Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 958

 

 

Ц.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан,  Б.Батхүү нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Вайлент арт” ХХК-д холбогдох

 

            Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 244 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                               Ц.Баярсайхан

Нэхэмжлэгч                                               Б.Батхүү

Хариуцагчийн төлөөлөгч                          Элизабет Коппа

Хариуцагчийн төлөөлөгчийн орчуулагч  Б.Буян-Ундрах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн гэр орноо тохижуулах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Валиант интериос" ХХК-аас гэрлийн бүрхүүл, хөшиг авахаар үзэж сонирхсон. Улмаар 9 ширхэг гэрлийн бүрхүүл, цонхны хөшигний зургийг каталогоос харуулсан. Захирал Елизабет Коппа нь гэрлийн бүрхүүлүүдээ Португал улсад үйлдвэрлэсэн, гар хийцийн алтадсан, уулын болор гэж, хөшгөө Итали даавуугаар хийгдсэн гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх гэрлэн бүрхүүлүүдийг каталогоос танилцуулж захиалж болно гэсэн. Бид сайн чанарын үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа тул гэрчилгээ, тоо ширхэг, гарал үүсэл, өнгө загварыг тодорхойлсон бичиг баримтаа үзүүлж, гэрээгээ байгуулъя гэж хэлтэл ямар ч бичиг баримт үзүүлээгүй. Бидэнд үзүүлсэн каталоги зургаас харахад дээрх гэрлэн бүрхүүл, хөшгүүд таалагдсан. Компанийн ажилтан Б.Оюунсүрэн болон захирал Елизабет Коппад 6 нэр төрлийн 9 ширхэг гэрлийн үнэ 205 890 000 төгрөг, 6 цонхны хөшигний үнэ 38 000 000 төгрөгийг үнийн саналын дагуу өгсөн. Өөрөөр хэлбэл дээрх үнийн саналд зураг бүрийн ард хэмжээ, гэрлийн бүрхүүл тус бүрийн код, үнийг бичсэн. Үнийн санал дээр дурьдсан гэрлэн бүрхүүлүүдээс эхний дөрөв нь бэлэн байсан тул суурилуулсан. Суурилуулсны дараа 2 гэрлийн хэмжээ зөрсөн, дээрх 4 бүрхүүлд ямар ч дагалдах бичиг баримт ирээгүй. Үлдэх 4 гэрэл дээр бэлгэнд өгөх гэрлийг нэмж 5 гэрлийг 2016 оны 6 дугаар сарын эхний 7 хоногт суурилуулахаар тохирсон. Гэтэл үнийн саналд дурьдсан 7 дахь гэрлийг суурилуулахад хэмжээ өөр, өнгө үзэмж огт өөр гэрэл суурилуулсан. Мөн гал тогооны өрөөнд нэг хайрцагтай юм орхиод явсан ба дотор нь гэрлэн бүрхүүл буюу гэрэл байхгүй суурь төмөр байсан. Түүнийгээ 6 гэрэл гэж тооцоод байгаа. Нөгөө талаас тайлбарлахдаа араас нь гэрлийн болорууд нь ирнэ гэдэг. Тэгэхээр нэг үйлдвэрийнх гэхэд итгэл төрөхгүй байна. Гэрлийн суурь, болор чийдэн нь тусдаа байдаг гэдэгт итгэхгүй байна. Хөшигний хэмжээ, үнэ дээр тохирсон боловч хэмжээ захиалснаас бага, зарим нь сонгосон материалаар хийгдээгүй, түүнчлэн нэгж үнээ бидэнд мэдэгдэлгүй дураараа нэмсэн байсан. Хөшигний материал болон чимэглэлийг Итали улсад үйлдвэрлэгдсэн болохыг баримтаар нотлохоос татгалзсан. Тиймээс бид тус компанийн захирлын анхны хэлсэн шиг Португал, Италид үйлдвэрлэсэн эд зүйлийг бидэнд худалдаж байна гэдэгт итгэхгүй, сайхан гоё зураг үзүүлээд Эрээн, Хятадаас ирсэн эд зүйл нийлүүлж байгаа байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Мөн үнэ хэмжээг дураараа өөрчилдөг, албан ёсны бичиг баримт үйлдэхээс татгалздаг учраас цаашид энэ компаниас худалдан авалт хийх нь эрсдэлтэй, ямарч боломжгүй гэж үзэж байна. Хэдийгээр дээрх гэрлэн бүрхүүлээс 4 ширхгийг суурилуулсан боловч 9 ширхэг гэрлэн бүрхүүл маань цуг цогц байж гоё сайхан харагдах байсан. Тийм ч учраас өрөөнүүдэд бөөнөөр нь захиалсан. 4 ширхэг бүрхүүл болон хөшиг нь үнийн санал болгож байснаасаа үнэ, хэмжээ, өнгө, загвар нь ноцтой зөрж ирсэн. Иймд худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлага хангасан, анх захиалсан эд зүйлийг нийлүүлээгүй, доголдолтой бараа нийлүүлсэн гэж үзэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар Гэрээний нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаана гэсний дагуу 9 ширхэг гэрлэн бүрхүүл, 6 өрөөний цонхны хөшигний үнэ                        244 490 000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Элизабет Коппатай уулзаж, 70 000 000 төгрөгийг бэлнээр урьдчилгаа гэж өгч, гэрлийн бүрхүүл захиалсан. Бэлэн байсан 3 гэрлийг суурилуулсан. Гарал үүслийн болон дагалдах бичиг баримт өгөөгүй. Бидний захиалгат бүрхүүлийг 5 дугаар сарын 27-ны өдөр ирлээ гээд 30-ны өдөр угсарсан. Гэтэл хэрэгт байгаа гаалийн мэдүүлгээр 6 дугаар сарын 3-ны өдөр бараа ирсэн байна. Тэгэхээр өнгө, загвар, хэмжээ зөрсөн нь бидний захиалсан бүрхүүлийг суурилуулаагүй гэсэн үг. Гэрлийн бүрхүүл өгсөн хэмжээнээс зөрсөн талаар хэлэхэд сольж өгнө гэсэн, дахиад авчирсан нь мөн л зөрсөн, хэмжилт хийхэд 40-50 см зөрсөн, 2 том өрөөг тусгай зориулалттай, 45 градусын налуу хийнэ гэсэн ч тэгш таазныхыг хийх гэж байсан. Таазны гэрэл захиалсан байтал биднийг хуурч ханын зориулалттайг авчирсан. Болор, алтадсан бүрхүүл гэж хэлсэн боловч шил байсан, шинжээч болор биш гэдгийг нотолсон, одоог хүртэл сертификатгүй байгаа. Шилэн бүрхүүл ийм үнэтэй байх ёсгүй. Хөшиг нь Итали улсынх биш, захиалсан хэмжээнээс богино хийсэн байснаас бид хүлээж аваагүй. Бүрхүүл Португалийнх гэчихээд Европ явж авчирсан, Хятад хивсэнцрийг Америкийн Нэгдсэн улсынх гээд санал болгосон. Бид таазны гэрэл захиалсан байхад хананы гэрэл суурилуулах гэтэл уртадсан. Хэргийн 100 дугаар хуудсанд ийм загварыг хийх боломжгүй гэж Серип хариу өгсөн байгаа. Иймд биднийг мэдээллээр буруу хангасан, эд хөрөнгө доголдолтой байсан, дагалдах бичиг баримтыг шаардаад байхад гаргаж өгөөгүй тул гэрлийн бүрхүүл, хөшигний захиалгын гэрээг цуцалж, төлбөрийг буцаан гаргуулна гэв.

 

Хариуцагч “Вайлент арт” ХХК-ийн захирал Элизабет Коппа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан, Н.Батбаатар нар шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Батхүү болон Ц.Баярсайхан нар нь дэлгүүрт ирж, 4 дүгээр сарын      4-ний өдөр анх удаа уулзсан. Б.Батхүү нь гар утсан дээрээ Серип гэрлийн компанийн веб хуудас болон зургуудыг үзүүлсэн. Тус гэрлийн компанийг "Вайлент Арт" ХХК нь Монгол улсад төлөөлдөг. Эхнэр нөхөр 2 хоёулаа Англиар ярьж байсан, Батхүү Полыи хэлээр хүртэл ярьж байсан. 4 гэрэл авах сонирхолтой байгаагаа илэрхийлж, заримыг утсан дээрээс харуулж, зарим нь миний үзүүлсэн каталог дээр байсан. Би гэрлүүдийг Португал дахь Серипийн үйлдвэрт янз бүрийн хэлбэр дүрстэй шилэн унжлагуудтай гар аргаар хийдэг гэж хэлэхэд тэд мэдэж байсан. Унжлагуудыг уулын болор гэж тэдэнд хэлээгүй. Гэрлийн эх биеийг металаар хийдэг учраас хүнд, үнэтэй, гэрлийг хүссэн хэмжээгээрээ захиалж хийлгэх боломжтой, энэ тохиолдолд бүх төлбөрийг бүтнээр нь урьдчилан төлөх ёстой гэж хэлсэн. Тэд энэ мэдээллийг баяртай хүлээж авч, мөнгөнд ямар ч асуудал байхгүй гэсэн. Гэрт нь би туслах н.Цэндээ, техникийн ажилтан н.Төрболдын хамт очиж гэрлийн талаар ярилцаж Б.Батхүү болон Ц.Баярсайхан нарын хамтаар зургаан цонхны хэмжээг авсан. Тэдэнд Серип гэрлийн каталогийг дахин үзүүлж 9 гэрэл сонгосноос 2 нь манай дэлгүүрт бэлэн байсан. 4 дүгээр сарын 6-ны өдөр гэрлийн үнийн саналыг тэдэнд өгсөн. Би гэрэл үйлдвэрлэх хугацаа 4-6 долоо хоног байдаг бараа хүргэх хугацаа агаараар эсвэл контейнероор авч ирэх эсэхээс хамаарна гэж тайлбарласан. Бид ойролцоогоор 6 дугаар сарын дундуур бүх гэрлүүдийг хүлээлгэж өгөхөөр тохирсон. Тэр үед тэд ямар ч сертификат гарал үүслийн бичиг баримт авах хүсэлт гаргаагүй. Манайх бүх бараагаа дагалдах сертификат, баталгааны шаардлагатай бичиг баримтуудын хамт хүргэж өгдөг. Б.Батхүү бүх ажлын угсралт дууссаны дараа гэрээнд гарын үсэг зурах уу гэж асуухад би жирийн борлуулалт хийхэд гэрээ хийдэггүй, үнийн санал болон нэхэмжлэл хийж өгдөг, харин төсөл буюу санааг нь гаргаад интерьерийн зургийг хийгээд тохижилтын буюу барилгын ажил хийх зэрэг ажлууд багтсан төсөл дээр зөвхөн гэрээ хийдэг. Хэрэв хүсвэл бид гэрээ хийж болно, борлуулалтыг үнийн санал болон НӨАТ багтаасан эцсийн нэхэмжлэлээр л баталгаажуулдаг гэж хэлсэн. Б.Батхүү "бид НӨАТ төлөх хүсэлгүй, ямар нэг бичиг баримт хэрэггүй" гэсэн. Би тэдэнд гэрлийн 5 хувийн 10 836 353 төгрөгийн хөнгөлөлт өгсөн. Хөнгөлөлт болон бэлэглэсэн 5 157 750 төгрөгийн үнэтэй 1 гэрлийн дараа цэвэр барааны үнэ 205 890 700 төгрөг болж, Б.Батхүү 8-ны өдөр бүх төлбөрийг төлөхийг зөвшөөрч, 70 000 000 төгрөгийг компанийн ажлын байранд бэлнээр төлсөн. Баримт үйлдэх гэхэд хүсээгүй, мөнгө хүлээж авсан гэдгээ л биччих гэсэн. Б.Батхүү Хятад улс руу явсан шалтгаар үлдэгдэл төлбөрийг хоцроосон. Бид эхний төлбөрт үндэслэн бүх гэрлийг хослуулан мөнгөлөг өнгөөр үйлдвэрт захиалга өгсөн. Би 4 дүгээр сарын 11-ний өдөр Португалд очиж захиалсан, бараагаа яаралтай авахыг хүссэн тул үйлдвэрээс нь шууд онгоцоор авч ирэхийг санал болгосныг зөвшөөрсөн. 3 гэрэл нь тусгай хэмжээ, өнгөөр захиалгаар хийгдэж, үйлдвэрээс 6 дугаар сарын 15-ны өдөр гарах байсан. Ц.Баярсайхан 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрлийн үлдэгдэл төлбөр 135 890 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Ц.Баярсайхан хэдэн өдрийн дараа манай ажил дээр ирээд химийн үелэх системтэй хөшиг, ханын цаас хийлгэхийг хүссэн. Ханын цаасыг буруу ойлголцол, мэдээлэл хожуу дамжуулснаас 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрт нь наасны дараа Ц.Баярсайхан гэрээг цуцлахыг хүссэн. Би 2 798 640 төгрөгийн ханын цаасыг үнэ төлбөргүй өгсөн. Би даавууны ямар ч каталог үзүүлээгүй. Ц.Баярсайхан хэдэн өдрийн өмнө өөрөө үзсэн байсан. Маргааш нь хөшигний материалыг сонгохдоо өнгө, загвар, хэлбэр дээр зөвлөгөө өгөхийг хүсч би материалууд 3 метрын интэй Итали даавуунууд гэдгийг хэлсэн. Хэдэн өдрийн дараа хөшиг болон хивсэнцрийн 48 571 908 төгрөгийн саналыг үнэтэй байна гэхэд нь            10 000 000 төгрөгийн хөнгөлөлт санал болгосноор хийлгэхээр болсон. Манай ажилтнууд 4 дүгээр сарын 27-ны өдөр очиж манайд бэлэн байсан 2 гэрлийг суурилуулж, ханын цаасыг надаас захиалсан шинэ цаасаар сольсон. Коридорын шатан дээр байрлах урт гэрлийн шилэн унжлагаас хэдэн ширхгийг өөр өнгөөр солихыг хүссэн. Б.Батхүү өнгөт унжлагуудыг хаана хаана байрлуулах хар зураг гаргаж өгсөн. Ц.Баярсайхан шилэн шат, үүдний хэсэгт хивсэнцэр тавиулахыг болон хүүхдийн тоглоомын хэсэгт тавих хивсэнцрийн дизайныг гаргаж өгөхийг хүссэн. 6 сарын дунд барааг хүлээлгэн өгөх байсан талаар ярилцаад Б.Батхүү "6 дугаар сарын 20 хүртэл хугацаа өгье" гэсэн. Намайг ирсний дараа тэр Оросоос авсан үнийг үзүүлж, манайхаас хямд байна гэсэн. Би Орос дахь Серипийн төлөөлөгчөөс үнийн санал авахад Орос улсаас авсан адил гэрлийн үнэ нь манай үнэ олон улсын худалдааны жишигт нийцсэн нь харагдсан. Түүний үзүүлсэн Орос үнэнд тээврийн зардал, бараа хүргэлттэй холбогдох бусад зардлууд багтаагүй байсан болон тусгай үйлчилгээ үзүүлэх боломжгүй онлайн дэлгүүр байсан. Манай ажилчид 5 дугаар сарын             30-ны өдөр очиж 6 цонхонд хөшигний зам суурилуулсан. 4 ширхэг гэрэл суурилуулж, шилэн унжлага ирэхээр гал тогооны 1 гэрлийг угсрахаар хайрцагтай нь үлдээсэн. Тэр өдөр коридорын урт гэрлийн 3 шилийг үйлчлүүлэгчийн хүссэнээр өөр өнгөт шилээр сольсон. Би гэрлийн бүх хэсгүүдийг авч 5 дугаар сарын 24-ний өдөр ирэх байсан ч Монголын билетийн агентын алдаанаас болж 3 хонож, 27-ны өдөр ирсэн. Ачааны тальг үлдээснээс дээрх 2 гэрлийн шил үлдсэн. Нохой үсэрч хагалах эрсдэлтэй гэж ханын 2 гэрлийн унжлагуудыг богино байлгах, өөрөөр байрлуулахыг хүссэн. Гэтэл дараа нь 20 см богино гэрэл өгсөн гэж буруутгасан. Таазанд нь зориулан авч ирсэн гэрэл тэдний 6 сард бэлэн болгохоор захиалсан гэрлээс өөр хэмжээстэй байсан, үйлдвэрт байсан бэлэн гэрлийг түр авч ирсэн талаар хэлсэн ч ярьж ойлголцоогүй. Ц.Баярсайхан 5 дугаар сарын 31, Б.Батхүү 6 дугаар сарын 2-ны өдөр нягтлан руу утасдаж мөнгөө буцааж авахыг шаардаж дарамталсан. Би 3 дахь удаагаа явж бэлэн болсон гэрэл, үлдсэн ачааг авч 6 дугаар сарын 16-ны өдөр ирж, үлдсэн барааг нийлүүлж суурилуулахад бэлэн болсныг мэдэгдсэн албан бичиг илгээхэд "дугаар андуурсан байна, юу ч захиалаагүй" гэсэн хариу авсан. Өмнө нь бид жижиг хэмжээтэй өгсөн гэрлийг том хэмжээтэйгээр солихыг хүссэн ч зөвшөөрөөгүй, жижиг гэрлийг буцааж өгөөгүй. Б.Батхүү Вайлентын оффист камертай ирж, танайхаас юу ч худалдан аваагүй, мөнгөө байршуулан хадгалуулж байсан гэж мөнгөө буцаан авахыг шаардсан. Б.Батхүү нь нэмж 45 000 000 төгрөгийн хөнгөлөлт өгсөн нөхцөлд үлдсэн бараагаа авъя гэсэн хүсэлт гаргасан байдаг. Үйлчлүүлэгчийн гэрлэнд үзүүлсэн хөнгөлөлт 10 836 353, бэлэглэсэн гэрэл 5 157 750, хөшигний хөнгөлөлт 10 000 000, үнэгүй өгсөн ханын цаас 2 798 640, үйлчлүүлэгчийн өмнөөс төлсөн гэрлийн НӨАТ 20 589 000, нийт 49 381 743 төгрөг. Нэхэмжлэгч нар 9 ширхэг гэрлийн сонголт хийсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах хэлцлийг амаар хийсэн. 4 дүгээр сарын 8-ны өдөр бэлэн байсан 3 гэрлийг суурилуулсан. Захиалгыг Серип компанид өгсөн, Серип баталгаа ирүүлсэн, 44 хуудсанд байгаа баримтаар тусгай захиалгаар хийж болохыг нотолно. 57 007 106 төгрөгийн үнэтэй гэрлийн бүрхүүлийн хэмжээ зөрсөн, 37 790 300 төгрөгийн бүрхүүлийн хэмжээ 20-25 см зөрсөн. Хэмжээ дутсан барааг солих санал тавьсан ч зөвшөөрөөгүй, гэрээнээс татгалзаж мөнгөө авна гэсэн. Хөшигний үнээс 10 м дутуу байгаа үнийг суутгаад хүлээлгэн өгөх саналтай байна. Болор гэдэг нь болор шиг тунгалаг, талст хэлбэр гэж орчуулагдана. Иргэний хуулийн 204.1, 204.5, 205.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар 2 ширхэг бүрхүүлийг хүлээн авсан тул худалдан авагч шаардах эрхээ алдсан. Мөн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, солиулах боломжтой байхад гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, хариуцагч /РД:5014638/ "Вайлент арт" ХХК-аас                            244 490 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 360 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас улсын тэмдэгтийн хураамжид 1 360 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Вайлент арт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар давж заалдах гомдолдоо: ...Хавтаст хэргийн 2 дугаар дэвтрийн 50 дахь талаас 61 дэх тал хүртэл "Вайлент арт" ХХК-ийн захирал Элизабет Коппа болон Португал улс дахь "Серип" компанийн ажилтан Катиа Коста нарын хооронд нэхэмжлэгч талын захиалга өгч байгаа, захиалгыг түргэн шуурхай хэрхэн үйлдвэрлэх, хэрхэн түргэн шуурхай тээвэрлэх зэрэг асуудлаар санал солилцсон захидлууд байгаа. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч компанийн захирал Элизабет Коппагаас "Серип"компанийн ажилтан Катиа Коста руу бичсэн хэмжээ зөрсөн тухай нотлох баримтыг үнэлж тоо хэмжээ дутуу гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гэрлэн бүрхүүлийн иж бүрдэлд орж байгаа шилэн унжлаганы хэмжээ дутуу гэснийг тухайн бараа бүхэлдээ доголдолтой гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч тал дутуу болон зөрүүтэй байгаа иж бүрдлийн хэсгийг сольж өгөх хүсэлт, саналыг удаа дараа гаргасан байхад үүнийг үнэлээгүй. Мөн нэхэмжлэгчийн тайлбар, татгалзалд каталог дээрх гэрэлнүүдийг хувь хүний захиалгаар хийдэггүй, намайг анхнаасаа мэдсээр байж хуурсан байна гэдэг нэхэмжлэгчийн хүсэл зоригийг буюу нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн. Гэтэл хэргийн 2 дугаар хавтаст 43 дахь тал дээр эх хувийн хуулбар, 44 дэх тал дээр "Серип" компанийн гүйцэтгэх захирал Илда Пирэсын "Серип" компани нь өөрийн каталог дээрх танилцуулагдсан бүх загваруудыг хувь хүний захиалгаар хийж болно гэдгийг баталж байна, танай захиалгыг хийж байгаа гэдэг албан бичгийг "Вайлент арт" ХХК-д ирүүлсэн байдаг. Дээрх нотлох баримтууд нь харин эсрэгээрээ хариуцагч компанийн захирал Элизабет Коппа нь нэхэмжлэгчийн захиалгыг "Серип"компанид өгсөн, захиалгыг биелүүлэхийн тулд хүч гарган ажилласан гэдгийг нотолж байна. Дрож Хятадынх байсныг хүлээн зөвшөөрч маргахгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл дрож гээд байгаа хивс нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба нэхэмжлэлийн шаардлага нь 9 ширхэг гэрлийн үнэ ба хөшигний үнэ нийт 244 490 000 төгрөг болж байгаа болно.

Шүүх худалдагч талыг тоо хэмжээ дутуу, доголдол бүхий эд хөрөнгийг нийлүүлсэн гэж дүгнэсэн байна. Худалдагч талын нийлүүлсэн барааны хэмжээ зөрсөн гээд байгаа нь тухайн гэрлийн бүрхүүлийн шилэн унжлага нь бага зэрэг хэмжээ дутсан буюу урт байсныг хэлж байгаа. Үүнийг нэхэмжлэгч болон хариуцагч тал хэн аль нь хүлээн зөвшөөрдөг ба нэхэмжлэл болон хариу тайлбартаа дурьдсан. Гэрлийн бүрхүүлийн шилэн унжлагын хэмжээ дутуу эсвэл урт байгаа нь гэрлэн бүрхүүл бүхэлдээ доголдолтой гэсэн үг биш бөгөөд эдгээр гэрлийн бүрхүүлүүд нь нэхэмжлэгчийн захиалсан гэрлийн бүрхүүл биш гэдгийг тодорхойлохгүй. Учир нь нэхэмжлэгч тал каталог дээрээс харж байгаад яг ямар гэрэл захиалахаа өөрөө сонгосон. Каталог дээр тухайн бараа өөрийн гэсэн кодтой, энэ код нь бусад төрлийн бараатай давхцахгүй. Хөшигний тухайд худалдан авагч тал нь 120 метр хөшиг захиалсан, худалдагч тал 110 метр хөшиг нийлүүлэхээр авчирсан. Шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглээгүй. Too хэмжээ дутуу гэдэг ойлголт нь 10 ширхэг бараа нийлүүлэхээс 10 ширхгийг нийлүүлээгүй өөрөөр хэлбэл 1-9 ширхгийг нийлүүлснийг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч тал 9 ширхэг гэрэл захиалсан, хариуцагч 9 ширхэг гэрэл авчирсан. 1 гэрлийн шилэн унжлага хэмжээ дутуу, мөн 1 гэрлийн шилэн унжлага урт байсан. Энэ нь барааг дутуу нийлүүлсэн гэсэн ойлголт биш болно. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэртээ гэрлийн бүрхүүлүүдийг суурилуулсан. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гэрт гэрлийн бүрхүүлүүдийг суурилуулсны дараа нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй. Нэг гэрлийн бүрхүүлийн унжлага хэт урт байна манай нохой үсрээд хүрнэ тиймээс бага зэрэг богино болгоод өгөөч гэдэг хүсэлтийг л гаргасан. Харин Оросын Холбооны Улс дахь "Серип" компанийн төлөөлөгчийн газраас гэрлийн бүрхүүлүүдийн үнийг өөрсдөө асууж тодруулсны дараа танай үнэ хэт өндөр байна нэг бол үнээ буулга үгүй бол гэрээгээ цуцална гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Зарим гэрлийг нэхэмжлэгчийн гэрт нь суурилуулсан байсан. Энэ нь нэхэмжлэгч тал нь гэрлийн бүрхүүлүүдийг хүлээн авсан гэдгийг нотолж байхад барааг хүлээн авсанд тооцоогүй. Худалдан авагч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан. Хариуцагч талын үүргийн гүйцэтгэл нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт хамаарах ба шүүх 254.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглээгүй. Дээрх хуулийн зохицуулалт болон нэхэмжлэгчийн эд хөрөнгө хүлээн авсан үйлдэл нь нэхэмжлэгчийн барааг хүлээн авах эрхээс татгалзах, мөн гэрээг цуцлах үндэслэлгүй болохыг тодорхой харуулж байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 25 дугаар 25.1, 25.1.3-т заасны дагуу хариуцагчийн гэрт суурилуулсан гэрлийн бүрхүүлүүдэд үзлэг хийлгэх, таньж олуулах ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан. Нэхэмжлэгч тал нь миний захиалсан бараа биш, хэмжээ дутуу, эдгээр нь Португал улсад үйлдвэрлэгдээгүй, хариуцагч нь захиалсан бараа мөн гэж маргасан. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талуудын энэхүү зөрүүтэй байр суурийг арилгаж нэг мөр болгохын тулд шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч каталог дээрээс харж байгаад барааг өөрөө сонгосон ба худалдагч тал нь тэрхүү худалдан авагчийн сонгосон барааг захиалан нийлүүлсэн. Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх энэхүү зөрүүтэй байр суурийг арилгах хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй ба зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэс болгож хариуцагчийн хүсэлтийг хангаагүй. Худалдагчийн нийлүүлсэн бараа нь худалдан авагчийн захиалсан бараа мөн бишийг тодорхойлох нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар маргаж байгаа талуудын маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн нийт захиалсан 9 гэрлээс яг аль гэрэл нь хэмжээ дутуу, аль нь бүрэн байсан, худалдагч буюу хариуцагчийн нийлүүлсэн гэрэл нь каталог дээрх гэрэл мөн биш аль нь болохыг тогтоогоогүй. Зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэс болгосон. Тиймээс шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Энэ бүгдийг нэгтгэн дүгнэхэд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх гэрээний нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул уг үндэслэлэээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нар нь хариуцагч “Вайлент арт” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 244 490 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч “Вайлент арт” ХХК-иас Serip органик гэрлийн үнийн саналыг Ц.Баярсайханы нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ирүүлсэн байх бөгөөд нэр бүхий 7 төрлийн гэрлийн үнийг 216 727 056 төгрөгөөр тооцож, үнийн дүнгээс 5 хувь буюу 10 836 353 төгрөгийн хөнгөлөлт нийт үнэ 205 890 704 төгрөг гэсэн санал ирүүлсэнийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч үнийг төлсөн байна.                            /1 дүгээр хавтас 58 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан хариуцагч байгууллагад 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэрлийн бүрхүүлийн үнэд 70 000 000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 4 дүгээр сарын             12-ны өдөр үлдэгдэл төлбөрт 135 890 000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн асуудлыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байсан талаар маргаагүй байх ба харин талууд худалдан авсан барааны чанар, шинж байдлын талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч биет байдлын доголдолтой, бичиг баримтгүй бараа нийлүүлсэн гэсэн үндэслэл зааж, уг үндэслэлээ “…суурилуулсан гэрлийн хэмжээ, өнгө зөрсөн, захиалсан гэрэл нь болор биш шил байсан, мөн хөшигийг сонгосон материалаар хийгээгүй хэмжээ зөрсөн” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн “…гэрлийн унжлагуудыг уулын болор гэж тэдэнд хэлээгүй, тэд ямар ч сертификат болон гарал үүслийн бичиг баримт авах хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч талын тавьж байгаа татгалзал нь зөвхөн доголдолтой бараа бүтэгдэхүүнд хамаарна” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч байгууллагын худалдсан гэрлийн бүрхүүлүүд нь захиалсан хэмжээ, өнгө, шинж байдал нь зөрүүтэй байгаагаас гадна хариуцагч байгууллага худалдсан эд зүйлийн дагалдах баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа …таазанд зориулан авч ирсэн гэрэл нь тэдний 6 дугаар сард бэлэн болгохоор өгсөн хэмжээнээс өөр хэмжээстэй байсан, захиалсан хөшигний хэмжээ нь 10 метр дутсан гэж тайлбар гаргаж байжээ.   

  /1 дүгээр хавтас 31, 2 дугаар хавтас 163 дугаар хуудасны ар тал/

 

Иймд хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид Иргэний хуулийн 251 дүгээр  зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан биет байдлын хувьд доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байдаг.

 

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагад гэрлийн бүрхүүлийг солиулахаар шаардлага тавьж байсан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхүү тохиролцсон гэрээний үнэ дээр нэмж 45 000 000 төгрөгийн хөнгөлөлт өгсөн нөхцөлд үлдсэн бараагаа авъя гэсэн санал тавьсан гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотлох баримт болдог тул нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан доголдолтой эд хөрөнгийг доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, үнийн дүнг багасгах шаардлагыг хариуцагч талд тавьж байсан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан  нотлох баримт болох Геологийн төв лабораторийн ТӨҮГ-ын шижилгэээний дүн, Инженер геодизи ХХК-ийн талуудын маргааны зүйл болж буй                ¹Пг 2016/0134 дугартай гэрлийн шилэнд хийсэн хэмжилтийн дүгнэлт,  Стандарт хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн дүгнэлт тус тус авагдсан байх бөгөөд уг дүгнэлтээр тухайн гэрлийн шил нь болор биш болох нь тогтоогджээ. 

                /хэргийн 109-113,126 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нэг үндэслэлээ: “...худалдаж авсан эд зүйлийнхээ сертификат болон гарал үүслийн бичиг баримтыг авах хүсэлт гаргаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ...худалдсан хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нь худалдагч талд хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөлд тооцогдож Иргэний хуулийн 225 дахь хэсэгт 225.1 дэх заалтад заасан гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарах юм.

 

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллага Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх заалтад заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзаж байгаа бөгөөд худалдсан эд хөрөнгө нь чанар, шинж байдал, хэмжээ нь илт зөрүүтэй, дагалдах бичиг баримтгүй байхад Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй доголдол гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч талаас гарсан шилэн бүрхүүлд үзлэг хийх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний гүйцэтгэл буюу нэхэмжлэгч Б.Батхүүгийн гэрт суурилуулсан гэрлийн бүрхүүлийг биет байдлаар нь хариуцагч байгууллагад буцаан олгохоор өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэрийн

1 дэх заалтад “...нэхэмжлэгч Ц.Баярсайхан, Б.Батхүү нараас AP1426/5-FP,CT3313/1-FP, AP1467 гэрлийн бүрхүүл, гал тогооны гэрлийн суурийг /CT3313/3 FP/ тус тус гаргуулан "Вайлент арт" ХХК-д тус тус олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Н.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 380 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                          ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                                                                          Ц.ИЧИНХОРЛОО