Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0609

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.П-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхий хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н ЗД-н 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн Ө ХХК-д холбогдох хэсэг болон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө ХХК-д олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах...

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0446 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0223/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Н ЗД-н 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн Ө ХХК-д холбогдох хэсэг болон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө ХХК-д олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0446 дугаар шийдвэрээр: “нэхэмжлэгч Р.П гийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Н ЗД-н 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө ” ХХК-нд холбогдох хэсэг болон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ө ” ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Анхан шатны шүүхээс “...Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р.П-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд дэлгүүр үйлчилгээний зориулалтаар 0.01 га буюу 100 м.кв газрыг дэлгүүр үйлчилгээний зориулалтаар, “Ө ” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 0.005 га буюу 50 м.кв газрыг тус тус олгосон байна.

Иргэн Р.П-д Н ЗД-н 1997 оны захирамжийн дагуу 100 м.кв газрыг түр ашиглуулах эрх олгосон боловч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа гэрээ байгуулж байгаагүй, 20 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд кадастрын зургийг оруулаагүй бөгөөд захирамжийн дагуу олгосон газраа хашаа барьж тэмдэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гэрээ байгуулах эрх зүйн үндэслэлгүй байна.

3.2 Н ЗД-н 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/423 дугаартай захирамжаар “Ө ” ХХК-д Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээний зориулалтаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд “Ө ” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сард хугацаа сунгах тухай хүсэлтээ ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Иргэн Р.П  “Газар эзэмших хүсэлт” гаргасан эсэх нь тодорхойгүй, бусдын эрх, ашгийг хөндөөгүй байдаг.

3.3 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг судлаж “Ө ” ХХК-ний барилгын сууриар, бусдын орц, гарцыг хаалгүйгээр дахин шинэ акт гаргасан бөгөөд ...шийдвэрт заасан ажиллагааг хийгээгүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, уг шийдвэрийг хэлэлцээгүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-06/834 тоот албан бичгээр нотлогдож байна” гэдэг нь тодорхойгүй байна.

3.4 Иймд Н ЗД-н 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцэж гарсан захирамж ба “Ө ’” ХХК-ийн эзэмшлийн газар нь бусдын газартай давхцалгүй иргэн Р.П гийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0446 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийн 1.6 дээрхээс дүгнэвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын оролцоог хангаж, маргаан бүхий газрын асуудлыг сайтар судалж, тодруулж дахин шинэ акт гаргаагүйгээс маргаан дахин даамжрах үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн нь хэдэн м.кв газар эзэмших боломжтой эсэх, тэдгээрийн газрын хэмжээг бодитоор тогтоох талаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй зөвхөн гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэж Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зовлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар түүний газрын хэмжээг өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулж байна.

4.2 Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэжээ.

4.3 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0446 дугаар шийдвэрийг биелүүлэх үүрэг нь Нийслэлийн засаг даргад байсан ба түүнийг биелүүлсэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдож байгаа тул Нийслэлийн засаг даргыг шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болно.

4.4 Харин дээрх шүүхийн шийдвэр нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба эсхүл түүний дэргэдэх зөвлөл рүү чиглээгүй тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэмээн буруутгах боломжгүй. Тухайн захиргааны хэрэгт хариуцагчаар татагдаагүй, эрх зүйн шууд үр дагаваргүй шийдвэрийг нь илт хууль бус хэмээн дүгнэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Өөрөөр хэлбэл хариуцагч биш этгээдийн гадагш чиглээгүй шийдвэрийг дүгнэх эрх шүүхэд олгогдоогүй байхад дүгнэж байгаа явдал нь маргаанаас хальж байна.

4.5 Шүүхийн шийдвэрт ...Гэтэл дээр дурьдсанчлан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр газар ашиглах, эзэмших эрхийг хянан газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцсэн, улмаар уг зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн захирамж гаргах нь аль хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчиж байгаа талаар дүгнээгүй тул үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

4.6. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын маргаан эцэслэгдээгүй, хэн нь хэдэн м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурьдсанаар эрх бүхий, байгууллага албан тушаалтнаас тогтоогоогүй байхад гуравдагч этгээдэд 144 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон нь хуульд нийцээгүй байх тул дээрх бүртгэлийн мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ гэжээ. Эрх бүхий албан тушаалтан хэмжээг нь тогтоосон тул бүртгэл хуульд нийцсэн.

4.7. нийслэлийн Засаг дарга 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаартай захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ га газар эзэмшүүлсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл Р.П  нь уг хэмжээнээс илүү газар эзэмшиж байгаа мөртлөө газар эзэмших эрх зөрчигдлөө хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл зөрчигдөөгүй эрхээ зөрчигдлөө хэмээн шүүхэд хандахад захиргааны байгуулллагын үйл ажиллагаа хуульд нийсэн эсэхийг шүүх шалгаад, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүргээсээ хальсан явдал болж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч Р.П гээс “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрийг биелүүлэхгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжийн Ө ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулж,  “Ө” ХХК-нд олгосон Ү-22030009004 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дахин нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт Ө  ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4. Нэхэмжлэлийн үндэслэлээ ...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот шийдвэрээр Ө ХХК-д газар олгосон захирамжийг дахин нягтлах, хэмжилт хийсэний үндсэн дээр дахин акт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгэх захирамж гарсан боловч шийдвэрийг биелүүлээгүй.

Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 тоот захирамжаар иргэн Р.П-д Сүхбаатар дүүргийн 8 дүгээр хороонд дэлгүүр үйлчилгээний зориулалтаар 0.01 га буюу 100 м.кв газрыг дэлгүүр үйлчилгээний зориулалтаар, “Ө” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 0.005 га буюу 50 м.кв газрыг тус тус олгосон. ... “Ө ” ХХК-д ямар нэгэн үндэслэлгүйгээр, Н ЗД-н зөвшөөрөлгүйгээр газрыг нь 96 м.кв гэж болгож гэрээ байгуулсан байгаа нь шударга үйлдэл мөн гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд Засаг даргын А/226 тоот захирамжийг нийслэлийн газрын алба хуульд нийцүүлж биелүүлэхгүй, иргэн Р.П-н тэй газар эзэмших гэрээ байгуулахгүй 2020 он буюу өнөөдрийг хүрсэн. ... 50 м.кв газар баригдах ёстой байсан барилга үндэслэлгүйгээр томорч 144 м.кв газар болсон, бусдын эзэмшил ашиглалтад байвал зохих буюу Р.П-н гийн газарт баригдсан байх тул “Ө ” ХХК-д олгогдсон Ү-2203009004 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна...” гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга ... Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Иргэн Р.П-д Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 100 м.кв /0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний, “Ө ” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 50 м.кв /0.005 га/ газрыг түр ашиглах эрх тус тус олгосон. Иргэн Р.П-д Н ЗД-н 1997 оны захирамжийн дагуу 100 м.кв газрыг түр ашиглуулах эрх олгосон боловч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа гэрээ байгуулж байгаагүй, 20 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, мэдээллийн санд кадастрын зургийг оруулаагүй байна. Түүнчлэн захирамжийн дагуу олгосон газраа хашаа барьж тэмдэгжүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гэрээ байгуулах эрх зүйн үндэслэлгүй байна. “Ө ” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сард хугацаа сунгах тухай хүсэлтээ ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Иргэн Р.П  газар эзэмших хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, бусдын эрх, ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх,

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба ...Н ЗД-н 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/423 тоот захирамжаар Ө  ХХК-д Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үйлчилгээний зориулалтаар 128 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Ө  ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын Газар зохион байгуулалтын албанд хандан хугацаа сунгах тухай хүсэлт ирүүлсний дагуу тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Мөн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг судлан Ө  ХХК-ний барилгын сууриар, бусдын орц, гарцыг хаалгүйгээр дахин шинэ акт гаргасан байна...” гэх,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар ...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд байрлах 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ө  ХХКнэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2002 оны 02 дугаар сарын 22-ны өдөр холбогдох нотлох баримт баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. ...2002 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2203009004 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0047590 дугаартай гэрчилгээ олгосон. Тус бүртгэлийг бүртгэхэд тухайн үед мөрдөгдөж байсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг баримталж бүртгэлийг бүртгэсэн бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан байна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0047590 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлснийг дахин авах хүсэлтийн дагуу Улсын ерөнхий бүртгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн А/140 дугаартай тушаалаар хүчингүй болгож дахин 000626134 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өнөөдрийн байдлаар "Актив моргэйж фанд” ББСБ-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 120000000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн бүртгэлүүд хувийн хэрэгт авагдсан байна” гэх,

Гуравдагч этгээд “Ө ” ХХК “...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшиж буй газрын хэмжээ өөрчлөлттэй байгаатай холбогдуулан газрын нарийвчлан хэмжиж, 156 м.кв талбай бүхий болохыг тогтоож Н ЗД-н 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 тоот захирамжаар баталгаажуулж газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгосон. Манай компани нь зохих хууль дүрмийн дагуу газар эзэмшиж байгаа бөгөөд холбогдох газрын төлбөрийг тухай бүрд нь төлж үүргээ биелүүлсээр ирсэн...” гэх агуулга, үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаартай захирамжаар Р.П-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв архивын ард байрлах, 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар, Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р.П-д 0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар, Н ЗД-н 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар Ө ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 130 мк.в газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 128 мк.в талбай бүхий газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө ХХК-д 144 мк.в талбай бүхий газар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 156 мк.в талбай бүхий газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг тус тус нийслэлийн улсын бүртгэлийн газар олгосон байна.

6. Р.П гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн Ө ХХК-нд холбогдох хэсгийг нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа нийслэлийн Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжаар 34 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилж, гуравдагч этгээд Ө ХХК-д үйлчилгээний зориулалтаар 156 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

8. Гэтэл нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 29-ний нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн өдрийн 146 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулгаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/258 дугаар газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай захирамж гаргасан байна. Гэвч бодит байдал дээр хариуцагч нийслэлийн Засаг дарга нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Тухайлбал гуравдагч этгээд Ө ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй газрыг бусдын газартай давхцалтай эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй, газрын хэмжээг нэмэгдүүлж, өөрчилсөн үндэслэлийг тодруулж, нягтлан шалгаагүй, энэ талаарх баримт нотолгоог хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй юм.

9. Нэхэмжлэгч Р.П гээс Н ЗД-н 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгч Р.П  болон гуравдагч этгээд Ө ХХК-нд олгосон газрын хэмжээ тодорхой болсон тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой.

10. Түүнчлэн, нэхэмжлэгч Р.П  нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байна.

Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх, уг шийдвэр дангаараа нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэж буй захиргааны акт мөн эсэх, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зэргийг тодруулахгүйгээр “нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө ” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

11. Иймд энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0446 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ