Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 934

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00934

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 2 хороо, 1-14 тоотод оршин суух Норовжавын Түмэнсайханы /НЭ62020593/

Бүжигчнээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Түмэнсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Төв аймгийн хөгжимт драмын театрт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь Хөдөлмөрийн дэвтэрт “бүжигчнээр” ажиллаж байсныг “жүжигчнээр” ажиллаж байсан гэж буруу бичигдсэн байх тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.

Иймд 1983 оноос 2003 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Төв аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Түмэнсайхан 1983 оноос 2003 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд Төв аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт ажил мэргэжлийн нэрийг буруу бичигдсэн гэх тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй байх ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн Соёлын хэлтсийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 тоот тушаалаар Н.Түмэнсайханыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөгжимт драмын театрт жүжигчнээр дэвшүүлэн ажиллуулсан тухай бичилт хийгдсэн нь 110496 дугаартай, 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгогдсон Н.Түмэнсайханы хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна. Тус бичилтийг хүсэлт гаргагч жүжигчнээр биш бүжигчнээр ажиллуулсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан бусад бичгийн баримтаас үзэхэд Н.Түмэнсайхан нь дурдсан хугацаанд Төв аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Төв аймгийн хөгжимт драмын театрын даргын 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 111 тоот тушаалаар Н.Түмэнсайханыг бүжигчны ажлаас чөлөөлсөн, 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 133 тоот тушаалаар Н.Түмэнсайханыг бүжигчнээр ажиллуулахаар ажилд томилсон, түүний 020 тоот ажлын үнэмлэх, бүжигчний гэрэл зураг зэрэг баримт хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Мөн аймгийн хөгжимт драмын театрын даргын 2001 оны 58 тоот, 2002 оны 01, 77 тоот, 2003 оны 01 тоот тушаалууд болон Н.Түмэнсайханыг ажлаас чөлөөлсөн тухай Төв аймгийн театр-киноны хүрээлэнгийн даргын 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 38 тоот тушаалд Н.Түмэнсайханыг бүжигчны ажлаас чөлөөлжээ.

 

Дээр дурдсан бичгийн баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Түмэнсайхан 1983 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Төмөрт овгийн Норовжавын Түмэнсайхан /РД: НЭ62020593/ 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Түмэнсайхаын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ