Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 959

 

 

Б.Мөнгөнчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2  дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Ц.Мөнхжаргал

Хариуцагч  Д.Гансүх нарт холбогдох

 

            Түрээсийн гэрээ цуцалсны хохирол 11 226 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                              Б.Мөнгөнчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                      Ч.Ням

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч               Д.Гансүх

Хариуцагчийн өмгөөлөгч                                         М.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: "...би Ц.Мөнхжаргалын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, 104 дүгээр байр, 12,13 тоотод байрлах, 000234165 тоот гэрчилгээтэй, Ү-2204046584 тоот улсын дугаартай, 172.07 м2 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зоогийн газрын зориулалтаар 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 6 жилийн хугацаагаар түрээслэсэн. 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдөр барьцааны 2 000 000 төгрөгийг иргэн Д.Гансүхэд бэлнээр өгч, түлхүүрийг нь авч уг байрыг 11 226 000 төгрөг гаргаж 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудад засвар хийж тохижуулан зоогийн газрын зориулалттай болгон 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ц.Мөнхжаргалаас байрны түлхүүр авах үед уг байр нь дутуу баригдсан байсан бөгөөд миний зүгээс байранд засвар хийж тохижуулсан хугацааг түрээсийн хоногт оруулан тооцоогүй болно. Би уг байрны түрээсийн төлбөрт 2014 онд 41 600 000 төгрөг, 2015 онд 23 600 000 төгрөг, 2016 оны эхний 3 сард 4 532 000 төгрөг тус тус цаг тухайд нь өгч байсан болно. Гэтэл Д.Гансүх 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байраа цаашид түрээслүүлэхгүй, Сайханбилэг сайдын сурталчилгаанд ашиглана, гэрээгээ цуцаллаа, яаралтай гар гэх мэтээр хөөж, манай эд хөрөнгийг байхгүй хойгуур 2016 оны 3 дугаар сарын 20-ны шөнө гадаа гаргаж хурааж орхисон байсан, аргагүй эрхэнд би түрээсийн гэрээгээ цуцлахаар болж нүүсэн. Ийнхүү түрээсийн гэрээ хууль бус ажиллагаанаас болж гэнэт цуцлагдсанаас миний бизнесийн төлөвлөгөөнд асар их хохирол учирсан. Би 6 жил түрээслэх хугацаандаа банкнаас зээл авч байранд зохих ёсны хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гэрээ гэнэт цуцлагдсанаас болж зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Иймд Ц.Мөнхжаргалтай байгуулсан түрээсийн гэрээ гэнэт цуцалсантай холбогдуулж Ц.Мөнхжаргал, Д.Гансүх нараас 2013 оны 6-10 дугаар саруудад тус байранд засвар хийсэн зардал болох 5 747 500 төгрөг, 380 квт-ын цахилгааны щит тавиулсны зардал         1 985 000 төгрөг, бохирын сантехникийн засвар хийсэн зардал 693 000 төгрөг, шинээр зоогийн газрын зааланд тек хийж тохижуулахад гарсан зардал 2 800 000 төгрөг, түрээсийн барьцаанд төлсөн 2 000 000 төгрөг, нийт 11 226 900 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэв.

 

Хариуцагч Ц.Мөнхжаргал, Д.Гансүх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэг нь манай 172.07м2 үл хөдлөх эд хөрөнгийг 6 жилийн хугацаатай түрээслэхээр 2013 оны 6 дугаар сарын 2-ны өдөр барьцаа 2 000 000 төгрөгийг Д.Гансүх миний Хаан банкны 5018370691 тоот дансанд шилжүүлэн эхнэр Ц.Мөнхжаргал болон надаас тус үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүрийг авч 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудад засвар хийж тохижуулсан гэдэг нь дараах баримтуудаар болон цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байгаа юм. Хаан банкны 5018370691 тоот дансны дэлгэрэнгүй хуулгын 2013 оны 6 дугаар сарн 2-ны өдрийн орлого, зарлагын мэдээллээр Б.Мөнгөнчимэг 2 000 000 төгрөгийг шилжүүлээгүй гэдэг нь нотлогдоно. Мөн 2013 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгтэй үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ болон барьцааны ямар нэгэн төлбөр аваагүй, түүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцааны эрх, үүрэг хүлээгээгүй байсан тул түүнд түлхүүр өгөх ямар ч үндэслэл байхгүй юм. Мөн нэхэмжлэлдээ манай үл хөдлөх эд хөрөнгийг дутуу баригдсаныг гүйцээн 2013 оны 6-10 дугаар саруудад засвар үйлчилгээ хийж эхэлсэн мэтээр дурьдсан байдаг. Ц.Мөнхжаргал нь "Жоннотан" ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр оффис үйлчилгээний заал захиалгаар барих бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээний ерөнхий нөхцөлд "гүйцэтгэгч нь ... бүхий үйлчилгээний заалыг энэ гэрээнд заасны дагуу  өөрийн хөрөнгөөр барьж дуусган захиалагч талд хүлээлгэн өгнө", "Захиалагч нь 2 давхрын цутгалт, шилэн хаалт паркетан шалны үнэ 33 000 000 төгрөг буюу 23656 ам.долларыг нийт төлбөр дээр нэмж гүйцэтгэгчид төлнө" зэрэг заалтууд тусгасан байгаа нь дутуу барилга манайх аваагүй гэдгийг нотолж байгаа юм. Түрээсийн байрыг анх захиалгаар бариулаад ашиглалтад оруулсан цагаас эхлэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 220 квт буюу өрхийн энгийн хэрэглээг ашигладаг байсан. Б.Мөнгөнчимэг нь өөрийн зардлаар 380      квт-ын цахилгаан, щит тавьж татуулсан эсэх асуудал түрээслүүлэгч талд хамаарахгүй асуудал юм. 380 квт-ын цахилгаан, щитийг тавиулахдаа бидэнтэй огт холбогдоогүй, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл гэрээг байгуулаагүй байдаг. Харин Б.Мөнгөнчимэг түрээслэж байх хугацаандаа ашиглаж байгаад байрыг суллах үедээ үлдээсэн цахилгааны щит болон утас зэрэг хадгалагдаж байгаа бөгөөд биет байдлаар нь буцаан өгөх боломжтой тул Б.Мөнгөнчимэг нь дээрх эд зүйлээ буцаан авахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Бохирын сантехникийн засвар хийхэд 693 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Мөн бохир сантехникийн засварыг хийх тухайгаа түрээслүүлэгч бидэнд мэдэгдэж зөвшөөрөл авч байгаагүй. Б.Мөнгөнчимэг нь тек хийж тохижуулсан зардалд 2 800 000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ текийг тоосгоор өрж шавардаад плитагаар өнгөлөн шууд салгах боломжгүйгээр хийсэн байсан. Түрээслэгч тал нүүж явахдаа салгаад авч болох бүхий л эд зүйлээ авсан бөгөөд салгах боломжгүй, салгаснаар өмнөх байдлаа алдах, эвдэрч гэмтэх текийг орхиж явсан. Миний зүгээс энэхүү текийг яаралтай аваарай гэж удаа дараа хэлсэн боловч ирж аваагүй юм. Иймд түрээслэгч нь түрээсэлж буй байрандаа зохих хэмжээний засан сайжруулах зүйл хийсэн боловч салгаж болох бүхий л эд зүйлээ авч явсан. Салгаж болохгүй эд зүйл буюу тек буулгаж аваагүй тул бид өөрсдийн зардлаар буулгаж хогийг нь зөөж хаясан юм. 2015 оны 12 cap, 2016 оны 1, 2,3 дугаар саруудын ашиглалтын зардал төлөөгүй. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Ц.Мөнхжаргал нь гэрээ цуцалснаас гарсан хохирлыг Б.Мөнгөнчимэгээс нэхэмжилж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр шийдвэрлүүлсэн байдаг. Иймд Б.Мөнгөнчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхжаргалаас 4 382 400 /дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 843 100 төгрөгт холбогдох хэсэг болон Д.Гансүхэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Мөнхжаргалаас 85068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгт олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн     26 077 50 төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгээс гаргуулан улсын орлогод оруулж, урьдчилан төлсөн 198 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх болон түүний өмгөөлөгч 
М.Цэнгүүн нар давж заалдах гомдолдоо: ...Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл болоод эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа бий болсон юм. Эд хөрөнгө хөлслөх гэрээ нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгийн буруутай үйлдлийн улмаас цуцлагдсан болохоос хөлслүүлэгчийн буруу байгаагүй болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 5290 дугаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байгаа болно. Иймд Б.Мөнгөнчимэг гэрээний зардал хохирол шаардах эрхгүй. Өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ хуулийн хүчин төгөлдөр нөхцөлөөр байгуулагдан эрх зүйн харилцаа бий болж хэрэгжиж ирсэн, тохиролцсон гэрээний дагуу 3 сарын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх, мөн ус, дулаан, цахилгаан хэрэглээний төлбөрөө Б.Мөнгөнчимэг төлөөгүй төдийгүй зөвшөөрөлгүй, дур мэдэн байрыг дамжуулан хөлсөлсөн буруутай нь дүгнэгдэж төлбөрийг хариуцуулсан нь гэрээ хэний гэм буруугаас цуцлагдсан гэдэг үйл баримт тогтоогдсон байгаа юм. Гэрээний 2.4,-т хөлслүүлэгчийн эрхэд Иргэний хуулийн 288 дугаар зүйлд
заасан эрхийг эдлэхээр тохирсон.

Гэрээнд тохиролцсоноор хөлслөгч эд хөрөнгийг зөвшөөрөлгүй засвар хийхгүй байх, мөн ердийн элэгдлээс муутгасан тохиолдолд доголдлыг өөрийн зардлаар засч анх хүлээн авсан байдлаар хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн, хөлслүүлэгч нь хохирлоо шаардах эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар талуудын зөвшөөрч байгаа гэрэл зургуудаар анх бүрэн засалтай шинэ байр хүлээлгэн өгсөн. Мөн Б.Мөнгөнчимэг зөвшөөрөлгүй бусдад дамжуулан түрээслэсэн. Нэхэмжлэгчид шаардлага тавихад байрыг хаяж явсан.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д зааснаар салгаж болох ...засан сайжруулалт хийсэн бол түүнийгээ салгаж авах нь хөлслөгчид байна.Өөрөөр хэлбэл би байраа засч янзлахдаа салгаад бэлдээд тавьчихсан биет байдлаараа байгаа эд зүйлсийг нэхэж байгаа бол суултуур шаазан тосгуур, төмөр тосгуур, гар хатаагч, хөл пускатель, тоолуур, жижиг пускатель, шит хайрцаг, розетка, унтраалга, таазны гэрэл зэрэг эд зүйлсийг худалдаж авсан гэж хуурамч 4 ширхэг зарлагын баримтыг үнэлж салгаж болохгүй, тооцоолох боломжгүй болсон эд зүйл болох тоосго, цемент, обой, цавуу, ханын плита, плитаны цавуу зэрэг тухайн үед ашигласан гэх барилгын материалыг мөн мөнгөөр тооцсон нь үндэслэлгүй тул мөнгө шаардах эрхгүй.

Гэтэл Б.Мөнгөнчимэг засан сайжруулалт хийсэн эсэх, хийгдсэн гэж үзвэл тухайн эд зүйлс нэхэмжлэгчийнх мөн эсэх, байгаа эсэх, буцааж шаардах эрхтэй эсэх зэрэг бүх зүйлийг хянан хэлэлцэж дүгнэсэн байсан. Би өөрийн зардлаар салгаж хадгалж байсан хуучин элэгдчихсэн, хаяад явсан зүйлсийг Б.Мөнгөнчимэгийн хуурамчаар үйлдсэн зарлагын баримтаар мөнгө гаргуулсан нь үндэслэлгүй хууль бус бөгөөд яг ямар эд зүйлс түүнийх гэдэг нь огт тогтоогдоогүй байхад Б.Мөнгөнчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэм буруугийн үйл баримт тогтоогдсон байхад хууль зөрчсөн хэлцэл гэж үр дагавар тооцсон нь илт үндэслэлгүй. Шүүх хууль бус гэрээний үр дагавар гаргуулсан мөртлөө гэрээний үүрэг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэдэг нь нотлогдоно. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн засвар хийсэн болон үлдээсэн эд зүйл байхгүй болох нь нотлогдсон гэж дүгнэсэн боловч мөнгө гаргуулсан нь хууль зүйн дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй болгож байна. Б.Мөнгөнчимэгийн гэрч нар шууд гэрч болж чадахгүй, үндсэн нотлох баримт ирүүлээгүй харин миний мөнгө хүлээн авсан банкны харилцах дансны гүйлгээгээр хэзээ хэдэн төгрөг өгсөн нь нотлогддог. Харин Б.Мөнгөнчимэгийн гэрч нар намайг цоо шинэ байр хүлээлгэж өгч байсныг гэрчилдэг. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэг нь хариуцагч Ц.Мөнхжаргал, Д.Гансүх нарт холбогдуулан 11 226 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргасан байна.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц.Мөнхжаргал өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ гудамж, 104 дүгээр байр, 12,13 тоотод байрлах,  172.07 м2 талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг зоогийн газрын зориулалтаар Б.Мөнгөнчимэгт 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 6 жилийн хугацаагаар, сарын 3 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.                                        /хэргийн 1 дүгээр хавтас 6 дугаар тал/

 

            Талууд 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний  төлбөрийн нөхцөлийг өөрчилж, түрээсийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд сарын төлбөр нь 1 700 000 төгрөг, үлдсэн хугацаанд 3 500 000 төгрөг байхаар тогтсон байна.

 / хэргийн 1 дүгээр хавтас 8 дугаар тал/

 

             Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байх ба талууд түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх заалттай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “…түрээсийн байрыг засч тохижуулсан, цахилгааны щит тавиулсан,  бохирын сантехникийг засуулсан, үйлчилгээний зааланд тек хийсэн зардал болон, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 2 000 000 төгрөг мөнгийг гаргуулна” гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө гэрээний 3.2-т заасны дагуу зайлшгүй гарах жижиг /урсгал/ засварыг нэхэмжлэгч хариуцана, мөн цахилгааны щит болон утсыг биет байдлаар өгнө, нэхэмжлэгчид текийг удаа дараа авахыг шаардсан боловч аваагүй учир буулгаж, хогийг зөөсөн гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус гаргажээ.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэг түрээсийн байранд хийсэн засварынхаа үнийг буцаан шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн барилгын материал худалдаж авсан баримт, барилгын заслын ажлын гэрээ, зарлагын баримтууд, засвар хийх үеийн зураг, цахилгаан сүлжээнд тус байрыг холбох зөвшөөрлийн хуудас, тоолуурын зөвшөөрөл, баталгаажуулалтын гэрчилгээний хуулга, үзлэгийн тэмдэглэл гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагчийн өмчлөлийн байрыг нэхэмжлэгч эзэмшиж байх хугацаандаа бохирын сантехникийн засвар хийлгэсэн, цахилгааны щит тавиулсан, мөн тех хийсэн үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй болно.        /1 дүгээр хавтас 145-149, 105-116,184-192, 193, 228-229 /

 

              Гэрч Д.Тайван ...1 давхарт чулуун давцантай 5 метр тек хийсэн, 380 квт цахилгааны монтаж, 2 ширхэг ариун цэврийн өрөөний суултуур хийж,

 

              Гэрч Д.Нарангэрэл ...тек, хаалт, давхар тааз хийсэн, шинэ хоёр ширхэг 00 хийсэн, обой наасан, засварын ажил хийсэн гэсэн мэдүүлгүүдийг тус тус гаргажээ.

           

              Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтын хүрээнд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагаас 4 382 400 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж  байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо  ... эд зүйл худалдаж авсан гэх хуурамч 4 ширхэг зарлагын баримтыг үнэлсэн гэсэн үндэслэл зааж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх бичмэл нотлох баримтыг хуурамч болохыг хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Баянгол дүүргийн 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/05290 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй Б.Мөнгөнчимэгт холбогдох эд хөрөнгө түрээслэсэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагад хамааралгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

 

            Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш болсон байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2017/00550 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “…318 дугаар зүйлийн 318.4…” гэснийг хасч,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, өмгөөлөгч М.Цэнгүүн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаа давж заалдах гомдол гаргахдаа Д.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ                                                                                                                                                            Ц.ИЧИНХОРЛОО