Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1064

 

         “Прогресс капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Болдбаатарт холбогдох     

Зээлийн гэрээний үүргэгт 8 108 929.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очироос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Ц.Болдбаатартай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ниссан тиана маркийн 10-34 УНМ улсын дугаартай автомашиныг барьцаалж, 6 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч Ц.Болдбаатар зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрэлттэй зээлийг төлж байсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан боловч үүргээ биелүүлээгүй. Талууд автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирсон боловч автомашины өнгө үзэмж, чанар муудсан тул бодитоор гаргуулах шаардлагагүй болсон. Хариуцагч үндсэн зээлд 2 527 183.66 төгрөг, зээлийн хүүнд 1 655 623.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 106 193.17 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй. Иймд Ц.Болдбаатараас үндсэн зээл 3 472 816.34 төгрөг, зээлийн хүү 3 889 457.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746 655.50 төгрөг, нийт 8 108 929.48 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид харилцан тохиролцож Ниссан тиана маркийн 10-34 УНМ тоот улсын дугаартай автомашиныг барьцаалж, фидуцийн гэрээ байгуулсан боловч автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэжээ.

Хариуцагч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч энэ өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахгүй өдий хүрсэн ба зээлийн хүү тооцож байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 3 472 816.34 төгрөгийг гэрээний хугацаа хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч харин гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн Ниссан тиана маркийн 10-34 УНМ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн байхад автомашиныг бодитоор авахгүй хэмээн гэрээгээр хүлээсэн тохиролцоогоо зөрчиж байна. Ц.Болдбаатараас энэ хугацаанд нэхэмжлэгчид автомашиныг өгөх гэж удаа дараа ярилцсан боловч аваагүй, автомашин замын хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, автомашиныг үүргийн гүйцэтгэлд тооцож авах ёстой гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаарзүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Болдбаатараас зээлийн үлдэгдэл 3 472 816.34 төгрөг, зээлийн хүү 3 831 520.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736 590 төгрөг нийт 8 040 926.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 68 003.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143 605 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие барилгын ажил эрхэлдэг бөгөөд 2015 оны 02 дугаар сараас ажилгүй болоод машины зээлээ төлөх боломжгүй болсон учраас гэрээ ёсоор автомашиныг төлбөрт суутгуулах саналыг “Прогресс капитал ББСБ” ХХК-д хэлсэн. Тэд машины өнгө үзэмж муудсан гэж худал тайлбар гаргасан ч энэ талаарх нотлох баримтгүй. Тухайн үе, одоо ч машин муудаж, чанараа алдаагүй. 2015 оны 02 дугаар сард машиныг төлбөрт суутган авсан бол 3 472 816 төгрөгийн тооцоо авахад харин ч тэдэнд ашигтай байх байсан. Мөн надтай уулзаж тохироогүй, ямар нэгэн хөндлөнгийн дүгнэлт байхгүй. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч үлдсэн төлбөрт автомашиныг тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК хариуцагч Ц.Болдбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 108 929.48 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 6 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр тохиролцсон нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 8-9/ Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Талуудын хоорондын зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.6-д “зээлийн гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Болдбаатараас үндсэн зээл 3 472 816.34 төгрөг, зээлийн хүү 3 889 457.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746 655.50 төгрөг нийт 8 108 929.48 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг төлбөрөөс үндсэн зээл 2 527 183.66 төгрөг, зээлийн хүү 1 655 623.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106 193.17 төгрөг нийт 4 289 000.01 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч Ц.Болдбаатараас зээлийг төлөх ёстой 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд үндсэн хүү 3 831 520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736 590 төгрөг, үндсэн зээл 3 472 816.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Прогресс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн талууд “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр Ниссан тиана маркийн 10-34 УНМ улсын дугаартай автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон /хх 10/. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг бодитойгоор гаргуулахаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлэх замаар үндсэн үүргийг дуусгавар болгон бодитойгоор өөрийн өмчлөл, эзэмшилд авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох эсэх нь нэхэмжлэгчийн эрх болохоос үүрэг биш тул фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах замаар зээлийн үүргийг дуусгавар болгох байсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                        ШҮҮГЧИД                                              А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА