Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Халиун, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: И.Ариунсанаа,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Иргэдийн төлөөлөгч Б.Ундарга

Хохирогчийн өмгөөлөгч:  Кадильбек 

Шүүгдэгч Г.Н түүний өмгөөлөгч  П.Дэлгэр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбосүрэнгийн Н холбогдох эрүүгийн 2011000000924 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 53 настай, эрэгтэй, 1967 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод оршин суух хаягтай, 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн шүүхийн 14 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 3 cap хорих ял шийтгүүлж, 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан, 1999 оны 7 дугаар 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял шийтгүүлсэн, 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Төв аймгийн шүүхийн 228 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 02 cap 03 / өмнөх ялыг нэмж нэгтгэн/ хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 12 дугаар 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 06 cap баривчлах ял шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 3 дугаар 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 117 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Гомбосүрэнгийн Н /РД:НХ67021814/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч Г.Нэргүй нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод байх гэртээ талийгаач А.Рыскелди болон хамтран амьдрагч Ц.Энхтайван нартай архидан согтуурч А.Рыскелдиг Ц.Энхтайвантай хардан А.Рыскелдиг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх биед нь учруулж, онц харгис хэрцгийгээр алсан;

Тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Энхтайваны бие рүү хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011000000924 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Тухайн үед хамтран амьдрагч Энхтайван бид хоёр хамт сууж байхад талийгаач орж ирээд 1 шил юм хамт ууя гэж хэлсэн. Бид хоёр дэлгүүр ороод нэг шил архи авч ирээд хамт уугаад сууж байтал манай хамтран амьдрагч Энхтайван “...Наадах чинь өглөө 7 буудал дээр шил архинаас намайг зарж 2 найздаа биеийг минь үнэлүүлсэн. Чи одоо үнэнийг хэлүүл...” гэснээс болж би ийм үйлдэл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Алдаганы “...Талийгаач нь 1990 онд Баян-Өлгийн аймгийн Өлгий суманд төрсөн. Одоо 30 настай, эцэг эхээс 6 хүүхэдтэй айлын дээрээс 2 дахь хүүхэд байгаа. Талийгаач нь 1998-2008 оны хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр 10 жилийн сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Миний санаж байгаагаар ТЕМС-д суралцаж гагнуурчин мэргэжил эзэмшсэн. Намайг дагаад гагнуурын ажил хийгээд туслахаар ажиллаж байгаад надаас салаад 2013 онд Улаанбаатар хотод орж ирээд тэрнээс хойш блокны үйлдвэрт ажиллах болсон юм. Тэрнээс бол яг тогтсон ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Надтай цуг ажиллаж байх хугацаандаа архи ууж, тамхи татдаггүй хүүхэд байсан. Талийгаач нь Отгонтуяа гэх эмэгтэйтэй 2013 онд Улаанбаатар хотод танилцаж хамтран амьдарч байгаад 2013 онд дундаасаа охинтой болсон. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Зан байдлын хувьд хүнтэй ам мурийж байгаагүй, эелдэг төлөв даруу зан ааштай хүүхэд байсан Тэгээд Улаанбаатар хотод ирснээс хойш ямархуу зан ааштай болсон талаар мэдэхгүй байна. Надад Г.Нэргүй гэх хүний талаар ярьж байгаагүй. Би миний талийгаач хүү А.Рысхелдиг зодож алсан гэх хүнийг яагаад миний хүүг юунаас болж зодож алсан, өс хонзонгийн санаа зорилго байна уу гэдгийг шалгаж өгөхийг хүсч тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч байна. Миний болон манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 хуудас/

Хохирогч Ц.Энхтайваны “... Би Г.Нэргүй гэх хүнтэй 1 жилийн өмнөөс анх архи ууж байгаад танилцаж байсан юм. Тэгээд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Зуун модны зуслангийн задгайд байх Нэргүйгийн гэрт түүний хамтаар амьдрах болсон. Нэргүй нь архины хамааралтай ширүүн догшин зантай хүн бөгөөд намайг байнга бусадтай хардаад удаа дараа зодож байсан хүн юм. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө хамтран амьдрагч Г.Нэргүй нь намайг хардаад зодох гээд дайраад байхаар нь түүнээс айгаад зугтаагаад гэрээсээ яваад 7 буудлын орчимд архи уугаад явж байхад үдээс өмнө 12 цагийн үед санагдаж байна нэг сэрэхэд гэртээ унтаж байсан. Г.Нэргүй хэлэхдээ намайг нилээн муудсан байхад 7 буудлаас олоод гэрлүү аваад ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд би гэрт ирээд шууд унтаад өгсөн ба орой 00 цагийн үед сэрэхэд Г.Нэргүй, талийгаач А.Рыскелди буюу хоч нь Бамбар гэж дууддаг залуу нар зуны амбаарт байсан. Тэр үед талийгаач, Нэргүй хоёр өмнө нь уусан гэсэн нэлээн халамцуу байсан. Тэгж байтал Г.Нэргүй 5 литрийн “Монгол Стандарт” нэртэй 1 шил архи гаргаж ирээд Г.Нэргүй бид хоёр хуваагаад уусан ба талийгаач элэг евдөөд байна, би уумааргүй байна гээд архи уугаагүй юм. Тэгээд архиа ууж байгаад гэнэт Г.Нэргүй талийгаач руу агсраад талийгаачийг чи миний эхнэрийг өглөө дагуулж яваад шаагаа биздээ, чи дуудаад аваад явсан биздээ, хүний эхнэр ашиглаа биздээ, унтаа биздээ янхан минь гээд бид хоёрыг хардаад дайраад байсан. Тэгсэн тэр үед талийгаач би юу гэж Тайванаа эгчтэй унтаж байдаг юм та мэдэж байж гэхэд Г.Нэргүй уурлаад талийгаачийг газар унагаж байгаад өмссөн байсан бакалан гутлаараа 3-4 удаа чанга өшиглөөд зодож эхэлсэн, яг хаашаа цохисон эсэхийг мэдэхгүй байна тухайн үед байшин тог цахилгаангүй харанхуй байсан тэгсэн ээ гэрт байсан сүхний шар өнгийн ишийг бариад талийгаачийн толгой, нүүр болон хөл, гуяруу ороолгоод зодож эхэлсэн ба талийгаач босч чадахгүй, газар хэвтээд нүүрээ гараараа дараад байсан, намайг битгий зодооч би элэг муутай шдээ гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би болиочээ гээд Нэргүй рүү хэлэхэд намайг янханыгаа өмөөрлөө, та хоёрыг хоёуланг чинь ална шүү гээд нөгөө сүхний ишээрээ миний гарлуу цохиод миний салтааруу бакалтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би айгаад хөдөлж чадаагүй, тэгснээ Г.Нэргүй талийгаачийн өмдийг шувтлаад талийгаачийн бэлэг эрхтэнийг нь гаргаж ирээд нөгөө талийгаачийг зодож байсан сүхний ишээрээ талийгаачийн бэлэг эрхтэн рүү нь хатгаад, цохиод яасан том боовтой янхан бэ? Миний эхнэртэй унтаа биздээ гээд дайраад байсан тэгсэн талийгаач Г.Нэргүй ахаа болиочээ өвдөж байна шдээ гээд орилоод байсан. Тэгээд шөнө дунд талийгаач ёолоод яргалж байгаад чимээгүй болоод ухаангүй болсон тэгээд би Г.Нэргүйд наад хүн чинь элэг нь муу гээд байсан шдээ гэж хэлээд түргэн дуудаад дуудлага өгье гээд өөрийн 88682755 дугаарын утсаар цагдаа, түргэнд дуудлага өгөөд нэлээд удсан тэгээд ирэхгүй байсан эргэж над руу залгахаар нь амбаараас гарч зам зааж өгөөд гар утасны цэнэг дуусаад хүлээсэн боловч хүн гарч ирээгүй тэгээд яах учраа олохгүй гэртээ орж байж байгаад өглөө болоод гэгээ ороод талийгаач бүүр сэрээгүй ухаангүй байгаад байсан Г.Нэргүй талийгаачийн хүзүү орчимд дарж үзээд нас барчихсан байна, царай нь хөхрөөд байна гэж хэлсэн тэгээд Г.Нэргүй надад хэлэхдээ талийгаачийг гаднаас мөлхөж орж ирээд хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн гэж хэлээрэй гээд байсан тэгээд надад гар утасны баттерэй гаргаж өгөөд тэрийг нь утсандаа хийсэн чинь таараад би дахин түргэн болон цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-43 хуудас/

Гэрч Ц.Энхтайваны “...Би Г.Нэргүй гэх хүнтэй 1 жилийн өмнөөс танилцаж байсан юм.Тэгээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны зуслангийн задгайд байх Нэргүйгийн гэрт хамтран амьдрах болсон. Нэргүй нь архины хамааралтай, ширүүн догшин зантай хүн бөгөөд намайг байнга бусадтай хардаад удаа дараа зодож байсан хүн юм. 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн өглөө хамтран амьдрагч Г.Нэргүй нь намайг хардаад зодох гэж дайраад байхаар нь түүнээс айгаад зугтаагаад гэрээсээ яваад 7 буудлын орчимд архи уугаад явж байхад үдээс өмнө 12 цагийн үед санагдаж байна, нэг сэрэхэд гэртээ унтаж байсан Нэргүй хэлэхдээ намайг нилээн муудсан байхад 7 буудлаас олоод гэр лүү аваад ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд би гэрт ирээд шууд унтаад өгсөн ба орой 00 цагийн үед санагдаж байна, сэрэхэд Нэргүй талийгаач А.Рыскелди буюу Бамбар гэж дууддаг залуу нар манай зуны амбаарт байсан. Тэр үед талийгаач Нэргүй хоёр өмнө нь архи уусан гэсэн халамцуу байсан. Тэгэж байтал Нэргүй 0,5 литрийн “Монгол Стандарт” нэртэй 1 шил архи гаргаж ирээд Нэргүй бид хоёр хуваагаад уусан ба талийгаач элэг өвдөөд байна, би уумааргүй байна гээд архи уугаагүй юм. Тэгээд архиа ууж байгаад гэнэт Нэргүй талийгаач руу агсраад талийгаачийг “Чи миний эхнэрийг өглөө дагуулж яваад шаагаа биз дээ, чи дуудаад явсан биз дээ, хүний эхнэр ашиглаа биз дээ, унтаа биз дээ, янхан минь...” гээд бид хоёрыг хардаад дайраад байсан. Тэгсэн тэр үед талийгаач “Би юу гэж Тайванаа эгчтэй унтаж байх вэ? та мэдэж байгаа ” гэхэд Нэргүй уурлаад талийгаачийн толгой руу өмссөн байсан бакал гутлаараа 3-4 удаа чанга өшиглөөд зодож эхэлсэн, тэгсэн ээ манай гэрт байсан сүхний шар өнгийн ишийг бариад талийгаачийн толгой, нүүр болон хөл, гуя руу ороолгоод зодож эхэлсэн ба талийгаач босч чадахгүй, газар хэвтээд нүүрээ гараараа дараад байсан ба Намайг битгий зодооч би элэг муутай ш дээ...” гээд гуйгаад байсан.Тэгэхээр нь би “болиочээ” гээд Нэргүй рүү хэлэхэд намайг гар луу цохиод салтаа руу бакалтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би айгаад хөдөлж чадаагүй. Тэгсэн ээ Нэргүй талийгаачийн өмдийг шувтлаад талийгаачийн бэлэг эрхтнийг гаргаж ирээд нөгөө сүхний ишээрээ талийгаачийн бэлэг эрхтэн рүү хатгаад цохиод яасан том боовтой янхан бэ? миний эхнэртэй унтаа биздээ гээд дайраад байсан тэгсэн талийгаач “Нэргүй ахаа болиочээ өвдөж байна шдээ” гээд орилоод байсан... тэр үед Нэргүй талийгаачийн гүрээний судсыг дарж үзээд “Талийгаач болсон байна..’ гэж хэлээд байсан...Намайг Нэргүй зодож цохиод дарамтлаад айлган сүрдүүлзэд цагдаагийнхан ирэхээр талийгаачийг гаднаас хүнд зодуулчихлаа гээд мөлхөөд орж ирсэн, орж ирээд үүдэн дээр хэвтэж байгаад нас барсан гэж хэлээрэй, намайг зодоод алсан гэж хэлж болохгүй шүү, тэгэхгүй бол болохгүй гэсэн..." гэсэн мэдүүлэг хх- 41-42 хуудас /

Гэрч А.Ранжиллхүмбийн “... 22 цагийн үед гэрийнхээ гадаа байж байтал замын цаад талын ажилчдын гэрээс 2 хүн юм бариад гараад явж байхаар нь тухайн гэрт хулгайч ороод юм авчихлаа гэж бодоод очтол тухайн 2 хүн нь Бамбар Нэргүй гэх хүнтэй хамт явж байсан Бамбар нэг сугандаа хөнжил сугадчихсан, нөгөө гарт нэг гутал барьчихсан байсан Бамбар бол нээх согтуу биш зүгээр байсан нүүр энэ тэр нь бол цус нөж, шарх сорвигүй байсан. Би Бамбараас чи юу авч яваа юм бэ гэхэд Бамбар би хуурай ахынхруугаа явж байна эднийд очиж хонолоо маргааш самранд явна гэж байх шиг байсан. Цаана зогсож байгаа хүнийг нь хартал Бамбар Нэргүйг архи уудаг хуурай ах гээд байдаг Нэргүй нь зогсож байсан. Нэргүйтэй бол би юм яриагүй ба гэхдээ архи уусан байсан талаар нь мэдэхгүй. Тэгээд би тэр хоёрыг явуулчихаад өгсөөд нөгөө ажилчдын гэрийн тотгоор нь хартал Ганбат согтуү ганцаараа юм яриад сууж байж харагдсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ хариад унтаад өгсөн юм...Алдаган овогтой Рысхелди гэдэг ба Бамбар гэдэг нь хоч нь байгаа юм. Манай блокны үйлдвэр дээр ирэн очин ерөнхийдөө 3 жил шахуу ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд 2020 оны 09 сарын 19-ний орой Нэргүй гэгчтэй явж байхад нь таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/

 Гэрч Д.Гүррагчаагийн “...Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2-р хэлтэст 2012 оноос хойш эргүүлийн офицер болон хэсгийн байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар 2014 оноос эхлэн одоог хүртэл хугацаанд хэсгийн байцаагчаар ажиллаж байна... Г.Нэргүй нь архины хамааралтай хэд хэдэн удаа гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл болж орж ирээд өөрийн хамтран амьдрагч Ц.Энхтайван гэх эмэгтэйг зодсон гэж дуудлага мэдээлэл болоод орж ирж байсан тэгээд эхний хоёр удаад торгуулийн арга хэмжээ аваад 2020 оны 04 05 дугаар сард гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээллээр нь шүүхд оруулж 20 хоногийн баривчилгаанд явуулж байсан. Хорооны архаг архичдийн  судалгаанд байдаг юм.  Г.Нэргүй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад өөрийн хамтран амьдрагчаа бусадтай хардаад янз бүрийн хүмүүстэй яваад байна гээд зодоод байдаг болохоор нь хамтран амьдрагч Д.Энхтайван нь дуудлага өгдөг юм. Г.Нэргүй нь сүүлд үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гаргасан үйлдлээ бусад гэрч, хохирогч нотлоод  байхад хүлээн зөвшөөрдөггүй шүүхийн өмнө очиж байж үйлдлээ хүлээн зөвшөөрдөг хүн байгаа юм. Ц.Энхтайван, Г.Нэргүй хоёр нь шил лааз болон ургамал түүгээд мөнгө олохоороо 5 цул болон хямд үнэтэй мах махан бүтээгдэхүүн аваад үлдсэн мөнгөөр нь архи аваад нийлээд уудаг хоёр байгаа юм. Г.Нэргүй өөрөө өмнө нь  баривчилгаанд явуулахад хэлэхдээ талийгаач нь урд нь хамтран aмьдрагч Энхтайванг нэг орой дагуулж яваад ЧД- ийн 19-р хороо Зуун модны зуслангийн задгай тоотод байх нэг эзэнгүй байшинд авч очоод бэлгийн харьцаанд орж байсан талаар Ц.Энхтайвангаас согтууд нь сонсоод тэрнээс болж талийгаач Бамбар гэх  хочтой залуутай хардаж Ц.Энхтайванг хэд хэдэн удаа зодож байсан тэгээд тэрнээс болоод талийгаачтай Г.Нэргүй нь таарамж муутай, архи уүсан үедээ маргах гээд байдаг гэж ярьж байсан. Өөрөөр ямар нэгэн зүйл бусдаад сонсож байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56-58 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-26 хуудас/,

Шинжээчийн 11009 дугаартай “...Ц.Энхтайваны биед зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1955 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаач А.Рыскелдийн цогцост нүүр, зүүн гарын шуу, бугуй, сарвуу, баруун гарын сарвуу, хоёр талын өгзөг, ууц, баруун, зүүн ташаа, гуяны зөөлөн эдийн няцрал, толгойн хуйхан доор болон хоёр талын чамархайн булчин, нүүр, хоёр талын чих, хөхлөг сэртэн, баруун бугуй, сарвуу, зүүн мөр, бугалга, шуу, бугуй, сарвуу, зүүн эгэм, өвчүү, зүүн дал, ууц, хоёр талын өгзөг, ташаа, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, баруун зулайн ар гадна хэсэг, дух, баруун чихэнд няцарсан шарх, зүүн шилбэний урд дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, нүүр, хоёр талын чих, хүзүү, баруун мөр, бугалга, шуу, долоовор хуруу, зүүн бугуй, сарвууны үе, эрхий, долоовор хуруу, өвчүү, аюулхай, хоёр талын өгзөг, ташаа, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогдоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдээс цус хуралт, зулгаралт, няцарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүснэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх сүх болон сүхэнд хийсэн үзлэг, фото зураг зэргийг ирүүлээгүй тул уг асуултанд хариулах боломжгүй байна.

3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн шок үүсгэж үхэлд хүргэсэн тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Химийн шинжилгээгээр цусанд 4,4 промилли, шээсэнд 4,7 промилли, ходоодны шингэнд 4,8 промилли спирт илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэнгүй.

7. Талийгаач нь дээрх олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас

баржээ.

8. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна.

           9. 2020-09-20-ны 1500 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 9-11 цаг орчим болсон байна. /хх-ийн 63-68 хуудас/,

Шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэнгийн №5202 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн лидрин куртик, хөндлөн судалтай хөх өнгийн цамц, хар өнгийн джинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн пүүзэн дээр цус илэрсэн.

2. Хөндлөн судалтай хөх өнгийн цамц, хар өнгийн джинсэн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

3. Хар өнгийн лидрин куртик, хөх өнгийн пүүзэн дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.

 4. Хар хөх өнгийн хос оймсон дээр цус илрээгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Нэргүй нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод байх гэртээ талийгаач А.Рыскелди болон хамтран амьдрагч Ц.Энхтайван нартай архидан согтуурч А.Рыскелдиг Ц.Энхтайвантай хардан А.Рыскелдиг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх биед нь учруулж буюу онц харгис хэрцгийгээр алсан болох нь гэрч Ч.Энхтайваны “... Нэргүй уурлаад талийгаачийн толгой руу өмссөн байсан бакал гутлаараа 3-4 удаа чанга өшиглөөд зодож эхэлсэн, тэгсэн ээ манай гэрт байсан сүхний шар өнгийн ишийг бариад талийгаачийн толгой, нүүр болон хөл, гуя руу ороолгоод зодож эхэлсэн ба талийгаач босож чадахгүй, газар хэвтээд нүүрээ гараараа дараад байсан ба Намайг битгий зодооч би элэг муутай ш дээ...” гээд гуйгаад байсан...гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 56-58/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1955 гэсэн дүгнэлт /хх-ийн 87/, гэрч А.Ранжиллхүмбийн “... Би Бамбараас чи юу авч яваа юм бэ гэхэд Бамбар би хуурай ахынх руугаа явж байна эднийд очиж хонолоо маргааш самар нь д явна гэж байх шиг байсан. Цаана зогсож байгаа хүнийг нь хартал Бамбар Нэргүйг архи уудаг хуурай ах гээд байдаг Нэргүй нь зогсож байсан... Алдаган овогтой Рысхелди гэдэг ба Бамбар гэдэг нь хоч нь байгаа юм. Манай блокийн үйлдвэр дээр ирэн очин ерөнхийдөө 3 жил шахуу ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд 2020 оны 09 сарын 19-ний орой Нэргүй гэгчтэй явж байхад нь таарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

Тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Энхтайваны бие рүү хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11009 тоот шинжээчийн дүгнэлт... гэрч Д.Гүррагчаагийн... Г.Нэргүй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад өөрийн хамтран амьдрагчаа бусадтай хардаад янз бүрийн хүмүүстэй яваад байна гээд зодоод байдаг болохоор нь хамтран амьдрагч Д.Энхтайван нь дуудлага өгдөг юм... Энхтайванг нэг орой дагуулж яваад ЧД- ийн 19-р хороо Зуун модны зуслангийн задгай тоотод байх нэг эзэнгүй байшинд авч очоод бэлгийн харьцаанд орж байсан талаар Ц.Энхтайвангаас согтууд нь сонсоод тэрнээс болж талийгаач Бамбар гэх  хочтой залуутай хардаж Ц.Энхтайванг хэд хэдэн удаа зодож байсан тэгээд тэрнээс болоод талийгаачтай Г.Нэргүй нь таарамж муутай, архи уусан үедээ маргах гээд байдаг гэж ярьж байсан.../хх-ийн 56-58/, шүүхийн шинжилгээний 11009, 1955, 10783, 5202 тоот шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Иймд шүүх шүүгдэгч Г.Нэргүйг 20 20 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод байх гэртээ талийгаач А.Рыскелди болон хамтран амьдрагч Ц.Энхтайван нартай архидан согтуурч А.Рыскелдийг Ц.Энхтайвантай хардан А.Рыскелдийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж, олон тооны гэмтэл шарх биед нь учруулж буюу онц харгис хэрцгийгээр алсан;

Тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Энхтайваны бие рүү хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогч А.Рыскелдийг тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, олон удаагийн үйлдлээр олон тооны шарх гэмтэл учруулж, шаналган амь насыг нь хохироосон, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, зориуд үйлдсэн санаатай үйлдэл бөгөөд хамтран амьдрагч Ц.Энхтайваны биед хөнгөн хохирол учруулсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Нэргүйд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоолоо. Ингэхдээ  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 80 хоног хорих ялаар тооцож  нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын тогтоолоо.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хохирогчоос оршуулгын зардалд баримтаар 2.269.850 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Нэргүйгээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Алдаганд олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н нь урьд цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1 ширхэг хуванцар материал бүхий сүхний иш, толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Гомбосүрэнгийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар онц харгис хэрцгийгээр,  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 80 /ная/ хоногоор тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н оногдуулсан 19 /арван ес/ жил  80 /ная/  хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, хуванцар материал бүхий сүхний иш, толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардал болох 2.269.850 төгрөгийг шүүгдэгч Г.Н гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Алдаганд олгуулсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 121 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Г.Н эдлэх ялд оруулан тооцсугай.

            9.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЯРМАА

                                                ШҮҮГЧИД