| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0408/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0007 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 166/ШЦТ/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2020/0408/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 2018000000377 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Э 1975 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, библи судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 1 давхарт байрлах 00 тоот өрөөнд Т.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, тархины доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр хамар духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шуунд цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч С.Э-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…бааранд нь ресейпшн Т.Б- болон түүний найз эмэгтэй хоёр бас сууж байсан. Тэгсэн Пүрүүнз нь Батбаяр бид хоёрт 0.5 литрийн “Экс” нэртэй архи өгөөд “энэ хоёр эмэгтэйтэй хуваагаад уучихгүй юу” гэж хэлсэн. Тэгээд ресейпшн Т.Б-д наад архиа уучихаад баараа хаагаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Ингээд Пүрүүнзийн өгсөн архийг ресейпшн Т.Б- болон түүний найз эмэгтэйтэй Батбаяр бид дөрөв хувааж уугаад дуусахад Т.Б-гийн найз гэх эмэгтэй намайг хүргээд өгчихөөч гээд Батбаярыг гуйсан бөгөөд Батбаяр тухайн эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд гараад явсан. Тэгэхээр нь ресейпшн Т.Б- гэх эмэгтэйд би “буудлын нэг өрөөнд нь ороод унтчихъя” гэхэд Т.Б- намайг “байж бай л даа” гэснээ тейк рүүгээ явснаа 1 литрийн ногоон шилтэй архийг авчирснаа “энэ архийг би ууж үзмээр санагдаад байдаг юм, хоёулаа уучихъя л даа” гэхээр нь би “яах юм бэ? одоо унтлаа” гэхэд “чи яасан надаас мөнгө харамлаад байгаа юм уу?” гэхээр нь “үгүй ээ, за тэгвэл уу л даа” гээд тухайн архийг бид хоёр хувааж уусан бөгөөд тухайн архины шилэнд 200 грамм орчим үлдсэн байхад Т.Б- нь хоёулаа унтаж хэвтье гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд “би эхнэр хүүхэдтэй хүн, хоёулаа унтаж болохгүй, би шударга журамтай хүн шүү” гээд хэлсэн. Тэгсэн чинь Т.Б- надад хандаж “миний нөхөр үхчихсэн юм, тэгээд юу гэж, чи эхнэрээ тийм ариухан хүн гэж бодож байна уу?” гэх мэтээр нөхрөө яриад уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би түүнийг тэврээд “за тайвшир, би танай нөхрийг нас барсан гэж мэдээгүй шүү дээ” гэх мэтийн зүйл хэлж тайвшруулсан. Энэ үйл явдал 2-3 удаа болсон бөгөөд түүнийг гайгүй тайвширчихаар нь баарных нь нойлын өрөө рүү бие засахаар орсон. Тэгсэн намайг бие засаж байхад Т.Б- нь орж ирээд миний араас тэврээд бөгсөөрөө миний араас хөдлөөд байсан. Тэгэхээр нь би намайг тэвэрсэн хоёр гарыг нь гараараа тавиулаад түлхчихсэн. Тэгээд унахад нь би гараа өгөөд татсан чинь миний зүүн гарын сарвууны ар хэсгийг хазсанаа орилоод босоод ирсэн бөгөөд миний нүүрийг маажих гэж хоёр гараа савсан. Ингэхэд нь би хойшоо болсон бөгөөд миний нүүрийг маажиж чадаагүй ээ. Тэгээд над руу дайраад нүүр маажих гээд давшлаад байхаар нь би түүнийг 2-3 удаа алгадчихсан чинь хамраас нь цус гарсан. Тэгээд цусаа харчихаад нойлын өрөөнөөс гараад гадагшаа гүйгээд явчихсан.
...буудлын нойлд Т.Б-г алгадах үед бол түүн рүү хутга гаргаж айлгаж сүрдүүлсэн, гэмтээсэн асуудал огт гаргаагүй.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн тухай гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 3/,
-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,
-Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,
-Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Гранд” зочид буудлын ресейпшнээр ажилладаг. Тухайн өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний ажилладаг зочид буудлын паб дотор нь би найз хүүхэнтэйгээ тейкний орчим аяга таваг угаагаад сууж байхад гаднаас 23 цаг өнгөрч байхад С.Э- гэх залуу найзтайгаа манай буудлын эзэн Пүрүүнз гэдэг хүнтэй уулзана гэж орж ирсэн. Ингээд буудлын эзэн Пүрүүнзтэй С.Э- найзынхаа хамтаар буудлын нэг давхарт байрлах паб дотор архи ууж суусан. Ингээд удаагүй Пүрүүнз гараад явчихсан. Тэгсэн С.Э- нь намайг “нааш ир, энд суучихаач” гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би “ажилтай байна” гээд очоогүй. Тэгсэн “танай хамгийн үнэтэй архи чинь ямар архи байна, аваад ир” гэхээр нь одоо “00 цаг болчихсон байна, архи дарс зарахгүй ээ” гэж хэлчихээд би нойлын өрөө рүү бие засах гээд орсон. Тэгээд би нойлын хаалгыг дөнгөж онгойлгоход нэг хүн намайг шууд цохиж унагаад дээрээс толгой руу цохиод байсан. Би нүүрээ дараад “хүүе, юу болоод байна аа” гээд хальт харахад С.Э- нь миний дээрээс цохиж зодож байсан. Ингэж би цохиж зодуулаад манараад тэр буудлаас яаж гарч гүйж явснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд хамаатныхаа Батчулуун гэдэг айлынд өглөө сэрсэн. Тухайн үед Батчулуун байхгүй гэртээ хоноогүй байсан бөгөөд түүний хүү Улаака гэдэг залуу л байсан.
...намайг хутгаар зүсэж гэмтээсэн үгүйг мэдэхгүй байна. Би зодуулаад манараад яаж тэндээс гарч зугтааснаа ч санахгүй байгаа юм. Гэхдээ миний духанд бол хурц иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байгаа юм. Үүнийг чухам юугаар зүсэж гэмтээсэн үгүйг хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед би найз С.Э-ын хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Дарханд орж ирсэн бөгөөд бид хоёр аймгийн захиргааны хажуугийн “Гранд” зочид буудлын баар руу орсон. Тухайн бааранд бид хоёр хүний 100 грамм архи уучихаад С.Э-ыг унтуулчихаад харья гээд орсон. Тухайн “Гранд” буудлыг Пүрүүнз гээд бид хоёрын найз ажиллуулдаг бөгөөд тухайн хүн бид хоёрыг ороход баарандаа сууж байсан. Мөн тухайн бааранд бага зэргийн согтолттой хоёр эмэгтэй бас тусдаа сууж байсан. Ингээд Пүрүүнзтэй бид хоёр мэндлээд 100 грамм архи авч уусан. Тэгсэн Пүрүүнз нь гэртээ харилаа гээд явсан. Харин бааранд байсан хоёр эмэгтэйтэй С.Э- бид хоёр танилцаад хамт сууж 0.5 литрийн нэг шил архийг хувааж ууцгаасан. Ингээд тухайн архийг ууж дуусахад тухайн хоёр эмэгтэйн нэг нь “намайг гэрт маань дөхүүлээд өгөөч” гээд байхаар нь би тухайн эмэгтэйг нь гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Тухайн эмэгтэйн нэрийг нь санахгүй байна. Харин С.Э- нь нэг эмэгтэйтэй нь хамт тухайн буудлын бааранд үлдсэн. Тэр эмэгтэйг Болормаа гэж байсан бөгөөд “Гранд” буудлын ресейпшн хийдэг гэж байсан. С.Э- бид хоёр бол тухайн хоёр эмэгтэйг огт танихгүй. Би маргааш нь С.Э-той уулзаад болсон асуудлын талаар мэдсэн. Түүнээс бол бид нар нэг шил архи хувааж ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, энгийн зүйл яриад л сууцгааж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
-Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танил дүү С.Э- ирээд “би саяхан хүн зодчихсон асуудалд холбогдчихлоо, нөгөө хүнээ эмнэлэгт үзүүлж харуулмаар байдаг, танд мөнгө төгрөгийн боломж байна уу?” гэхэд “өө тийм үү, ахад нь 3 сая төгрөгийн л боломж байна” гэхэд “за баярлалаа, би тэгвэл нөгөө хүнийхээ хүүхдийг нь дагуулаад ирье” гээд 2020 оны 08 дугаар сарын 28, 29-ний хавьцаа С.Э- нь хохирогчийнхоо хүүхдийг гээд нэг залууг дагуулж ирээд нөгөө мөнгөө өгчих гээд манай ажил дээр хүрээд ирэхээр нь би С.Э-од 3 сая төгрөгийг бэлнээр өгөхөд С.Э- нь тухайн залууд миний өгсөн мөнгийг өгсөн. Өөр зүйл болоогүй ээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
-Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дүү С.Э- нь яг тодорхой ажил төрөл хийгээгүй ээ. Найз нөхдийнхөө уурхайн ажил төрөлд туслаад Сэлэнгэ аймаг руу явлаа гээд манаачаар ажиллаад байгаа бололтой манайхаар ирж очиж байгаа юм. Манайд яг тогтмол байхгүй байгаа. Хааяа нэг ирж хоол унд идчихээд Улаанбаатар, Сэлэнгэ рүү л ажил хөөцөлдөж байна гээд яваад байгаа юм. Түүний эхнэр хүүхэд нь Солонгос улсад энэ ковид-19 өвчинтэй холбоотойгоор ирж чадахгүй нислэгт нь багтаж чадахгүй гэртээ ирж чадахгүй байгаа юм. Манай дүү С.Э-ын эхнэр хүүхэд нь Дарханд ирэхээрээ яг тогтсон хаяг байхгүй, энэ тэнд байр түрээсэлж л амьдардаг хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
-Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний оройн 19 цагаас 2020 оны 08 сарын 25-ны шөнө 03 цаг хүртэлх хугацаанд Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа Шинэбаярын хамтаар гүйцэтгэсэн. Тухайн шөнө 03 цаг ер нь дөхөж байхад “Гранд” зочид буудлын тэнд хүмүүс орилоод байх шиг болохоор нь яваад очиход орой 23 цагийн үед намайг хуучин хорооллын 7 дугаар байрны орчим явж байхад согтуу явж байсан 20-25 орчим насны хоёр согтуу залуус зогсож байсан. Тэгэхээр нь “та нарыг түрүүн яв гэж хэлэхэд яагаад энд бас явж байгаа юм, юундаа муухай орилоод байгаа юм бэ?” гэхэд “Гранд” буудлын ресейпшнийг тэр залуу зодчих шиг боллоо, тэр хүн гартаа хутгатай байна” гэсэн. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Тэгэхээр нь “Гранд” буудал руу дөхөөд очиход үүдэн дээр нь цээж нүцгэн, цээж хэсэг нь нэлээн их цус болчихсон, гартаа хутга барьчихсан согтуу залуу орилоод зогсож байсан. Түүнээс “юу болсон, ямар учиртай цус болчихсон юм бэ?” гэхэд “та хоёрт хамаагүй шүү, би олон жил шоронд сууж байгаад гарч ирсэн хүн” гэдэг зүйл яриад агсам согтуу тавих шинжтэй байсан. Тэгэхээр нь түүнийг тайвшруулж байгаад хутгыг нь аваад дагуулаад буудал руу ороход ямар ч хүн байхгүй ресейпшн нь байхгүй байсан. Тэгэхээр нь анх буудлын гадаа байсан хоёр залуу наад хүн чинь буудлын ресейпшнийг зодчих шиг болсон гэдэг яриаг санаад тухайн хутгатай залуу буюу өөрийгөө С.Э- гэж танилцуулж байсан залууг хүн зодсон байх магадлалтай гэж бодоод эрүүлжүүлсэн. Учир нь тэр хүн гартаа хутгатай, цээж нүцгэн, цээж гар нь цус болчихсон байсан байдалтай байсан. Өөрт нь бол учирсан гэмтэл бол ажиглагдаагүй ээ. Ингээд эрүүлжүүлэхийн машин дуудаж, түүнийг эрүүлжүүлэх рүү явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/
-“...Т.Б-гийн биед 2020 оны 08 дугаар сарын 25-ны шөнийн 02:00 цагийн орчим бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Т.Б-гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархины доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр хамар духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шуунд цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс духанд үүссэн шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Т.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/,
-Хохирогч Т.Б-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хавтаст хэргийн 26-27/,
-Хохирогч Т.Б-гийн цээжний рентген шинжилгээний хуудас, “Саран-Элит” клиникийн эмнэлгийн рентген оношилгооны хуудас /хавтаст хэргийн 29-30/,
-Хохирогч Т.Б-гийн өвчний түүх /хавтаст хэргийн 33-43/,
-Шүүгдэгч С.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-89/,
-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамж /хавтаст хэргийн 92-93/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.Э- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 1 давхарт байрлах 00 тоот өрөөнд Т.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, тархины доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр хамар духанд зөөлөн эдийн гэмтэл, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун бугалга, баруун шуу, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн шуунд цус хуралт, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 24-25/ нотлогдож байна.
Шүүгдэгч С.Э- нь “миний үйлдлийн улмаас хохирогч Т.Б-д ийм гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байна” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 цаг 30 минутад хохирогч Т.Б- нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж, яаралтай тусламжийн үйлчилгээ авсан байх /хавтаст хэргийн 26-27/ тул хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч С.Э- учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Т.Б-гийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч С.Э- нь хохирол төлбөрт 3000000 төгрөг төлснийг дурдаж, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Э-од Баянзүрх дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 15 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ба Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, ялыг 12 жил 5 сар 25 хоногийн хорих ял болгон дүйцүүлэн хассан байна.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар шүүгдэгч С.Э-ын Баянзүрх дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоожээ.
Шүүгдэгч С.Э- нь хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаад буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” зочид буудлын 1 давхарт байрлах 00 тоот өрөөнд Т.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э-ыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, түүний эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож, ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Э-ыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жил 05 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 10 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор ногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож, ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.Э-ын биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 11 сарын /хоёр жил арван нэгэн сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-од оногдуулсан 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Э-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ