Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01247

 

Л.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02791 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 784 дүгээр магадлалтай

Л.Дын нэхэмжлэлтэй

С.Гт холбогдох

19 772 830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дэжид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч Л.Дын өмч болох 8415УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг Н.Батсуурь гэгчид 11 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд зарахдаа нэхэмжлэгчээс ямар нэг зөвшөөрөл аваагүй. Одоо уг автомашин нь хаана, хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй бөгөөд автомашиныг сэлбэг болгон задлаад зарсан байх боломжтой. Энэ тухай цагдаагийн байгууллагад шалгуулахад хүргэн гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хариуцагч С.Г нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлээр 8415УНЧ улсын дугаартай автомашины худалдан авсан үнэ болох 13 872 430 төгрөгийг шаардаж байна. Мөн зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны хохиролд 140 400 төгрөгийг нэхэмжилж байх тул нийт 21 272 830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхээс хүсэхэд Л.Дын өмчлөлийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр зарсан тул учирсан хохирол болох автомашины үнэд төлсөн 13 872 430 төгрөгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар нөхөн төлүүлэх, хариуцагч С.Г нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа мөнгө авсан талаараа мэдүүлж байсан тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 5 760 000 төгрөг гаргуулах, эрэн сурвалжлуулсны зардалд 140 400 төгрөг болон нийт 19 772 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж байна. Өмгөөлөгчийн хөлс гаргуулахаар нэхэмжилсэн боловч татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Үүнд өмгөөлөгчийн зардал, Л.Дын хариуцагчид зээлдүүлсэн гэх 19 632 430 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02791 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 282 дугаар зүйлийн 282.4, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Дуламын хариуцагч С.Гт холбогдуулан гаргасан 19 772 830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 320 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 784 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Гээс 11 447 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 325 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч С.Гээс 198 108 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Дын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 784 тоот магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс Л.Дын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн. ...Магадлалын хувьд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч автомашины үнийг 13 872 430 төгрөг гэж тодорхойлсон боловч түүнийг “Төрийн банк” ХХК-ийн зээлийн дансны хуулгаар зээлийн гэрээний үүрэгт 11 447 434 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас автомашины үнэд 11 447 434 төгрөгийг хариуцагчаас гаргуулж автомашины өмчлөгч болох нэхэмжлэгчид нь олгох нь зүйтэй гэж давж заалдах бүрэлдэхүүн үзлээ” гэжээ.

Гэтэл хавтаст хэргийн хүрээнд уг машины өмчлөгчөөр Л.Д гэж үзэх ямар ч баримт байхгүй болно. Харин хариуцагч С.Г нь 8415 УНЧ улсын дугаартай Тоёота кроун маркийн авто машиныг эзэмшиж байсан болох нь гэрч Н.Батсуурийн 2013 оны зун С.Гээс 8415 УНЧ улсын дугаартай авто машиныг 9 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг, 8415 УНЧ авто машины торгуулийн түүх, торгуулийн хуудасны бүртгэл, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын тогтоол захиргааны зөрчлийн лавлагаагаар тогтоогдож байгаа учир өмчлөгч бол С.Г юм. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 2791 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Д хариуцагч С.Гт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 13 872 430 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 760 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 140 400 төгрөг, нийт 19 772 830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Дулам нь 8415 УНЧ дугаартай Тоёото Кроун маркийн автомашиныг худалдан авахаар 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хадгаламж банкнаас 8 880 000 төгрөгийн автомашины лизингийн зээл авч, тус автомашиныг Хадгаламж банкны эзэмшилд бүртгүүлж, улмаар хүргэн С.Гт эзэмшүүлж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр банкинд нийт 11 447 434 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкнаас 8415 УНЧ улсын дугаартай автомашины бүртгэлийг Л.Дын нэр дээр шилжүүлэх талаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зам тээврийн яамны хяналт бүртгэлийн газар 322 дугаартай тоот явуулсан үйл баримт тогтоогджээ.

Автомашины лизингийн зээл дуусгавар болоогүй, хариуцагч С.Гт хууль ёсоор эзэмшил /бүртгэлээр/ шилжээгүй байхад хариуцагч С.Г нь Л.Дд мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүйгээр автомашиныг бусдад зарсан тул банкны зээлийн төлбөр төлсөн хэмжээгээр өөрт хохирол учирсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 760 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зардал 140 400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариун Л.Дыг автомашины эзэмшигч болохоо нотлоогүй гэж дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.    

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч С.Гийг хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж, Л.Дын эрхийг зөрчсөн гэж үзэн, нэхэмжлэгчээс  автомашины лизингийн зээлийн төлбөрт банкинд төлсөн 11 447 434 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоож, тус төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1. дэх заалтад  нийцсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 784 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД