Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 251

 

Г.Ж д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор А.Баясгалан,

          Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуягийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Ж д холбогдох эрүүгийн 1805 0020 60044 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г.Ж, 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Төмөр замын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангид ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-парк, Энх тайвны өргөн чөлөө гудамжны 103 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Г.Ж  нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын дотуур байрны гадна иргэн Л.Д-г маргааны улмаас зодож, дээд уруулын дотор хэсэгт шарх, дух, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ж ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Ж д холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт” зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Ж д холбогдох хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заажээ.

Гэтэл мөрдөгч тогтоол гаргахдаа дээрх хуульд заасан шаардлагыг биелүүлэлгүйгээр буюу шинжээчид хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Энэ хуульд заасан журам зөрчсөн ажиллагааны улмаас 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Л.Даваа-Очирын биед гэмтлийн зэрэг тогтоох” зорилгоор үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дүгээр заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх”-ийг хянах боломжгүй тул мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “... энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заажээ.

Энэ хуулиас харахад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арван долдугаар бүлэг”-т заасан журмыг бүхэлд нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ баримтлахаар байна гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана, 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний обьектын хамт хүргүүлнэ.

2. Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана гэж заасан ба шинжээчид эрх үүрэг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна гэж заагаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу Л.Даваа-Очирын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийж 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1038 дугаартай дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийхийг даалгаж тус хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт байх бөгөөд үнэлэх бүрэн боломжтой байна. Гэтэл шүүх, шинжээчийн дүгнэлт дээрх хууль сануулсан тухай тэмдэглэлийг үнэлэхгүйгээр зөвхөн мөрдөгч тогтоол гаргахдаа хуульд заасан шаардлагыг биелүүлэлгүйгээр буюу шинжээчид хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулалгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй, хуулийг хэт явцууруулж хэрэглэж байна.

2. Г.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Г.Ж д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана, 9 дэх хэсэгт заасан Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.2 1.3 дахь заалтуудад заасныг ноцтойгоор зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ж д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

 

Хэргийн материалыг судлан үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Л.Даваа-Очирын биед гэмтлийн зэрэг тогтоолгох тухай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх 6/ авагдсан байх бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэн шинжээчийн эрх үүрэг болон зориуд худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагын талаарх Шүүхийн шинжилгээний тухай хуультай танилцаж гарын үсэг зурж баталгаажуулан шинжээчийн 1038 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.   

 

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 188 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ж д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ