| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Халиун, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Ц.Майбаяр,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Иргэдийн төлөөлөгч Б.Ундрага
Шүүгдэгч: Х.М түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Отгонтэнгэр овогт Хэченьфугийн М холбогдох эрүүгийн 2011000000900 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 14-212 тоотод оршин суух хаягтай, хувиараа Хүчит шонхор зах дээр мах үүрдэг гэх, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Отгонтэнгэр овогт Хэченьфу овогтой М, /РД:ХЕ68102417/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” захын урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хэрүүл маргааны улмаас хохирогч Ц.Баярболдыг цээж, хэвлий орчимд нь өшиглөж, дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2011000000900 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаачийг би Шагай гэж дууддаг байсан. Би түүнийг хоёр удаа өшиглөсөн. Өөр цохиж, зодсон зүйл байхгүй. Би биед нь байгаа шарх сорвийг нь мэдэхгүй. Талийгаач өмнө нь зодуулсан байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхчимэгийн “...талийгаач Баярболд нь миний дээрээсээ 2 дахь хүү маань юм. 2020 оны 9 дүгээр сарын 12- ны өглөө би хөдөө гэртээ байж байтал миний гар утас руу нэг эмэгтэй хүн залгаад” танай хүү Ц.Баярболд зах дээр хүнд зодуулаад нас барсан байна” гэж хэлсэн. Манай талийгаач хүү Баярболд нь Дундговь аймагт амьдарч байгаад 2013 онд хотод ажил хийж амьдрахаар орж ирсэн. Сая нас барах үедээ яг хаана ямар хүнтэй амьдарч байсныг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд талийгаачтай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярихад “би Дэнжийн 1000-н Хүчит шонхор зах дээр ажил хийж байгаа, та биеэ бодож байгаарай” гэж хэлсэн. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Яллагдагч Х.Мөнхтөгсийн ар гэрийн зүгээс талийгаачийн оршуулгын зардалд гарсан 1,880,000 төгрөгийг надад төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22 хуудас/
Гэрч Н.Ёндонгийн “...Би өнөөдөр 15:00-16:00 цагийн хооронд эхнэр Өнөрзаяагийн хамт эхнэрийн төрсөн эгч Алтанзаяаг нь Хүчит шонхор захын зүүн талд нохойн хоол зарж байна гэхээр нь хамт очсон. Хүчит шонхор захын ойролцоо гудамжинд эхнэр Өнөрзаяа, эхнэрийн эгч Алтанзаяа, талийгаач Шагай хочтой Баярболд нарын хамт 1 шил 0.75л хэмжээтэй “Сэржим” нэртэй архийг “Чулуут” нэртэй дэлгүүрээс авч хувааж ууцгаасан. Тэгээд бид нар Шонхор захын зүүн талд нохойн хоол зардаг хүмүүс зогсдог хэсэгт бөөгнөрөөд сууж байтал Баярболд ах Төгсөө гэх ахтай нохойн хоолноос болоод маргах шиг болсон. Тэгснээ Төгсөө гэх ах Баярболд ахыг замын хажуу талын боржур чулуун дээр сууж байхад нь цээжин тус газар луу нь өшиглөхөд Баярболд ах хойшоо саваад унасан бөгөөд Төгсөө гэх ах Баярболд ахыг хойшоо саваад унахад нь цээжин тус газар нь дахин нэг удаа хөлөөрөө дэвсээд авахаар нь би болиоч гэж хэлээд Төгсөө гэх ахыг тэвэрч аваад салгасан. Төгсөө гэх ах талийгаачийг газар хэвтэж байсан төмрийг аваад цохих гэхээр нь би төмрийг булааж аваад хол шидсэн. Би талийгаач Баярболд ахаас зүгээр үү гэж асуухад “Ах нь зөндөө согтчихсон байна, ах нь жоохон унтлаа “ гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд 1 цаг орчим унтуулаад сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан ба нүүр нь цонхийгоод, шүд нь зуураад, нүд нь нээлттэй байх шиг болохоор нь ойролцоо самар зарж байсан 2 охины гар утсыг гуйж аваад цагдаа руу залгаад хүн нас барчих шиг боллоо гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30- 32 хуудас/
Гэрч Өнөрзаяагийн “2020 оны 09 сарын 11-ний өдөр 16 цагийн үед Хүчит шонхор худалдааны төвийн хойд талын автомашин гардаг хаалга дээр талийгаач Баярболд ах Төгсөө гээд ах хоёр нохойн хоол зарж байгаад хоорондоо муудалцаад манай хүргэн ах болох Баярболдыг замын хашлага нь дээр сууж байхад нь Төгсөө гээд ах цээж рүү нь хөлөөрөө жийж унагаад, хойшоогоо унахаар нь цээжин дээр нь дэвсээд байхаар нь би нөхөр болох Ёндонд очоод салгаадах гэж хэлээд манай нөхөр очиж салгасан юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/
Гэрч Д.Алтанзаяагийн “Өчигдөр орой буюу 2020 оны 09 дүгээр сарын 10- наас 11-нд шилжих шөнө 00 цаг 45 минутад Төгсөө ганцаараа 0.75 граммын Их монгол нэртэй архи болон гоё ундааны саванд бас архи хийгээд манайд ирсэн юм. Би савтай архинаас нь хувааж уучхаад унтаад өгсөн бөгөөд манай нөхөр, Төгсөө хоёр хэсэг хамт сууж ууж байгаад унтаад өгсөн. Тэр хоёр унтахаасаа өмнө хоорондоо маргалдаад байсан бөгөөд Төгсөө манай нөхрийг ална шүү гээд занаад байсан юм. Тэгээд өглөө босоод Төгсөө манай нөхрөөс 20.000 төгрөг нэхээд байсан бөгөөд надад 10.000 төгрөг байсан болохоор 1 шил архи авч өгөөд Шонхор захын хойд тал руу очиж уусан юм. ...Тэгээд орой 17 цаг болох гэж байсан байх гэж бодож байна. Хүчит шонхор захын хаалганы шонгийн тэнд Төгсөө манай нөхрийг сууж байхад нь шууд цээж рүү нь өшиглөж унагаад, дээрээс нь цээжин дээр нь хөлийнхөө өсгийгөөр дэвсээд байсан юм. Тэгээд манай хүргэн салгаад нөхрийгөө түр үлдээгээд жоохон цаана Төгсөө, Нараа, Ёндон, манай эмэгтэй дүү бид хэд 0.75 граммын архи уугаад нээх удаагүй нөхрийнхөө толгой дээр ус хийж сэргээх гээд бага зэрэг ус авчраад нөхөр дээрээ иртэл манай нөхөр хөдлөхгүй байсан юм. Тэгээд би үхчихлээ ш дээ гээд орилтол Төгсөө зугтах гэж байхад нь манай хүргэн Ёндон Төгсөөг барьж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч О.Оюундэлгэрийн “...Талийгаач Ц.Баярболд хүүхэдгүй ба Туул гэдэг нэг эмэгтэйтэй амьдарч байгаад тэр хүн нь 2020 оны 4 дүгээр сард өвчнөөр нас барсан юм. Түүнээс хойш талийгаач нь гарцаараа байсан ба ээж нь Дундговь аймагт мал малладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1895 дугаартай Ц.Баярболдын цогцост хийсэн шүүх хуралт, нарийн гэдэсний хана, хэвлийн өмнөд ханын булчин дахь цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт 2300 мл, цээж, зүүн эгэм, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цутгалан гэдэсний чацархайн няцарч цоорсон шарх, цус хуралт, нарийн гэдэсний хана, хэвлийн өмнөд ханын булчин дахь цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт 2300 мл гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээж, зүүн эгэм, зүүн тохойнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гэмтлийг авсан даруйд нас барахгүй ба тодорхой хугацаанд амьд байх боломжтой. Химийн шинжилгээгээр талийгаач Ц.Баярболдын цусанд 3,9 промилли, шээсэнд 3,7 промилли, ходоодны шингэнд 4,3 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-53 хуудас/,
Шинжээч Т.Чимэд-Очирын “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэвлийн хэсэгт өшиглөх болон дэвсэх үед үүсэх боломжтой. ...Хүнд зэргийн согтолттой цаг хугацаанаас болон орон зайн баримжаа алдагдах боловч хүн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Иймээс тухайн хүний биеэ хамгаалах чадваргүй байсныг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 932 дугаартай “...Сэтгэцийн онош: Эрүүл...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтууд
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” захын урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хэрүүл маргааны улмаас хохирогч Ц.Баярболдыг цээж, хэвлий орчимд нь дэвсэж, өшиглөх зэргээр зодож алсан болох нь гэрч Н.Ёндонгийн... Тэгснээ Төгсөө гэх ах Баярболд ахыг замын хажуу талын боржур чулуун дээр сууж байхад нь цээжин тус газар луу нь өшиглөхөд Баярболд ах хойшоо саваад унасан бөгөөд Төгсөө гэх ах Баярболд ахыг хойшоо саваад унахад нь цээжин тус газар нь дахин нэг удаа хөлөөрөө дэвсээд авахаар нь би болиоч гэж хэлээд Төгсөө гэх ахыг тэвэрч аваад салгасан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/...гэрч Өнөрзаяагийн... манай хүргэн ах болох Баярболдыг замын хашлага нь дээр сууж байхад нь Төгсөө гээд ах цээж рүү нь хөлөөрөө жийж унагаад, хойшоогоо унахаар нь цээжин дээр нь дэвсээд байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/...Д.Алтанзаяагийн... Төгсөө манай нөхрийг сууж байхад нь шууд цээж рүү нь өшиглөж унагаад, дээрээс нь цээжин дээр нь хөлийнхөө өсгийгөөр дэвсээд байсан юм...нөхрийнхөө толгой дээр ус хийж сэргээх гээд бага зэрэг ус авчраад нөхөр дээрээ иртэл манай нөхөр хөдлөхгүй байсан юм...Тэгээд би үхчихлээ ш дээ гээд орилтол Төгсөө зугтах гэж байхад нь манай хүргэн Ёндон Төгсөөг барьж авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1895 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Мдээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэх шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй энэ хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардалд 1.880.000 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.М 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.М 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 129 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД