| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0845/э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Шүүгдэгч: А. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А Г холбогдох эрүүгийн 2011011910904 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 33/2-0 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Алтан-Одын Г, /РД:УК95102690/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар гудамжны 59 тоотод согтуурсан байдалтай байсан иргэн А.Тэмүүлэнгийн 503 400 төгрөгийн үнэ бүхий самсунг А-50 маркийн гар утас болон 7 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011011910904 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.Г Тухайн өдөр би ээжийнхээ гэрт байсан. Оройн 22 цагийн үед Тэмүүлэн надруу залгаад “…Чи наад хавиасаа 1 шил архи, 2 пиво аваад байж бай...” гэж хэлээд над руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд фэйсбүүкээр 1 шил архи, 2 пиво захиалсан. Удалгүй манай гэрт Тэмүүлэн ирж манай ах бид хамт уусан. Би тасраад унтаад өгсөн байсан. Тэмүүлэн өглөө намайг сэрхэд миний утас, пүүз 2 алга байна гэж байсан. Тэгээд утас, пүүз хоёроо олоогүй миний 2 таавчикийг өмсөөд гэрлүүгээ явсан. Би Тэмүүлэнг явсны дараа 2 давхартаа гараад орны араар үзэхэд Тэмүүлэнгийн утас байхлаар авсан. Тэгээд би ахдаа найзаасаа өрөндөө авсан юмаа зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Манай ах нь таньдаг хүндээ зараад өгье гэж хэлээд тухайн утсыг 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг үрээд дуусгасан гэв.
Хохирогч А.Тэмүүлэнгийн “...Би өглөө 10 цаг өнгөрч байхад Ганбаатарын гэрт сэрсэн тэгтэл миний халаасанд байсан 7000 төгрөг, Самсунг А-50 загварын гар утас, Adidas загварын пүүз зэрэг алга болсон байсан тэгээд би Ганбаатарын аав болон ах нараас нь асуухад мэдэхгүй байна гээд гайхаад байсан...2020 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Ганбаатарын гэрт байхад миний адидас загварын пүүз алга болсон байасн харин маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 11-ний орой дахин би пүүзээ хайгаад Ганбаатарын гэрт очиход миний пүүзийг Ганбаатарын аав Алтан-Од гэх хүн гаргаад хаячихсан байсан гээд байшингийн хажуу булангаас би олж авсан. Харин миний гар утас болон 7 000 төгрөгийг Ганбаатар авсан гэх талаараа надад хэлсэн байгаа мөн хохиролоо барагдуулж авсан байнаа одоо надад ямар нэгэн хохирол гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-25-27 хуудас/,
Гэрч Ц.Янжмаагийн “...Дээрх гэрэл зураг дээрх хүн нь манай гудамжны хойд талын хашаанд амьдардаг зүс таних залуу байна. Дээрх хүн нь архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг юм шиг санагдсан. Хааяа манай хүнсний дэлгүүрт орж ирж архи согтууруулах ундааны зүйл худалдан аваад гардаг...” гэсэн мэдүүлэг /хх-30 хуудас/
Гэрч Г.Алтан-Одын “...Тэмүүлэнгийн пүүзийг би хашааны гадна гаргаад хаячихсан юм. Тухайн үед би Тэмүүлэнг одоо чи яв гээд пүүзийг нь гаргаад хаячихаад хэсэг хугацааны дараа харахад Тэмүүлэнгийн пүүз байхгүй алга болчихсон байсан. Тэгээд Тэмүүлэн явахаар болж пүүз байхгүй байсан тул миний тавчикыг өмсөөд явсан...Би Ганбаатарыг Тэмүүлэнгийн утас авч зарсан эсэх талаар тухайн үед мэдээгүй сүүлд би хүү Отгонбаатараас Ганбаатар Тэмүүлэнгийн утсыг хулгайлаад Отгонбаатарын хамт зарсан гэх зүйл сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-32 хуудас/,
Гэрч А.Отгонбаатарын “...Би тухайн утсыг хулгайн утас байсан эсэх талаар мэдээгүй. Надад хулгайн утас гэх талаар хэлээгүй. Тэмүүлэнгээс өрөндөө авсан утас гэж хэлсэн тэгээд бид хоёр тухайн утсыг зарсан юм.. Би тухайн утсыг хулгайн утас байсан бол зарж тухайн хэрэгт оролцохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх- 40 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-18-23/
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-9-16/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А. нь 2020 оны 6 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар гудамжны 59 тоотод согтуурсан байдалтай байсан иргэн А.Тэмүүлэнгийн 503 400 төгрөгийн үнэ бүхий самсунг А-50 маркийн гар утас болон 7 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Тэмүүлэнгийн мэдүүлэг, гэрч А.Отгонбаатарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч А.Г ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарууллаа.
Шүүх А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч А.Тэмүүлэн нь хохирлоо барагдуулж авсан одоо ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 75/ гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.