Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01246

 

Э.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/00045 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаар магадлалтай

Э.Цын нэхэмжлэлтэй

Минд холбогдох

Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг тушаал гарахаас өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх, Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/519 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урамшууллын 2 003 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байхад Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар Төлбөр тооцоо бүртгэлийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрөөс намайг нягтлан бодогчоор томилсон.

Миний бие Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба газрын бүтэц өөрчлөгдөхөд миний албан тушаал өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл миний ажлын байр хэвээр хадгалагдаж байхад намайг өөр ажилд шилжүүлэн томилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар намайг өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсний улмаас миний авч байсан цалин хөлс 58.84 хувиар буюу 1 272 600 төгрөгөөр буурсан.

Мөн миний бие 2-12 насны 3 хүүхэдтэй бөгөөд төрөх өдрөө хүртэл ажлаа хийж, төрсний дараа хүүхэд асрах чөлөө ч авалгүй ажилдаа бүх сэтгэлээ зориулан ажиллаж байсан. Замын түгжрэлээс шалтгаалан өглөө ажлаас хоцорч болзошгүй байсан тул Мны хөдөлмөрийн дотоод журмын 5.2.2-т заасны дагуу нэгжийн захиралдаа учир байдлаа хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр өглөө 30 хүртэл минутаар хоцорч ажилдаа ирж, оройдоо болон цайны цагаар нөхөн ажиллаж байхаар болсон байсан.Гэтэл Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б519 дүгээр тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар хугацааг хамарсан цагийн бүртгэлээр арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байгаа.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалт, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.

Мөн Мны Ерөнхийлөгчийн 2016 оны А-80 дугаар тушаалаар баталсан Мны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 4.3.1-д заасан сахилгын шийтгэлтэй байгаа албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй байх талаарх зохицуулалтын дагуу надад ногдуулсан дээрх сахилгын шийтгэлтэй холбогдуулан хасагдсан урамшуулал болох 2 003 500 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Мны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б-510 дугаар тушаал нь Мны Ерөнхийлөгчийн 2017 оны А-239 дүгээр тушаалд үндэслэж гарсан бөгөөд удирдлагын эдгээр шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, Мны хөдөлмөрийн дотоод журам, Э.Цтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд нийцэж гарсан.

Э.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөр албан тушаалд шилжүүлэх болсон талаар тушаалыг тайлбарлаагүй, үзүүлээгүй, ямар тушаал гарсан талаар мэдэхгүй байгаа талаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан үндэслэлийг тус тус дурджээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр хянан шийдвэрлэх хэрэг маргааныг тодорхойлсон ба 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;-ыг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байна. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх гэдэг нь ажил олгогчийн санаачилгаар түүний хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бүхэлдээ буюу түр хугацаагаар өөрчлөгддөг бөгөөд энэ тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж дуусгавар болдоггүй, өөр ажилд шилжүүлэх нөхцөл байдал арилсан үед ажилтан өмнөх ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, удирдлагын шийдвэрийн дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, ажилчдын ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар болон тухайн нэгжийн удирдлагын саналыг харгалзан, Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хуваарилан шилжүүлсэн арга хэмжээг дээр дурдсан 3 төрлийн харилцаатай адилтгах үндэслэлгүй юм.

Э.Ц нь Төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байх хугацаандаа удирдлагын тушаал шийдвэргүйгээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө сургалтын зардал гаргасан нь тогтоогдож түүнд Мны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б850 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан бөгөөд энэ хугацаа нь өнгөрөөгүй байсан. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий байсан. Тухайн үед удирдлагын зүгээс түүний үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан байдаг.

Түүнчлэн ажлын цагаас тогтмол хоцордог, ажлын байраа эзгүй орхиж явдаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хойрго ханддаг буюу өөрт нь даалгасан ажлыг бусад ажилтнаар хийлгэх явдал гаргадаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, Мны Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/519 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулснаас хойш сахилгын шийтгэлгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийг давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; гэж заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Э.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болгосон.

Мны Ерөнхийлөгчийн Мны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай А-239 дугаар тушаал болон Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Б510 дугаар тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд батлагдаж уг шийдвэрт хамаарах газар, хэлтсийн бүх ажилтанд тушаалыг танилцуулсан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хугацааг үндэслэсэн байгаа нь түүнийг тушаалтай танилцсаныг нотолж байна. Мөн Э.Ц нь Тамгын газарт хандан дээрх тушаалтай танилцах бүрэн боломжтой байсан.

Мны Ерөнхийлөгчийн 2014 оны А-6 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.1.1-д зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байх бөгөөд 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусдаг ба Э.Ц нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд ажлын нийт 164 өдрийн 103 өдөрт ажлаас хоцорч, ажлын цагаас 1917 минут буюу 31 цаг 57 минут хоцорсон дутагдал гаргасан байна. Энэ нь ажлын Хөдөлмөрийн хуульд заасан ердийн ажлын өдрийн ажиллах цагаар тооцоход ажлын 4 өдөртэй тэнцэхээр байна. Мны Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.2.2-т ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 2 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болдог.

Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00045 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Цын нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б519 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б510 дугаар тушаалуудын Э.Цт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Цыг Мны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Мнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болон урамшуулалд 5 708 593 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Цт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 401 934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Мнаас улсын тэмдэгтийн хураамжид 176 487 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаар магадлалаар:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00045дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “5 708 593” төгрөг гэснийг “3 705 093” төгрөг гэж, “401 934” төгрөг гэснийг “2 405 434” төгрөг гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “176 487” төгрөг гэснийг “144 487” төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай магадлалыг хянуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү гомдлыг гаргаж байна.

Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 6519 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалын улмаас олгогдоогүй урамшуулал болох 2,003,500 төгрөгийг Мнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00045 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрээс сахилгын шийтгэл ногдуулсны улмаас хасагдсан урамшуулал болох 2,003,500 төгрөгийг олгохтой холбоотой хэсгийг нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

Мны Ерөнхийлөгчийн 2016 оны А-80 дугаар тушаалаар баталсан “Мны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-ын 4.3-т урамшууллыг олгохгүй байх үндэслэлийг заасан ба 4.3.1-т “Тухайн улиралд Ерөнхийлөгчийн болон орон нутаг дахь Мны хэлтэс /салбар/-ийн захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол урамшууллыг ажилтанд олгохгүй” гэсэн байдаг.

Тэгэхээр дээрх журмын 4.3-т зааснаас бусад тохиолдолд урамшууллыг олгох ёстой. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 6519 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул уг тушаалын улмаас олгогдоогүй урамшууллыг нэхэмжлэгчид олгох ёстой гэж үзэж байна.

Учир нь, “Мны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”- ын 4.3.1-т заасны дагуу сахилгын шийтгэлтэй гэдэг үндэслэлээр урамшууллыг нэхэмжлэгчид олгоогүй талаараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан ба үүнийгээ давж заалдах шатны шүүх хурал дээр мөн хэлсэн. Харин ажлыг дүгнээгүй гэж хэлээгүй, ажил дүгнээгүй талаар хэргийн материалд ямар ч баримт байхгүй.

Мны хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-т “Захиргаа нь ажилтнуудын ажлыг улирал тутам дугнэх, зохих журмын дагуу үр дүнд нь тохирсон урамшуулал олгох үүрэгтэй” гэж заасан.

Түүнчлэн Мны Ерөнхийлөгчийн “Урамшуулал олгох тухай” 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6547 дугаар тушаалын 1 дэх заалтад “Мны ажилтнуудын 2017 оны 3 дугаар улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ, ажилласан өдрийг харгалзан олгох урамшууллын хувийг хавсралт ёсоор баталсугай” гэснээс харахад ажилтнуудын ажлын үр дүнгийн үнэлгээг хавсралтад бичээгүй боловч ажпыг дүгнэсэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.

Мөн Мны Ерөнхийлөгчийн 2016 оны А-80 дугаар тушаалаар баталсан “Мны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-ын 4.1-т “Мны ажилтанд /энэ журмын 4.3-т зааснаас бусад ажилтанд/ энэ журмын 1.4-т заасны дагуу хянасан ажлын үр дүнгийн дүгнэлт, урамшууллын хувь хэмжээний талаар саналд үндэслэн ажилласан өдөрт нь харгалзах урамшууллыг улирал тутам олгоно.” гэж заасан. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хүчингүй болсноор нэхэмжлэгч энэ 4.3-т заасан ажилтан гэдэгт хамааралгүй болох юм.

Уг заалтад сахилгын шийтгэлтэй ажилтнаас бусад ажилтны ажлыг дүгнэнэ гэсэн утга байхгүй юм. Дээрх журмаар бүх ажилтны ажлыг дүгнэдэг. Тэгэхээр ажлын үнэлгээ 0% гэж гаргах ямар ч боломж байхгүй. Ажилтны ажлыг цахим хэлбэрээр дүгнээд Тамгын газарт дамжуулагддаг ба цаасан баримт гардаггүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн ажлыг дүгнээгүй тул урамшуулал олгох боломжгүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

2018 онд “Мны ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”- д заасны дагуу Мны Ерөнхийлөгчийн “Урамшуулал олгох тухай” 3 тушаал /1-3 дугаар улиралд/ гарсан байдаг Уг тушаалууд нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа юм.

1, 2 дугаар улирлын урамшуулал олгосон 2017 оны 6235, 6396 дугаар тушаалуудын хавсралтад нэхэмжлэгчийн ажлын үр дүнг 100, 150 хувь гэж тодорхой бичсэн байдаг.

Харин 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6547 дугаар тушаалын хавсралт нь өмнөх 2 тушаалаасаа өөр байдлаар гарсан байдаг ба нийт ажилтнуудын ажлын үр дүнгийн хувийн талаар бичээгүй, зөвхөн ажилласан өдрийн тооцоог бичсэн байдаг.

Тушаалын хавсралтад нэг ч хүний ажлын үр дүнгийн үнэлгээ бичигдээгүй, зөвхөн ажлын цагийн тооцоог бичсэн хэдий ч нийт ажилтнуудад урамшуулал олгосон. Гэтэл нэхэмжлэгчид олгох боломжгүй гэж шүүх үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Нэхэмжлэгч ажилласан хугацааны ажлаа 100%-ийн үр дүнтэй дүгнүүлсэн хэдий ч үндэслэлгүй ногдуулсан сахилгын шийтгэлийн улмаас урамшууллаа авч чадаагүй. Ажил олгогч ажилтны ажлын ур дүнгийн үнэлгээг бичилгүй, өмнөх 2 тушаалаасаа өөр байдлаар тушаалын хавсралтыг хийж тушаал гаргасны улмаас нэхэмжлэгчийн ажлын үнэлгээ харагдахгүй байгаа нь нэхэмжлэгчийн буруу биш юм. Тушаалаа зохих ёсоор гаргаагүй ажил олгогчийн буруугаас ажилтан хохирох ёсгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд иргэн Энхбаатар овогтой Цолмонбаярын нэхэмжлэлтэй, Минд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон. Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 182/ШШ/2018/00045 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн гомдол гаргаж байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг тодорхойлсон бөгөөд 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”-ыг шүүх хянан хэлэлцэхээр тодорхой заасан байна. Энэ нь ажил олгогч нь ажилтныг өөр ажилд шилжүүлсэн эсхүл ажилаас халсан аль нэг тохиолдолд хамаарна гэж үзэж байна. Ажил олгогч М нь ажилтан Э.Цыг ажлаас халсан үйл баримт байхгүй. Мөн ажилтныг өөр ажилд шилжүүлэх гэдэг ойлголт нь Хөдөлмөрийн хуульд зааснаар зөвхөн ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх, ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх гэсэн тодорхой 3 харилцааг ойлгохоор тусгасан бөгөөд М нь Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хувиарлан шилжүүлсэн арга хэмжээг дээр дурдсан 3 төрлийн харилцаатай адилтгах үндэслэлгүй. Энэ төрлийн харилцааг шүүх хянан шийдвэрлэхээр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл Мны удирдлагын шийдвэрийн дагуу хийгдсэн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, ажилчдын ажлын үр дүн, мэдлэг, ур чадвар болон тухайн нэгжийн удирдлагын саналыг харгалзан, Хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хувиарлахдаа хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Мны дотоод журам, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хүрээнд авсан арга хэмжээ юм.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.6-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Э.Ц нь Минд холбогдуулан Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б-510 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаалаас үндэслэлгүй шилжүүлсний улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг нөхөн төлүүлэх, Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-519 тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урамшууллын 2 003 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Мны зарим газрын бүтцийг өөрчлөх тухай А239 тушаалаар Төлбөр тооцоо бүртгэлийн газрыг чиг үүргийн хувьд хувааж, Төлбөр тооцооны газар, Тайлан бүртгэлийн газар болгон өөрчилж, дээрх өөрчлөлттэй холбогдуулан Э.Цыг Мны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Төлбөрийн бодлого, зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагчаар ажиллаж байхад нь Мны Ерөнхийлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б-510 тушаалаар 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тайлан бүртгэлийн газар нягтлан бодогчийн ажилд томилсон, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-519 тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорч, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Ажил олгогч ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан шүүхээр шийдвэрлэх маргаан биш, хөдөлмөрийн гэрээ, Мны хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд ажилчдын ажил үүргийг хуваарилан шилжүүлсэн арга хэмжээ. Э.Ц нь 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд ажлын нийт 164 өдрийн 103 өдөрт нь ажлаас хоцорч, ажлын цагаас 1917 минут буюу 31 цаг 57 минут хоцорсон дутагдал гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн  32, 33, 34 дүгээр зүйлүүдэд өөр ажилд шилжүүлэх, түр шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд ажил олгогчийн шийдвэр хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул хоёр шатны шүүх ажилтны гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан маргаанд хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, ажил олгогч ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ үндэслэл бүхий баримтаар нотлоогүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх “ажил олгогч ажилтны ажлыг дүгнээгүй байхад урамшуулал олгосон нь учир дутагдалтай болжээ..” гэж дүгнэж, нэхэмжлэгчээс урамшуулалд нэхэмжилсэн 2 003 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх...” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан журмыг зөрчсөн байна.

 Мны  ажилтны ажлыг дүгнэх, урамшуулал олгох журмын 2.1.-д “Мны газар, бие дасаан нэгжийн төлөвлөгөөт ажлыг дараах үзүүлэлтийн дагуу улирал бүр Тамгын газар дүгнэж, Дэд ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр баталгаажуулан танилцуулна:”, 2.3-т “Мны ажилтны улирлын ажлын үр дүнг хариуцсан хэлтэс, алба, төв, газрын захирлууд энэ журмын хавсралтад заасан дүгнэх хуудсаар дүгнэнэ” гэж, 4.3.1.-д Тухайн улиралд ...захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол урамшууллыг олгохгүй” гэж тус тус зохицуулжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний ажлыг дүгнэхгүй байх үндэслэл болохгүй, харин дүгнэгдсэн урамшууллыг олгохгүй байх үндэслэл бөгөөд ажилтны ажлыг дүгнэх нь ажил олгогчийн үүрэг байна.

Ажилтны урамшууллын хэмжээний талаар хариуцагч маргаагүй байхад ажил олгогчийн ажил дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй буруугаас ажилтанд олгогдох урамшууллыг “... ажлыг дүгнээгүй” гэх үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх шаардлагад нийцээгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Харин хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 773 дугаар магадлалыш хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/00045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргалын гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч М, хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус тус чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР  

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД