Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 57

 

З.Эрдэнэбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар магадлалтай, З.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201612000028 дугаартай хэргийг шүүгдэгч З.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч П.Батжаргал, И.Олонмөнх нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Зулын Эрдэнэбилэг нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Эрдэнэбилэгийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 17 настай Д.Ууганцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар З.Эрдэнэбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасч, 5 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэбилэгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 6.473.023 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Өлзийбаатарт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3.649.900 төгрөг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Өлзийбаатараас гаргасан амь насны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн З.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч З.Эрдэнэбилэгээс хохирогч талд бэлнээр өгсөн 3.000.000 төгрөг, Ө.Хүүхэнсугирын нэр дээр шилжүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сум 9-р баг Мандалын 9-48 тоотод байрлах Г-0814002571 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газрыг 2.500.000 төгрөгийн төлбөрт тооцож хассаныг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар З.Эрдэнэбилэгийн эзэмшлийн “Истана” 25-94 УБӨ дугаартай автомашиныг хураасан, “Тоёота Корса” 84-66 ДУА дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эрдэнэбилэгт энэхүү тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ялыг эдэлж дууссан үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хугацаагаар хасах ялын хугацааг эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт 41 секундын бичлэг бүхий сиди болон “Истана” загварын 25-94 УБӨ дугаартай автомашины №АЯ0011255 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Тоёота Корса” загварын 84-66 ДУА дугаартай автомашины №01160203 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №54041 дугаартай B.C.D.E ангиллын жолооны үнэмлэхний хуулбарыг З.Эрдэнэбилэгт холбогдох 201612000028 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц З.Эрдэнэбилэгийн №54041 тоот жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, “Истана” загварын 25-94 дугаартай, №АЯ0011255, №01160203 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг З.Эрдэнэбилэгт эгүүлэн олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгаж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, И.Олонмөнх нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… миний бие бодит байдал дээр хохирогчид 3.000.000 төгрөг бэлнээр, Дундговь аймгийн төвд байршилтай 2.500.000 төгрөгийн үнэтэй газар, Улаанбаатар хотод байршилтай тусдаа 4.081.000 төгрөг, хамтдаа 8.162.000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 газар, 2.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн “Корсо” маркийн машин, анхан шатны шүүх хурлын дараа манай эхнэр 500.000 төгрөгийг тус тус өгсөн боловч шүүхийн шийдвэрээр 6.473.023 төгрөгийг нэмж төлөхөөр болж байгааг би ойлгохгүй байна. Машин болон газрын гэрчилгээнүүд өөрт нь байгаа талаар хохирогч Өлзийбаатар гуай үнэн зөв тайлбар өгнө гэж итгэж байна. Ийнхүү мөрдөн байцаалтын үед ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөр төлөх болон машинаа шилжүүлэх боломжийг хаасан, улмаар чадан ядан хохирол төлсөөр байтал хохирол төлөөгүй гэж шүүх дүгнэж, надад оногдуулж болох ялын хамгийн дээд хэмжээ 5 жил хорих ял өгсөнд гомдолтой байгаа тул миний ял шийтгэлийг хөнгөрүүлэн, тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “… З.Эрдэнбилэг нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өлзийбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө анхан шатны шүүхээс гаргасан бодит хохирол болох 6.473.023 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн. Эрдэнэбилэг нь хохирол төлбөрөө барагдуулахын төлөө хичээсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 3 сая төгрөг бэлнээр төлсөн, төрсөн дүүгийнхээ өмчлөлийн газрыг /2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ хохирогч Ө.Хүүхэнсугирын нэр дээр шилжүүлж, өөрийн төрсөн эгч Энхжаргал, дүү Энхтайвангийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах 2 айлын эзэмшлийн газрыг /нэг бүрийн үнэлгээ нь 4.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн/ хохирогчийн хамаатан Б.Алимаагийн нэр дээр мөрдөн байцаалтын шатанд шилжүүлснийг Алимаа гэрчээр мэдүүлж нотолсон, нэг газрыг 2016 оны 11 дүгээр сард Өлзийбаатар гуайн төрсөн охины нэр дээр шилжүүлж өгсөн билээ. 2016 оны 12 дугаар сарын 02-нд 500.000 төгрөг өгсөн. Дээрх зүйлийг үнэлсэн үнийн дүнгээр тооцбол 14.100.000 төгрөг болж байна. Мөн дээр нь нэмж “Тоёото корса” загварын 84-66 дуа дугаартай машинаа өгч хохирол төлбөрөө барагдуулсанд тооцсон болохыг хохирогч Өлзийбаатар гуай зөвшөөрч улмаар Эрдэнэбилэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг шүүх харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хүнд ял оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж, хохирогчийн гаргасан өргөдлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж хуулийн өршөөл энэрэлийг үзүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэл байгаа. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаахдаа иргэний хариуцагчаар тогтоох шаардлагатай гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын шатанд дээрх ажиллагаа ёс төдий хийгдсэн. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, харин хохирол төлбөрийн тал дээр маргаан байгаа юм. “Корсо” маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин биш бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хүлээлгэж өгөх тухай хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаалтын шатанд огт хүлээж аваагүй. Шүүх өмгөөллийн хөлсийг гаргуулахаар 11 сая төгрөгөнд тусгасан нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаагч болон шүүх шүүгдэгчийг хохирол төлбөр төлөх боломжийг хаасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор М.Буяннэмэх “... мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдэхдээ хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Мөн хөндлөнгийн гэрч гарын үсэг зураагүй байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд хөндлөнгийн гэрч заавал гарын үсэг зурна гэсэн зохицуулалт байхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч З.Эрдэнэбилэг нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед согтуугаар “Истана” загварын 25-94 УБӨ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Д.Ууганцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний үндсэн ба нэмэгдэл ялыг оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Жолооч З.Эрдэнэбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 1.4 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мөн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь техникийн шинжээчийн дүгнэлт болон ослыг харсан гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах шаардлагагүй болно.

Цагдаагийн алба хаагч зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг дүрсэлж гараар схем зураглал үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, дуудсан цагт ирэх үүрэг хүлээлгэж таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж хохирол төлөх боломж олголгүй эрх зүйн байдлыг нь дордуулсан, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримталж ял оногдуулалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх өмгөөлөгч П.Батжаргалын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.4 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулж болохгүй бөгөөд зам тээврийн ослын газар дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагч ослын нөхцөл байдлыг дүрсэлж гар зураг үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагагүй, ийм хууль зүйн зохицуулалт ч байхгүй тул өмгөөлөгч П.Батжаргалын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь хэргийн бүх ажиллагааг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хөнгөн ялтай хуулийг хэрэглэх, хэргийн зүйлчлэл өөрчилсөнтэй холбогдуулан ялыг хөнгөрүүлэх эрхтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж, улмаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн шүүгдэгч З.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч И.Олонмөнх нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хорыг гэм буруутай этгээд хариуцан арилгахдаа учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, гэр бүлийн хэрэгцээний газрыг гэм хорын төлбөрт тооцохоор тохиролцсон нь төлбөрийг нөхөн телөгдсөн гэж дүгнэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Харин шүүх хохирогчийн өмгөөлөгчид төлсөн 5 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “6.473.023 төгрөг” гэснийг “1.473.023 төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт болон Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч П.Батжаргал, И.Олонмөнх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                 ДАРГАЛАГЧ,

                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                  ШҮҮГЧ                                                        Б.ЦОГТ