Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 166/ШЦТ/0027

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0024/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч С.М- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2118000000014 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.М 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ажилчны 11 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.М- нь 2020 оны 12 дугаар сарын 18-наас 2020 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7 дугаар гудамжны 49 тоотод иргэн А.Э-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны хугарал, шагайн мултрал, бүсэлхий орчмын зулгаралт” бүхий  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.М-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний буруу, эмчилгээний зардалд 150000 төгрөг өгсөн. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү. гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5/,

 

-Хохирогч А.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим Микро хорооллын 7 дугаар байранд найз Мөнхбаатарын гэрт очоод юм ярьж байсан чинь хамт ажилладаг Мөнхчулуун ирээд юм ярьж байгаад архи уухаар болоод Мөнхчулууны машинтай явж найзынхаас нь “Хараа” нэртэй архи авч ирээд тэр архийг Мөнхбаатарын гэрт Мөнхбаатар бид хоёр уусан. С.М- машин жолоодож явсан болохоор уугаагүй. Мөнхбаатар бид хоёр архи ууж дуусаад Мөнхчулуун намайг хүргэж өгчхөөд явж байхдаа замаараа Чингис гэдэг найзынхаараа орох гэхээр нь би таньдаг болохоор тэнд хамт очсон. Ингээд бид гурав дахин Мөнхчулууны найзынхаас 2 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирээд Чингисийн гэрт очиж архи уусан. Би өмнө нь архи уусан байсан болохоор эхний архинаас нь уугаад сүүлийнхээс нь бараг уугаагүй. Гал тогооны өрөөнд мах чанаж байсан. Энэ үед Мөнхчулуун надтай маргалдаад намайг цохиж аваад би ухаан балартсан. Тэгээд намайг чирч гаргаад цохиод байсан. Намайг чирч гаргаж байхад миний хөл дээр гишгэсэн үү яасан хөл их өвдсөн. Тэгээд би тэр үед хөл хугарчихлаа гээд орилоод босож чадахгүй байсан. Тэгээд би гэртээ харимаар байна хүргээд өгөөч гэхэд 03-04 цагийн орчим тэр 2 намайг гэрт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9/,

 

-Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед манай гэрт Энх-Амгалан, Мөнхчулуун, бас Энх-Амгалангийн найз гэх залуу хамт 1 шил 0.75 литртэй “Хараа” архийг ууж хоорондоо юм ярьж нэлээн суусан. Тэгээд хоол хийхээр болоод би Мөнхчулуунтай хамт хоол хийж харин А.Э- том өрөөний буйдан дээр гар утсаараа тоглоод хэвтсэн. Тэгээд Мөнхчулуунтай гал тогоонд хамт хоол хийж байгаад би нэг харсан Мөнхчулуун алга болчихсон байсан. Би гал тогооны өрөөнөөс гараад хартал Мөнхчулуун Энх-Амгалан хоёр хоорондоо зодолдоод Мөнхчулуун нь Энх-Амгалангийн дээр гарч суугаад цохиод Мөнхчулуун босоод ирсэн. Тэгээд Энх-Амгалан босоод хөл хөл гээд байсан. Тэгээд Мөнхчулуун бид хоёр Энх-Амгаланг өргөж босгоод машинд суулгаад шууд гэр рүү нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

 

-Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим манай нөхөр найзтайгаа уулзаад ирье гээд гараад явсан. Тэгээд 03 цагийн үед согтуу, зодуулсан байдалтай, найз гэх 2 хүн нь гэрт авчирсан. Тэгэхээр нь би гайхаад юу болсон талаар асуухад найз Мөнхчулуун нь “би танай нөхөртэй маргалдаад зодсон юм” гэхээр нь би тухайн үед эмнэлэг рүү залгаж “хөл нь гишгэж болохгүй, хавдсан байна” гэж дуудлага өгөхөд “хүний амь нас хохирсон дуудлага биш бол та  өвчин намдаах эм ашиглаад маргааш буюу 2020.12.19-ний өглөө 09:00-10:00 цагийн хооронд хүлээн авах дээр ирж үзүүл” гэсэн.

...манай нөхрийг баруун хөлний шагай мултарч, хугарсан байна гэж хэлсэн. Би Мөнхчулуунд эмчилгээний зардал, эм тариа яах вэ гэхэд “одоо яахав дээ. Цагдаа, шүүх нь шийдэх байх” гэж хэлээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

 

-Хохирогч А.Э-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 17-18/,

 

-“А.Э-гийн биед баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны хугарал, шагайн мултрал, бүсэлхий орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. А.Э-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-наас 2020 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7 дугаар гудамжны 49 тоотод иргэн А.Э-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны хугарал, шагайн мултрал, бүсэлхий орчмын зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 19-20/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч А.Э- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.М-ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.М-  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч С.М- нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 600000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.М-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.М-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч С.М-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ