| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0011/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0017 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 166/ШЦТ/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0011/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч М.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 2018005060009 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.М 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн , 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.М- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вlue sky” караоке баарны 8 номерын өрөөнд үйлчлүүлж байхдаа тус караокены “LG” брэндийн Xcanvas загварын 42 инчийн зурагтын дэлгэц, “Puhrkey РК-883” загварын хятад улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг микрофоныг тус тус устгаж, гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш буюу 440000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Шүүгдэгч М.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 10 сарын 31-ний өдөр Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Blue sky” караокед нөхөртэйгөө маргалдаж 42 инчийн зурагт, 2 ширхэг микрофон зэрэг эд зүйлийг нь эвдэж, 440.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн өдөр согтуу байсан учир сайн санахгүй байна. Миний хийсэн үйлдэл буруу, хийсэн үйлдэлдээ харамсаж байна.
...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэх мэдүүлэг,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-16/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17/,
-Хохирогч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ амарч байтал манай бармен Алтанчимэг над руу залгаад “үйлчлүүлж байсан хүн зурагт хагалсан байна гэж надад зөөгч Хаш-Эрдэнэ хэллээ.” гэж ярьсан. Тэгээд би яваад очтол цагдаа ирчихсэн үзлэг хийгээд нэг согтуу охин байж байсан. Тухайн согтуу охин 8 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан байна лээ. 8 дугаартай өрөөний “LG” брэндийн 42 инчийн зурагт шил нь хагарчихсан гарахаа больчихсон ажиллахгүй байсан, асаахад харанхуй жирэлзээд байж байсан. Тэгээд 2 ширхэг микрофоны утсыг салгаад эвдчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35/,
-Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.М- нөхөр Лхагвадоржтой нэг мэдсэн муудалцаад эхэлсэн. Лхагвадоржийн найз нь гэх залуу тэр хоёрыг хэрэлдээд эхлэхэд гараад явчихсан. Тэр өрөөнд байхад Лхагвадорж босоод явах гэхэд М.М- нөхөр рүүгээ гар утас бил үү пивоны шил шидэх шиг болсон. Тухайн үед би яг юу шидсэн гэдгийг нь тогтож хараагүй. Тэгээд Лхагвадоржийн ард байсан караокены өрөөний зурагтыг хагалчих шиг болсон. Тухайн үед Лхагвадорж бид 3 өрөөнд байсан. Өөр бусад эд зүйл эвдсэн эсэхийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/,
-Гэрч О.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Дархан сумын 04 дүгээр багт байрлах “Blue sky” гэх нэртэй караоке бааранд зөөгчийн ажлаа хийж байхад 21 цагийн үед санагдаж байна гаднаас хоёр залуу орж ирээд “өрөө байна уу?” гэж асуухаар нь би 8 номерын өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй араас нь архи уучихсан байдалтай 2 эмэгтэй манай нөхөр байх ёстой гэхэд 8 номерын өрөөг зааж өгөөд оруулсан.
...тэд нарын цаг дуусах дөхөж байсан чинь 8 дугаарт орсон хүмүүс муудалцаад байхаар нь яваад орсон чинь Мандухай гэдэг хүүхэн нөхөртэйгөө муудалцаад намайг орох үеэр пивоны шил хаалга руу шидэж таараад тэгэхээр нь би бултаад байж байсан чинь нөхөр нь эхнэрээ дээрээс нь дарж аваад “тооцоогоо аваад ир” гэж надад хэлэхээр нь би буцаж тооцоог нь авчраад өгсөн. Нөхөр гэх Лхагвадорж гэдэг өндөр ах тооцоо хийгээд хамт орж ирсэн ахын хамт гараад явсан. Би камераа харахад тухайн хоёр эмэгтэй өрөөнөөс юмаа авчихсан Мандухай гэх эмэгтэй нь гартаа пивоны шил барьчихсан өрөөний үүдэнд согтуу сууж байсан. Би өрөө цэвэрлэх гээд ороход зурагтны залгуур залгаатай цаг нь дуусахад цаг дууслаа гэх бичиг нь гараад байж байдаг, зурагт ажиллахгүй харанхуй байдалтай баруун дээд хэсгээрээ цуурсан байсан. Тэгээд би цагдаа дуудаад захиралд залгаж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/,
-Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Даваадорж болон эхнэр М.М-, түүний найз Ариунгэрэл нарын хамтаар Арбатын гудамжид байдаг “Сэлэнгэ” караокеноос гараад Дархан сумын 4 дүгээр багт байрлах “Blue sky” нэртэй караокед орсон. Тэгээд цаг дуусаад гарах дөхөж байсан чинь М.М- юунаас болж уурласныг мэдэхгүй ширээн дээр байсан ус ундааны шил, микрофон зэргийг аваад шидээд байсан. Би найз Даваадоржийн хамтаар хаяад гараад явсан. М.М- намайг гараад явсны дараа тус караокены өрөөний зурагтыг хагалсан юм шиг байна лээ. Намайг хаяад гараад явчихлаа гээд уурлаад зурагт руу юм шидсэн юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 440000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэх “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 20-21/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч М.М- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Вlue sky” караоке баарны 8 номерын өрөөнд үйлчлүүлж байхдаа тус караокены “LG” брэндийн “Xcanvas” загварын 42 инчийн зурагтын дэлгэц, “Puhrkey РК-883” загварын хятад улсад үйлдвэрлэсэн 2 ширхэг микрофоныг тус тус устгаж, гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш буюу 440000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 440000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Н.Ц- нь “Би хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44/ өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.М-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч М.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.М-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 440000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.М-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ