Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 580

 

  

 

 

 

 

 

2017 оны 3 сарын 21 өдөр

   Дугаар 182/ШШ2017/00580

                  Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 11 дүгээр гудамжны 191 тоотод оршин суух, Олхуноуд овогт Жанагийн Бат-Эрдэнэ /РД:ЧН80021674/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамжны 210 тоотод оршин суух, Буурал овогт Цэдэвийн Үүрийнтуяа /РД:УР69041267/-д холбогдох

10,650,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагч Ц.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Бат-Эрдэнэ би 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны хооронд Ц.Үүрийнтуяад Польш улсаас импортолсон алимыг зээлээр худалдсан билээ.

Тэрээр зээлээр худалдан авсан алимыг тухайн үед борлуулан ашиг олсон хэдий ч миний мөнгийг төлж барагдуулаагүй тул Ц.Үүрийнтуяатай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр алимны үлдэгдэл мөнгө болох 22,800,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах тухай гэрээ байгуулж, түунд боломж олгосон юм.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 7 хоног тутам Ж.Бат-Эрдэнэ миний Хаан банкны 5026448844 тоот дансанд 500,000 төгрөгийг төлж байхаар Ц.Үүрийнтуяатай харилцан тохиролцсон юм.

Тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 500,000, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл зээлээ төлөлгүй иргэн намайг хохироосоор байна.

Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор оруулсан байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 431 хоногийн алданги 27,928,800 төгрөг болсон байдаг.

Гэвч Иргэний хуульд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байх тул алдангийн нийт хэмжээг 10,650,000 төгрөгөөр тооцож байна.

Иймд Ц.Үүрийнтуяагаас зээлийн төлбөр болох 21,300,000 төгрөг, 395 хоногийн алданги болох 10,650,000, төгрөг нийт  31,950,000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Ж.Бат-Эрдэнэ би тус шүүхэд 31,950,000 төгрөгийг Ц.Үүрийнтуяагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны үед хариуцагч Ц.Үүрийнтуяатай харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5,950,000 төгрөгийг хасч тооцон 26,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Иймд хэргийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Бат-Эрдэнэ хариуцагч Ц.Үүрийнтуяад холбогдуулан 31,950,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 5,950,000 төгрөгийг хасч, 26,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Ц.Үүрийнтуяа хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                           

            1.Хариуцагч Ц.Үүрийнтуяа нь 26,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар Ж.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ц.Үүрийнтуяагаас 143,975 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 158,850 төгрөгийг тус тус гаргуулж Ж.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэгчээс 2017.02.02-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,700 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Х.ДАШДЭЧМАА