Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0600

 

 

 

 

 

 

 

                Д.И гийн нэхэмжлэлтэй 

          захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д.И

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.И

Хариуцагч Дорноговь аймгийн засаг дарга болон тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал,

Гуравдагч этгээд Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /хуучин нэрээр/

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгчээс “Дорноговь аймгийн засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжуудын иргэн Д.И д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай 02/09 дугаар тогтоолын Д.И д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Ч.Н, Л.О, Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 115/2022/0001/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.И гээс “Дорноговь аймгийн засаг даргад холбогдуулан тус Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамжуудын иргэн Д.И д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Дорноговь Аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаар шийдвэрээр Дорноговь аймаг дахь засаг даргын газар эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсэг, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай 02/09 дугаар тогтоолын Д.И д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 04/01 дүгээр тогтоолын иргэн Д.И д холбогдох хэсгийг, тус аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/493 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах, өмгөөллийн хөлс 3 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Д.И  дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

3.2. Анхан шатны шүүх Дорноговь аймгийн засаг даргын 2020 оны 04 дүгээр 17-ны өдрийн А/336 дугаартай захирамжийн иргэн Д.И  надад холбогдох хэсэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар 16-ны өдрийн 02/09 дугаартай тогтоолын иргэн Д.И  надад холбогдох хэсэг нь тус тус хууль бус байсныг тогтоосон мөртлөө нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

 

3.3 Дорноговь аймгийн засаг даргын 2020 оны 04 дүгээр 17-ны өдрийн А/336 дугаартай “Газар эзэмшүүлэх” захирамж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар 16-ны өдрийн 02/09 дугаартай “Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох батлах тухай" тогтоол нь эхнээсээ иргэн Д.И  миний газар өмчлөх эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус байсан бөгөөд анхан шатны шүүхийн зүгээс хууль бус байсан гэдгийг нь тогтоосон.

 

3.4 Дээрх хууль бус А/336 дугаартай захирамж, 02/09 дугаартай тогтоолууд дээр үндэслэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар 08-ны өдрийн 04/01 дугаартай тогтоол, Дорноговь аймгийн засаг даргын 2021 оны 09 дүгээр 28-ны өдрийн А/493 дугаартай захирамжууд гарч сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, газрын байршлыг шилжүүлж иргэн миний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

 

3.5 Төр, захиргааны байгууллага нь иргэн миний газар өмчлөх эрхийг зөрчин хууль бусаар А/336 дугаартай захирамж, 02/09 дугаартай тогтоолуудыг гаргасан гэдгийг анхан шатны шүүх тогтоосон боловч миний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, яаж хамгаалах нь тодорхойгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тохиолдолд миний зөрчигдсөн эрх сэргэж хангагдах тул давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсэг, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай 02/09 дугаар тогтоолын Д.И д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 04/01 дүгээр тогтоолын иргэн Д.И д холбогдох хэсгийг, тус аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/493 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах, өмгөөллийн хөлс 3 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж нэмэгдүүлсэн байна.

2.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хүн, хуулийн этгээд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй үндэслэлийг хянадаг.

2.3 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Засаг даргын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн 1 дэх заалтаар тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2020 оны Нийтийн сервитут тогтоох тухай А/109 дүгээр захирамжийг үндэслэл болгон Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт 640 хүүхдийн хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль барих төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар эзэмшүүлэх шийдвэр гарсан.

2.4 Уг захирамжийн үндэслэл болгосон А/109 дүгээр захирамж дахь Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл хэрэгжүүлэх нийтийн сервитут тогтоосон 1 га хэмжээтэй газарт нэхэмжлэгч иргэн Д.И гийн өмчлөлийн 3500 мкв хэмжээтэй газар багтаж орсон байна.

2.5 Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд “Тус захирамжууд гарсан гэдгийг миний бие мэдээгүй, Дорноговь аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1257 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 138 тоот албан бичгээр ирүүлэхэд мэдсэн. Надад мэдэгдэж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийж миний санал хүсэлтийг аваагүй, тайлбар гаргах боломжоор хангалгүйгээр миний газар өмчлөх эрхэд шууд халдсан гэж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбартаа “...Үүссэн нөхцөл байдлын болон 640 хүүхдийн сургууль барих төслийг танилцуулах, өмчлөлийн газрын байршлыг шилжүүлэн өмчлүүлэх, нөхөн олговор олгох асуудлаар харилцан тохиролцох, уулзалт зохион байгуулахаар уулзалт товлон иргэдэд хүргүүлсэн. Улмаар товлосон уулзалтад ...иргэн Д.И  ирээгүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-г нь цахимаар оролцуулах хүсэлтийг тавьсан боловч оролцоогүй. ...Д.И  болон нэр бүхий 2 иргэний өмчилсөн газрыг төлөв байдал, чанартай дүйцэхүйц байршилд шилжүүлж, газар өмчлөх эрхийг нь хангаж шийдвэрлэсэн эерэг үйлчлэлтэй захиргааны акт тул Д.И д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. ...Мөн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу тухайн газрыг барилга эхлэхээс өмнөх нөхцөл байдалд оруулах боломжгүй. Захиргааны байгууллагаас иргэдэд хохирол учруулаагүй” гэж, Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ гаргасан 4 захиргааны актад холбогдох шаардлага дээрээ нэмж газрын өмнөх байдалд нь оруулах, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагуудыг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, гуравдагч этгээд Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /хуучин нэрээр/ ...Тухайн захирамжийг хүчингүй болгохыг болон барилга байгууламж баригдаад дуусаж байхад газрыг хэвийн байдалд оруулах боломжгүй. Хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир сурч боловсрох нөхцлөөр хангаж өгнө үү гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.6 Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тохиолдолд миний зөрчигдсөн эрх сэргэж хангагдах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

2.7 Учир нь Дорноговь аймгийн Засаг дарга болон Сайншанд сумын Хурал нь дээрх захирамж, тогтоолуудыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, тус аймгийн засаг дарга нь тухайн үед Сайншанд сумын Засаг даргын Нийтийн сервитут тогтоох тухай А/109 дүгээр захирамжийг А/336 дугаар захирамжийнхаа үндэслэл болгон гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д сум дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах, 30.1.9-д сум, дүүргийн Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих бүрэн эрхүүдийг хэрэгжүүлээгүй зэрэг байдлуудаас шалтгаалж тухайн шийдвэрүүд нь хууль бус болж, улмаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн байна.

2.8 Дээрх байдлаар А/336 дугаар захирамж болон 02/09 дүгээр тогтоол хууль бус болох нь тогтоогдож байх боловч уг захиргааны актууд хэрэгжиж биелэгдсэн байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт өмчлөх эрхээ сэргээн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.

2.9 Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/01 дугаартай тогтоол, тус аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/493 дугаар захирамж зэрэг захиргааны актуудын иргэн Д.И д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч Д.И гийн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх өмнөх байдлаас дордоогүй, тухайн газар өмчлөх эрхээ цаашид саадгүй хэрэгжүүлэх боломжтой юм.

2.10 Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Дорноговь аймгийн Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/336 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсэг, хариуцагч тус аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоон батлах тухай 02/09 дугаар тогтоолын Д.И д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 04/01 дүгээр тогтоолын иргэн Д.И д холбогдох хэсгийг, тус аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын байршил шилжүүлэх тухай А/493 дугаар захирамжийн иргэн Д.И д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, өмчлөлийн газрыг дээрх хууль бус тушаал шийдвэрүүд гарахаас өмнөх буюу барилгын ажил эхлэхээс өмнөх байдалд оруулахыг хариуцагч нарт даалгах, өмгөөллийн хөлс 3 сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.11 Иймд нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

 

                  ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ