Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 166/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0025/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Ж.Цод холбогдох эрүүгийн 2118000000029 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Ж.Ц /РД: /, 1986 оны 11 дүгээр сарын 29-нд Архангай аймаг Хотонт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд нь шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 41 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Гг зодож эрүүл мэндэд нь зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи хацрын төвгөр, зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаасаа тараад гэртээ орж ирсэн чинь Ц шар айраг уучихсан халамцуу байдалтай байсан. Тэгээд намайг орж ирсэн чинь хэрүүл өдөөд идэж байсан аягатай хоолоо миний нүүр лүү шидээд аяга нь миний ар талын хананд хагарч унасан юм. Тэгээд над руу дайраад намайг боох гэж оролдохоор нь гараараа хамгаалаад байж байсан чинь Ц баруун гараа атгаж байгаад зүүн нүд рүү цохисон юм.

Цтой маргалдаж байх үед миний шилбэнд цус хуралт үүссэн байсныг шинжээч эмч зөв тогтоосон байсан... гэх хохирогч М.Ггийн мэдүүлэг /хх-ийн 29-30, 50/,

- ...Шинэ жилийн баяраас хэд хоногийн дараа аав маань согтуу гэртээ байсан, харин ээж маань гаднаас ажлаасаа орж ирсэн. Тэгсэн чинь аав аягатай хоол ээж рүү шидээд тэгээд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд би том өрөөнөөс гарч ирээд “больцгоо” гэж хэлсэн чинь болиогүй ээж аав 2 маань муудалцаад байсан гэх насанд хүрээгүй гэрч Ц.Аийн мэдүүлэг /хх-ийн 37/,

- ...Би гэртээ 3 ширхэг “Сэнгүр” нэртэй шар айраг уугаад халамцуу байсан. Эхнэр удалгүй гэрт орж ирээд надтай хэрэлдээд миний хийсэн хоолыг идэхгүй байхаар нь идэж байсан аягтай хоолоо эхнэр лүүгээ шидсэн. Тэрхэн хооронд уур маш их хүрээд эхнэрийнхээ нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон... гэх шүүгдэгч Ж.Цын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт М.Ггийн гаргасан өргөдөл, өргөдөлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- “М.Ггийн биед зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи хацрын төвгөр, зүүн бугалга, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр  сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, М.Ггийн нүүрний хэсгийн рентген зураг /хх-ийн 13-15/,

- “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 буюу бага түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 17-18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ц, хохирогч М.Г нар нь эхнэр нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19/, насанд хүрээгүй гэрч Ц.А болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ггийн биед зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи хацрын төвгөр, зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Ггийн “...тухайн хэргийг түргэн шуурхай хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 87/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Цын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 17 дугаар байрны 41 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Гг зодож эрүүл мэндэд нь зүүн хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи хацрын төвгөр, зүүн бугалга, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Цод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ц нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Цод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР