| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0419/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0001 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 166/ШЦТ/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0419/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Б.Д-,,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000472 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Номадс хоспиталити” ХХК-нд тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим ***** улсын дугаартай тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16 дугаар бүлгийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинэ Дарханаас хуучин Дархан орох замд “Оргил” худалдааны төвийн урд явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөсөн. Тухайн үед бүрэнхий болсон байсан учир хараагүй, тоормос гишгэсэн боловч амжаагүй. Тэгээд түргэн дуудаад түргэний машин ирээд хохирогч Дуламхорол эгчийг аваад явсан. Дараа нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би “Оргил” худалдааны төвийн урд машинаас буугаад явган хүний гарцаар гараад 2 дугаар эгнээнд орж байтал намайг машин мөргөсөн байсан. Би өөрөө машинд мөргүүлснээ ч мэдээгүй. Нэг сэргэхэд эмнэлэг дээр байсан. Одоо нурууны Л-5-аас 7 үе хугаралтай, нурууны хугарал бүрэн эдгэрч амжаагүй байгаа. Ажил төрлөө хийж чадахгүй байна. Тухайн үед машин харагдаагүй гэнэт маш хурдтай орж ирсэн. Надад 1500000 төгрөг өгсөн, мөн өмнөх шүүх хурлаас хойш 641500 төгрөг авсан. Одоо дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул эмчилгээний зардал бусад зардлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 5-10/,
-Жолооч Х.Б-гийн согтуурлын зэргийг шалгахад 0.0% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр машин миний машин боловч гэрчилгээн дээрх нэр нь өөр хүний нэр дээр байгаа. 2018 онд “Жавхлант” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орох үед уг машиныг тус компанийн нэр дээр шилжүүлж барьцаа хөрөнгө болгож байсан юм. Одоо би тэр компаниас гарчихсан. Уг компанитай ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй.
...эхнэр Х.Б-гаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 онд “Жавхлант дистрибушион” ХХК-ны Дархан-Уул, Сэлэнгэ салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлмөрийн гэрээний журмын барьцаалах гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэр машины жинхэнэ эзэмшигч нь манайд худалдааны төлөөлөгч хийж байсан бөгөөд Билгүүн гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалан гэрчилгээг нэр дээрээ шилжүүлсэн. Тэгээд 2018 онд Билгүүн ажлаасаа гарсан. Харин машиныхаа нэрийг буцааж шилжүүлж амжаагүй байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй ч надад ямар ч хамаагүй машин.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,
-“...Б.Д-ын биед бүсэлхийн L3, L4, L5 нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун гуя, өвдөг, зүүн тохой дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Д-ын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Д-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45/,
-Хохирогч Б.Д-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хавтаст хэргийн 48-49/,
-“...Х.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16 дугаар бүлгийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Б.Д- нь Дархан сумын 8 дугаар багт байрлах “Оргил” супермаркетын урд төв замын явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч яваад зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан гэж үзэж байна. Явган зорчигч Б.Д- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 52/,
-“...Х.Б-гийн жолоодож явсан ***** улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд бүрэн бүтэн үндсэн болон туслах эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна. Осол үүсэхэд техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна. ***** улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гупер зүүн гар талдаа доод хормойн хэсэг хагархай, крылоны үзүүр будаг халцарсан. урд талын гупер баруун гар талдаа хуучин будаг замасктай зэрэг нь ослын өмнөх эвдрэл гэмтэл байна. Урд салхины шил баруун гар талдаа хагарсан, урд крылоны баруун гар талд хуучин замаск халцарсан зэрэг нь ослын дараах эвдрэл гэмтэл байна. Тээврийн хэрэгслийн тормосны эд анги бүрэн бүтэн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй байсан. Зам тээврийн осол үйлдэхэд нөлөөлсөн зүйлгүй байна Автомашин дээр хийгдсэн үзлэгээс ослын шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-59/,
-“Тоёота Приус 11” маркийн ***** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашины эвдрэл, гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн нь 210000 /хоёр зуун арван мянга/ төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ны эвдрэл хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-66/
-Хохирогч Б.Д-ын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 16-18, 21-27, 30-33/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим ***** улсын дугаартай тоёота приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16 дугаар бүлгийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд “бүсэлхийн L3, L4, L5 нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн өгзөг, гуя, шилбэ, баруун гуя, өвдөг, зүүн тохой дахь цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь 3962000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд 1500000 төгрөг төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 641495 төгрөг гаргуулж, хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авч, 641500 төгрөг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд авагдсан төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Д- нь сард 1800000 төгрөгийн орлоготой гэж сайн дурын даатгал төлдөг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор /хавтаст хэргийн 19/ нотлогдож байгаа бөгөөд хохирогч нь хөдөлмөрийн чадвар хэдий хугацаагаар алдаж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж хэдэн төгрөг төлсөн талаар баримт ирүүлээгүй байна.
Мөн хохирогч Б.Д- нь түрээсийн төлбөр, цахилгаан, дулаан, ус, интернэт зэрэг ахуйн хэрэглээний зардал нэхэмжилж байгаа боловч энэ талаар баримт ирүүлээгүй, нөгөө талаар энэ нэхэмжлэл нь гэмт хэрэг гарсантай холбогдуулан гарсан зардал биш тул шүүгдэгч Х.Б нь хариуцан төлөх үүрэггүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Б.Д- нь энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. /хавтаст хэргийн 40/,
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Х.Б нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Б-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Б-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Д- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ