| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0068/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 71
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч М.М-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт М-ий М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010013641112 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт М-ий М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М- нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ 3”-ын хажууд байрлах нийтийн байранд өөрийн нөхөр М.Н-тай “олон хоног гэрээсээ явж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэнд гараараа цохиж, хөл рүү нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.М-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа аваад гэртээ ирчхээд байж байхдаа эхнэртэйгээ маргалдсан. Би уурандаа гэрээсээ гарч яваад 3 хоног архи уусан. Би хуурай дүү Тамирбэргэний гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ын хажуугийн нийтийн байранд архи уугаад сууж байсан чинь ...эхнэр ирээд намайг хэдэн өдөр архи уулаа гэхээр нь би уурандаа хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн чинь эхнэр уурласан. Тэгээд намайг сууж байхад миний нүүр болон хөл рүү өшиглөсөн. ...Урьд өмнө надад гар хүрч байсан зүйл байхгүй...” /хх-ийн 20-22/ гэсэн,
Гэрч Б.Тамирбэргэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н- ах бид хоёр архи уугаад сууж байхад М- эгч ирээд Н- ахыг загнаад байсан чинь Н- ах М- эгчийг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Н- ах уурлаад явахгүй гээд байхад М- эгч Н- ахыг зодоод аваад гарсан. ...Хааяа хэрэлдэж, муудалцаж байдаг, тэгэхдээ зодолдож, нэгнийгээ зодож байхыг би мэдэхгүй...” /хх-ийн 60-61/ гэсэн,
Шүүгдэгч М.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сард нөхөр Н- 3 хоног архи уугаад гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад явахад ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ын хажуугийн нийтийн байранд нөхрийн хуурай дүү Тамирбэргэн гэх залуугийн гэрт байсан. Тэгээд нөхрөө явъя гэж хэлэхэд согтуу над руу агсраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурандаа нөхрийнхөө нүүрэнд нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан, хэд хэд цохиж, өшиглөсөн....” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №7912 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Н-гийн биед дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27-29/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14/,
- Өргөдөл /хх-ийн 16/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 63/,
- Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 64-65/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 69/,
- Шүүгдэгч М.М-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/ боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57-60/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.М- нь нь 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ын хажууд байрлах нийтийн байранд өөрийн нөхөр М.Н-тай “олон хоног гэрээсээ явж архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, нүүрэнд гараараа цохиж, хөл рүү нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Н-гийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа аваад гэртээ ирчхээд байж байхдаа эхнэртэйгээ маргалдсан. ...Дүү Тамирбэргэний гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ын хажуугийн нийтийн байранд архи уугаад сууж байхад ...эхнэр ирээд намайг хэдэн өдөр архи уулаа гэхээр нь би уурандаа хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн чинь эхнэр уурласан. Тэгээд намайг сууж байхад миний нүүр болон хөл рүү өшиглөсөн...” /хх-ийн 20-22/ гэсэн, гэрч Б.Тамирбэргэний “...Н- уурлаад явахгүй гээд байхад М- эгч Н- ахыг зодоод аваад гарсан. ...Хааяа хэрэлдэж, муудалцаж байдаг, тэгэхдээ зодолдож, нэгнийгээ зодож байхыг би мэдэхгүй...”/хх-ийн 60-61/ гэсэн, шүүгдэгч М.М-гийн “...2020 оны 7 дугаар сард нөхөр Н- 3 хоног архи уугаад гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад явахад ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ын хажуугийн нийтийн байранд нөхрийн хуурай дүү Тамирбэргэн гэх залуугийн гэрт нь байсан. Тэгээд нөхрөө явъя гэж хэлэхэд согтуу над руу агсраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурандаа нөхрийнхөө нүүрэнд нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан, хэд хэд цохиж өшиглөсөн....” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №7912 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт М.Н-гийн биед дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-29/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Н-гийн биед учирсан “...дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.М-гийн түүнийг цохих, өшиглөх зэргээр зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М-гийн хохирогч М.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-гийн эрүүл мэндэд дух, баруун нүдний салст, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой сайн дураар эвлэрч, хохирогч М.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 69/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч М.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010013641112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт М-ий М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ий М-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч М.М- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2010013641112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Н- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР