Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбоотой асуудлаар гаргасан маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэх эрхтэй ч энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн хүрээнд гомдолыг хянан шийдвэрлэх үүрэгтэй юм.

              Дээрх нөхцөл байдлыг тодруулбал нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад томилогдох эрхтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасан “гурван сараас дээш хугацаагаар суралцах болсон” үндэслэлээр захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн бол албан тушаалын сул орон тоо байхгүй тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүргийг хүлээхгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,  106.3.14-д заасныг удирдлага болгох ТОГТООХ НЬ:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг баримтлан Б.Тгийн нэхэмжлэлтэй УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдуулан гаргаснаар “УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн шинжээчийн албанд референтээр томилуулах, ажилд орохоор өргөдөл гаргасан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинг нэг сарын 821,779 төгрөгөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, УИХ-ын Тамгын газар миний гаргасан өргөдлийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус эсэхийг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 1184 тоот албан бичгээр Б.Т намайг ажилд нь эргүүлэн авахыг даалгасан бөгөөд дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлэхийг УИХ-ын Тамгын газарт даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

           

 

 

ДАРГАЛАГЧ                      Д.ЧАНЦАЛНЯМ